Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 224

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: П. Э, 

Нэхэмжлэгч: Д.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох  

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Э, Д.Б-д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.П, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О, Б.Б шинжээч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э, Д. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 01/1754 тоот мэдэгдэлд дурьдсан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О, Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...төлбөр төлөгч Д.Б , П.Э нарын нэхэмжлэлд дурьдсан 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 01/1754 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох боломжгүй. Төлбөр төлөгч Д.Б , П.Э  нарын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. 172,8 мкв байшин 1216 мкв газар зэрэг хөрөнгийг  9 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээ гаргахдаа байшингийн мкв, материал, тоо ширхэгийг харгалзан үзээгүйгээр гадна талаас нь харж байгаад үнэлгээ гаргасан. Байгаа байдлыг хараад үнэлгээгээ гаргасан. Дараа нь сумын үнэлгээчинээр үнэлгээ гаргуулсан. Байшингийн хэмжээ 12:16 харьцаатай. Ийм байшин Булган суманд одоо 17 саяас 18 сая төгрөгөөр зарагддаг. 1216 мкв газар, 172,8 мкв барилгыг нийт 9.225.900 төгрөгөөр үнэлж зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдол гаргаж байна. Машины үнэлгээнд гомдол гаргаагүй. Иймд шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байшингийн тааз нь цэвэр хушин банз, банз гэсэн 3 давхар модоор хийгдсэн. Өмхрөл ялзрал байхгүй. Хойд гадна талаараа л бага зэрэг шавар унасан. Үнэлгээ хэт бага байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд эд хөрөнгийн үнэлгээн дээр маргасан учир шинжээч томилсон. Мэргэнгүн аудитын газрыг томилсон гэдгийг талуудад танилцуулсан. Эхлээд хөрөнгөө хураагаад бид нар шинжээч жолоочтойгоо хамт Булган суманд очсон. Нэхэмжлэгч нар эхний удаа очсоноос хойш байшиндаа урсгал засвар хийсэн тул дахиад очоод үз гээд байхаар нь дахин шинжээчийн хамт очсон. Нарийн үнэлгээ яаж хийсэн талаар би сайн мэдэхгүй байна. Энэ хүмүүс санал хүсэлт гаргавал үнэлгээтэй танилцаж болно. Харин ийм хүсэлт гаргаагүй учир шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч нарт танилцуулаагүй. Үнэлгээ гарсан талаар Э-д 2019 оны 12 сарын 17-нд утсаар мэдэгдэж, Б-тай  уулзахад, манайх гомдол гаргана гэснийг тэмдэглэлд тусгасан. Төлбөр төлөгч нарт хүргүүлсэн мэдэгдэлд хөрөнгийг нь  яаж үнэлсэн талаар бичсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар мэдэгдлээ танилцуулсан. Мэдэгдлийг и-мэйл хаягаар явуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нар үнэлгээтэй танилцаад шүүхэд гомдол гаргасан гэж ойлгож байна. Шинжээчид эрх үүргийг нь тайлбарлаж өгч тэмдэглэл үйлдсэн. Үнэлгээ гарсан талаар төлбөр төлөгч нарт танилцуулж, үнэлгээний талаар мэдэгдэл өгч, тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Э, Д.Б нар хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч П.Э, Д.Б нараас Хас банкинд төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэдэгтэй талууд маргаагүй, харин нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлттэй “үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнээр үнэлсэн” гэж маргаж байна. 

Шийдвэр гүйцэтгэгч Архангай аймгийн  Булган сумын Зуун мод баг, Булагийн 02-27В тоот хаягт байрлах 1216 мкв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газар, 172,8 мкв талбайтай барилгыг хураах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. 

Хураан авсан дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр авагч Хас банкны 6.917.698 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр төлөгч П.Энхтуяа, Д.Батболд нар зөвшөөрөөгүй тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.   

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна” гэж заасан.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч А.Б нь гаргасан дүгнэлтээ тайлбарлаж, мөн хариуцагч тал шинжээчийн дүгнэлт гарсан  гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч тал маргааны зүйл болох Архангай аймгийн  Булган сумын Зуун мод баг, Булагийн 02-27В тоот хаягт байрлах 1216 мкв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газар, 172,8 мкв талбайтай барилга болон Тоёота эстима маркийн 4472 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийн хууль ёсны эсэхийг дүгнэх боломжгүй байна. 

 Хариуцагч нар татгалзлаа нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул Архангай аймгийн Булган сумын Зуунмод баг, Булагийн 02-27В тоот хаягт байрлах 1216 мкв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газар, хувийн сууц үйлчилгээний зориулалттай 172,8 мкв талбайтай барилга болон Тоёота эстима маркийн 4472 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Архангай аймгийн Булган сумын Зуунмод баг, Булагийн 02-27В тоот хаягт байрлах 1216 мкв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газар, хувийн сууц үйлчилгээний зориулалттай 172,8 мкв талбайтай барилга болон Тоёота эстима маркийн 4472 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай. 

2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.  

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА