Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2019/0042

 

                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээд “Д” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.С, Хяналтын зөвлөлийн дарга Ц.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Б овгийн Ц.Б /РД:**/.

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.    

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай”  захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Иргэн Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

  “...Монгол Улсын иргэн Ц-ын Б миний бие Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжинд байрлах 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий газрыг, дугаар 000674809 газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмших болсон. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар А/811 захирамж гаргаж, миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байна.

Энэхүү үйл баримт нь өмнө хоёр ч удаа давтагдсан ба тодруулбал, дээр дурдсан газрыг миний бие анх 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №А/105 тоот шийдвэрээр эзэмших болсон. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас Ц.Б намайг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заалт, 17.14 дэх хэсгийг зөрчсөн хэмээн үзэж А/66 тоот захирамж ирүүлэн, миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Үүнтэй холбоотойгоор миний бие тухайн үед газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхээс захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг тогтоож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 172 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 221/МА2016/0310 магадлал гарган, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Улмаар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр дугаар А/56 захирамж гаргаж, миний газар эзэмших эрхийг дахин сэргээсэн боловч, Нийслэлийн Засаг дарга өмнө гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоомсорлож, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөн л Ц.Б намайг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заалт, 17.14 дэх хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр дугаар А/912 захирамж гарган, миний газар эзэмших эрхийг 2 дахь удаагаа хүчингүй болгосон.

Иймд Ц.Б миний бие эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хоёр дахь удаагаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүх миний нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн захиргааны хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хянан шийдвэрлээд дугаар 128/ШШ2018/0360 шийдвэр гарган, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын А/192 захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод удаагүй байна.

Ийнхүү захиргааны хэргийн шүүх Нийслэлийн Засаг даргын хууль бус үйлдлийг 2 /хоёр/ ч удаа хянан шийдвэрлэж, хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгосон байхад өмнөх алдаагаа дахин давтаж, шүүхээс нэгэнт хүчингүй болгож шийдвэрлэсэн захирамжийн хууль зүйн үндэслэлийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заалт, 17.14 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь заалтын хамтаар үндэслэн А/811 захирамж гаргаж байгаа нь миний газар эзэмших эрхийг хөндөөд зогсохгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэж байгаа үйлдэл юм.

Үүнийг Ц.Б миний бие хүлээн зөвшөөрөхгүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 172 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 221/МА2016/0310 магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 128/ШШ2018/0360 шийдвэрийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар А/811 захирамжийг хүчингүй болгож, Ц.Б миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Ц.Б нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/811 дүгээр захирамжийг хууль зөрчсөн захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, газар эзэмших эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тэрээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжинд байрлах 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий газрыг Г.Зэргэлжин гэх хүнээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар А/105 дугаар захирамжийн дагуу эзэмших болсон. Энэ нь өнөөдөр гэнэт гараад ирчихсэн маргаан биш. Өмнө нь 2 удаа шүүхээр шийдвэрлэгдсэн, өнөөдрийн байдлаар шүүхээр 3 дахь удаагаа шийдвэрлэгдэх гэж байна.

Тодруулбал, Ц.Б нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш газраа эзэмшиж, ашиглаад явж байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр маргаан бүхий 2018 оны А/811 дүгээр захирамжид заагдсан хууль зүйн үндэслэлийг баримтлан Ц.Бын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг гаргасан байдаг. Тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийг зөрчиж буй байдлыг тогтоолгох үүднээс захиргааны хэргийн шүүхэд хандсан. Үүнтэй нь холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 310 дугаар магадлал гарган нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр болон магадлалын үндэслэл нь захиргааны байгууллагаас газар олгох, эзэмшүүлэх ёсгүй газарт Ц.Б-т газар эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж хариуцагч үзэж байгаа боловч маргаан бүхий газарт иргэн Ц.Б-т газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Үүнийг анхнаас нь захиргааны байгууллага шалган тогтоох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэлгүй газар олгочхоод дараа нь газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь иргэн Ц.Б-ын хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн үйлдэл байна. Иймд түүний газар эзэмших эрхийг хөндсөн байдлыг арилгах, сэргээх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай учраас Нийслэлийн Засаг даргын холбогдох актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, холбогдох хууль тогтоомж зөрчигдөж байгаа нь иргэн Ц.Б-ын буруутай үйл ажиллагаа биш захиргааны байгууллагын өөрийн буруутай үйл ажиллагаа байна гэж дүгнэсэн.

Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байтал Нийслэлийн Засаг даргын зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өмнөх хууль зүйн үндэслэлүүдээ дурдан А/912 дугаар захирамжаар Ц.Б-ын газар эзэмших эрхийг дахин хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, нэг хууль зүйн үндэслэлээр газар эзэмших эрхийг 2 дахь удаагаа хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс дахин захиргааны хэргийн шүүхэд хандаж, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын А/192 захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Энэ маргаан өмнө нь захиргааны хэргийн шүүхээр 2 удаа шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Дээрх үндэслэлүүдээс Нийслэлийн Засаг дарга хууль бус захиргааны акт гарган нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчиж байгаа нь тодорхой харагдана.

Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжинд байрлах 300 м.кв талбайг зориулалтын дагуу үйлчилгээний зориулалтаар ашиглахаар 1.266.424.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас харахад 52 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгын ажилд 1.069.463.670 хөрөнгө оруулалт хийсэн. Хэрэв Нийслэлийн Засаг даргын А/811 дүгээр захирамж биелэгдвэл дээрх хэмжээний хохирол учрах нөхцөл байдал үүсэж байгаа. Хууль бус акттай холбоотойгоор Ц.Бт эрх, ашиг зөрчигдвөл Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу иргэн Ц.Бт учирсан эдийн хохирлыг захиргааны байгууллага арилгах, хууль ёсны ашиг, сонирхлыг сэргээх хууль зүйн үр дагавар үүсэх нөхцөл байдал бодитойгоор бий болоод байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Маргаан бүхий газартай холбогдуулан хоёр удаагийн шүүхийн шийдвэр гарсан. Тухай бүрт нь нэхэмжлэгчийн зүгээс захиргааны актын хууль зүйн үндэслэлийг няцаасны үндсэн дээр тухайн захиргааны акт хүчингүй болдог. Дараа нь захиргааны актын хууль зүйн үндэслэлүүдээ хариуцагч өөрчлөн шинээр гаргасан байдал ажиглагддаг.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/811 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг үндэслэл болгосон. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус тус заасан. Эдгээр хуулийн заалтууд нь Засаг даргын хууль зөрчсөн шийдвэр нь бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд хэрэгжих ёстой. Гэтэл энэ тохиолдолд газар давхардсан, бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй.

Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг үндэслэсэн. Тус заалт нь “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна” гэсэн ерөнхий заалт бөгөөд дотроо 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.4 дэх заалтуудад тавигдах шаардлагыг зааж өгсөн. Гэтэл уг ерөнхий заалтыг баримталсан боловч яг ямар шаардлагыг хангахгүй байгааг тодорхой заагаагүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасан. Энэ хуулийн шаардлага хангагдаагүй хуулийн ерөнхий заалтыг баримталсан байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, 17.14 дэх заалтуудыг мөн маргаан бүхий захирамжид баримталсан. Эдгээр хуулийн заалтуудыг өмнөх Засаг даргын захирамжуудад мөн баримталсан байсан. Тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 17.8.4-д газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох гэж заасан. Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд хамаарч байгаа эсэхийг төрийн захиргааны байгууллага тогтоож, тус бүсэд хамаарч байгаа тохиолдолд газар эзэмших эрхийг өгөхгүй байх ёстой. Энэ нь газар эзэмшихийг хүсэж буй иргэн, хуулийн этгээдийн нотлох ёстой зүйл биш. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хориглосон газарт газар олгочхоод дараа нь иргэнийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Өмнөх шүүхийн шийдвэрүүд боломжтой газар нөхөж олго эсхүл зохих журмын дагуу шийдвэрлэ гэдэг байдлаар гарсан. Газрыг нөхөн шинээр олгосон 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/56 дугаар захирамжийн үндэслэл хэсэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 310 дугаар магадлалыг үндэслэн газар эзэмших эрхийг олгосон талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэн шийдвэрээ гаргасан.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн заалтыг мөн баримталсан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн гэж газар эзэмших эрхийг цуцалсан ч тус хуулийн заалтыг зөрчөөгүй болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тодорхой болсон. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар дахин нотлох шаардлага байхгүй.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуульд заасан тодорхой байх шаардлагыг хангахгүй байгаа. Мөн уг хуулийн заалтыг зөрчсөн болохыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчид харьяалуулсан маргаан юм. Энэ нь Засаг даргад хамааралтай маргаан биш бөгөөд тус заалтыг үндэслэн шийдвэр гаргах боломж байхгүй. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаад үндэслэл болгох ёстой хуулийн заалт юм. Тэгэхээр өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй хуулийн заалтыг үндэслэсэн байна.

Сонсох ажиллагаа хийгдээгүй. Хариуцагчаас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгосон боловч энэ нь үндэслэлгүй гэдгийг өмнөх шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон. Хариуцагчийн зүгээс Ц.Бт мэдэгдэхээр залгахад утсаа аваагүй. Сонсох ажиллагаа хийсэн гэдгийг тэмдэглэлээр нотолно гэж тайлбарладаг. Гэтэл Ц.Бт мэдэгдэхээр түүний утас уруу залгасан талаарх баримт байхгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн этгээдэд мэдэгдлийг шууд хүргүүлэх агуулга байгаа. Шууд хүргэх гэдэг нь бичгээр гарт нь хүлээлгэн өгөхийг хэлнэ. Энэ процесс алдагдсан гэж шүүх дүгнэсэн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг баримталсан бөгөөд тус заалтад бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгохоор заасан. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөлтэй, гуравдагч этгээдийн хувьд сөрөг нөлөөлөлтэй байсан ч шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан сонгох боломжийн хүрээнд шийдвэрээ гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашигт хор хохирол учруулаад байна уу, нэхэмжлэгчийн ямар хор, хохирол учрах вэ гэдгийг тооцож сонгох боломжийн хүрээнд шийдвэрлэх ёстой байсан. Бусад этгээд гэдэгт бусад этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн байхыг ойлгоно. Мөн нийтийн эрх ашгийг зөрчөөд байгаа зүйл ажиглагдахгүй байгаа. Захиргааны актын үндэслэл болсон хуулийн заалтууд бүгд няцаагдахаар байна” гэв.

 Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... иргэн Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Денверийн гудамж, 12а байрны зүүн талд 300 м.кв хэмжээтэй газрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 172 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0310 дугаар магадлалыг хэрэгжүүлж нийслэлийн Засаг даргын 2017 оны А/56 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар иргэн Ц.Бт 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон. Тухайн газар нь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн хамгаалалтын бүс, бохир ус зайлуулах шугам дээр байрлаж байгаа бөгөөд 12а байрны оршин суугчдаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тухай удаа дараа хандаж байгаа зэргийг харгалзан нийслэлийн Засаг даргын 2017 оны “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/912 дугаар захирамжаар иргэн Ц.Бын маргаан бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0360 дугаар шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Газар эзэмшигч нь Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг биелүүлж, газар эзэмших гэрээнд заасан чиг үүргээ биелүүлэх ёстой боловч эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар иргэн Ц.Б нь архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан талбайн хэмжээ, барилга архитектурын эх загвар зураг /эскиз/-ийг дур мэдэн өөрчилсөн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байхад дур мэдэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьж байгаа гэх мэт олон зөрчил гаргаж холбогдох хууль тогтоомж зөрчиж байгааг тогтоож Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 02-07-118/451 тоот “Барилгын угсралтын ажлыг зогсоох тухай” акт гарсан.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-102/1069 тоот актаар тухайн барилгын ажлын зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүчингүй болгосон байхад иргэн Ц.Б барилгын ажлыг зогсоогоогүй, үргэлжлүүлж, ХТП-825-аас ХТП-150 хоорондох 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын хамгаалалтын зурвас газарт эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр барилгын ажил хийж шугамыг ил гаргасан, зарим хэсгийг нь барилгын суурийн хэсэгт оруулан цутгасан зэрэг зөрчил гаргасныг тогтоосон.

Иймд маргаан бүхий газрыг эзэмшигч иргэн Ц.Б Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүргээ биелүүлээгүй, тухайн газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Денвэр 11 Сууц өмчлөгчдийн холбоо болон 12а байрны оршин суугчдын хүсэлтийг харгалзан нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/811 дүгээр захирамжаар иргэн Ц.Бт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгзрт Денверийн гудамж, 12а байрны зүүн талд 300 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Газар эзэмшигч тухайн байрлалд барилга барих боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0172 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0310 дугаар магадлалд заасны дагуу иргэн Ц.Бт маргаан бүхий байршлаас өөр байршилд газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг судалж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгасан болно. Иргэн Ц.Бын хаяг тодорхойгүй, маргаан бүхий газар дээрээ байдаггүй, тэнд ажиллаж байгаа хүмүүс мэдэхгүй гэж хэлдэг тул энэхүү шийдвэр гаргах ажиллагааг хийх болсон талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр бичсэн 99110205 дугаарт 2018 оны 08 сарын 31-ний өдөр 13.45 цагт холбогдсон боловч тухайн дугаар дээр өөр хүн байсан, уг дугаарыг худалдаж авсан, Ц.Бын хаяг, холбоо барих утсыг мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн барилгын талаар гомдол гаргасан оршин суугч Г , Э нараас тодруулахад уг барилгад хөрөнгө оруулагч болох Отгонбаяр гэж хүн бий, түүний 99110034 дугаартай утсыг хэлж өгсөн бөгөөд тэднийг байлцуулан түүнтэй холбогдож Ц.Бтай холбогдож чадахгүй байгаагаа хэлж шийдвэр гаргах ажиллагаа хийгдэх болсон тухай мэдэгдэж Ц.Бын хамтаар нэн даруй ирж уулзах, шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой санал, тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн. Тэд нар ирж уулзаагүй, ямар нэгэн санал, тайлбар ирүүлээгүй болно. Иймд иргэн Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Хэд, хэдэн удаагийн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн үйл баримт гэж тайлбарлаж байна. Тухайн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нь газар эзэмшигч Газрын тухай хууль, тогтоомжийг зөрчих үндэслэл болохгүй. Маргаан бүхий газартай холбоотой хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 172 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ өөр байршилд шилжүүлэн байршуулах боломжтой эсэхийг судалж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн газрын албанд даалгасан. Дараа нь анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн шаардлагуудыг хангаагүй гэж үзсэн.

Сүүлд гарсан Нийслэлийн Засаг даргын А/811 дүгээр захирамж нь газар эзэмшигч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр гарсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч гэрээнд заасан зориулалтаар ашиглах ёстой. Үүнийг нэхэмжлэгч зөрчсөн гэдгийг хууль, хяналтын байгууллага тогтоосон. Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоосон зөрчлийн дагуу Засаг дарга арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрхгүй мэтээр ярьж байгаа нь буруу юм. Төрийн хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага газар эзэмшигч Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг газар дээр шалгаж үзээд зөрчилтэй болохыг тогтоож шийтгэх хуудас, албан даалгавар, албан шаардлага өгсөн баримт байгаа. Мөн хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоосон прокурорын тогтоолууд байдаг.

Маргаантай асуудлыг шүүх шийдвэрлэсэн боловч газар эзэмшигч цаашдаа зөрчилтэй үйл баримт нь хэвээр үргэлжлээд байгаа учраас хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иймд нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардлага, “Д” Сууц өмчлөгчдийн холбоо болон тухайн байрны оршин суугчдаас гомдол, санал тавьсан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол захиргааны актыг хүчингүй болгохоор заасан. Маргаан бүхий газарт баригдаж буй барилгын зэргэлдээ байрлах орон сууцны оршин суугчид Үндсэн хуульд зааснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Засаг дарга хуульд заагдсан эрхийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

Сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. Газар эзэмшигч Ц.Бын хаяг тодорхойгүй байдаг. Газар эзэмших гэрээнд заасан утасны дугаараар холбогдох гэтэл тус дугаар нь холбогдох боломжгүй байсан. Тухайн маргаан бүхий газарт ажиллаж буй хүмүүс холбогдох утас, хаягийг мэдэхгүй гэсэн тайлбар өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан дугаарт залгахад өөр хүн байсан. Ц.Бтай холбоо барьж чадаагүй. Иймд барилгад хөрөнгө оруулсан н.О-т Ц.Б-тай  холбоо барьж чадахгүй байгааг мэдэгдэж шийдвэр гаргах ажиллагаа хийгдсэн. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийх талаар боломжтой арга хэмжээг хэрэгжүүлсэн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Д” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Тус шүүхэд иргэн Ц.Бын Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлд гуравдагч этгээдийн зүгээс дараахь тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож, хууль зөрчсөн захирамжийг нь шүүхээс хүчингүй болгосон байхад өмнөх алдаагаа дахин давтаж, шүүхээс нэгэнт хүчингүй болгож шийдвэрлэсэн захирамжийг дахиж гаргаж байна гэж, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус үндэслэж, хариуцагчийн А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Ц. Бт газар эзэмшүүлэхээр гаргасан Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамж нь анхнаасаа хууль бус Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-т Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 17.8.4-т газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох бөгөөд, мөн нэхэмжлэгч уг газраа хуулийн дагуу эзэмшиж, ашиглаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Б нь өөрийн эзэмшлийн газраа үйлчилгээний зориулалттай барилга барихаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн МЗХ2017/18-04 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт 18.0м харьцах 8.0м хэмжээтэй гурван давхар үйлчилгээний барилга байхаар тусгаж, батлуулсан байдаг. Гэвч нэхэмжлэгч нь барилгын ажлын зураг төсөлд заагдсан барилгын хэмжээг дур мэдэн нэмж 3 давхар барилгыг 5 давхар болгон барилгын ажлыг эхлүүлсэн тул Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 03/4375 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг хүчингүй болгож энэ тухай нэхэмжлэгч болон холбогдох төрийн байгууллагад мэдэгдсэн байдаг.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд барилга байгууламжид тавих шаардлагыг заасан байх бөгөөд тус хуулийн 14.1.1-т “зураг төслийн дагуу баригдсан байх”, 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”, 14.2-т “Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна" гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч нь эзэмшил газар дээрээ барилга байгууламжийн ажлыг эхлүүлсэн хэдий ч дээрх хуулийн хэм хэмжээг мөрдөж, баримтлалгүй зураг төсөл заагдсан барилгын хэмжээг дур мэдэн өөрчилж барилгын ажлаа эхлүүлсэн нь түүний архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг хүчингүй болгосон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дээрх шийдвэр үндэслэл бүхий байдаг бөгөөд уг шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаж байгаагүй.

Мөн нэхэмжлэгчийн барих гэж буй барилга байгууламжид Ус сувгийн удирдах газраас газраас техникийн нөхцөл олгогдож байгаагүй болох нь тус газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/2243 тоот албан бичиг, мөн гуравдагч этгээдэд ирүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 3/1736 тоот албан бичгүүдээс тус тус харагддаг. Гэвч нэхэмжлэгч төрийн байгууллагын дээрх шийдвэрийг үл тоож хууль бусаар барилгын ажлаа үргэлжлүүлсээр байсан тул гуравдагч этгээд нарын өргөдөл, гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгчийн барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийсэн байдаг. Хяналт шалгалтаар нэхэмжлэгчийн захиалгаар баригдаж байгаа барилгын ажил нь холбогдох хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангаагүйг тэмдэглэн, нэхэмжлэгчийн барилга угсралтын ажлыг Улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-118451 дугаартай актаар зогсоосон байдаг. Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтэд нэхэмжлэгч Ц.Бын барилгын талбайгаар “УБЦТС” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн ашиглалтын ХТП-825-аас ХТП-150 хоорондох 10 кВ-н цахилгаан дамжуулах дайран өнгөрдгийг тэмдэглээд, цахилгаан дамжуулах кабель шугамын хамгаалалтын зурвас газарт эзэмшигчийн зөвшөөрөлгүй барилгын ажил хийж гүйцэтгэн шугамыг нь ил гаргасан байгаа нь “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-ийн 3.9 дэх заалтыг, 10 кв-ын цахилгаан дамжуулах кабель шугамыг барьж байгаа барилгын суурийн хэсэгт оруулан цутгасан байгаа нь “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийн 2.4.23 дахь заалтыг нэхэмжлэгч тус тус зөрчсөн болохыг дүгнэсэн байдаг.

Тухайлбал, нэхэмжлэгчийн эзэмшил газраа барьж байгаа үйлчилгээний гэх барилгын хэмжээ нь "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНБД 30.01.04"-ийн 2.11-т "Орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц, үйлдвэрийн барилга байгууламж хоорондоо 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15м-ээс багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй, харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10м-ээс багагүй байх ёстой", 9.19-т "Сургууль, цэцэрлэг, дотуур байртай сургуулиас бусад орон сууц, олон нийт, иргэний барилга байгууламжийн цонхоор хавар, зун, намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр нь уур амьсгалын 1, 2 бүсэд 3 цаг, уур амьсгалын 2, 4 бүсэд 2.5 цаг байхаар тооцож төлөвлөнө" гэж заасныг тус тус зөрчиж байгаа нь 12а байрны оршин суугчдын буюу гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна.

Дээрх зөрчлийн талаарх Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Нэхэмжлэгч Ц.Б нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т "газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх", 35.3.5-т "бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх" гэж заасныг тус тус зөрчсөн нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн А/811 захирамж үндэслэлтэй гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон байх ба нэг иргэний хууль бус үйл ажиллагаанаас болж 12а байрны нийт оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй.

Нэхэмжлэгчид ЗОО м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гаргасан Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамж нь Газрын тухай, Барилгын тухай, Усны тухай, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалт, дүрэм журмын зөрчиж байгаа тул уг захирамжийг хариуцагч хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан Төрөөс газрын талаарх баримтлах зарчим, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид эрх олгосон А/56 дугаар акт нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн, энэ нь эрх бүхий байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд, уг акт буюу нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Засаг даргын А/56 дугаар акт нь гуравдагч этгээд буюу 12а байрны нийт иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн А/811 дүгээр захирамж үндэслэл бүхий гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд дээр дурьдсан хууль тогтоомжийг зөрчиж гарсан А/56 дугаар захирамжийг зөвтгөх, цаашлаад нэхэмжлэгчийн хууль зөрчиж барилга барьж байгаа үйлдэл үргэлжилсний үр дагаварт 12а байрны нийт оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөх аюултай байна. Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Оршин суугчдын цонхоор тусах нарыг хааж барилга барьсан. Иймээс нар үзэх эрхгүй болоод байна. Барилга хоорондын зайг тогтоосон хэмжээг зөрчиж барилга барьсан. Мөн явган хүний замыг хааж барилга барьсан бөгөөд авто машины осол гарах нөхцөл бүрдсэн.

Шүүхийн шийдвэр гарч цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын ажлыг зогсоодог боловч барилгын ажлыг шөнөөр гүйцэтгэдэг. Барилгын хөрөнгө оруулагч н.Отгонбаяртай уулзаж хууль, дүрмийг зөрчигдөж байгаа талаар болон оршин суугчид оршин суухад хүндрэлтэй, аюултай болсон талаар мэдэгдсэн. Цахилгааны өндөр хүчдэлийн шугамыг барилгын дам нуруунд цутгасан. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаад ийм зүйл байж болохгүй гэсэн дүгнэлтээ гаргасан. Мөн нийтийн бохирын шугамын чанх дээр нь барилга барьсан. Энэ бохирын шугамыг шийдвэрлэсэн гэж зураг үзүүлэн шүүхийг хуурсан. Оршин суугчид зөвшөөрөөгүй байхад хуурамчаар зөвшөөрсөн болгон гарын үсгийг нь авч мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан. Мөн байрны хажууд байрлах 8 ширхэг модыг үндсээр нь сугалж дээр нь барилгаа барьсан. Дүн өвлийн хүйтэнд бетон цутгалтын ажил гүйцэтгэсний улмаас цоорхой үүссэн. Бид өдрийн цагаар нар үзэх боломжгүй учраас гэрлээ асааж амьдарч байна. Ийм учраас мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх нөхцөл байдлыг шалгаж үзээд зөрчлийг баталгаажуулсан баримтыг шүүхэд өгсөн байгаа” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Нийслэлийн Засаг даргын А/811 дүгээр захирамж нь нийт иргэдийн эрх ашгийг хамгаалсан захирамж юм. Мөн хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий захирамж гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Засаг даргын захирамжийг өмнө нь шүүхээс 2 удаа хүчингүй болгож байсан. Үүнийг дахин нотлох шаардлагагүй гэж тайлбарладаг. Энэ нь үндэслэлгүй тайлбар юм. Өмнөх шүүхийн шийдвэрүүдээр Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгоогүй. Зөвхөн тухай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/56 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байдаг. Газар эзэмших эрх олгосон учраас өөрийн газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гэвч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигчийн үүргийг хүлээнэ. Тухайн газрыг зориулалтын дагуу бусад этгээдийн эрх, ашгийг зөрчихгүйгээр газраа эзэмших ёстой. Газар эзэмшигч эрхийн дагуу газар дээрээ 18х8 метрийн харьцаатай  3 давхар үйлчилгээний зориулалтаар барилга барихаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр батлуулсан байдаг. Үүнээс хойш барилгын ажлаа эхлүүлэхдээ Архитектур төлөвлөлтийн даалгавраа зөрчөөд 25х8 метрийн харьцаатай барилга барьж эхэлсэн. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас зөрчил гаргасан гэж үзээд Барилга барих зөвшөөрлийг гэрчилгээг хүчингүй болгож, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан байдаг. Гэтэл уг байгууллагын шийдвэрийг үл тоомсорлон барилгаа барьж эхэлсэн.

Өмнө захиргааны хэргийн шүүхээс захиргааны актыг хүчингүй болгож байгаагүй, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж байсан. Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Газар эзэмшигчид Захиргааны ерөнхий хуулийг үйлчилж эхлэхээс өмнө газар эзэмшүүлэх захирамж гарсан. Тэгэхээр захиргааны байгууллага энэ хуулийг баримтлах шаардлага байгаагүй.

Маргаан бүхий газарт 2017 онд барилгын ажил дөнгөж эхлүүлээд байхад мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгалт хийж зөрчлүүдийг илрүүлсэн. Үүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Барилгын ажлыг зогсоох тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн акт гарсан. Энэ үед барилгын ажил дөнгөж эхэлж байсан. Тэгэхээр дээрх байгууллагуудын шийдвэрүүдийг нэг мөр шийдвэрлүүлж байж барилгаа барих байсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасан. Гуравдагч этгээдийн газар эзэмшихтэй холбоотой эрхийг зөрчсөн. Энэ нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоосон байгаа. Өөрөөр хэлбэл, оршин суугчдын эрхийг хөндөн барилгаа барьсан. Газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа нь үнэн.

Нийслэлийн Засаг даргын А/56 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болж дагаж мөрдөхөөс өмнө гарсан бөгөөд хууль бус акт байдаг. Уг актыг хүчингүй болгох эрх нь захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол захиргааны актыг хүчингүй болгохоор заасан. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд яах аргагүй сөргөөр нөлөөлж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно, 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол гэж заасан. Газар эзэмших эрхээ буруугаар ашиглаж, хууль тогтоомж зөрчиж буй энэ үйлдэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа учраас сонсох ажиллагаа сонсох ажиллагаа хийгдэхгүй.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/811 дүгээр захирамж хууль тогтоомжид нийцсэн, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ц.Б шүүхэд хандан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/811 дүгээр захирамжийг[1] маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс тус маргаан бүхий газарт нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа, энэ хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс удаа дараа захирамж гарган газар эзэмших эрхийг хүчингүй болгож байсныг тухай бүрт нь шүүхэд хандсанаар газар эзэмших эрхээ сэргээлгэж байсан, захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалган тогтоох үүргээ анхнаасаа биелүүлэхгүйгээр газар олгочхоод дараа нь газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болж байгаа, сонсох ажиллагаа хийгдээгүй зэргийг дурдан маргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасан заалтын хүрээнд шүүх дахин нотлохгүйгээр нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулж, хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч буюу газар эзэмшигчийг газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр буюу төрийн хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын олж тогтоосон албан шаардлага, шийтгэх хуудаст авагдсан баримтаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн захиргааны акт байсан тул хүчингүй болгосон нь үндэслэлтэй” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа тайлбарлаж байна.

Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээд нарын зүгээс өөрсдийн Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь эрх хөндөгдсөн, газар эзэмшигч барилга барьсан тохиолдолд барилгын норм, дүрэм зөрчигдөхөөс гадна бохир ус зайлуулах төв шугам дээр барилгаа барьсан, цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг барилгын дам нуруунд цутгасан байгаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж буйг буруутган байр сууриа илэрхийлж байв.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаан бүхий газартай холбоотойгоор тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 172[2] дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 211/МА/2016/0310[3] дугаартай магадлал, тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0360[4] дугаартай шийдвэр тус тус гарч байжээ.

Нэхэмжлэгч Ц.Б Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” А/1050 дугаар захирамжаар анх маргаан бүхий газарт газар эзэмших эрхтэй болсон ба Ц.Бын эзэмшиж байгаа газар нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт бохир усны шугам болон түүний хамгаалалтын бүсэд орж, энэ нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/66 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Улмаар иргэн Ц.Бын зүгээс 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс “алдаа зөрчлийг дахин шалгаж, тухайн газарт нэхэмжлэгч нь газар эзэмших боломжтой эсэх, одоогоор бодит нөхцөлд газар эзэмших боломжгүй бол өөр газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг хянан үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн байдлаар шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий 2015 оны А/66 дугаар захиргааны актыг түдгэлзүүлж” 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0310 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Үүний дараа захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг даргаас дээрх шүүхийн шийдвэр, магадлалд заасныг буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/56 дугаар захирамжийн хавсралт ёсоор нэхэмжлэгчид өмнөх байршилд нь үйлчилгээний зориулалтаар 300 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж,  Нийслэлийн газрын албанаас нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 000674809 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон байх боловч мөн хариуцагчаас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/192 дугаар захирамж гарган, нэхэмжлэгч Ц.Бын Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан 300 м.кв газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Улмаар иргэн Ц.Б 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар дээрх Нийслэлийн Засаг даргын А/912 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Ингэснээр Засаг даргын 2018 оны А/912 дугаар захирамжийг хүчингүй болгосон тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0360 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/56 дугаар захирамжийн хавсралтын дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэсэн байна.

Захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй холбоотой үйл баримтыг дахин дүгнэж, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/811 дүгээр захирамж гаргасныг иргэн Ц.Б маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, шүүхээс хүчингүй болгохыг шаардаж байгаа ба энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д: “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг хэрэглэж, хэрэгт цугласан нотлох баримтуудыг дахин үнэлж нотлохгүйгээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзлээ. Учир нь хэдийгээр маргаж буй газрын байршил нэг, үйл баримт нэг байгаа боловч захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа шинээр явагдсан, цаг хугацааны хувьд өөр, өөр хугацаанд гарсан, өөрөөр хэлбэл, хууль зүйн фактыг нэхэмжлэгчид шинээр бий болгосон байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг  дарга маргаан бүхий захиргааны актанд заахдаа, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нь Хот, суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх хэсэгт “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно”, мөн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт “бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш 6 метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно”, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь хэсэгт “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэж заасныг тус тус зөрчин барилгын ажил гүйцэтгэсэн гэж буруутгаснаас гадна оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан гэж үзсэн.

Захиргааны байгууллага ингэж үзэхдээ, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2: “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, мөн хууль, зүйлийн 29.3: “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл ... өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2: “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, мөн зүйлийн 4.1.4: “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, мөн зүйлийн 4.1.5: “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2: “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1: “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1: “барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна”, Хот, суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4: “газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.14: “бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно”, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3: “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2: “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх эдгээр хуулийн холбогдох заалтуудыг үндэслэжээ.

Тэгэхээр захиргааны байгууллагад маргаан бүхий захиргааны актыг гаргах зайлшгүй шаардлага байсан уу, захиргааны актын хууль зүйн үндэслэл зөв байсан уу, уг актаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үү гэдгийг авч үзье.

Нэхэмжлэгч нь эрх бүхий захиргааны байгууллагаас ямар зориулалтаар ашиглахаар газар эзэмших эрхтэй болсон бэ гэхээр үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар, 300 м.кв газрыг эзэмшсэн. Ийнхүү зориулалтын дагуу газрыг эзэмшихдээ барилга барьсан. Зэргэлдээ орших нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчид уг барилгын үйл явцын талаар маргаан гаргаж, өөрсдийн тойргоос сонгогдсон улс төрчдөд хандах, захиргааны байгууллагуудад хандах гэхчлэн анх шүүхийн шийдвэр гарснаас хойш тасралтгүй шинжтэйгээр холбогдох газруудад хандсан байдаг.

Шүүх үзэхдээ, нэхэмжлэгч нь газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшихдээ үүргээ биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2: “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэх газар эзэмшигчийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байна гэж дүгнэв. Яагаад  гэвэл, улсын бүртгэлийн 143010/0072 дугаартай газар эзэмшүүлэх гэрээнд: “нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцыг чөлөөтэй байлгах, эзэмшил газар дээр барилгын өргөтгөл, шинэтгэлийг зохих зөвшөөрлийн дагуу хийх, зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан тохиолдолд Газрын тухай хуулийн 57.3, 57.4, 57.5-д заасан арга хэмжээ авах, газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшилтэй холбогдуулан тавьсан шаардлагыг биелүүлэх, холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргийг хэрэгжүүлэх, хариуцлага хүлээх” зэргээр газар эзэмшүүлэгч болон эзэмшигчийн эрх, үүргийг талууд харилцан хүлээж, тусгажээ. Гэтэл энэхүү гэрээний нэг тал болох газар эзэмшигч нь дараах байдлаар холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Цэцэгмаа, Т.Энхтүвшин, улсын байцаагч Б.Найрамдал, байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Т.Орхон нар 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 02-07-118/451 дугаартай акт[5] тавихдаа:

“- дээрх барилга нь Хот, суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14: “бохир ус татан зайлуулах шугамын  дэх хэсэгт тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно” гэж заасныг зөрчиж байна;

- зэргэлдээ байрлах орон сууцны 12 а байрнаас барилга хоорондын зай хэмжээ алдагдсан байгаа нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-ийг зөрчсөн;

- барилгын газар шорооны ажлыг гүйцэтгэх явцдаа “УБЦТС” ТӨХК-ийн хаалттай дэд станц 825-аас ХТП-150 тэжээж байгаа 10 кВ-ын тэжээлийн кабель шугамыг эзэмшигч байгууллагын зөвшөөрөлгүй ухаж ил гаргасан нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-ийг зөрчсөн” зэргээр дурджээ.

Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдал 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 02-07-102/1069 дугаартай дүгнэлт[6] үйлдэхдээ: “тухайн барилгын талбайгаар “УБЦТС” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн ашиглалтын ХТП-825-аас ХТП-150 хоорондох 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам дайран өнгөрч байна гээд,

- шалгалтаар ХТП-825-аас ХТП-150 хоорондох 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын хамгаалалтын зурвас газарт эзэмшигчийн зөвшөөрөлгүй барилгын ажил хийж гүйцэтгэн шугамыг ил гаргасан байгаа нь “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 3.9 дахь заалтад;

- 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамыг барьж байгаа барилгын суурийн хэсэгт оруулан цутгасан байгаа нь “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийн 2.4.23 дахь заалтад нийцэхгүй байна гэжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Барилга хоорондын зай хэмжээний тухай” 02-03/3042 дугаар дүгнэлтэд[7]:

“тус барилгын гадна хананаас орон сууцны 12а байрны гадна ханын гурван цэгт хэмжилт хийхэд 9.74 м, 8.95 м, 9.1 м зайд барилга угсралтын ажил явагдаж байгаа ба энэ нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 2.11 дэх заалт, мөн дүрмийн 9.19 дэх заалтыг хангахгүй байна” гэжээ.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/3026 албан тоотод[8]: “ажлын зураг төслийг архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээгээр гүйцэтгээгүй тул архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосон ...”, мөн газрын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 09/01 албан тоотод[9]: “...архитектур төлөвлөлтийн даалгавар болон Барилгын ажлын зөвшөөрөлд гадна ханын хязгаарыг 18*8м хэмжээтэй 3 давхар байхаар олгосон байтал бодит байдал дээр барилгын суурийг 25*11 хэмжээтэй байхаар магадлал хийлгэж барилга угсралтын ажлыг эхлүүлсэн нь Барилгын тухай хуулийн 12.1.1, 14.1.1, 14.1.2-г зөрчсөн байх тул холбогдох зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон” гэжээ.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3/565 дугаар албан бичигт “... иргэн Ц.Бын эзэмшил газарт 1984 онд ашиглалтад орсон төвийн бохир усны Ф300 мм-ийн 38 дугаар гол цуглуулах шугам байгаа болно”, мөн газрын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 3/1736, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/2243 дугаар албан бичигт[10]: “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа иргэн Ц.Бын барилгад манай байгууллагаас техникийн нөхцөл олгогдоогүй болно” гэжээ.

Эндээс хамгийн гол нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээгүүр “хотын төвийн бохир усны Ф300 мм-ийн 38 дугаар гол цуглуулах шугам”, “хотын Зүүн түгээх төвийн ашиглалтын ХТП-825-аас ХТП-150 хоорондох 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам” тус тус дайран өнгөрч, тэр дундаа нэхэмжлэгч газрыг эзэмшихдээ газраас үл салгаж болох барилга барьж байгаа нь Хот, суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 “бохир ус татан зайлуулах шугамын  дэх хэсэгт тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 “шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж байна.

Түүнчлэн Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь заалт зөрчигдсөн байна. Эзэмшүүлсэн 300 м.кв газрын 30-аас доошгүй хувьд цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх хуулийн заалт шаардлага хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, 18*8 хэмжээтэй гурав хүртэл давхартай барилга барих атал эзэмшүүлсэн газрын 275 м.кв талбайд барилга угсралтын ажил явуулж байгаа нь газрыг зохистой ашиглаж эзэмшээгүй болохыг нотолж байна.

Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, нутаг дэвсгэрийнхээ эзэмшүүлсэн, ашиглуулсан газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх, хяналт тавих талаарх бүрэн эрхүүдийг Газрын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад хуулиар хариуцагч Нийслэлийн Засаг даргад олгосон байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах”, 20.2.2 “газар эзэмшигчээс хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой эзэмшиж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах”, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тухайлбал, 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн б/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах ... ажлыг зохион байгуулах, г/газрын хууль тогтоомж, тэдгээрийн  биелэлтийг хангах чиглэлээр гаргасан шийдвэрийн хэрэгжүүлэх, ж/газар эзэмшихтэй холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх, Хот, суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 “ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд ... нийслэлийн Засаг дарга ... хяналт тавина”, мөн хуулийн 17.8 “ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд ... дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 17.8.4 “газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 “...нийслэлийн Засаг дарга хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.5 “хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалтад хяналт тавих”, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 “...нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.1 “нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж ... шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих” гэхчлэн маргаан бүхий асуудлаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас холбогдох шийдвэр гаргах бүрэн эрхүүд хуульчлагдсан байна.

Тэгэхээр нэхэмжлэгч нь газрыг эзэмших явцдаа газрын талаар төрөөс тогтоосон зарчим болох Газрын тухай хуулийн 4.1.4 “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах” зарчмыг зөрчин дээрх байдлаар холбогдох хуулиудыг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй байна. Хэдийгээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн эерэг нөлөөлөл бүхий актыг маргаан бүхий актаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч тухайн акт нь бусад этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн, тодруулбал, хотын нийт оршин суугчдын бохир усны гол шугам, цахилгаан дамжуулах өндөр хүчин чадал бүхий кабелийн шугамаас хуулиар тогтоосон зай хэмжээнд нийцэхгүйгээр газрыг эзэмшиж, дээр нь барилга барьж буй нь гуравдагч этгээд болох хөрш зэргэлдээ орон сууцны иргэдийн төдийгүй нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болохоор байна. Иймд хариуцагч нь захиргааны актадаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д заасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчид захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны талаар мэдэгдэж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээр тодорхойлж, “сонсгол хийсэн тухай протокол[11]” үйлдсэн байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д барилга байгууламжид тавих шаардлага гээд нийт дөрвөн шаардлагыг хуульчилсан ба үүний аль ч шаардлагыг нэхэмжлэгчийн маргаан бүхий газар дээр барьж буй барилга хангахгүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан агуулга ба хэлбэрийн шаардлага хангаагүй байдлаар Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг ерөнхийд үндэслэсэн талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Баригдаж буй барилга нь дээрх хууль зөрчсөн болох нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч нарын албан тоот болон дүгнэлтээр тогтоогдож байна.

Анх маргаан гарч байх үед маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгаснаар “сэндвичээр барьсан авто засварын зориулалт бүхий урд болон хойд талдаа автомашин орох зориулалт бүхий хаалгатай нэг давхар байгууламж, баруун талд нь долоон ширхэг мод 12а байр, зүүн болон хойд урд талаараа авто машины замтай” гэжээ.

Харин одоо маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээс харахад захирамжаар олгосон 300 м.кв талбай бүхий газарт барилгын сууриараа 25*11 хэмжээтэй, дээшээ зоорины давхартайгаа таван давхар бүхий, дутуу барьсан барилга байгаа ба олон жилийн насжилттай зарим ургаа модыг унагасан гэх байдалтай байна.

Хэдийгээр нэхэмжлэгч буюу газар эзэмшигч нь захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу газар эзэмшиж, барилга барьж олон зуун сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн хэмээн холбогдох баримтыг[12] шүүхэд гаргаж өгч байгаа боловч захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, тэрээр эрхийн маргаантай харилцаа үргэлжилж байх явцад ийнхүү барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулсан гэж үзэх боломжтойгоос гадна газар дээрх эд хөрөнгийн маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүлэх эрх нь нэхэмжлэгчид нээлттэй юм.

Маргаан бүхий газрын газар эзэмших эрхтэй холбоотой 2016 оны шүүхийн шийдвэрийн агуулга нь “хариуцагч захиргааны байгууллагыг нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн” байдлаар гарсан ба үүнд хамаарах шийдвэрийг захиргааны байгууллага энэхүү маргаан бүхий захиргааны актаар гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн хувьд, маргаан бүхий А/811 дүгээр захирамжийн гурав дахь заалт нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын нэмэлт зохицуулалтын шинжтэй, өөрөөр хэлбэл, “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 172 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 310 дугаар магадлалд заасны дагуу иргэн Ц.Бт өөр газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг судалж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгаж” шийдвэрлэсэн нь энэхүү заалтаар нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх хангагдах боломжтой юм.

Нөгөө талаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаартай шүүхийн шийдвэрээр “хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, ийнхүү тодруулсны үндсэн дээр дахин шинэ захиргааны акт гартал түдгэлзүүлсэн”-нийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажиллагаа хийгдсэн баримт байхгүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож маргаан бүхий захиргааны акт хүчин төгөлдөр үлдсэнээрээ шүүхийн шийдвэр зайлшгүй байх, заавал биелэгддэг байх шинж алдагдахгүй гэж шүүх үзсэнээс гадна хариуцагчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж үзлээ.

Хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн, ийнхүү шийдвэр гаргаснаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол ... өөрөө буюу дээд шатны байгууллага албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу шүүх хариуцагчийн өөрөө хүчингүй болгож, газрын талаарх хууль тогтоомжийн хяналтыг хэрэгжүүлж байгааг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, Хот, суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.Б