| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0109/И |
| Дугаар | 108 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 108
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүрэгт оршин суух, А овогт Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.М Ц.Э-тай харилцан тохиролцож 2020 оны 02-р сарын 27-ны өдөр Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 дугаар зүйлийн заалтыг үндэслэн 3,000,000 төгрөгийг 2020 оны 02-р сарын 27-ны өдрөөс 2020 оны 05-р сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатайгаар 1 сарын 5 хувийн хүүтэй, хэрэв хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувтай тэнцэх алданги төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж, зээлийн гэрээ байгуулагдсан өдөр Ц.Э-н Х банкны ... тоот дансаар шилжүүлсэн. Гэрээний 2.5 дахь заалтанд зээлдэгч нь зээлийн хүүг зээл олгосон сарын дараа сарын 27-ны өдрийн дотор зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон боловч хүүг хугацаандаа төлөх төлбөрийн боломжгүй байгаа гэх үндэслэлээр нотлогдож байгаа нь иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болгож байгаа тул зээлдэгч Ц.Э-н үндсэн зээл 3,000,000 /гурван сая/ төгрөг, түүний хүү болох нэг сарын 0,5 хувийн хүүгийн хамт нийт 3,210,000 /гурван сая хоёр зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Т овогт Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Э миний бие Г.М-с 2020 оны 02 сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг зээлсэн болно. Төлөлтийн хугацаа 3 сарын хугацаатай зээлсэн боловч М нь зээлийн хугацаа дуусахаас өмнө мөнгөө нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлага болох 3,210,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.М миний нэхэмжилтэй Ц.Э-т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 3,210,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчын гаргасан хариу тайлбартай миний бие танилцсан.
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3,450,000 төгрөгийг гэрээний хугацаа дуусгавар болоход үндсэн зээл болон хүү, алдангийн хамт нэгдсэн дүнгээр төлөх санал гаргасанг эс зөвшөөрч байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.5 дахь заалтын дагуу Ц.Э нь зээлийн хүү зээл олгосон өдрөөс хойш 1 сарын дотор алданги төлөх үүрэг хүлээсэн ба тус үүргээ биелүүлээгүй зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл бий болгосон, энэ нь цаашид гэрээний үүргийн дагуу хуулийг буцаан төлөх батламж зээлдэгчид байхгүй болсон нөхцөл байдлыг илэрхийлж байх тул зээлийг буцаан шаардсан болно.
2. Зээлдэгч зээлийг 2019 оны 11 сарын 22-ны өдөр бэлнээр зээлүүлсэн бөгөөд 2020 оны 03 сарын 27-ны өдөр зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулсан болно. Иймд зээлдэгчээс 2020 оны 02 сарын 27-ны өдрөөс хойш зээлийн хүү, алдангийн хамт 3,210,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 3,210,000 төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.М-н нэхэмжилтэй Ц.Э-т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 3,210,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,310 төгрөгийн 50 хувь болох 33,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 33,115 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Э-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 33,115 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б