| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2023/1017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1038 |
| Огноо | 2023-07-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Жаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1038
2023 7 28 1038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Жаргал,
шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Т-д холбогдох эрүүгийн 2206 03681 2261 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..., урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 736 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ривэр Сайд” амралтын газарт Д.Хуягтай маргалдаж, зүүн мөрөн тус газарт нь түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Хуягтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр таньдаг дүү Цэрэннадмид эхнэр бид хоёрыг төрсөн өдөртөө урьсан. Эхнэр Ариунаатай 16 цагийн үед Ривэр сайд гэдэг амралтын газарт очсон. ...маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр амралтын газрын байшингийн гадна ширээ зассан, бид нар хоол унд идэх гээд байж байхад Цэрэннадмидын найз гэх Ц.Т гэдэг залуу намайг зүгээр байхад хэл амаар доромжлоод байхаар нь би ширээн дээр варианы шилтэй саладыг аваад Ц.Т рүү цацчаад байшин руугаа яваад орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа би бие засах гээд гарсан чинь байшингийн үүдэнд Ц.Ттэй таарсан чинь Ц.Т миний зүүн мөр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон чинь би хойшоогоо саваад 2 гараараа газар тулаад унасан чинь миний зүүн гар эвгүй болсон. Миний зүүн гар хавдсан байсан учир би маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь миний зүүн гарын шуу хэсэг хугарсан байна гэж хэлсэн. ...Ц.Т миний зүүн мөр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...би хойшоогоо саваад газар унахдаа 2 гараараа тулаад унасан чинь миний зүүн гар эвгүй болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дэх тал/, гэрч А.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр бие засна гээд байшингаас гарахад Ц.Т манай нөхрийн зүүн талын мөр хэсэг рүү цохиход манай нөхөр хойшоо савж унахдаа 2 гараараа газар тулахад зүүн гарын шуу хэсэг нь хугарсан чинь Ц.Т хамт ирсэн залуугийн хамт зугтаад явчихаар нь тэр өдрөө нөхөр бид 2 хариад шөнө Д.Хуягтын гар нь хавдаад байхаар нь Гэмтэл орж үзүүлэхэд хугарсан байхаар нь цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дахь тал/, гэрч М.Гэрлээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Хуягт, Ц.Т хоёр бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Яагаад гэвэл төрсөн өдөрт очсон учир. Би маргааш нь буюу 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед найз Ц.Тг авах гээд Ривэр сайд амралт дээр ирсэн чинь Ц.Т хувцас нь лечо болсон, Хуягт намайг зүгээр байлгахгүй юмаа гээд нүдэнд нь нулимс цийлгэнэсэн байдалтай сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9970 дугаар: “1. Д.Хуягтын биед зүүн шуу ясны зөрөөгүй хугарал, эрхий хуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 07 дугаар сарын 14-нд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Амь насанд аюулгүй гэмтлүүд байна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хуягт гэм хорын хохиролд эмчилгээнд гарсан зардлын баримт /хх-ийн 38-39 дэх тал/ гаргаж өгсөн байх бөгөөд уг баримтаар 856.100 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Т нь 856.100 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч Д.Хуягт нь нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 63 дахь тал/ гэсэн байх ба хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардал болох гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд Ц.Тгээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Ц.Тд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Ц.Т нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Т-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч Д.Хуягт нь цаашид гарах эмчилгээний зардал болох гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд Ц.Т-гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ