Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0719

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         С.Бийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.Ц нар

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөрийн хэвийн бус хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 032 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, П.Б /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 111/2025/****

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Боос Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хөдөлмөрийн хэвийн бус хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 032 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулахыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж...” шийдвэрлэжээ.

 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хэдийгээр “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 2 дугаар зүйлийн 19-д “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн тухайд хэрэглэх мэтээр жагсаасан ч жагсаалтын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл хэсэгт нефттэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил мэргэжлийг заагаагүйгээс үзвэл нэхэмжлэгчийн ажил мэргэжлийн чиг үүрэг, гүйцэтгэл, бусад нөхцөл байдлыг харгалзан даатгуулагчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэх боломжтой гэж үзэв. Тодруулбал, нефть хангамжийн операторчин ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд ажиллаж байгаагаас үл хамааран тухайн ажил мэргэжлийн онцлог байдал нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна.

3.2. Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр төслийн шатанд судлагдаж байгаагаас өөрөөр үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, шүүх хуралдааны явцад нефть хангамжийн операторын чиг үүрэг нь бензин шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой ойр, байнга харьцдаг, улмаар эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орж, үнэрлэх эрхтэн ажиллагаагүй болсон гэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл нефтийн төрлийн бодистой харьцдаг түгээмэл ажил мэргэжилд шатахуун түгээх газрын нефть хангамжийн оператор Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 195-д дүйцүүлэн хэрэглэж, даатгуулагчийг хортой нөхцөлөөр тэтгэврийг тогтоох боломжтой байжээ.

3.3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 04/**, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/** дугаар албан бичгүүдийг үндэслэн даатгуулагчийг хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар С.Бийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт, холбогдох материалыг хүлээн авч, хянаад тэтгэврийг тогтоох шаардлагатай.

3.4. Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар нь Засгийн газрын 2023 оны 469 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 4.3.9-д дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг хэрэгжүүлэх, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1/иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах, 3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, 15 дугаар зүйлийн 1.Өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэсэн заалтын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлж Сэрээндоржийн Бямбадорж “Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл”-д ирүүлсэн хүсэлтэд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх “Маргаан шийдвэрлэх зөвлөл”-д хандсан хүсэлтэд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 32/** дугаар албан бичгээр хуулийн хугацаанд нь шийдвэрлэх боломжгүй үндэслэлийг тодорхой дурдаж хариу өгч шийдвэрлэсэн байхад үгүйсгэсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед байсан зарим ажил мэргэжлийн нэршил, ажлын байр байхгүй болсонтой холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 77 дугаар тушаалын хавсралтаар шинэчлэн баталсан бөгөөд энэ жагсаалтад шатахуун түгээгч гэсэн ажил мэргэжил хасагдсан.

3.5. Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журамд тухайн ажил мэргэжлийн онцлог байдлаас хамааруулна гэсэн заалт байхгүй байхад нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд ажиллаж байгаагаас үл хамаарч нефть хангамжийн операторчныг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт”-д ч энэ ажил мэргэжлийн нэршил байхгүйг харгалзан үзээгүй. Эрүүл мэндийн шалтгаантай бол эрүүл мэндийн байгууллагад хандаж мэргэжлээс шалтгаалах өвчтэй нь тогтоогдвол хөдөлмөрийн нөхцөл өөрчлөх, ажлын цагийг хорогдуулах, эсвэл хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагаа тогтоолгон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний сангаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломжтой.

3.6. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.14.7-д “доод шатны байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааны зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх” заалтын дагуу татгалзсаныг хууль бус гэж үзсэн. Ажил олгогч байгууллагын тушаал, шийдвэрт тусгагдсан албан тушаалыг хүнд, хортой нөхцөлд хамаарах албан тушаалын ажил мөн эсэхийг шүүх тогтоох шаардлагагүй бөгөөд тухайн асуудал нь мэргэжлийн байгууллагын эрх хэмжээний асуудал болохыг анхаарвал зохино гэсэн зөвлөмжийг зөрчиж хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг Нийгмийн даатгалын байгууллагад даалгасан. Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 032 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч С.Боос “Хөдөлмөрийн хэвийн бус хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргажээ.

2.2. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” А/** дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 195-д нефть хангамжийн операторчин гэсэн нэршлээр дүйцүүлэн тооцох ажил мэргэжлээр тэтгэвэр тогтоолгох асуудлаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлд өргөдөл гаргасан. Улмаар тус зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” ** дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Бийн ажилласан хугацааг хортой нөхцөлд оруулан тооцохгүй гэж шийдвэрлэжээ.

2.3. Үүний дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр С.Б дахин Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасныг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 12 дугаар тогтоолоор мөн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад  хамааруулан тооцохгүй гэж тус тус шийдвэрлэснээр нэхэмжлэгч С.Б шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.4. Анхан шатны шүүхээс “... хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар нь зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторын ажлыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулна гэж хэт явцууруулан тайлбарлаж, даатгуулагчийг хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тооцож, тэтгэврийг тогтоохоос татгалзсан нь хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүйгээс гадна нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

2.5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.4-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж хуульчилсан.

Харин Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” А/** дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталсан бөгөөд тус жагсаалтын 195 дугаарт нэхэмжлэгчийн эрхэлж буй “нефть хангамжийн операторчин” гэх ажлыг дүйцүүлэн хэрэглэх ажил мэргэжлийн жагсаалтад оруулахаар тооцож, хүчин төгөлдөр үйлчилж байна.

2.6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Б нь 54 настай бөгөөд “Н” ХХК-ийн Баянхонгор салбарын даргын 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 120 дугаар тушаалаар эрхлэгч, түгээгч, оператор, “П” ХХК-д төвийн 4 дүгээр шатахуун түгээх станцад эрхлэгч, түгээгч, оператор, “Н” ХХК-ийн Баянхонгор Нефть хангамжийн станцад нефть хангамжийн операторын ажилд тус тус томилогдон өдийг хүртэл нийт 28 жил ажиллаж байгаа нь тогтоогдож байна.

2.7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... миний ажил нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, хэмжилт тооцоолол хийхээс эцсийн хэрэглэгч хүртэлх бүх үйлдлийг гардан гүйцэтгэдэг ...” гэж тайлбарладаг бөгөөд үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн нефть хангамжийн операторчин гэх ажил мэргэжил нь хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарч байх төдийгүй тус нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд ажиллаж байгаагаас үл хамааран тухайн ажил мэргэжлийн онцлог байдал нь нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна гэж үзэхээр байна.

2.8. Тодруулбал, нефть боловсруулах үйлдвэр нь Монгол Улсад өнөөдрийн байдлаар бодитойгоор үйл ажиллагаа явуулдаггүй, бүтээн байгуулалтын шатанд хэрэгжиж байгаа бөгөөд энэ тохиолдолд хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраас зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторын ажлыг хамааруулна гэж хэт явцууруулан тайлбарлаж, даатгуулагчийг хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тооцож, тэтгэврийг тогтоохоос татгалзсан нь хууль бус байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА