| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 188/2019/1359/Э |
| Дугаар | 213 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 213
Б.Гт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Онолт,
шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ч.Отгонбаатар,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1355 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Бгийн Г, 1986 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, махны үйлдвэрт ачигч ажилтай гэх, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 484 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж сулласан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 4-43а тоотод оршин суух иргэн О.Дөлгөөний гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэрт нь хоноод 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээс нь явахдаа “Самсунг Жи-7 прайм” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг гранд прайм” загварын гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бгийн Гыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 34 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би анхнаасаа мөрдөн байцаах шатанд мэдүүлгээ үнэн зөв өгч хийсэн хэрэгтээ маргаагүй, төрийн албанд саад учруулаагүй, мөрдөн байцаах явцад дуудсан цагт нь саад учруулаагүй байнга очдог байсан. Хохирогч болох Дөлгөөн бид хоёр нь тус компанид “J7”, “NOTE 1” загварын гар утсыг 24 цагийн дотор буцааж өгсөн. Мөн хохирогч нар нь ямар ч хохирол, гомдол байхгүй гэж мэдүүлсэн байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж 2 жилийн ялыг минь хөнгөрүүлж шийдэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгчийн гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгчийн зүгээс үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялаас багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г нь хохирлыг биет байдлаар нь буцаан олгосон. Гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Гэвч хувийн байдлын хувьд 5 удаагийн ял шийтгэлтэй. Тэр дундаа ихэвчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцож, ял шийтгэл хүлээж байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан нөхцөл байдлууд тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гт 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд нийцсэн гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 4-43а тоотод оршин суух иргэн О.Дөлгөөний гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэрт нь хоноод 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээс нь явахдаа түүний “Самсунг Жи-7 прайм” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг гранд прайм” загварын гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.Дөлгөөний “...Г явчихсан мөн орны хажуу талд цэнэглээд тавьчихсан байсан миний өөрийн “Самсунг Жи-7” загварын гар утас, “Самсунг Гранд праим” загварын гар утаснууд байхгүй байсан ба Г руу залгасан боловч гар утсаа авахгүй байсан. ...” гэх /хх 20/,
гэрч Б.Гэрэлт-Одын “...Манай нөхөр О.Дөлгөөн намайг сэрээгээд “Г яваад өгчихсөн байна. Орны хажууд байсан миний 2 ширхэг гар утас алга болчихсон байна” гэж хэлсэн. ...” гэх /хх 33/,
шүүгдэгч Б.Гын “...О.Дөлгөөн эхнэр хүүхэдтэйгээ унтаж байхаар нь би орны хажуу талд цэнэглэж байсан “Самсунг Жи-7” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг Гранд” загварын гар утас 1 ширхэг нийт 2 ширхэг хар, цагаан өнгийн гар утаснуудыг сэмээрхэн хулгайлаад аваад явсан. ...” гэх /хх 95/ мэдүүлгүүд,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19/140 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-39/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 8/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Мөн түүний бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Шүүгдэгч Б.Г нь урьд удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ба түүнд сүүлд шийтгүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж байсан байна.
Үүнээс үзэхэд, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1355 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ