Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 169

 

Д.Бад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Г.Б,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/881 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Бад холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Дгийн Б, 1978 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “...” харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 07 цаг 24 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзварын замд “Тоёота Приус” загварын ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл... дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, ...наана..., зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 27 настай Г.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Дгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Дгийн Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Б нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Бад холбогдох эрүүгийн 1903010470455 дугаартай хэргийн хохирогч бөгөөд уг хэрэг тээврийн прокурор руу шилжихэд шүүгдэгч Д.Б нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүсэж, бэлэн мөнгө байхгүй учир өөрийн эзэмшлийн “Тоёота приус-10” загварын ...УБД тээврийн хэрэгслээ 3.000.000 төгрөгийн үнэ хүрэх учир үүнийг аваад гомдолгүй гэж зурж өгөхийг гуйсан. Мөн тус машин  дээр 370.000 төгрөгийн торгуультай үүнийг Д.Б нь өөрөө төлж дээр нь 4-н ширхэг амортизатор өгөхөөр тохиролцож нотариатаар орж баталгаа гаргуулсны дараа би гомдолгүй гэж зурсан. Үүний дараагаас шүүгдэгч Д.Б нь шалтаг тоочиж, эсвэл утсаа авахаа больж гомдол бүрэн барагдуулаагүйн улмаас уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч Бт өөрийнхөө бүх бололцоо, боломжоороо тусалсан. Өр, зээлийг нь хүртэл төлж байсан. Би 370.000 төгрөг болон 4-н амортизатор өгөх талаар хэлэхдээ “ах нь боломжтой болохоороо өгнө” гэж хэлсэн. 2-3 сар шүүх, цагдаа гэж явсаар байгаад ажил төрөл алдагдсан. Хохирогчид өгсөн мөнгийг хүнээс зээлсэн байсан. Энэ талаар хохирогчид өдөр болгон утсаар тайлбарлаж хэлж байсан. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэхгүйгээр хэвээр нь үлдээж өгнө үү. Хавтас хэрэгт бодит хохирол гээд 551.500 төгрөгийн баримт байдаг. Гэтэл шүүгдэгч Д.Б нь 1.010.000 төгрөгийг бэлнээр нь өгөөд, мөн машинаа шилжүүлсэн. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хэн аль нь гаргасан. Хохирогчтой эвлэрсэн талаарх баталгааг хавтас хэрэгт хавсаргасан. Баримттай хохирол 551.500 төгрөг байсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч төлсөн. Хохирол төлсөн тухай баталгааг гаргасан учраас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх журмыг аль аль талд нь тайлбарлаж өгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 07.24 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзварын замд “Тоёота Приус” загварын ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл... дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, ...наана..., зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 27 настай Г.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бын “...Ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй засмал зам хөндлөн явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явтал “Тоёота Приус” загварын ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж миний зүүн тал руу мөргөж, би уг тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг толгойгоороо мөргөж, засмал зам дээр шидэгдэж унасан, уг тээврийн хэрэгслийн жолооч бууж ирэн над дээр ирж намайг түшиж өргөж босгон тээврийн хэрэгслийнхээ арын хаалгыг онгойлгон арын суудал дээрээ суулгасан. Тэр үед миний хамраас цус гарчихсан, уруул хавдчихсан байсан. ...” гэх /хх 23-26/,

Шүүгдэгч Д.Бын “...Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвараар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй уг уулзвараар шар гэрлээр нэвтэрч ороход уг уулзварын хойд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй засмал зам хөндлөн явган зорчигч эмэгтэй гарч ирэн би жолоодож явсан тээврийн хэрэгслийнхээ тоормосыг гишгэсэн боловч тээврийн хэрэгслээ зогсоож амжилгүй уг явган зорчигч эмэгтэйг тээврийн хэрэгслийнхээ баруун урд талаар мөргөж, зам дээр унагасан. ...” гэх /хх 57-58/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “...1. Г.Бын биед бүсэлхийн 1, 2, 3, 4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, дээд уруулд цус хуралт, уруулын дотор салстад язрал, цус хуралт, баруун доод үүдэн 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. ...” гэх 10831 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 38/,

Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх 4-10/, Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн техникийн шинжээчдийн 50092 дугаартай дүгнэлт /хх 44-48/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүсэж шүүгдэгч Д.Б болон хохирогч Г.Б нарын хэн алины хүсэлтийг үндэслэн Тээврийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар шүүх хянан шийдвэрлэсэн байх ба анхан шатны шүүхийн энэхүү ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан зохицуулалтуудад нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Хохирогч Г.Бын давж заалдах гомдол гаргасан “...шүүгдэгч Д.Б нь 3 сая төгрөгт тооцож тээврийн хэрэгслээ надад өгсөн бөгөөд, машиныхаа торгуулийг, 4 ширхэг пүрш өгөхөөр тохиролцсоноо биелүүлээгүй...” гэсэн нөхцөл нь хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд, тухайн үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтэд байхгүй байна. Нөгөөтэйгүүр, хохирогч Г.Б нь нийтдээ 551.500 төгрөгийн хохирлын баримтыг /хэргийн 78-96 дахь тал/ гаргаснаас өөр нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иймд хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнээд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/881 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ