Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 109

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: М.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-д холбогдох 

Хашаа байшин чөлөөлүүлж, хүлээлгэж өгөхийг даалгах, засварын зардал 5.000.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагч Б.А-ын сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч М.М-дхолбогдох үл хөдлөх хөрөнгө болох барилга, газрын гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ВУ, хариуцагч Б.А хариуцагчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Би Б.АА-д  уг хашаа байшинг биет байдлаар түлхүүрийн хамт газар дээр нь хүлээлгэж өгсөн. Одоо уг хашаа байшинд Б.А-ны эд хөрөнгө байх магадлалтай, мөн Б.А өөрийн цоож цуургыг зүүсэн байгаа учраас Б.А-ыг ОАЖНэгтгэлийн 2-3 буюу шинэчилсэн бүртгэлээр Тамир хорооллын 48-4805 дугаартай хашаа байшингаас чөлөөлүүлж, надад хүлээлгүүлж өгнө үү ... Б.А-д хүлээлгэж өгсөн хашаа байшин нь чанар байдлын хувьд муудаж доройтсон, одоо засварлахгүй бол хүн амьдрах боломжгүй эвдэрсэн байна. Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-3 тоот буюу шинэчилсэн бүртгэлээр Тамир хорооллын 48-4805 дугаартай хашаа байшинг сэргээн засварлах засварын мөнгө 5.000.000 төгрөгийг Б.А-с гаргуулж М.М-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:   ... М.М бид дээрх хашаа байшинг худалдах худалдан авах гэрээг 2008 онд хийсэн бөгөөд үүнээс хойш 11 жилийн хугацаа өнгөрч байна. Хашаа байшинг 6.0 сая төгрөгөөр худалдан авч, үүнээс 5.0 сая төгрөгийг төлсөн. Бичиг баримт шилжүүлэх үед 1.0 сая төгрөг өгөх тохиролцоотой байсан. Уг байшин нь анх авахад дусаал дусдаг байсан. Үүнийг засаж өгнө гэсэн боловч засаж өгөөгүй. Тухайн үед хашаа байшингийн гэрчилгээг ломбарданд тавьсан, ломбардаас чөлөөлж шилжүүлж өгнө гээд шилжүүлж өгөөгүй. М.М  нь Солонгос явсан, Өмнөговьд том тэрэг барьж байгаа гэх мэт зүйлээр шалтаглан орон нутагтаа  ирэхгүй уулзалдахгүй удсан. Өөрөө ийнхүү тохирсон тохиролцоогоо биелүүлэхгүй өнөөг хүрсэн атлаа хашаа байшинг буцааж авна, хашаа байшинг сэргээн засварлах зардлыг гаргуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед хашаа байшингийн болон газрын гэрчилгээ хаана, аль ломбарданд, эсвэл банкинд байсныг хариуцагч би гарган өгөх боломжгүй байна. ... Намайг анх авахад шавар шохой нь унасан байсан. 4 тал гэж өгсөн, 3 тал байсан. Дээврээс нь дусаал гоождог байсан. Би М.М-г засаж өгөхийг шаардсан. Тэгэхэд янзалж өгнө гэж өдийг хүртэл хуурсаар ийм боллоо. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Иймд М.М-ыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000117591 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Y0118003572 дугаартай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2 дугаар гудамж 03 тоотод байршилтай /хаягийн шинэчлэлээр Тамир хорооллын 48-4805 тоот/ 56 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай барилгыг, мөн газар эзэмших эрхийн №000032563 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 6513002960 дугаар бүхий 458 мкв, 0,4 га гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай 40 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн улсын бүртгэлийн Э-0118000370 дугаартай газрын хамт Б.А  миний нэр дээр гэрчилгээнүүдийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.У сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: М.М  Б.А-тай  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамжны 3 тоотод байрлах хашаа байшинг худалдах худалдан авахаар тохиролцож 4,8 сая төгрөгийг Б.А-с авсан. Үлдэгдэл мөнгөө өгсний дараа хашаа байшингийн гэрчилгээг Б.А-ны нэр дээр гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохирсон боловч Б.А тохиролцоондоо хүрээгүй учраас уг гэрээнээс татгалзаж өөрийн өмчлөлийн эд хөрөнгөнөөс Б.А-г албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Бидний хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй, наториатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй юм. Иймд Б.А-ны  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М нь Б.А-тай  2009 он гэж тодорхойлж байгаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамж 03 тоотод байршилтай шинэчилсэн хаягаар 7-р баг Тамир хорооллын 48-4805 тоот хашаа байшинг 6.000.000 төгрөгөөр худалдахаар, Б.А-ыг мөнгөө бүрэн төлсний дараа бичиг баримтаа шилжүүлж өгөхөөр аман тохиролцоо хийж, хариуцагчаас 4.800.000 төгрөг хүлээн авсан байдаг. Түүнээс хойш Б.А үлдэгдэл үнэ хөлсөө өгөөгүйгээс М.М  хашаа байшингаа түүний нэр дээр шилжүүлж өгөөгүй өдий хүрсэн байдаг. М.М  удаа дараа үлдэгдэл мөнгөө өгөөд бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваач гэсэн шаардлагыг Б.А-д  тавьж байсан байдаг. Б.А-д Солонгос явах гэж байхдаа ч бичиг баримтаа шилжүүл, би гадаад явлаа гэж хэлсэн гэдэг. Нэхэмжлэл өгөх хүртэл хугацаанд үлдэгдэл 1.200.000 төгрөгийг байнга нэхэж байсан. Эхлээд Б.А өгнө гэдэг байснаа 2019 онд танай байшин муудчихсан өгөхгүй гээд татгалзсан учир энэ нэхэмжлэлийг  шүүхэд өгсөн. Хашаа байшин болон газрын гэрчилгээ шилжүүлэх талаар талууд бичгийн гэрээ байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Тухайн гэрээг хүчин төгөлдөр биш гэж үзэж гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах асуудал яригдахгүй. Тухайн эд хөрөнгө нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгө учраас Б.А-ыг  чөлөөлүүлье гэсэн нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа.  М.М  өөрийн өмчлөлийн эд зүйлээ өөрөө ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрх нь зөрчигдөөд байгаа учраас Б.А-с уг хашаа байшинг албадан чөлөөлүүлье, учирсан хохирлоо нөхөн төлүүлье гэсэн шаардлага гаргасан.Тухайн хашаа байшинд Б.А авсан цагаасаа хойш амьдарсан. Одоо энэ байшингийн чанар муудсан, засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагатай болсон учир 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ асуудалд 2 үнэлгээ гарсан. Шүүх эдгээр үнэлгээнүүдээс үндэслэн хасаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. М.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ алдсан. Яагаад гэвэл Б.А нэг удаа ч бичиг баримтаа авъя гэдэг асуудал тавьж байгаагүй. М.М-ыг  шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас л сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөнгөө өгөхгүй байгаа учир бичиг баримтаа шилжүүлээгүй. Энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь М.М гэдэг хүн. Б.А энэ хашаа байшинг сэргээн засварлаж амьдраагүй, үлдэгдэл мөнгөө өгөөч, гэрээгээ хийе гэхээр өгөхгүй, ойлголцохгүй байсан учраас худалдах худалдан авах гэрээ хийхээ болиод хөрөнгөө буцаан шаардаж байна. М.М  хашаа байшинг Б.А-д  албан ёсоор хүлээлгэж өгсөн учраас буцааж хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа. Гэрээ нь 2 талын харилцан сайн дурын үндсэн дээр хийгддэг. Гэтэл одоо албадаж гэрээ байгуулахыг шаардаж гэрчилгээг шилжүүлж байхгүй. М.М-д одоо байшинг худалдах хүсэл сонирхол байхгүй, өмчлөгч хөрөнгөө хэрхэх нь өөрийнх нь эрх учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  гэв.

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2009 онд 6.000.000 төгрөгөөр тохирч хашаа байшинг М.М-с авсан. Би тэр даруйд нь 2009 оны 09 сарын 03-нд 4.800.000 төгрөг өгч, уг байшинд амьдарч байсан Хангай гэдэг залууг гаргуулж байшинг хүлээж авсан. Дараа нь 200.000 төгрөгийг өгсөн. М.М надад “би бичиг баримтаа банкинд тавьчихсан, та хүлээж бай, хоёулаа болно л” гэдэг байсан. Би байшингийн бичиг баримтаа байнга он алгасахгүй М.М-с нэхэж байсан. М.М  бид нар бичгээр гэрээ байгуулаагүй. М.М надаас байшингийн үлдэгдэл мөнгийг шаардаж байгаагүй. Ах нь л мөнгийг нь өгөөч гэж хэлж байсан. Анх энэ байшинг авахад л шавар нь уначихсан байсан.  Одоо тус газар нь цэвэр бохир устай холбогдчихсон болохоор надаас буцааж авах гээд байгаа юм. Би одоо байшинг буцааж өгөхгүй, харин төлөөгүй мөнгөө өгнө. М.М  намайг хууран мэхэлсэн болохоор одоо байшингийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгуулж авна. Би М.Мөнхтулгыг нутгийн томоотой хөгшний  хүргэн нь болохоор итгэж явсан гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б.А-д холбогдуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамж 03 тоотод байршилтай хашаа байшинг чөлөөлүүлэхийг даалгах, байшин засах зардал 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.А нэхэмжлэгч М.М-д  холбогдуулж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох газар түүн дээр баригдсан барилгын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна. 

1. Нэхэмжлэгч М.М-ын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамж 03 тоотод байршилтай хашаа байшинг чөлөөлүүлэхийг даалгах, байшинг засах зардал 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамж 03 тоотод байршилтай хашаа байшинг 2009 онд М.М нь хариуцагч Б.А-д 6.000.000 төгрөгөөр худалдсан үйл баримттай зохигч маргаагүй. 

Энэхүү үл хөдлөх хөрөнгийг Б.А-д худалдсан худалдагч М.М нь 2009 онд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байгаагүй бөгөөд тэрээр хариуцагч Б.А-д эрхийн зөрчилтэй эд хөрөнгө худалдаж, нэхэмжлэгч 2010 онд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болжээ. /000117591 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/ 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамж 03 тоотод байршилтай хашаа байшинг нэхэмжлэгч нь 6.000.000 төгрөгөөр худалдахаар, хариуцагч худалдан авахаар тус тус хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгч М.М нь тухайн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.А-д шилжүүлсэн нь зохигчийн тайлбараар, хариуцагч нь гэрээний зүйлийн үнийн заримыг буюу 4.800.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн нь гэрч С.А-ийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэлд өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх” гэж заасныг талууд зөрчиж үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авч гэрээг бичгээр байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй байна. 

Гэвч нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй, хөрөнгөө буцаан шаардаж байна. Нэхэмжлэгч М. М  нь 2010 оны 08 сарын 19-нд маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч болсон тул тэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хугацаанд эд хөрөнгөө буцаан шаарджээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж заасан. Гэтэл  нэхэмжлэгч М.М, хариуцагч Б.А нар үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй тул талуудыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамж 03 тоотод байршилтай хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж үзнэ. 

Талуудын амаар хийсэн хэлцлийн үндсэн дээр хариуцагч Б.А-д нэхэмжлэгч М.М  нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж хариуцагч нь эд хөрөнгийг эзэмших эрхийг олж авсан учир Б.А нь тухайн хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй. Харин үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авахдаа хуульд заасан журмыг зөрчсний улмаас хариуцагч Б.А нь тухайн эд хөрөнгийг эзэмшиж, өмчлөх эрхээ алдсан тул Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамж 03 тоотод байршилтай барилгын өмчлөгч М.М хөрөнгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардахгүй харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.А-с шаардах эрхтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б.А-д  шилжүүлсэн эд хөрөнгөө засварлахад гарах зардал 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүхээс томилсон шинжээч маргаан бүхий барилгыг 3.981.795 төгрөгөөр сэргээн засварлана гэсэн дүгнэлт гаргасантай талууд маргаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй. 

Нэхэмжлэгч М.М үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд түүний энэхүү эрх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хугацаанд хэрэгжих ёстой байсан боловч тэрээр энэ хугацааг хэтрүүлжээ. Иймд  нэхэмжлэгч М.М-ын үл хөдлөх хөрөнгийг засварлах зардал 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

2. Хариуцагч Б.А-ны маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох газар түүн дээр баригдсан барилгын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Хариуцагч үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүйтэй холбоотой үр дагаврыг арилгуулах шаардлага гаргаагүй ба Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамж 03 тоотод байршилтай газар, барилгыг өөрөө өмчлөх эрхтэй гэсэн агуулгаар нэхэмжлэгчид холбогдуулж сөрөг шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.А нь 2009 онд шилжүүлэн авч байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М.М мөн эсэх, эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг мэдэх боломжтой байсан, мөн өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаарх хүсэлтийг өөрөө гаргах эрхтэй байсан. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд одоо Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамж 03 тоотод байршилтай барилгын өмчлөгч, уг барилга баригдсан Эрдэнэбулган сумын 7-р баг, Тамир 48-4805 тоот газрын эзэмшигч нь М.М  тул тэрээр хуульд зааснаас бусад үндэслэлээр өмчлөгчийн эрхийг хязгаарлах, өмчлөлийн зүйлийг нь шаардах эрхгүй тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар шүүх шийдвэрлээгүй учир гэрээтэй холбоотой үр дагаврыг арилгуулах асуудлыг шийдвэрлээгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ... тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай барилгыг чөлөөлж, нэхэмжлэгч М.М-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.А-д даалгасугай

 

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хариуцагч Б.А-с 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  . 

 

3.  Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ОАЖНэгтгэлийн 2-р гудамжны 03 тоотод байрлалтай 56 мкв барилгын 000117591 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... тоот хаягт байршилтай 0,04 га газар эзэмших эрхийн 000032563 дугаар гэрчилгээг нэр дээрээ шилжүүлүүлэхийг даалгах тухай хариуцагч Б.А-ны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 205.950 төгрөг, хариуцагчийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.А-с 110.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгосугай.  

 

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА