Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 01209

 

         Б.Л-ийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00675 дугаар шийдвэртэй, Б.Л-гийн нэхэмжлэлтэй Ш-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, гуравдагч этгээд Ш.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03928 дугаар шийдвэрийн дагуу 50 130 000 төгрөгийг гаргуулан Ш.Ц-д олгож шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 83 дугаар байрны 20 тоот орон сууцыг 83 703 620 төгрөгөөр үнэлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 70 хувиар тооцож 58 592 534 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/472 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн болно.

 Миний бие тус албанд байрыг 195 000 000 төгрөгөөр үнэлэн үнийн саналаа өгсөн юм. Гэтэл Н миний байрыг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж байгаад гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийг 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 83 дугаар байрны 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг 83 703 620 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03928 дугаар захирамжаар Б.Л, Б.М нараас 50 130 000 төгрөгийг гаргуулж, Ш.Ц-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Б.Лхамхүү, Б.М нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 83 дугаар байрны 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Л, Б.М нар барьцаа хөрөнгийг 195 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул “Б” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 83 703 620 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/472 тоот албан мэдэгдлээр мэдэгдсэн байна.

Анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцны үнэлэгдсэн үнэ 83 703 620 төгрөгийн 70 хувь буюу 58 703 620 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Л 2 өрөө байраа 195 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг байрыг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлэхэд 83 703 620 төгрөгөөр тогтоосон. Баянгол дүүргийн 10 дугаар хороолол болон 3, 4 дүгээр хорооллын хуучин 2 өрөө байрны бодит үнэ 60 000 000-65 000 000 төгрөг дотор хэлбэлздэг юм билээ. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний газар нь зах зээлийн бодит үнээс өндөр үнэлдэг юм байна. Б.Л удаа дараа элдэв шалтаг тоочин шүүх хурлыг хойшлуулсаар 1 жил 3 сар боллоо. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш төлбөр төлөгч төлбөр хийгээгүй. Иймд хэргийг үнэн зөв, хурдан шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 37.3-т заасныг баримтлан Н-т холбогдох, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 83-р байрны 20 тоот 44.95 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 83 703 620 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, Б.Л-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа бөгөөд шүүх талуудын тайлбар болон хөрөнгийн үнэлгээний талаар хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв, бодитой байх талаас үнэлээгүй гэж үзэж байна. Н нь иргэн миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хуулийн дагуу шударгаар олж авсан хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Бодит байдал дээр Ш.Ц-оос зээлсэн мөнгийг Б.Л, Б.М бид нар аваагүй бөгөөд зээлийг В.Б авч хэрэглэсэн. Энэ зээлд барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. В.Б нь Ш.Ц-д төлөх зээлийн төлбөрөө төлөхгүй байгаагаас шалтгаалан нэхэмжлэгч миний байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь хууль бус гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар төлбөр авагч нь тухайн хөрөнгийн үнэлгээний зөрүүг төлбөр төлөгчид төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэх эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн бөгөөд хэт нэг талыг барьж хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хийсэн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхийн журмаар дахин хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байгаа болно. Иймд анхаы шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

   Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

      Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03928 дугаар захирамжаар хариуцагч Б.Л, Б.М нар зээлийн гэрээний үүрэг 50 130 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Ц-д төлөхөөр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-19/

   Төлбөр төлөгч нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул Н нь Б.Л, Б.М нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Төмөр замын 83 дугаар байрны 20 тоот, 44,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16/595 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16/648 тоот тогтоолоор хураан авсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан шаардлагад нийцжээ. /хх-22-24/

      Н-аас хуульд заасан журмын дагуу тухайн хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа явагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн талаар санал ирүүлэхийг үүрэг гүйцэтгүүлэгч Ш.Ц-д, үүрэг гүйцэтгэгч Б.Л, Б.М нарт мэдэгдсэн бөгөөд төлбөр авагч Ш.Ц шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна /хх-22-27/.

   Хариуцагч Н-аас төлбөр төлөгч Ш.Ц-ийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 230 дугаар тогтоолоор “Б” ХХК-ийг шинжээчээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 83 703 620 төгрөгөөр тогтоосон ба дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. / хх-28-34/

Төлбөр төлөгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь хууль зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                        А.МӨНХЗУЛ

                                                                                                         Д.БАЙГАЛМАА