Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2019/0103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Ш.ц овгийн Ч-ын Э. /РД:**/.

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/287 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтнээр Ч-ын Э. нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар томилогдон ажиллаж байсан. Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д: тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн заалтын дагуу төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр настны тэтгэвэрт гарах өргөдлөө дүүргийн Тамгын газарт 2017 оны 9 дүгээр сарын 19-нд гаргасан.

Өргөдлийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дүүргийн Тамгын газрын даргын Б/287 дугаартай тушаалаар төрийн жинхэнэ албан хаагч Ч-ын Э. намайг Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2: Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан Захиргааны хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ыг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Дээрх захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай байх тул Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/287 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг гаргуулж өгнө үү. Харин ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Иргэн Ч.Э.гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Ч.Э.г дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын Б/456 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр нийгмийн хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтнээр түр хугацаагаар томилон ажиллуулсан бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/287 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн болно.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагчтай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ, 39.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана гэж тус тус заасан байдаг.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэн Ч.Э. нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/287 дугаар тушаалыг эс зөвшөөрч 1 сарын дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний дотор гаргах ёстой байтал 2018 онд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 595 дугаар албан бичгээр гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн тул шийдвэрлэх боломжгүй тухай хариуг авсан байгаа нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/287 дугаар тушаалыг утга агуулгын илэрхий алдаатай тул илт хууль бусад тооцуулах гэсэн байх бөгөөд үүнийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээ зөвтгөж гаргасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байна. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газрын шийдвэр нь хоёрдмол утгагүй, агуулгын хувьд ойлгомжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: ...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь заалтуудыг үндэслэн тушаал гаргасан бөгөөд Тамгын газрын даргад бүрэн эрх олгосон заалт юм. Мөн маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно гэсэн заалт, түр орлон гүйцэтгэх журмыг тогтоосон Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолыг баримталсан. Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Ч.Э.г Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/456 дугаар тушаалаар түр томилсон байгаа. Тэгэхээр маргаан бүхий тушаал нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, утга агуулгын илэрхий алдаа, хоорондоо зөрчилдсөн заалт, агуулгын ойлгомжгүй зүйл бичигдээгүй. Иймд захиргааны илт хууль бус актад тооцогдох эрх зүйн үндэслэлгүй юм.

Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд заасан төрийн алба хаасан хугацааны нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Ч.Э. нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2 жил ажилласан бөгөөд эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр ажилд томилогдсон. Маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Ч.Э.г ажилд түр томилсон бөгөөд томилсон тушаалтай холбогдуулан маргадаггүй. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж юм. Нэхэмжлэгч Ч.Э. нь төрийн алба хаах дээд насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөгүй. Анх томилогдохдоо түр томилогдсон. Иймд нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох эрх зүйн үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгчийг 2017 оны 09 дүгээр сард ажлаас чөлөөлсөн. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр 39.1-д Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ, гомдлыг нэг сарын дотор Төрийн албаны зөвлөлд гаргана гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нэг сарын хугацаанд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй бөгөөд нэг жилийн дараа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс хуульд заасан хугацааг хэтрүүлсэн учраас шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Уг Төрийн албаны зөвлөлийн хариуг 2018 оны 6 дугаар сард авсан атлаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрсөн, хуулийн хугацаанд гомдол гаргаагүй нь баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үйлдлээ зөвтгөх үүднээс захиргааны актыг илт хууль бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж авсан байдаг. Ажилгүйдлийн тэтгэмж авсан нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд оршин суугаа газрын Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гарган ажилгүйдлийн тэтгэмж авч, сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр гэрээ байгуулсан. Мөн 2018 онд өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгосон байдаг. Иймд нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Э. шүүхэд хандан:

1. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/287 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох;

2. 2017 оны 10 дугаар сарын 01-ээс 2018 оны 12 дугаар сарын 01 хүртэлх хугацааны ажилгүй байсан үеийн цалинд 11.428.816 төгрөг гаргуулах;

3. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх;

4. Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид 11.587.273 төгрөг гаргуулах хэмээн нийт дөрвөн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргаж байхад энэ дагуу шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийнх нь хувьд Төрийн албаны тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж маргаж байгаа бол, хариуцагч захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг эзгүй үед нь түр орлон гүйцэтгэж байсан ба уг жинхэнэ албан хаагч ажилдаа орох болсноор түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байр сууриа илэрхийлж байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүхээс тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль, тогтоомжийг тайлбарлан дор дурдсан байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Ч.Э.г ажлаас чөлөөлөх тухай Б/287 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны актаар тодорхойлж, уг тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ыг тус тус үндэслэсэн нь агуулгын хувьд ойлгомжгүй, илэрхий алдаатай гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Э. нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр огноолж, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч хариуцагчид хандан өргөдөл гаргасан байжээ.

Тэгэхээр нэг талаас нэхэмжлэгч нь өөрийгөө хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж үзсэн, нөгөө талаас хариуцагч нь эзгүй байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан нэхэмжлэгчийг тушаал гарган түр томилогдсон байсан албан тушаалаас чөлөөлсөн гэж маргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан үндэслэлээр маргаж буй хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Маргаж буй тушаалд, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б-ийн чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан тул Ч-ын Э.г 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхөөр заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-ийн агуулгаар маргахын тулд илэрхий алдаатай захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байж, дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн тухайн захиргааны актыг хараад хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байх шаардлагатай байдаг. Тэгвэл нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Яагаад гэвэл, илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Ч.Э.г ажлаас чөлөөлөх тухай Б/287 дугаар тушаал гарснаар нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэрэг нээлгэж, 2017 оны 9-10 дугаар сард 642625 төгрөг, 10-11 дүгээр сард 642625 төгрөг, 11-12 дугаар сард 642625 төгрөг, 12-оос 2018 оны 1 сард 397815 төгрөг нийт 2325690 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан нь, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ байгуулсан нь уг тушаалын үр дагавраар холбогдох тэтгэмж авах, даатгуулах зэрэг харилцааг үүсгэн энэ байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.2-д заасан илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх гэх нөхцөлтэй зөрчилдөж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөхдөө ямар ч хамааралгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2: Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ыг үндэслэн ажлаас чөлөөлсөн утга агуулгын хувьд алдаатай гэж үзэж байгааг мөн хүлээн авах боломжгүй. Учир нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаа нэг талаас түр эзгүй байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй, нөгөө талаас албан үүргээ түр орлон гүйцэтгүүлж байсан этгээд нь ажилдаа орохтой холбоотойгоор захиргаа шийдвэр гаргасан байх тул огт хамааралгүй заалтаар ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шийдвэр гаргаагүй нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг нэхэмжлэгчид үүсгэхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд нэг удаагийн тэтгэмж авах шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн заажээ. Энэхүү зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэлээсээ татгалзах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Э. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.Сд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон ба ингэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С 2017 оны 10 дугаар сарын 01-ээс 2018 оны 12 дугаар сарын 01 хүртэлх хугацааны ажилгүй байсан үеийн цалинд 11.428.816 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 30 дугаар зүйлийн 30.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/287 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид 11.587.273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРАГЛАГЧ, ШҮҮГЧ                      У.Б