Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Б.Мишээлт

Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгч Р.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир

Нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Энхбатад холбогдох 201614000573 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний өөрөө нунтаглах хэсэгт механик ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-6-66 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Сартуул овогт Рэгзэнгаадангийн Энхбат /РД: ФА72101057/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Энхбат нь 2016 оны 12 дугаар сарын 16-нд Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Чимэг төвд шинэ жилээ тэмдэглэж байгаад тэмцээнээс болж Б.Мишээлтэй маргалдан зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Р.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой “Чимэг” төвд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болж энэ арга хэмжээнд ширээ бүрээс нэг нэг эмэгтэй гарган тэмцээн зохиосон юм. Энэ тэмцээнд би шүүгчээр ажилласан ба манай албанд ажилладаг Дулмаа төгс эмэгтэйгээр шалгарсан. Гэтэл хохирогч Мишээл чи өөрийнхөө албаны хүнийг ямар учраас тэргүүн байр эзлүүлж байгаа юм гэж янз бүрээр, хэлээд байсан. Ингээд хохирогчийг шатан дээр зогсож байхад нь цээжин хэсэг рүү нь цохиход газар 2. унасан. Очооод өшиглөх гэтэл манай ажлын 2 хүн салгасан. Хохиролд 5.9 сая орчим төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

-Хохирогч Б.Мишээлтийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр хагас сайн өдөр байсан учир 1 дэх өдөр эмнэлэгт очиход эрүүний сэртэнг яс хугарсан байна Улаанбаатар хот яв гэсэн учир явж Сонгдо эмнэлэгт очиж эрүүний сэртэнг ясаа авахуулсан. Хадаж болохгүй гэсэн. Цаашид эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Эрүү рүү нэг удаа цохиод газарт унахад ташаа руу бас өшиглөсөн. Эмчилгээний зардал 5.900.000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжиилнэ. Одоо гомдол саналгүй гэх мэдүүлэг

-Гэрч Н.Галмандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би яг хэн хэнийгээ цохисон талаар хараагүй гэхдээ намайг гадаа гарах үед Мишээлт машины хажууд толгойгоо барьчихсан хэвтэж байсан. Би буцаад заал руу орох үед Мянганбаатар ах Энхбат ахад хандаж хүүхэд яаж байгаа юм бэ гээд байсан. Би бодохдоо тэр тэмцээнээс болж тэр хоёр маргалдаж Энхбат Мишээлтийг зодсон юм байна гэж бодсон гэх мэдүүлэг /хх 26 ху/

-Гэрч Б.Мянганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би тэр хоёрыг зодолдож байхыг хараагүй гэхдээ 22 цагийн үед ганцаараа тамхи татах гэж байхад Энхбат зөрөөд заал руу орж байсан. Тэр үед Мишээлт шалны хажууд хэвтэж байсан. Би Энхбатыг дуудаад яагаад хүүхэд зодсон юм гэхэд энэ намайг пизда, чи гэх мэтээр хэлээд байхаар нь нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 37-38 ху/

-Гэрч Б.Санваадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Энхбат ах Мишээлт хоёрыг зодолдсон талаар би нүдээрээ хараагүй. ...Удалгүй Мишээлтийг гарч явахыг хараад араас нь гарсан чинь шатны хажууд Мишээлт уначихсан, Энхбат ах шатан дээр зогсож байсан. Тэр үед Энхбатад та яагаад Мишээлтийг зодсон юм бэ гэхэд ахыг чинь пизда гээд байхаар нь нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх30 ху/

-Гэрч А.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...яасан гээд яваад очиход Мишээлт ах би цагдаа дуудсан юм гээд зогсож байсан. Мишээлт ах Энхбатад зодуулсан гэж байсан тэгээд тэр хоёрыг зодолдсоныг мэдсэн гэх мэдүүлэг /хх 31 ху/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 29 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Мишээлтийн биед доод эрүүний ясны хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 15 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/

-Р.Энхбатыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 50-54 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Р.Энхбат нь 2016 оны 12 дугаар сарын 16-нд Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Чимэг төвд шинэ жилээ тэмдэглэж байгаад тэмцээнээс болж Б.Мишээлтэй маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Р.Энхбатын “...хохирогч Мишээл чи өөрийнхөө албаны хүнийг ямар учраас тэргүүн байр эзлүүлж байгаа юм гэж янз бүрээр, хэлээд байсан. 3. Ингээд хохирогчийг шатан дээр зогсож байхад нь цээжин хэсэг рүү нь цохиход газар унасан. Очоод өшиглөх гэтэл манай ажлын 2 хүн салгасан гэх мэдүүлэг, хохирогч Б.Мишээлтийн “...эмнэлэгт очиход эрүүний сэртэнг яс хугарсан байна Улаанбаатар хот яв гэсэн учир явж Сонгдо эмнэлэгт очиж эрүүний сэртэнг ясаа авахуулсан. Хадаж болохгүй гэсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гара зардлаа жич нэхэмжилнэ. Одоо гомдол саналгүй гэх мэдүүлэг, гэрч Н.Галмандах /хх 26 ху/, гэрч Б.Мянганбаатар /хх 37-38 ху/, гэрч Б.Санваадорж /хх30 ху/, гэрч А.Отгонбаатар /хх 31 ху/, хохирогчийн бие махбодид доод эрүүний ясны хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 29 дугаар дүгнэлт /хх 15 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Энхбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Р.Энхбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Р.Энхбатад ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч Б.Мишээлт нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Рэгзэнгаадангын Энхбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Р.Энхбатыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.Энхбатад оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

5. Хохирогч Б.Мишээлт нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Р.Энхбатад оногдуулсан 1 жилийн хорих ял тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Энхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ