Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1032

 

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01032

 

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Б, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б, Д.Б, Б.С, Б.Бнарт холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Жаргалмаа, Б.Энхмандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХБ нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Дашдаваатай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот хаягт байршилтай орон сууцыг худалдан авахаар тохирсон. ХБ нь уг Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот 40 мкв тайлбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ү-2205003253 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.

Гэтэл өмнөх өмчлөгч түлхүүрийг банкинд хүлээлгэж өгөөгүйн улмаас өнөөдрийг хүртэл орон сууцыг өмчлөгчийн хувьд эзэмшилдээ авч чадахгүй байна. Хариуцагч Б.Б нь орон сууцны өмчлөгч нарын нэг байсан бөгөөд 2012 оны 10 дугаар сард бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг Г.Мөнхбаярт, Г.Мөнхбаяр нь 2014 оны 11 дүгээр сард орон сууцын өмчлөх эрхээ Б.Дашдаваад орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр, Б.Дашдаваа 2016 оны 09 дүгээр сард өмчлөх эрхээ үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээгээр ХБинд тус тус шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөх эрх шилжсэнээр өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

Иймд хариуцагч Д.Б, Д.Б, Б.С, Б.Бнарын хууль бус эзэмшлээс ХБны өмчлөлийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот 40 мкв талбайтай орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот 40 м.кв талбайтай орон сууц анх 1997 онд Б.Б, Б.Энхцэцэг, С.Эрхэмбаяр, С.Содбаяр нарын дээр өмчлөл нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.Содбаяраас Г.Мөнхбаярт бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлсэн. Г.Мөнхбаяр орон сууцыг зээлийн барьцаанд тавьж 77 000 000 төгрөг зээлдэж аваад зээлээ төлөөгүй.

Орон сууц Г.Мөнхбаярын өмчлөлөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Дашдаваагийн өмчлөлд шилжсэн. Б.Дашдаваагаас Г.Мөнхбаярт ямар нэг төлбөр төлсөн талаар баримт байдаггүй. Г.Мөнхбаяр, Б.Дашдаваа нар хуйвалдаж ХБны зээлийг төлөхөөр орон сууцыг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2205003253 дугаартай 40 мкв талбайтай Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот орон сууцыг хариуцагч Д.Б, Д.Б, Б.Б, Б.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Д.Б, Б.Б, Б.С нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 байр 77 тоот улсын 2205003253 дугаар бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө нь Д.Бадамцэцэгийн эцэг, эхийн гал голомт бөгөөд уг байранд олон жил амьдарч байна. Д.Бадамцэцэг, н.Энхцэцэг, нЭрдэнбаяр нарын нэр дээр өмчлөлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгө нь бидэнд огт мэдэгдэлгүйгээр Б.Дашдаваа гэдэг хүний нэрдээр шилжснийг мэдэхгүй байна. Шүүхээс мэдэгдэх хуудас ирснээр орон сууцыг ХБны өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн. Бид Улсын бүртгэлийн газар дээр очиж, материал харахыг удаа дараа хүссэн ч бидэнд өмчлөл шилжсэн гээд үзүүлээгүй.

ХБ уг орон сууцыг худалдаж аваагүй, Мөнхбаяр, Дашдаваа нарын зээлийн төлбөрт хураан авсан байсан. Б.Дашдаваа, Мөнхбаяр нарын зээлийн гэрээний үүрэг хангуулах тухай шийдвэрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийж байсан бөгөөд энэ талаарх баримтыг Д.Бадамцэцэгт өгөөгүй.

Бид Б.Дашдаваа гэх хүн рүү өмчлөл шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ юм. Учир нь өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр зээлийн төлбөртөө шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэдгийг мэдээгүй.

Уг орон сууц нь н.Алтанцэцэгийн өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд хариуцагч нар хамт амьдардаг байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон  өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Д.Б, Б.Б, Б.С, Б.Б нарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“ХБ” ХХК нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 77 тоот хаягт оршин байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэл бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон үйл баримт тогтоогджээ.

 

Хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн үйл баримтад маргаагүй. Харин орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч нарт мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн бөгөөд Б.Дашдаваа болон “ХБ” ХХК-ийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох тул уг орон сууцыг өмчлөх “ХБ” ХХК-ийн эрх хүчинтэй байна. Иймд улсын бүртгэлээр баталгаажсан эд хөрөнгийн өмчлөгч буюу “ХБ” ХХК нь хариуцагч Д.Б, Б.Б, Б.С, Б.Б нарын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч Д.Б, Б.Б, Б.С, Б.Б нар нь маргаан бүхий 3 өрөө орон сууцыг эзэмших эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                                      Д.Б

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА