Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 31

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороонд оршин суух, П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, М овогт М.М-д холбогдох

2,284,604 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагч М.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.М нь 2019 оны 03 сарын 18-ны орой 19 цаг 05 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт айлын гадаа зам дээр хувийн эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн ... дугаарын автомашиныг жолоодон явахдаа даатгуулагч О.У, Ц.Б нарын эзэмшлийн тоёота аллион маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. М.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан болох нь цагдаагийн дэслэгч С.Б-н 2019 оны 03 сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, 2019 оны 04 сарын 08-ны өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдсон. Даатгуулагч О.У нь манай даатгалын компанитай 2018 оны 10 сарын 04-ний өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан ба зам тээврийн осол болсноор даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү даатгуулагч О.У-н эхнэр Ц.Б-н 2019 оны 04 сарын 08-ны өдрийн нөхөн төлбөр хүссэн өргөдлийн дагуу компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 04 сарын 10-ны өдрийн 3011901759 дүгээр тушаалын дагуу нөхөн төлбөрт тооцож 2,284,604 төгрөгийг төлсөн байдаг. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1 дүгээр зүйлийн 7.1.2-т заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх 2,284,604 төгрөгийн олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ. М.М-тай түүний ... дугаарт холбогдож, сар бүр 200,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх төлбөрөөс төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч М.М-с 2,284,604 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэв.      

Хариуцагч М.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь М.М нь П даатгал ХХК-ний нэхэмжилсэн 2,284,604 төгрөгийг би ямар нэгэн аргаар төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч М.М-с 2,284,604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлага 2,284,604 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаан дээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. П даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.М-д холбогдох даатгалын өр  2,284,604 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 51,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.М-с улсын тэмдэгтийн хураамжид 51,504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад тус тус олгосугай.

3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Э.Б