| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0313/И |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбатаар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, С овогт Б.Э нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ү, нэхэмжлэгч Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: 1982 оны 07 сарын 01-нээс 1986 оны 04 сарын 14-ныг хүртэл Техник Туслалцааны үйлдвэрийн Барилга Трестийн харьяа үйлдвэрийн Барилга конторт шавар будагчнаар ажилласан. 1986 оны 04 сарын 26-наас 1992 оны 06 сарын 30-ныг хүртэл ХМК-ын Барилгын бригадад шавар будагчнаар, 3 дугаар үйлдвэрт өрлөгчин, 1-р үйлдвэрт туслах ажилчин, 2 голтын зуурагч зэрэг ажиллуудыг хийж байсан. ХМК-ын үйлдвэрт хамт ажиллаж байсан. Б.Э, Б.М нарын тодорхойолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, баярын бичиг, баримт 90-н жилийн ойн ном, зураг зэрэг баримтууд байна. Иймд миний 1986 оны 04 сарын 26-наас 1992 оны 06 сарын 30-ныг хүртэл ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь 1986 оны 04 сарын 26-наас 1992 оны 06 сарын 30-ныг хүртэл ХМК-ын Барилгын бригадад шавар будагчнаар, 3 дугаар үйлдвэрт өрлөгчин, 1-р үйлдвэрт туслах ажилчин, 2 голтын зуурагч зэрэг ажиллуудыг хийж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Э нь 1986 оны 04 сарын 26-наас 1992 оны 06 сарын 30-ныг хүртэл ХМК-ын Барилгын бригадад шавар будагч, 3 дугаар үйлдвэрт өрлөгчин, 1-р үйлдвэрт туслах ажилчин, 2 голтын зуурагч зэрэг ажиллуудыг хийж байсан нь 1982 оны 06 сарын 25-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, Монголын үйлдвэрчний эвлэлийн батлах, Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрийн барилгын конторын даргын 1982 оны 07 сарын 07-ны өдрийн 179 дугаартай ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт, ББМҮ Яамны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын 1986 оны 02 сарын 19-ний өдрийн 51 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, ТТҮБ трестэд ажиллаж байсан Б.Э-н ажил байдлын тодорхойлолт 1986 оны 04 сарын 16-ны өдөр, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа “Алтан гадас” одонт Улаанбаатар хотын Ханын материалын комбинатын даргын 1986 оны 06 сарын 16-ны өдрийн 310 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1988 оны 09 сарын 03-ны өдөр авсан “Баярын бичиг”, 1989 оны 04 сарын 04-ний өдөр авч байсан “Баярын бичиг”, ХМК-ын I үйлдвэрийн даргын 1992 оны 08 сарын 15-ны өдрийн 160 дугаартай ажилаас чөлөөлөх тухай тушаал, “Ханын Материалын Комбинат 90 жил” ном, гэрч Б.М “Б.Э нь 1984 онд Оросод сургууль төгсөж ирээд Ханын материалын комбинатын барилгын засвар бригадад шавар будагчаар ажиллаж эхэлсэн. 1984 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан. 1992 оноос хойш Ханын материалын комбинатын 1 дүгээр хэсэгт 2 голтын зуурагч гэдэг ажил хийж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Э “Б.Э нь 1990 оноос 1994 он хүртэл Ханын материал дотор ажиллаж байсан. Ханын материал нь дотроо бүтэцийн өөрчлөлт хийж би дугуй зуухны ам хаагч гэдэг ажил хийж байсан. Б.Э нь 2 голтын зуурагч дээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Б.Э нь 1986 оны 04 сарын 26-наас 1992 оны 06 сарын 30-ныг хүртэл ХМК-ын Барилгын бригадад шавар будагч, 3 дугаар үйлдвэрт өрлөгчин, 1-р үйлдвэрт туслах ажилчин, 2 голтын зуурагч зэрэг ажиллуудыг хийж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С овогт Б.Э-г 1986 оны 04 сарын 26-наас 1992 оны 06 сарын 30-ныг хүртэл Ханын Материалын Комбинатын Барилгын бригадад шавар будагч, 3 дугаар үйлдвэрт өрлөгчин, 1 дүгээр үйлдвэрт туслах ажилчин, 2 голтын зуурагч зэргээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б