Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2020/0005/И |
Дугаар | 83 |
Огноо | 2020-03-10 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт оршин суух, К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Г овогт Х.Б,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, ... ажилтай, Ж овогт С.С нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 4,186,700.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,593,378.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 405,688.77 төгрөг, нийт 7,185,768.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч 2020 оны 01 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Х.Б, С.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Б, С.С нар нь К банктай 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-275 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 10,000,000.00 /арван сая/ төгрөгийг сарын 2.0 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Х.Б-н К банкин дахь 2006019666 тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 /арван сая/ төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 5,813,299.23 /таван сая найман зуун арван гурван мянга хоёр зуун ерэн есөн төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг, зээлийн хүү 3,455,264.89 /гурван сая дөрвөн зуун тавин таван мянга хоёр зуун жаран дөрвөн төгрөг наян есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,604.28 /арван таван мянга зургаан зуун дөрвөн төгрөг хорин найман мөнгө/ төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,186,700.77 /дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга долоон зуун төгрөг далан долоон мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 2,593,378.65 /хоёр сая таван зуун ерэн гурван мянга гурван зуун далан найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 405,688.77 /дөрвөн зуун таван мянга зургаан зуун наян найман төгрөг далан долоон мөнгө/ төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 7,185,768.19 /долоон сая нэг зуун наян таван мянга долоон зуун жаран найм төгрөг арван есөн мөнгө/ төгрөг байна. Иймд хариуцагч Х.Б, С.С нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 7,185,768.19 /долоон сая нэг зуун наян таван мянга долоон зуун жаран найман төгрөг арван есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Б, С.С нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Б би олон жил хэвтэрт байгаа 87 настай ээжийгээ асардаг. Эхнэр Х зоогт 800,000 төгрөгийн цалинтай зохион байгуулагчийн ажил хийдэг. Эхнэр К банкинд цалингийн зээлтэй сард 531,000 төгрөгийн зээл төлдөг. Бид сард 50000 төгрөгийн хөлсний хашаа байшинд амьдардаг. Ээжийн эмчилгээний зардал өндөр гардаг. Надаас нэхэмжилсэн К банкны зээл болох 10 сая төгрөгийг би өөрөө аваагүй. Тухайн үед захирал байсан Б авсан ба бид цагдаад гомдлоо гаргасан. Гэвч нэгэнт миний нэр дээр байгаа зээл учраас үндсэн зээл болох 4,186,700.77 төгрөгийг хүүгүй төлж барагдуулах хүсэлтийг минь зөвшөөрч сар бүр 100,000 төгрөгөөр төлөлт хийх хүсэлтэй тул хүлэстийг минь хүлээн авна уу гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 4,186,700.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,593,378.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 405,688.77 төгрөг, нийт 7,185,768.19 төгрөг гаргуулах тухай гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Х.Б, С.С нар нь зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 4,186,700.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,593,378.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 405,688.77 төгрөг, нийт 7,185,768.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зээлийн хүү, нэмэгддүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Х.Б, С.С нар нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “К банкны Замын-Үүд дэх салбар”-тай ЗГ-275 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан байх ба зохигч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгууллагдсан байна. Зохигчид буюу гэрээний талууд нь зээлийн гэрээнд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан байх ба “гэрээний 3.1.5-д зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг цаг хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хүлээжээ. Гэтэл хариуцагч Х.Б, С.С нар нь ЗГ-275 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг зөрчин зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 сарын 18-ны өдөр дууссан боловч эргэн төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Х.Б, С.С нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 4,186,700.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,593,378.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 405,688.77 төгрөг, нийт 7,185,768.19 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр 4,186,700.77 төгрөгийг төлнө. Төлөхдөө сард 100,000 төгрөгөөр төлнө хэмээн тайлбараа шүүхэд гаргаж өгсөн боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Хариуцагч нар нь 10,000,000 төгрөгийн зээлийг Б гэх хүнд авч өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан 2015 оны 06 сарын 19-ний өдрийн 275 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээн дээр хариуцагч Х.Б, С.С нар нь гарын үсгээ зурж гэрээг байгуулсан, түүнчлэн 10,000,000 төгрөгийг хариуцагч Х.Б-н К банкин дахь ... тоот дансанд нь орсон болох нь зохигчдийн тайлбар, гэрч В.Н-н “...С, Х.Б нарыг дагаад банк дээр очиход Б-д авсан 10,000,000 төгрөгийн зээлээ тэр чигээр нь өгсөн” гэх мэдүүлэгээр тодохойлогдож байна. Хариуцагч нар нь авсан зээлээ хэрхэн яаж зарцуулж, хэнд өгөх нь тэдний эрхийн асуудал юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах... эрхтэй”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан, байгуулагдсан гэрээ нь нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна шүүх дүгнэлээ. Хариуцагч нар нь авсан зээлээ хэн нэгэнд өгч байгаа асуудал нь тэднийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч Х.Б, С.С нараас үндсэн зээлийн төлбөр 4,186,700.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,593,378.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 405,688.77 төгрөг, нийт 7,185,768.19 төгрөгийг гаргуулж К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б, С.С нараас үндсэн зээлийн төлбөр 4,186,700.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,593,378.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 405,688.77 төгрөг, нийт 7,185,768.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 129,922 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Б, С.С нараас улсын тэмдэгтийн хураамж 129,922 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б