Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2020/0005/И |
Дугаар | 04 |
Огноо | 2019-12-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Ц.Д-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч Ц.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д миний бие 1980 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 289 тоот тушаалаар Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт хүрэн блокийн цехэд бетончиноор ажиллаж байгаад Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 245 тоот тушаалаар 8 жил ажиллаж ажлаас чөлөөлөгдсөн. 2015 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. НДТ-аас 0039323 тоот тэтгэврийн дэвтэр олгож тэтгэвэр авч байсан. Гэтэл НД-аас тэтгэврийг минь зогсоож дээрх ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг даалгалаа. Энэ хугацааны материал архивт байхгүй байх бөгөөд нотариат баталсан хувь үлдсэн байгаа. 1915 онд Сүхбаатар аймгийн БУК-ын харъяа үйлдвэрийн хэвлэх цехийн хашаанд үйлдвэрийн ажилчдын архивын материал, эд зүйл хадгалагдаж байв. Эргээд очтол устаж алга болсон, холбогдох материалыг архивт өгөөгүй байна. Би нөхрөө дагаж Дорнод аймаг шилжих болоод ажлаасаа гарсан. Хүрэн блокийн цехэд ганц бетончиноор ажиллаж байсан, өөр ажил хийж байгаагүй. Иймээс миний Сүхбаатар аймгийн БУКонторын хүрэн блокийн цехэд бетончиноор 1980-1989 оны хооронд ажиллаж байсныг маань тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай тушаал, түүний хавсралт,
- Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 245 дугаартай тушаал,
- Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаартай “бүтээгдэхүүний чанарын шагнал” олгох тухай тушаал,
- гэрч Д.Б, Ж.Х нарын тодорхойлолт
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрэн блокийн цехэд бетончиноор 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Д нь 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрэн блокийн цехэд бетончиноор ажиллаж байсан болох нь ББМҮ яамны харъяа Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай тушаал, түүний хавсралт, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 245 дугаартай тушаал, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаартай “Бүтээгдэхүүний чанарын шагнал” олгох тухай тушаал, ББМҮ яамны харъяа Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 209 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” 209 дугаартай тушаал, гэрч Д.Б, Ж.Х нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Д-г 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрэн блокийн цехэд бетончиноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Ц.Д-г Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрэн блокийн цехэд бетончиноор 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц