Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/553

 

  2023         08         29                                       2023/ШЦТ/553       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

Улсын яллагч Б.Батцэцэг,

Шүүгдэгч НМ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн НМд холбогдох эрүүгийн 2311 00000 1016 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч НМ нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны орчим ....................... тоотод байх үедээ хохирогч О.Тгийн биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч НМ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Эрүүгийн 2311 00000 1016 дугаартай хэргээс:

Хохирогч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2023 оны 06 дугаар сарын 10-ны оройн 21 цагаас би ажлаа тараад ангийнхаа Золоо гэдэг охинтой "Хүннү 2022"-ын "Том н Томс” кофе шопт уулзсан. Тэгээд Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа бид 2 юм ярьж сууж байхад Мөнх-Эрдэнэ гэдэг манай ангийн хүүхэд Золжаргал руу залгаад бид 3 Баруун 4 замын "Голомт" хотхон дээр уулзсан. Дараа нь бид 3 НМгийн ажил руу буюу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 47Б байрны 5 давхар руу явсан. НМ нь шивээс хийдэг бөгөөд тэр бид нарыг очиход, НМ болон шивээс хийлгэж байсан хүмүүс байсан. Шивээс хийлгэж байсан хүмүүс нь гараад 22 цаг 30 минутын үед НМ, Золжаргал, Мөнх-Эрдэнэ бид 4 пиво ууцгаасан. Бид 4 нийт 20 лааз "Сэнгүр” нэртэй пиво хувааж уусан. Тэгээд Мөнх-Эрдэнийг Гантулга гэдэг найз нь ирж авахад Золжаргал цуг явсан. Ингээд НМ бид 2 л үлдсэн. Тэгээд би НМгөөр цээжнийхээ голд байдаг шивээсийг давхарлуулахаар болсон. НМ 3-4 зураас хийж байгаад маргааш болъё гээд "150.000 төгрөг шилжүүлчих" гэхээр нь би шилжүүлэх гэж байгаад 15,000 төгрөг шилжүүлчихсэн байсан. Тэгээд НМ бид хоёр үргэлжлүүлээд тус бүр 1 пиво ууж байгаад гарах гэж байхад НМ намайг 15,000 төгрөг шилжүүлснийг мэдээд "Чи намайг өдөөд байгаа юм уу" гэж хэлээд хаалгаа түгжээд, сандлын төмөр шиг юмаар миний нуруу руу 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би хөлийг нь бариад унагаасан. Тэгсэн чинь НМ босож ирээд цээж рүү нөгөө төмрөөрөө 2-3 удаа цохиод, нүүр рүү 4-5 удаа гараараа цохисон. Намайг цохиж байхад нь би баруун гараараа хамгаалж байсан. Миний нүүр рүү цохиход миний хамраас цус гарсан. Тэгээд би хаалгыг нь онгойлгоод 00 орсон. ...шууд Цагдаагийн хэлтэс рүү ирээд, дараа нь Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний хамар хугараад, цус гарсан. НМ миний нүүр рүү 4-5 удаа цохиход миний хамар хугарсан. НМ намайг төмөр шиг юмаар цохиж байхад нь би баруун гараараа хааж байсан. Тэр үед миний баруун гарын дунд хурууны хумс сөрдийгөөд гараад ирсэн байсан. Гэмтэл дээр очоод зургийг нь авхуулахад хуруу хугарсан байсан. Нуруу, цээж хөндүүртэй байгаа..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 21 дэх тал/,

Гэрч ..................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...тэр үед НМ гаднаас орж ирсэн. Би түрүүлээд гараад явсан ба Тэмүүжин, НМ 2 үлдсэн. Тэмүүжин газар унаад босож ирэхэд, биед нь ямар нэгэн гэмтэл шарх ажиглагдаагүй...,...би түрүүлээд гарахад хамраас нь цус гарсан зүйл байгаагүй, харин хуруу нь тулчихлаа гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7617 дугаартай "О.Тгийн биед баруун гарын дунд хурууны үзүүрийн шивнүүр ясны хугарал, хамрын нуруу, зүүн шилбэнд зулгаралт, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун суганд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Шүүгдэгч НМгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч НМд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч НМ нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны орчим ....................... тоотод байх үедээ хохирогч О.Тгийн биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 21 дэх тал/, гэрч ..................ын мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, шүүгдэгч НМгийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7617 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-35 дахь тал/, Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч НМгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч НМгийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч НМгийн хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч НМ нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч О.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч НМг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч НМ нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд 266.000 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч НМд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч НМг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч НМд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлийн заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч НМд 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч НМ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч НМд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч НМг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч НМг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч НМд оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч НМ нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч НМ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч НМд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Б.ОТГОНЦЭЦЭГ