Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0745

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй

                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.О

Гомдол гаргагч: “Г” ХК

Хариуцагч: Монголбанкны Төлбөр тооцооны газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.О

Гомдлын шаардлага: “Монголбанкны Төлбөр тооцооны газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Оюундарийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0013*** тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 731 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ж.О

Хариуцагч Б.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0****

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Г” ХК-иас Монголбанкны Төлбөр тооцооны газрын хянан шалгагч, улсын байцаагчид холбогдуулан “Монголбанкны Төлбөр тооцооны газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0013*** тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 731 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Монголбанкны Төлбөр тооцооны газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0013*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

 3. Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийг илрүүлсэн. Илэрсэн зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан зөрчлийг хэрэг нээхгүй тохиолдолд хамаарахгүй бөгөөд зөрчлийн шинж тодорхой, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, зөрчилд хариуцлага тооцох хуулийн зүйл, хэсэг, заалт нь тодорхой, хүчинтэй байсан тул зөрчлийн хэрэг нээсэн. “Г” ХК-ийн зөрчлийн хэргийн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлд заасан хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй тул зөрчлийн хэрэг бүртгэлийг үргэлжлүүлж, шийтгэл оногдуулсан. Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийг илрүүлж, дүрс бичлэгээр баталгаажуулсан. Дансны хуучин дугаарлалтыг ашиглаж Смартбанк, Сошилпэй апплекэйшн дээр гүйлгээ хийж байсан үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдолд хамаарахгүй бөгөөд зөрчлийн шинж тодорхой, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, зөрчилд хариуцлага тооцох хуулийн зүйл, хэсэг, заалт нь тодорхой хүчинтэй байсан тул зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулсан. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А-66 дугаар тушаалын 5 дахь заалтаар “Дансны хуучин дугаарлалтын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөөс эхлэн ашиглахыг зогсоосон, дансны нэгдсэн дугаарлалт бүрэн шилжсүгэй” гэж 5 жилийн өмнө тушаал гаргасан. Банкны холбоогоор дамжуулан арилцжааны банкуудаас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 24/162 дугаар ирүүлсэн хүсэлтийг үндэслэж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар 1 дэх заалтаар дансны хуучин дугаарлалтыг зогсоон, дансны нэгдсэн дугаарлалт шилжүүлэх хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчилсөн. Монголбанкны Ерөнхийлөгчийн анхны тушаал гарснаас хойш 5 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд “Г” ХК-ийн харилцагч буюу иргэдийг зөв мэдээллээр хангаж, хэрэглээнд сургах бүрэн боломжтой байсан. Дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтад “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан хуулийн заалтууд бүрэн хангагдаагүй гэж үзэж буй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0731 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтийг үүгээр хүргүүлж байна.” гэжээ

4. Гомдол гаргагч талаас хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

2.1. Гомдол гаргагч “Г” ХК-иас “Монголбанкны Төлбөр тооцооны газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0013*** тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

2.2. Маргаан бүхий Монголбанкны Төлбөр тооцооны газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0013*** тоот дугаартай шийтгэлийн хуудсаар “Г” ХК-ийг төлбөрийн үйл ажиллагааг бүрэн нэвтрүүлж хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 100,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.3. Маргаан бүхий үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “… гомдол гаргагч нь зөрчилд тооцсон смартбанк, сошиалпэй апплекэйшны дансны хуучин дугаарлалтаас хийх гүйлгээг маргаан бүхий шийтгэлийн хуудас гарахаас өмнө зогсоож зөрчлөө арилгасан буюу IBAN дансыг гүйлгээнд нэвтрүүлсэн болох нь тогтоогдож байх тул шийтгэл ногдуулах үндэслэл нэгэнт арилсан байхад түүнийг зөрчилд тооцож, шийтгэлийн хуудас үйлдсэн нь үндэслэлгүй ...” гэж дүгнэн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Дансны нэгдсэн дугаарлалт нэвтрүүлэх тухай” А-66 дугаар тушаалаар “… дансны хуучин дугаарлалтыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоон, дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлж …”, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А-** дугаар тушаалаар “… дансны хуучин дугаарлалтын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоон, дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлж” тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд Монголбанкны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Анхааруулга хүргүүлэх тухай” А-7/** дүгээр албан бичгээр Монголбанкны Ерөнхийлөгчийн А-66 тоот тушаалыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллахыг удаа дараа анхааруулсан үйл баримтууд тогтоогдож байна.

2.5. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ. Хянан шалгагч нь улсын байцаагчийн эрх эдэлнэ”, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагчид тавих шаардлага” гээд 12.1.8-д “Монголбанкнаас тогтоосон бусад нөхцөлийг хангах”, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 11.32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл тэдгээрийг хэрэгжүүлэх талаар хуулиар эрх олгосон этгээдийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

2.6. Дээрхээс дүгнэвэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн дансны нэгдсэн дугаарлалт нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А-** дугаар тушаалыг бүх банкуудад мэдэгдэж, тушаалын хэрэгжилтийг боломжит хугацаагаар хойшлуулж байсан бөгөөд уг тушаал гарснаас хойш 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх хүртэл 5 жил 1 сарын хугацаа өнгөрсөн үйл баримт тогтоогдож байна. Гэтэл “Г” ХК нь энэ хугацаанд дансны нэгдсэн дугаарлалт нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн, харилцагчдад хүндрэл учруулахгүй байх үүднээс иргэдийг зөв мэдээллээр хангах арга хэмжээг шат дараатайгаар авах боломжит хугацаа байсаар байтал дансны нэгдсэн дугаарлалтыг бүрэн нэвтрүүлээгүй нь Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл тэдгээрийг хэрэгжүүлэх талаар хуулиар эрх олгосон этгээдийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Энэ талаарх хариуцагчийн “... Монголбанкны Ерөнхийлөгчийн анхны тушаал гарснаас хойш 5 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд “Г” ХК-ийн харилцагч буюу иргэдийг зөв мэдээллээр хангаж, хэрэглээнд сургах бүрэн боломжтой байсан ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй. 

2.7. Түүнчлэн, гомдол гаргагч “Г” ХК-нд дансны нэгдсэн дугаарлалт нэвтрүүлэх тухай шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах боломжит хугацаа байсан төдийгүй Монголбанкнаас удаа дараа мэдэгдэж, анхааруулсаар байхад зөрчлийн хэрэг нээсний дараа уг зөрчлөө арилгасан гэж тайлбарлаж байгаа нь шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн “… гомдол гаргагч нь шийтгэлийн хуудас гарахаас өмнө зогсоож зөрчлөө арилгасан буюу IBAN дансыг гүйлгээнд нэвтрүүлсэн болох нь тогтоогдож байх тул шийтгэл ногдуулах үндэслэл нэгэнт арилсан байхад түүнийг зөрчилд тооцож, шийтгэлийн ногдуулсан нь үндэслэлгүй ...” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

2.8. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд “шударга ёсны зарчим” гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах нь зүй ёсны байх бөгөөд “зөрчлөө арилгасан” гэх үндэслэлээр зөрчил үйлдсэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх нь хууль тогтоомжид нийцэхгүй.

2.9. Гомдол гаргагч “Г” ХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.32 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэгэнт тогтоогдож байх тул маргаан бүхий Монголбанкны Төлбөр тооцооны газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Оюундарийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0013*** тоот дугаартай шийтгэлийн хуудас зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцэж байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 731 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Зөрчлийн тухай хуулийн 11.32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Г” ХК-ийн Монголбанкны Төлбөр тооцооны газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.От холбогдуулан гаргасан “Монголбанкны Төлбөр тооцооны газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0013*** тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА