Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 14

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0011/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Сүрмандах

Шүүгдэгч                                       Б.Б-

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ы Б-д холбогдох, 1918005390535 дугаартай эрүүгийн хэргийг Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн  танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1.д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж  мөн  хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-ы Б-.

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Хаалгат” гэдэг  газарт 15-86 СЭЗ улсын дугаартай, “YINGANG” загварын мотоцикл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1а., 7а., 12 дугаар бүлгийн 12.2., 12.3 –р  заалтыг  зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Т.Б-ын эрүүл мэндэд баруун тавхайн 4, 5 дугаар хурууны ил хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Б-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1.т заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1.т зааснаар Б.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.т зааснаар Б.Б-д оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 3.4.т зааснаар шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.Б- нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1.т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан атлаа давхар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх нэмэгдэл ял оногдуулсан болон албадлагын арга хэмжээ авсаны улмаас үүсэх эрх зүйн үр дагавар нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тусгайлан хуульчлагдсан байна. Тухайлбал:

Албадлагын арга хэмжээний хувьд шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох хязгаарлалтыг зөрчвөл Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,        Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1.т зааснаар 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар байна.

Эрх хасах нэмэгдэл ялын хувьд авч үзвэл, шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан этгээд тээврийн хэрэгсэл жолоодвол жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгчийн хувьд дахин тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчсөн гэж үзэж ял оногдуулах буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцуулах зэрэг нөхцөл байдал үүсч хууль хэрэглэх болон шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээтэй, ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал үүсэхээр байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийг 3.4., 4.т зааснаар тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хязгаарласан хязгаарлалт топгоосон албадлагын арга хэмжээг давхардуулан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2.т зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох “ хэсгийн 5., 6 дахь заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-  тайлбартаа:

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн  хэргийн бүх ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэсэн байдал,  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

            Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийн үнэмлэхгүй мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Хаалгат” гэдэг  газарт 15-86 СЭЗ улсын дугаартай, “YINGANG” загварын мотоцикл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан ...архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно... гэсэн., 12 дугаар бүлгийн 12.2., 12.3.т заасан  ... харанхуй болон үзэгдэх орчин  хангалтгүй үед  хурдыг тохируулж  явна.., ...хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авна...  гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж  ард нь сууж явсан иргэн Т.Б-ын эрүүл мэндэд баруун тавхайн 4, 5 дугаар хурууны ил хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

            Шүүгдэгч Б.Б-ы энэ үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон хохирогч Т.Б-, гэрч  Г.Г-, Б.Ө-, С.С- нарын мэдүүлэг, / х.хийн 21-22., 25., 30., 32-р хуудас / хохирогчийн биед учирсан хохирол, гэмтлийн талаарх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019-07-29-ны өдрийн 640 дугаар дүгнэлт., / х.хийн 33-44-р хуудас  /  Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын 2019-10-03-ны өдрийн  041 дугаар дүгнэлт.,  авто тээврийн  улсын байцаагчийн дүгнэлт.,  / х.хийн 54-56-р хуудас  / Замын цагдаагийн  байцаагчийн  зам тээврийн ослын  талаарх 2019-11-13-ны өдрийн дүгнэлт., /х.хийн 64-р хуудас / ослын газарт болон мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  шүүгдэгчийн согтолтын хэмжээг шалгаж тогтоосон тэмдэглэл, Замын цагдаагийн  байцаагчийн зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл, дүгнэлт / х.хийн 9-12., 18-19., 34-36-р хуудас/ анхны тусламж үзүүлсэн эмч Ө.Өлзийбаатарын  ...4, 5 дугаар хурууны үеээр ил хугаралтай, ил шархтай, өвдөлт эмзэглэлтэй... гэсэн  тодорхойлолт,       / х.хийн 38-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогдсон  байна.

            Мөн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2  жилийн хугацаагаар тэнсэж, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдэл, гэм буруу, хувийн байдалд  тохирчээ.

           Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж  шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1.т заасан  ял оногдуулахдаа үндсэн ялаас гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял заавал оногдуулахаар хуульчилсан байхад  тээврийн хэрэгсэл  жолоодох эрх хасах ялыг хэрэглэсэн атлаа давхар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь буруу бөгөөд энэ нь шүүгдэгчийн хувьд   түүний эрх зүйн байдлыг дордуулснаас гадна шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт эрх хасах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох нэмэгдэл ял хэрэглэх заалтгүй өөр зүйл, хэсэгт энэ хязгаарлалтыг хэрэглэх боломжтой бөгөөд харин энэ тохиолдолд Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг сонгож  хэрэглэх боломжтой байх тул Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5.д зааснаар шүүгдэгч Б.Б-ы эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан байдал,  архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж  түүнд  тэнссэн хугацаанд  архи, согтууруулах ундаа хэрэглэх буруу зуршил, зан үйлээ засах.,  оршин суугаа газар, эрхэлж байгаа ажлаа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа  эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх  тухай үүрэг хүлээлгэх боломжтой байна.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1.т заасан  ялыг тус тусд нь заалт болголгүй 1 заалтаар оногдуулах мөн  тэнссэн тохиолдолд 7.1 дүгээр зүйлийн 5.дахь заалтыг заавал бичихийг анхаарч цаашид хуулийн зүйл, хэсгийг хуульд заасан үндэслэлээр зөв тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэр  тодорхой,  ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд,  ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар  бичигдсэн байх нь шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх  шаардлагад нийцнэ.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах  нь зүйтэй гэж үзлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.,  39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 2., 3 дугаар заалтыг:

          - Шүүгдэгч Б-ы Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1.т зааснаар түүний  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,

хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй гэж.,  өөрчилсүгэй.

           2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

            - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5.д зааснаар шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэх, буруу зуршил, зан үйлээ засах.,  оршин суугаа газар, эрхэлж байгаа ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.,

            - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг   зөрчсөн,   мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8., 6.9 дүгээр зүйлд  заасан журмаар ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.,

           -Шүүгдэгч Б.Б-д тэнссэн 2 жилийн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэсэн заалт тус тус нэмж, тогтоох хэсгийн 5., 6 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МАНЛАЙБААТАР

                                                             ШҮҮГЧИД                                       Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                     Ц.ТУЯА