| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0031/И |
| Дугаар | 52 |
| Огноо | 2020-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 52
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би С.Б-н нэхэмжлэлтэй С.О, М.Э нарт холбогдох 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Донроговь аймаг Сайншанд сум 1-р багт оршин суух Б овогт С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б миний бие нь Х банкнаас том оврын Нордбенз маркын ачааны автомашин худалдаж авахаар 16,0 сая төгрөгний зээл авсан юм. 2019 оны 7 сарын 21-ний өдөр С.О, М.Э нартай би уулзаад Нордбенз маркын автомашиныг гэрийнх нь хашаанд байхад нь харж үзээд худалдаж авахаар харилцан тохиролцсон юм. Би ч харилцан тохиролцсоны дагуу Нордбенз маркын автомашины үнэ болох 12,0 сая төгрөгийг 2019 оны 7 сарын 22-ны өдөр төлөх гэхэд С.О, Э нар нь өөрийнхөө дүү болох н.Э-н эзэмшлийн ... тоот дансаар автомашины үнийг шилжүүлэн авсан. Үүний дараагаар би авсан автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар хөөцөлдөхөд тухайн автомашин нь О, Э нарт ямар ч хамааралгүй байсан. Автомашины жинхэнэ эзэмшигч болох Ө.Б гэгч нь О, Э нарт 4,0 сая төгрөг өгч авалцахаар байсан байдаг. Гэвч надаас авсан 12,0 сая төгрөгнөөс О, Э нар нь өөрсдөө авч үлдэх 4,0 сая төгрөгийг авч үлдээд үлдсэн 8,0 сая төгрөгийг нь автомашины жинхэнэ эзэмшигч болох Ө.Б-д өгөх ёстой байтал уг мөнгийг нь өгөөгүйгээс болоод би өнөөдрийг хүртэл хохирч автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадахгүй болчоод байна. Мөн О, Э нар ч анх надаас мөнгө авахдаа ч гэсэн миний шилжүүлсэн 12,0 сая төгрөгний 8,0 сая төгрөгийг нь Б-д шилжүүлж өгнө гэж хэлээд авсан. Гэвч одоог хүртэл О, Э нар нь Б 8,0 сая төгрөгийг шилжүүлэхгүй байснаас би дунд нь хохирч байна. Би О, Э нараас илүү өгсөн 8,0 сая төгрөгийг буцаан нэхэмжилж аваад Б-д шилжүүлэн өгөх гэсэн боловч одоог хүртэл миний мөнгийг гүйцээж өгөхгүй байна. Намайг мөнгө төгрөгөө нэхэхээр л хэсэг хэсэгхэн бага багаар миний мөнгийг 3,8 сая төгрөг, 150.000 төгрөг, 50.000 төгрөг, 1,0 сая төгрөг банкны хүүндээ өгөөрэй гэж 300.000 төгрөг, 150.000 төгрөг, 50.000 төгрөгийг буюу нийт 5.2 сая төгрөгийг өгч авалцсан. О, Э нар нь анх надтай ярьж тохирохдоо Нордбензны 500.000 төгрөгний торгуультай байгаа учир уг мөнгийг би өөрөө төлчихнө, нэмж 500.000 төгрөг өгнө гэж байсан. Миний хувьд О, Э нараас торгуулийн мөнгө болох 500.000 төгрөгтэй нийлээд 8,5 сая төгрөгийг авахаар тохиролцож үүнээс 5,2 сая төгрөгийг нь авсан үлдэгдэл 3.3 сая төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р багт оршин суух, Х овогт М.Э, Б овогт С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж буй 3,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 07 сард иргэн С.Б нь хашаанд зогсож байсан North-benz автомашнаа зарах уу гэж эхнэрийнхээ хамт ирсэн. Эхнэр бид хоёр энэ машиныг өвөрмонгол иргэн Т-с 3,2 саяар тохиролцож авсан байсан. Уг машины өртөгөөс талыг нь төлсөн байгаа. Машины гэрчилгээ нь Б гэж хүний нэр дээр байдаг. Дан толгойгоо 15,000,000 төгрөгөөр зарах хүсэлтэй байгаагаа хэлэхэд С.Б би олон хүнтэй наймаа арилжаа хийж үзсэн. Зовлон жаргал мэднэ. Би машиныг чинь 14,000,000 төгрөгөөр авна. Мөнгө нь Х банкинд бэлэн байна гэж хэлсэн. Бид хоёр Т-тай ярилцаад хариу хэлэх болно гээд С.Б-г буцаасан. ...Одоо түүний нэхэмжилж буй 3,300,000 төгрөгийн 1,500,000 төгрөгийг чиргүүл зарсан иргэн Б.Б-с авч үлдсэн 1,800,000 төгрөгийг өдрийн орлогоосоо авч хохиролгүй болгоно. Нэхэмжлэлийн шаардлага 3,300,000 төгрөгийг 02 сарын 20-ны өдрөөс эхлэн сар болгон 500,000 төгрөгөөр төлөх болно гэжээ.
Нэхэмжлэгч С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нар нь өөрийн сарын орлогоос 500,000 төгрөгийг сар бүрийн 20-нд өгч хохирлыг барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч С.О, М.Э нарт холбогдуулан тээврийн хэрэгсэлийн үнэ 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.О, М.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага 3,300,000 төгрөгийг 02 сарын 20-ноос эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Б-н нэхэмжлэлтэй С.О, М.Э нарт холбогдох 3,300,000 төгрөгийг 02 сарын 20-ноос эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,750 төгрөгийн 50 хувь болох 33,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 33,875 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.О, М.Э нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 33,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч С.О, М.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б