| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2023/0700/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/728 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/728
2023 07 24 2023/ШЦТ/728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
Улсын яллагч Б.Өнөбат /томилолтоор/,
Өсвөр насны шүүгдэгч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч О.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Гантуяа,
Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн М.Э, Боржигон овгийн Э.Э нарт холбогдох эрүүгийн 2309000000897 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар курсийн оюутан гэх, ам бүл 3, эмээ, ээж хоёрын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 901-38 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овгийн М.Э /РД:*********/;
Монгол Улсын иргэн, 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Кино Урлагийн Дээд сургуулийн "*****” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн * дүгээр курст сурдаг гэх, ам бүл 4аав, ээж, эгчийн хамт **** дүүргийн ** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Э.Э /РД:УЛ*****/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э-, өсвөр насны шүүгдэгч Э.Э нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32а байрны 00 тоотод байхдаа хохирогч Д.Ч-ийн эзэмшлийн Ай фоне 12 мини загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 920,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүүгийн 2309000000897 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27- 28 хуудас/,
"Дамно" ХХК-ний үнэлгээчин шинжээч Ц.Т-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан СБ2-23-373 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э-, өсвөр насны шүүгдэгч Э.Э нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32а байрны 00 тоотод байхдаа хохирогч Д.Ч-ийн эзэмшлийн Ай фоне 12 мини загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 920,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2023 оны 03 дугаар сарын 25-ны шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн Айлофт клубт найз Оргилмөнхийн хамт явж байх үедээ 4 жилийн өмнө сургалтад хамт сурч байсан Э гэх охин найз М тайгаа явж байсан. Тэгээд бид дөрөв шилтэй пиво ууж байгаад 05 цагийн орчимд баарнаасаа гараад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32а байрны 00 тоотод байрлах манай ажил руу 5 цагийн орчимд ирсэн. Ирээд бид дерев 2 литрийн пиво хувааж уусан. 7 цагийн орчимд Э, М хоёр машиныг нь юм мөргөчхөж хальт гарч хальт гарчхаад ирье гээд буцаж орж ирэхдээ Б гэх залуутай орж ирсэн. Тэр 3 ирээд байж байгаад 9 цагийн орчимд М, Э хоёр явлаа гээд гарсны дараа 30-40 секундийн дараа гар утсаа шалгасан чинь миний гар утас алга болсон байсан. Ардаас нь гараад хайсан боловч тэр хоёрыг олоогүй. Тэгээд хамт ирсэн Б гэх залууг байлгаж байгаад цагдаа дуудсан... Ногоон өнгийн Ай фоне 12 мини загварын гар утас 2023 оны 01 дүгээр сард Юнителээс 1,150,000 төгрөгөөр худалдан авч байсан... Кино үйлдвэрийн автобусны буудалд дээр гар утасны байршил 16 цагийн орчимд зааж байсан... Гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
-Түүний хоёр дахь удаагаа өгсөн: "...Э гээд охин миний гар утсаар фейсбүүк орж байсан тэгээд бид нар хамт пиво ууж байхад надаас байнга кодоо хэлчих гээд асуугаад байсан би тэр үед өөрийн найз охинтойгоо чат бичих хэрэгтэй байсан болохоор буцааж аваад байсан тэгээд би унтах гээд байж байсан чинь гэнэт Э, Э хоёр явлаа гээд хэлсэн тэгэхээр нь би тэр хоёрыг гадагш гаргаж өгөөд буцаад орж ирсэн... Миний гар утсыг Э оролдож байсан тэгээд сүүлдээ оролдохоо больчихсон ширээн дээр тавьчихсан байхаар нь би тоогоогүй унтах гээд байж байсан тэгээд л гэнэт явлаа гээд явсан... Би болсон зүйлийг бүгдийг нь санаж байна. Би тухайн үед бага зэрэг л согтолттой байсан... Надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 07 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын М.Б гэх РС-нд ганцаараа компьютер тоглоом тоглож байх үед манай найз Жавхлангийн хуучин найз охин М миний *** гэх фейсбүүк рүү *** гэх фейсбүүк хаягаас хаана байгаа юм гэж чат бичсэн би РС-нд байна гэсэн чинь М "Би одоо 2 залуутай уулзах гэж байна надад жаахан эвгүй байна чи 3-р сургуулийн энэ хавьд хүрээд ирээч" гэж над руу чат бичсэн тэгээд би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32а байрны В1 давхарт 8 цагт очсон миний очсон газар ажлын газар байсан намайг очиход М, Э гэх хоёр эмэгтэй Ч болон Чингэсийн найз гэх залуугийн хамт дөрвүүлээ байсан. Чингэс, М, Э бид дөрөв 2,5 литрийн Сэнгүр пиво уусан. 10 цагийн орчим М, Э хоёр ах нь дуудаад байна гээд гараад явчихсан. Тэрнээс 20-30 секундийн дараа Ч “Өө би хүн рүү чат бичнэ гээд байхад чинь утас аваад гарчих юм" гээд араас нь гарсан тэгээд буцаж орж ирээд олоогүй явчихсан байна гэсэн. Ч орж ирчхээд тэр хоёр охиноос гар утас асуугаад байсан. Удалгүй намайг явах гэсэн чинь тэр хоёр залуу намайг явуулахгүй байсан би тэгэхээр нь цагдаад дуудлага өг гэж байгаад өгүүлсэн... Ч ширээн дээр байсан гэж ярьж байсан... М, Э хоёр авсан гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 27- 28 хуудас/,
"Дамно" ХХК-ний үнэлгээчин шинжээч Ц.Т-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан СБ2-23-373 дугаартай: "...Iphone 12 mini маркийн....гар утас ...920,000 төгрөг..." гэх дүгнэлт /хх-ийн 39-40 хуудас/,
Яллагдагч М.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би 2023 оны 03 сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Ай лофт гээд бааранд найз М-ийн хамт орж шоудахаар болоод өмнө нь таньдаг Ч гээд найзтайгаа мөн түүний эрэгтэй найзын хамт тэнд уулзсан. Тэгээд тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэндээс үүрээр 05 цагийн үед гараад Чингэсийн ажилладаг хэвлэлийн үйлдвэрт очиж үргэлжлүүлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тухайн үйлдвэр нь Найрамдал сургуулийн урд улаан өнгөтэй байрын доор подвалд байсан тэгээд байж байсан чинь М буюу Э танихгүй хоёр эрэгтэй хүнтэй жоохон эвгүй байна гээд өөрийнхөө эрэгтэй найзыг дуудсан тэгээд бид 5 хамт үргэлжлүүлэн ууж эхэлсэн. Тэгээд М бид хоёр явахаар болсон тэгээд тэндээс гарсан чинь М халааснаасаа Ч-ийн утсыг гаргаж ирсэн тэгээд надад хоёулаа утсыг нь өгчих үү гээд асуухаар нь би буцаж орж яах юм бэ орох юм бол хоёулаа дахиад уух хэрэг гарна өдөр тийшээ буцаагаад өгье гэж хэлсэн тэгээд би тэндээс өөрийн найз П-ийг дуудаад тэгээд бид 3 мөнгөгүй байсан учир утсыг нь 25-р эмийн сан орчимд П-ийн нэр дээр 270,000 төгрөгөөр тавьсан тэгээд тэр мөнгөөрөө бид 3 гадуур үрж байгаад Чингэсийн утсыг буцааж авах гээд М-ийн утсыг зараад буцаагаад аваад өгье гэж бодсон боловч утас нь зарагдаагүй...П мэдээгүй байгаа М бид хоёр зүгээр манай найзын гар утас байгаа юм гээд хэлчихсэн байсан... Ногоон өнгөтэй Ай фоне 12 мини загварын гар утас байсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,
Өсвөр насны яллагдагч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: "...Би 2023 оны 03 дугаар сарын 24- ний өдөр манай найз Э намайг баар орж шоудъя гээд дуудсан тэгээд бид хоёр Ай лофт гээд бааранд очсон тэгээд тэнд Эгийн таньдаг Чингэс гээд залуу, нэн найзтайгаа байсан тэгээд бид 4 хамт тэндээ байж байгаад бааран дотор пиво уус би нэг шил 0,5 литртэй пиво уусан бусдыг нь сайн мэдэхгүй байна тэгээд тэндээсээ бид Ч-ийн ажилладаг гэх 3 дугаар сургуулийн ард байсан 32а байрны подвал байсан хэвлэлийн газар очсон тэгээд тэндээ 2,5 литрийн том пиво 2-ыг хувааж уугаад байж байсан чинь Э эвгүй байна гээд байхаар нь бид хоёр тэндээсээ гараад би өөрийн найз Бийг дуудсан тэгээд бид 3 буцаад орсон тэгээд тэндээ дахин нэмж пиво уусан тэгээд тэнд байх хугацаандаа Эгийн утас нь унтарчихсан тэгээд бид хоёр утасгүй байсан болохоор Ч-ийн утсаар ээлжлээд фейсбүүк орж байсан юм тухайн үед би өөрийн гар утсаа ломбардад тавьчихсан байсан тэгээд Ч согтчихоод Э бид хоёрын биенд шууд хүрээд байхаар нь бид хоёр шууд гараад явсан. Тэгээд би халаасандаа хийсэн чинь Ч-ийн гар утас байсан тэгээд би Э-д буцаагаад оруулж өгье гэсэн чинь надад буцаад орвол гаргахгүй бол яах юм таньдаг хүмүүс юм чинь дараа нь өгчихье гэсэн тэгэхээр нь бид хоёр цаашаа яваад миний ломбардад зарж мөнгө олох гээд авах газар олдохгүй байхаар нь хороолол ороод утас авах хүн хайгаад олоогүй тэгээд нэг эрэгтэй хүнтэй уулзсан чинь тэр хүн Ч-ийн утсыг хараад энийгээ зарчих гээд байсан. Тэгээд заралгүйгээр ломбардад тавихаар болсон тэгээд 25-р эмийн сан дээр нэг ломбарданд 100,000 төгрөгт тавьсан байх сайн санахгүй байна. Тэгээд бид хоёр тэр өдрөө миний ломбарданд байсан утсан дээр мөнгө нэмж авах гэсэн чинь анх ломбардад нэр дээр нь тавьсан хүн утсаа авахгүй байсан. Тэгээд Ч-ийн утсыг авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан тэгээд маргааш өдөр нь Э ахдаа хэлээд ломбардаас авсан байсан. Тэгээд тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Эгийн ах нь цагдаагаас дуудаж байна гээд ирсэн... Бид хоёр юм идэх гээд мөнгөгүй байсан болохоор авсан... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуудас/, Гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 85-86 хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
-шүүгдэгч М.Э-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг,
Өсвар насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Цаашдаа Э.Э-г харж хандана...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э, өсвөр насны шүүгдэгч Э.Э нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлан ойлгож, хохирогч Э.Ч-ийн Айфоне 12 мини маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогчид 920.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Э, өсвөр насны шүүгдэгч Э.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хуульзүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэх дүгнэлтийг гаргасан.
Өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч А.Гантуяа: “...Шүүгдэгч нар нь хохирогчтой уулзаж ярьж байхдаа түүний гар утсыг халаасандаа санамсаргүй байдлаар хийснээс хойш буцааж өгч чадахгүйгээс шалтгаалан энэ гэмт хэрэгт холбогдсон. Миний үйлчлүүлэгч өсвөр насны шүүгдэгч учир хуульд заасан хамгийн хөнгөн ял буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлд зааснаар 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч О.Алтанчулуу: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй, бусдад төлөх төлбөргүй байгаа . Миний үйлчлүүлэгч ээж, аавын хамт ам бүл 3, Монгол Улсын Их Сургуулийн Хуулийн ангийн оюутан ба хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Мөн тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Иймд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ч-т 920.000 төгрөгийн хохирол учирсан ба гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Э, өсвөр насны шүүгдэгч Э.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч М.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 52х/, түр оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 54 дүгээр тал/,
-өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/, “Урлаг-Урлан” МСҮТ-д сурдаг болох нь үнэн болно гэх тодорхойлолт /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч М.Э, өсвөр насны шүүгдэгч Э.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч нарын насны онцлог зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж,
-1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э, өсвөр насны шүүгдэгч Э.Э нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт М.Э, өсвөр насны шүүгдэгч Б овогт Э.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Э, өсвөр насны шүүгдэгч Э.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э, өсвөр насны шүүгдэгч Э.Э нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаар эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогч хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын белэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, өсвөр насны шүүгдэгч Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС