Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, ... настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, М овогт Н.Ц-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ү, нэхэмжлэгч Н.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц нь 1976 оны 08 сарын 04-ний Оргил нэгдэлд барилгачнаар орж 1979 оны 06 сарын 04 онд цэрэгт явсан 1982 онд цэргээс ирж Оргил нэгдэлд манаачаар 1992 оны 07 сард нэгдэл тарах халагдсан. Хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул 1982-1992 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү. 2003-2004 онд Улаанбадрах сумын Засаг даргын тамгын газар жолоочоор ажиллаж байсны орсон гарсан тушаал байхгүйг тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц нь 1982 оноос 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд манаачаар, 2003-2004 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Ц нь 1982 оны 07 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд манаачаар, 2003 оны 01 сарын 01-нээс 2004 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор тус тус ажиллаж байсан нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 20-ны өдрийн “1982 онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн болон цэргээс халагдаж ирсэн хүмүүсийг ажилд хуваарьлан томилох тухай” тушаал,  1989 оны 11 сарын 13-ны өдрийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 41 дугаартай “Арга хэмжээ авах тухай” захирамж, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 05/4936 дугаартай Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, НДД №А193734 дугаартай нийгмийн даатгалын  дэвтэр, гэрч Д.У “...Би 1974 онд Улаанбадрах сумын Оргил нэгдэлд Худаг усны засварын мастер хийдэг байсан. Н.Ц нь 1976 оноос Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд анх барилгачинаар ажилд ороод 1979 онд цэрэгт явж 1982 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ барилгачин, манаач, жолооч зэрэг ажлуудыг нэгдэл тартал ажиллаж байсан нь үнэн болно. Бид хоёр худаг засахаар хамт явдаг байсан. Учир нь Н.Ц нь бас жолооч хийдэг байсан юм. 1992 онд нэгдэл тараад  түүнээс хойш компани болсон. Манай компанийн нэрийг А гэдэг байсан. Би тухай үед А компанид ажилладаг байсан. Н.Ц нь захиргаанд жолооч хийдэг байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Д “...Бид арван жилдаа нэг сургуульд сурдаг байсан бөгөөд Н.Ц 1976 онд илгээлтийн эзэн болж, хөдөө малчнаар ажиллаж эхэлсэн. Н.Ц нь 1979 онд цэргийн алба хааж, 1982 онд цэргээс халагдаж ирээд Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажилд орсон бөгөөд бид 1992 оныг дуустал хугацаанд хамт нэг нэгдэлд ажилласан. Түүнээс хойш нэгдэл тарж хувьчлагдан компанийн статустай болж, Н.Ц тус компанид 2 жил гаран ажилласан.“ гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоолгож тогтоогдож байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Н.Ц нь 1982 оны 07 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд манаачаар, 2003 оны 01 сарын 01-нээс 2004 оны 12 сарын 31-ныг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М овогт Н.Ц-г 1982 оны 07 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд манаачаар, 2003 оны 01 сарын 01-нээс 2004 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Э.Б