Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2025/0699

 

 

 

 

 

 

 

А.Аийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь иргэн А.А миний эзэмшиж, ашиглаж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Баянцагааны овоод байрлалтай зуслангийн зориулалттай 649,7 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулахтай холбогдох баримт бичгийг бүрдүүлж, улмаар надад уг газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөөр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын энэхүү эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу надад 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 029 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О /цахимаар/,

Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 119/2024/****

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Ааас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь иргэн А.А миний эзэмшиж, ашиглаж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Баянцагааны овоод байрлалтай зуслангийн зориулалттай 649,7 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулахтай холбогдох баримт бичгийг бүрдүүлж, улмаар надад уг газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөөр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын энэхүү эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу надад 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 029 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтуудыг баримтлан А.Аийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшихээр өгсөн хүсэлтийг тухайн үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулиар шийдвэрлэхгүй орхигдуулж 2024 оны хуулиар шийдвэрлэж байгаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоож, А.Аийн барилга, байгууламж барьсан газарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу гаргаж өгөхийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг нарт даалгах” нэхэмжлэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал н 20.1.2-д зааснаар тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 23 дугаар зүйлийн 23.2.4-д “улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг боловсруулж Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасан байдаг. Гэтэл Орхон аймгийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан Засгийн газарт хүргүүлсэн боловч Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө дууссан шалтгаанаар Монгол Улсын Засгийн газар батлаагүй байдаг. Иймээс шүүхийн шийдвэрээр 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэн шийдвэр нь биелэгдэх боломжгүй юм. Учир нь иргэн А.Аийн хүсэлт гаргаад байгаа газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах эсэх, Монгол Улсын Засгийн газар батлах эсэх мөн Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэзээ батлагдах нь бас тодорхойгүй учир Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 119/ШШ2025/0029 шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч А.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь иргэн А.А миний эзэмшиж, ашиглаж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Баянцагааны овоод байрлалтай зуслангийн зориулалттай 649,7 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулахтай холбогдох баримт бичгийг бүрдүүлж, улмаар надад уг газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөөр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын энэхүү эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу надад 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Анхан шатны шүүхээс “...тухайн газрыг эзэмшүүлэхээр Баян-Өндөр сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдан батлагдсанаар нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмших хүсэлт гаргах эрх хуульд зааснаар нээгдсэн байна ... Монгол Улсын хэмжээнд газрын харилцааны талаарх нэгдсэн бодлого, төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар гаргах бөгөөд түүний хэрэгжилтийг хангах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хувьд үүрэг болно ... А.Ат газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул захиргааны байгууллага уг газрын маргааныг өөрөө шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй ...” гэж тус тус дүгнэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий байршилд анх Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/559 дүгээр захирамжаар иргэн Н.Эад 3 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, тус аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/** дугаар захирамжаар Н.Эыг “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Харин нэхэмжлэгч А.Аийн хувьд 2016 онд газрын албанд  тухайн газрыг эзэмших хүсэлт өгч, цагаан бичиг авснаар байшин барьж одоог хүртэл ашиглаж байгаа гэж тайлбарлах бөгөөд дараа нь дахин газар эзэмших хүсэлтээ Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, мөн оны 06 дугаар сарын 04-ний өдөр, 07 дугаар сарын 29-ний өдрүүдэд гаргаж улмаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 онд “... Н.Э гэж хүний газартай давхцалтай байна ...” гэх хариуг амаар, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 562 дугаар албан бичгээр “тус газарт эзэмших эрх үүссэн гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй” гэх хариуг тус тус өгч байжээ.

2.5. Газрын тухай хуулийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.3-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна” гээд 23.3.5-д “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах”, 23.3.7-д “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах” эрхтэй гэж заасан бол 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө энэхүү заалт нь “23.3.7. Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;” гэх агуулгатай байснаар сумын Засаг даргаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар зохицуулсан байна.

Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ, 1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 3/ өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, 4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах” гэж тус тус заажээ.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч А.Аийн одоо эзэмшиж байгаа газрын бодит нөхцөл байдлыг тодруулж нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчимд нийцнэ.

2.7. Тодруулбал, дээр дурдсанчлан маргаан бүхий газрыг бусад этгээдэд 2014 онд анх эзэмшүүлсэн бөгөөд бусдын газартай давхцалтай гэх дээрх нөхцөл байдал нь Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/** дугаар захирамжаар арилсан төдийгүй Н.Э энэ талаар маргаагүй нь нэхэмжлэгчийн “... би Н.Эыг хайж олоод уулзахад “миний газар эзэмших эрх шүүхийн шийдвэрээр цуцлагдсан, одоо надад энэ газрын асуудал хамаагүй” гэсэн...” гэх тайлбараар нотлогдсон, мөн тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр оруулах нөхцөл үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

2.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... Орхон аймгийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан Засгийн газарт хүргүүлсэн боловч Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө дууссан шалтгаанаар Монгол Улсын Засгийн газар батлаагүй ...” гэж дурддаг бөгөөд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газарт хүргүүлэх нь хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа гэж үзэхээр байх төдийгүй Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалт болон 21.2.4 дэх заалтуудад зааснаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл, тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх нь тухайн сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал байна. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 2024 оны нэмэлт өөрчлөлт болон Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 119, 120 дугаар тогтоолоор хязгаарлалгүйгээр өмнө газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, иргэнд эзэмшүүлж байсан газрын тухайд нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

2.9. Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон боловч шүүх нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь Засаг даргын бүрэн эрхийн болоод тодорхой үе шаттай хэрэгжих асуудал тул нэхэмжлэгчийн гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Баянцагааны овоод байрлалтай зуслангийн зориулалттай 649,7 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус даалгах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 029 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.5, 23.3.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь А.Аийн эзэмшиж, ашиглаж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Баянцагааны овоод байрлалтай зуслангийн зориулалттай 649,7 м.кв газар эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч А.Аийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Баянцагааны овоод байрлалтай зуслангийн зориулалттай 649,7 м.кв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус даалгасугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дын давж заалдах гомдлын хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.АДЪЯАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА