Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0732

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Д.Хийн нэхэмжлэлтэй

                                             захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О

Нэхэмжлэгч: Д.Х

Хариуцагч: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: “2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдааг хүчинтэйд тооцуулах, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдаанд ялагч болсон нэхэмжлэгч надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 20254 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон Д.Х надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахыг “Автотээврийн үндэсний төв”-т даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 662 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2025/****

ТОДОРХОЙЛОХ нь:       

1. Нэхэмжлэгч Д.Хээс хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан “2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдааг хүчинтэйд тооцуулах, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдаанд ялагч болсон нэхэмжлэгч надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 20254 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон Д.Х надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр: “Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хт 00** ХОТ улсын бүртгэлийн дугаарыг олгохоос татгалзсан шийдвэр буюу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/464 дүгээр албан бичгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж...” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 00 минутад “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас зохион байгуулсан дуудлага худалдаанд нийт 6 оролцогч бүртгүүлж эхний хүн 50,000 төгрөгийн санал гаргаж, дараа нь би 50,000 төгрөгөөр тухайн улсын дугаарыг өсгөсөн. Тухайн улсын дугаар 10,000 төгрөг болсон. 50,000 төгрөгөөр өсгөөд би 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон. Ялагч болоод гэрээ байгуулах гэтэл “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцлоо гэсэн. Гомдол гаргахад үндэсний дата төвд саатал гарсан гэсэн боловч үндэсний дата төвийн албан бичигт дуудлага худалдаа болсон өдөр 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр саатал гараагүй гэх албан бичиг ирсэн. Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/** дугаартай “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам” батлагдсан бөгөөд 2.1-д “дуудлага худалдааны ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч этгээд байна”, тухайн журмын 2.2-д заасан хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй буюу нэг оролцогч оролцоогүй. 2.4-д заасан бусад оролцогч 2 минутын дотроо үнийн саналыг өсгөөгүй. Мөн журмын 8.1-д хүчингүй болгох талаар зохицуулсан боловч хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байгаа. Улсын дугаарын доод үнэ тэд байна гэдэг зохицуулалт байхгүй бөгөөд тухайн дугаар хэд ч хүрч болно. Хэдээр ч зарагдаж болно. Дугаар тэдэн төгрөгт зарагдах ёстой, тэд хүрэх ёстой гэх хуульчилсан зүйл байхгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 662 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Хийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Хээс хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан “2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдааг хүчинтэйд тооцуулах, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдаанд ялагч болсон нэхэмжлэгч надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон Д.Х надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3. Зам тээврийн хөгжлийн сайдын 2022 оны А/** дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын Найм. “Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан эсхүл программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, дээрх нөхцөл байдал хэвийн болсноос хойш ажлын 5 хоногийн дотор дахин зохион байгуулна” гэж журамлажээ.

4. Гэвч, нэхэмжлэгч Д.Х нь 2024 оны  11 дүгээр сарын 29-ний өдрийн тээврийн хэрэгслийн дуудлага худалдааг хүчингүй болгосныг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т гомдол гаргасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/** дүгээр албан бичгээр “... 00** ХОТ улсын дугаарыг олгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Улмаар нэхэмжлэгч тус албан бичгийг хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай хариуцагч талаас маргаагүй тул захиргааны хэрэг үүсгэн тус хэргийг хянан шийдвэрлэсэн талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

5. Анхан шатны шүүхээс “... маргаан бүхий дуудлага худалдаанд 6 хүн оролцохоор бүртгүүлснээс 4 оролцогч нь сүлжээний доголдол, системийн гацалтаас шалтгаалан дуудлага худалдаандаа оролцож чадаагүй байх бөгөөд мөн дээрх цахим системийн доголдлоос шалтгаалан үнэ хаялцуулах үе шат бүрэн гүйцэт явагдаагүй байх тул маргаан бүхий дуудлага худалдааг журамд заасны дагуу явагдсан гэж үзэхээргүй байна ...” гэж дүгнэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5.1. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 107 дугаар зүйлийн  107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заасан.

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 00** ХОТ улсын дугаар бүхий дуудлага худалдаанд 6 хүн оролцсоноос 2 хүн санал өгөөд, үлдсэн 4 хүн санал өгч болохгүй программ дээр саатал үүсэн учраас дуудлага худалдаа хүчингүй болсон ... бусад оролцогч 4 этгээд лавлах утас руу залгаж гомдол гаргасан боловч манайх руу дуудлага хийсэн ярианы бичлэг 6 сарын хугацаатай л хадгалагддаг учраас одоо байхгүй ...” гэж тайлбарладаг бөгөөд саатал гарсан гэх үйл баримтыг хариуцагч талаас бүрэн нотлох боломжгүй байгаа энэ тохиолдолд тухайн дуудлага худалдаанд оролцсон бусад оролцогч этгээд нараас гэрчийн мэдүүлэг, тайлбар авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. 

5.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тээврийн хэрэгслийн 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдаанд Д.Х, М.Н, Н.Б, Е.А, Т.Д, Б.Т нар оролцсон гэх үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүхээс эдгээр оролцогч нараас бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийх боломжтой байсан байна.

5.5. Мөн тухайн өдөр 17 тээврийн хэрэгслийн улсын дугаар дуудлага худалдаанд орсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 00** ХОТ улсын дугаараас бусад үлдсэн 16 тээврийн хэрэгслийн улсын дугаар дээр дахин дуудлага худалдаа явагдсан ...” гэж тайлбарладаг боловч тус дуудлага худалдааг дахин явуулсан талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй төдийгүй энэ төрлийн улсын дугаар нь дуудлага худалдаагаар ямар үнээр худалдан борлуулдаг болох нь тодорхойгүй.

5.6. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг … зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасны дагуу дээрх оролцогчид нь дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн хэдий ч тус дуудлага худалдаанд биечлэн оролцсон эсэх, эсхүл оролцоод үнэ хэлсэн эсэх, мөн 00** ХОТ улсын дугаарын дуудлага худалдааны цахим системд саатал гарсны улмаас дуудлага худалдааны үнийг оруулж чадаагүй эсэх, дуудлага худалдааны үнийг оруулахгүй байх аливаа өөр шалтгаан байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

5.7. Түүнчлэн “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын 2.10-д “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдаанаас төвлөрүүлсэн орлогоос дуудлага худалдааны үйл ажиллагааны зардалд 10 хувийг суутган тооцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлнэ.”, Гурав. Дуудлага худалдаа зохион байгуулагч байгууллагын эрх үүрэг”,  3.2. Улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулагч байгууллага нь дуудлага худалдааны программын хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал болон хөгжүүлэлтийг бүрэн хангаж ажиллана” гэж журамласан байгаа тохиолдолд автомашины онцгой содон, давтагдашгүй, үнэ цэнтэй дугааруудыг дуудлага худалдаагаар худалдсанаар улсын орлогыг нэмэгдүүлэх, ил тод өрсөлдөөнт зарчмыг хангах, ховор содон дугаарын үнэлгээг бодитой тогтоох, сонирхогч этгээдүүдийн хэрэгцээг хангах, авто дугаар олголтын системийг сайжруулах зорилгын хүрээнд уг хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх, хариуцагч байгууллагын үйл ажиллагаа хууль, журамд нийцсэн эсэх, нэхэмжлэгч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА