| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0627/З |
| Дугаар | 221/МА2025/0718 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2025/0718
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Л
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: “Т” ХК
Хариуцагч: “Т” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо
Нэхэмжлэлийн шаардлага: ““Т” ХК-иас зарласан “Маягт, материал нийлүүлэх” ТБ/20250102166/**** дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 674 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Л
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/****
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас “Т” ХК, түүний тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Т” ХК-иас зарласан “Маягт, материал нийлүүлэх” ТБ/20250102166/**** дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 674 дүгээр шийдвэрээр: “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 20 дугаар зүйлийн 20.2, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-иас “Т” ХК, түүний тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “”Төрийн банк” ХК-иас зарласан “Маягт, материал нийлүүлэх” ТБ/20250102166/**** дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Компанийн гүйцэтгэх захирал Д.Лийн тухай:
3.1.1 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5 болон 20.2-т нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд нь төрийн байгууллагаас зарласан тендер шалгаруулалтад хамаарах талаар заасан. Хуулийн дээрх зохицуулалтыг дэлгэрүүлэн авч үзвэл нэр заан дурдсан албан тушаалтан өөрөө эсхүл түүний хамаарал бүхий этгээд нь тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн буюу нийлүүлэгч, гүйцэтгэгч компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч хамтран байж болохгүй гэх агуулгатай болно. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т хязгаарлалтыг хийсэн ба хуулийн дээрх зохицуулалтад компанийн гүйцэтгэх захирал байх тохиолдолд хязгаарлалтад хамаарах байдлаар зохицуулаагүй болно. Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Д.Л нь өнөөгийн байдлаар компанийн ямар нэг хувьцааг эзэмшдэггүй бөгөөд зөвхөн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулсан гүйцэтгэх захирал статустай ажилтан юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3-д тус тус зааснаар компанийг гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчээс ялгаатай ойлголт юм.
3.1.2 Нөгөөтэйгүүр гүйцэтгэх захирал Д.Л нь нэхэмжлэгч компанид хувьцаа эзэмшдэггүй бөгөөд Компанийн тухай хуулийн 34, 46, 59, 62 дугаар зүйлүүдэд заасан хувьцаа эзэмшигчийн эдлэх эрхийг эдэлдэггүй тул компаниас ямар нэг байдлаар ашиг хүртэхгүй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй этгээд байна. Ийнхүү компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эсхүл компанийн эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч биш этгээд болох гүйцэтгэх захирлыг Монгол Улсын Их Хурлын даргын төрсөн ах гэсэн шалтгаанаар тендерт оролцуулахаас татгалзаж байгааг анхан шатны шүүх зөвтгөсөн шийдвэр гаргасан нь эрх зүйн үйл баримтыг холбогдох хуулийн зохицуулалттай тухайлан тулгаж, шалган тогтоогоогүй болохыг илтгэж байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг илтгэж байна.
3.2 Компанийн хувьцаа эзэмшигч Л.Оын тухай
3.2.1 Хариуцагчийн ирүүлсэн мэдэгдэлд “... Компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Л.О нь “Сархиниг ургийн овог” Д.Л төрсөн хүүхэд байх тул “Сархиниг ургийн овог” Д.А гэр бүлийн гишүүнд хамаарч байна” гэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж тайлбарласан нь буруу байна. Дэлгэрүүлбэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” ойлгохоор хуульчилсан бөгөөд энэхүү хуулийн томьёололд Д.Лийн хүү Л.О хамаарахгүй. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж мөн хэсгийн 3.1.6-д “садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” ойлгохоор тус тус хуульчилсан бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч Л.О нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалантай ямар нэг байдлаар хамт амьдардаггүй буюу гэр бүлийн гишүүн биш юм.
3.2.2 Мөн энэ талаар Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02/6141 “Гомдол хянасан тухай” албан бичгийн сүүлийн хэсэгт “… “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.О Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасны дагуу нийтийн албан тушаалтантай хамаарал бүхий этгээд гэж хянан үзсэнийг эс зөвшөөрсөн гомдол үндэслэлтэй гэсэн байх бөгөөд хувьцаа эзэмшигч Л.О нь нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд биш болохыг маш тодорхой тайлбарласан байна.
3.3. Компанийн үүсгэн байгуулагчийн тухай
3.3.1 Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно” гэж, мөн зүйлийн 12.4-д “Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно” гэж тус тус заасан ба компани үүсгэн байгуулагч этгээд нь компанид хувьцаа эзэмшихгүй байж болох талаар зохицуулсан. Компанийн үүсгэн байгуулагч гэж бүртгэгдсэн Д.А нь “С” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй бөгөөд Компанийн тухай хуулийн 34, 46, 59, 62 дугаар зүйлүүдэд заасан хувьцаа эзэмшигчийн эдлэх эрхийг эдэлдэггүй тул компаниас ямар нэг байдлаар ашиг хүртэхгүй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй этгээд байна. Гэвч анхан шатны шүүх хуулийн зүйл,хэсэг, заалтыг шууд шударгаар тайлбарлалгүй ерөнхий ойлголтын хүрээнд хэт дэлгэрүүлэн, төсөөтэй байдлаар буюу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч компанийн дахин тендер сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан шинжтэй байна.
3.3.2 Дээрхийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг яагаад бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ дэлгэрэнгүй, тайлбарлаагүйн дээр гаргасан шийдвэр нь Компанийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тус тус нийцээгүй байна. Иймээс дээрх гурван үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 674 дүгээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Т” ХК-иас зарласан “Маягт, материал нийлүүлэх” ТБ/20250102166/**** дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг “Т” ХК, түүний тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргажээ.
2.2. “Т” ХК-иас зарласан “Маягт, материал нийлүүлэх ТБ/20250102166/0301 дугаар” тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “С” ХХК оролцсон бөгөөд тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар “С” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргахад тус яамны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2/6141 тоот албан бичгээр гомдлыг хангахаас татгалзжээ.
2.3. Анхан шатны шүүхээс “... нийтийн албан тушаал хашиж буй тодорхой албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс төрийн зарим төрлийн үйл ажиллагаа эрхлэх, үйл ажиллагаанд оролцохыг хуулиар хориглосон бөгөөд энэхүү хязгаарлалт нь тухайн тендер шалгаруулалтын хувьд нэхэмжлэгчид хамааралтай байна ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанд тус компанийн үүсгэн байгуулагчаар Д.А, харин хувьцаа эзэмшигч, гишүүнээр Л.О бүртгэсэн үйл баримт тогтоогдож байна.
2.5. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 5.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 201, 21 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамаарах этгээд тендер шалгаруулалтад оролцох эрхгүй байна”,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “ “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг ,эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 20 дугаар зүйлийн 20.2-т Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн тэргүүн дэд, дэд дарга, орлогч дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гэж, харин Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” хэлнэ гэж тус тус хуульчилсан.
2.6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл хамаарал бүхий этгээд, гэр бүлийн гишүүн, садангийн хүн гэдгийг нарийвчлан тусгасан байх төдийгүй нэхэмжлэгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч Д.А, хувьцаа эзэмшигч Л.О нар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан албан тушаалтантай хамаарал бүхий, садан төрлийн холбоотой байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.7. Тодруулбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанчлан зөвхөн хамт амьдарснаараа гэр бүлийн гишүүн, садан төрөлд хамаарах ойлголт бус, харин тэдний дунд төрөл садангийн холбоо хамаарал байхыг ойлгохоор байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар компанийн хувьцаа эзэмшигч Л.О нь Монгол Улсын Их Хурлын дарга Д.А ямар нэг байдлаар хамт амьдардаггүй буюу гэр бүлийн гишүүн биш ...” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
2.8. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс үүсгэн байгуулагч Д.А нь хувьцаа эзэмшдэггүй, ямар нэг байдлаар ашиг хүртэхгүй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй этгээд гэж маргадаг боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгөх бөгөөд хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанд 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дашзэвэгийн Амгаланбаатар нь “С” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн энэ тохиолдолд “компанийн үйл ажиллагаанд хамааралгүй этгээд” гэж үзэхээргүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Лын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА