Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 117

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А, Б.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 22,282,383.65 төгрөг, хүүгийн төлбөр 2,869,755.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56,137.62 төгрөг, нийт 25,208,277.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нар нь 2018 оны 10 сарын 29-ний өдөр Х банктай 1020030118 дугаартай зээлийн гэрээ байгуулж, өрхийн хэрэглээний зориулалтаар 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч Б.А нь үндсэн зээлд 2,717,616.35 төгрөг, зээлийн хүүнд 2,337,100.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 26,611 төгрөг, нийт 5,081,327.97 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний гол нөхцөлөөр зээлдэгч нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй ба 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 295 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс Б.А, Б.Б нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Зээлдэгч Б.А, Б.Б нарын зээлийн үлдэгдэл 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 22,282 383.65 төгрөг, хүү 2,869,755.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,137.62 төгрөг, нийт 25,208,277.18 төгрөг болоод байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 102030118 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэж, төлөгдөөгүй vндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 22,282,383.65 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 295 хоногийн хүү болох 2,869,755.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,137.62 төгрөг, нийт 25, 208,277.18 төгрөгийг хариуцагч Б.А, Б.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, Б овогт Б.А, З овогт Б.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.А, хамтран хариуцагч Б.Б нар нь Х банк ХХК-иас 25,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Х банк ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 25,208,277.18 төгрөгийг бидний бие нь төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х банкны нэхэмжлэлтэй хариуцагч Б.А, Б.Б нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлд зээлдэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Б.А, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 22,282,383.65 төгрөг, хүүгийн төлбөр 2,869,755.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56,137.62 төгрөг, нийт 25,208,277.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А, Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 22,282,383.65 төгрөг, хүүгийн төлбөр 2,869,755.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56,137.62 төгрөг, нийт 25,208,277.18 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А, Б.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 22,282,383.65 төгрөг, хүүгийн төлбөр 2,869,755.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56,137.62 төгрөг, нийт 25,208,277.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А, Б.Б нь 25,208,277.18 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,992 төгрөгийн 50 хувь болох 141,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 141,996 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.А, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 141,996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Б.А, Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ            Э.Б