Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2019/0104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э., нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Б овгийн Б.Б /РД:***/.

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О.

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мөн хэлтсийн мэргэжилтэн Ц.И нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.От даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянзүрх дүүргийн 26-р хорооны иргэн Б.Б миний бие нь Сүхбаатар дүүргийн 8-р хороонд орших Тусгаар тогтнолын ордны урд талын талбайд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 08.00-19.00 цагийн хооронд жагсаал цуглаан хийхээр болсон тул бүртгүүлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хандсан. Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас татгалзсан хариу ирсэн учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0554 дугаартай шийдвэр гарсан.

2018 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргад дөрвөн удаа бичгээр хандсан боловч Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагууд иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийг бүртгэдэг smartcity.mn цахим сүлжээнд огт бүртгэдэггүй юм. Тийм ч учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.От: Иргэн Б.Б миний бие СБД-ийн Засаг даргад хандаж жагсаал цуглаан хийх болсон тул бүртгүүлэх хүсэлтээ гаргасан юм. Уг хүсэлтээ Сүхбаатар дүүрэг дээр бичгээр өөрөө аваачиж өгсөн боловч системд оруулахгүй юм. Иргэн миний бие өөрийн өгсөн өргөдлөө хаана хэнд явааг, хэний сейфэнд түгжигдэж байгааг харж баймаар байх юм. Энэ асуудлаар өмнө нь цахимаар гомдол гаргасан боловч хариу нь ирээгүй. Энэ систем Ардын намынх юм уу? Ардчилсан намд хамаагүй юм уу? Нээлттэй засаглал гэсэн нь хаа байна вэ? гэсэн утга бүхий гомдлыг гаргасан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн аваад тухайн өдрөө хуулийн хэлтсийн дарга А.Дд, харин А.Д нь тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Ид хариу бэлдэхийг тус тус үүрэг болгосон байдаг.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 07/3476 тоот Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Дын гарын үсэгтэй албан бичгээр хариу ирсэн. Энэ хариунд Таны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо Тусгаар тогтнолын ордны урд талбайд жагсаал цуглаан бүртгүүлэх тухай мэдэгдэлтэй танилцлаа. Дээр дурдсан жагсаал цуглаан нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй байгаа тул уг хүсэлтийг хангах боломжгүй байна гэсэн хариу ирснийг үнэндээ ойлгохгүй байгаа юм.

Иргэн миний бие нь жагсаал цуглаан бүртгүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад хандаагүй ба харин Нийслэлийн төр захиргааны байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг smartcity.mn цахим сүлжээнд бүртгэн авч хоорондоо харилцдаг гэж боддог. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон түүний Тамгын газарт гаргасан өргөдөл, гомдол энэ цахим сүлжээнд хамрагддаггүй юм байна. Сүхбаатар дүүрэг яагаад smartcity.mn-д мэдээллийг оруулдаггүй юм бэ? гэсэн юм. Хэрвээ жагсаал цуглаан хийхээр болсон бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад хандахгүй, харин Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандсан болно. Сүхбаатар дүүрэгт хандсан иргэдийн өргөдөл, гомдлыг яагаад smartcity.mn-д мэдээллийг оруулдаггүй юм бэ? гэсэн гомдлыг гаргасан болохоос Жагсаал цуглаан бүртгүүлэх хүсэлт гаргаагүй юм.

Тийм учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга А.Д, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.И нарын энэ үйлдэл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх гэсэн заалтыг зөрчсөн гэж иргэн миний бие үзсэн учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.От 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, тус хэлтсийн мэргэжилтэн Ц.И нарт арга хэмжээ авах, иргэн миний гаргасан 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гомдолд үндэслэл бүхий хариу авах зэрэг асуудлыг минь шийдвэрлэн хариуг бичгээр мэдэгдэнэ уү гэсэн утга бүхий гомдлыг гаргасан.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх гэсэн заалтыг зөрчсөн нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчиж байгаа юм. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Оаас Ижилмөрөнд хариуцлага тооцох үндэслэлгүй байна гэсэн хариу /10-р сарын 1-нд гардан авсан/ ирснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүрэгт өргөдөл гомдолд заавал хариу өгөх талаар заасан болон Төрийн албаны тухай хуулийн 26 дугаа зүйлийн 26.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна, Захиргааны хэрэг шүүхэд хяиан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу миний бие 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гардан авсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй болно.

Миний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-д баталгаатай эдлэхээр олгогдсон эрх, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах эрх сэргээгдэх, цаашлаад Монгол Улсын иргэдийн дээр заасан эрх маань зөрчигдөхөөс сэргийлэх юм гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Миний зүгээс Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийнхээ хүрээнд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд орших Тусгаар тогтнолын ордны урд талын талбайд жагсаал цуглаан хийхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу бүртгүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл энэ хүсэлтийн хариу ирсэн боловч Нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагууд иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийг бүртгэдэг smartcity.mn цахим сүлжээнд огт бүртгэдэггүй. Миний бие 2018 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргад дөрвөн удаа хүсэлт гаргаж байсан. Гэтэл эдгээр хүсэлт, өргөдөл маань smartcity.mn цахим сүлжээнд бүртгэгдээгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас лавлахад e.doс системийг хэрэглэдэг гэсэн тайлбар өгсөн. Гэтэл адил асуудлаар буюу жагсаал цуглаан хийхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандахад өргөдлийг smartcity.mn цахим сүлжээнд бүртгэгдэн өргөдөл хэнд, хаана явж байгаа нь харагдаж иргэн миний бие хянах боломжтой байдаг. Энэ боломжийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга яагаад олгодоггүй юм бэ. Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд нэг л программын дагуу ажиллах ёстой. Иймд өргөдлийг smartcity.mn цахим сүлжээнд бүртгэхгүй иргэдийг чирэгдүүлж байгаа талаарх гомдлыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.От гаргасан. Тэрээр өргөдлийг хүлээн аваад тухайн өдрөө Хуулийн хэлтсийн дарга А.Дд, А.Д нь мөн хэлтсийн мэргэжилтэн Ц.Ид хариу бэлдэхийг тус тус үүрэг болгосон байдаг.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Дын гарын үсэгтэй албан хариу ирсэн. Энэ хариу нь миний гаргасан өргөдлөөс өөр утгатай буюу ... Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй байгаа тул таны жагсаал, цуглаан хийх хүсэлтийг хангах боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Энэ хариу нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, өргөдөл гомдол бүртгэх системд миний өргөдлийг бүртгэхгүй байгаа талаарх гомдлын хариуг биш миний гомдолд огт хамаарахгүй асуудал буюу жагсаал цуглаан хийхтэй холбоотой үндэслэлгүй хариуг ирүүлсэн.

Үүний дагуу миний гомдлыг үндэслэлтэй шийдвэрлээгүй байна. Өргөдлийг хариуцан авсан Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мэргэжилтэн Ц.И нар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэсэн гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дахин гаргасан. Гэвч 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ...Таны 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдолд хавсаргасан жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтэд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хариу өгсөн байх тул Ц.Ид хариуцлага тооцох үндэслэлгүй байна гэсэн хариуг ирүүлсэн.

Мөн уг хариунд ...өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн цахим программд өргөдлийг бүртгэн оруулах ёстой. Гэвч цахим программд бүртгэлгүй бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай журмын 4.4 дэх заалтыг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон гэж дурдсан байгаа. Хэрэв Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мэргэжилтэн Ц.И нар нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр надад хариу өгөхдөө дээрх хариуг өгсөн бол Үндсэн хуулиар олгогдсон иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Иргэдийн гаргасан өргөдөлд хуулийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй гэсэн эрх хангагдах байсан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргад огт гаргаагүй хүсэлтэд хариу өгсөн нь хуулийг зөрчиж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрүүдэд иргэн Б.Б миний жагсаал, цуглаан хийх хүсэлтэд хариуг ирүүлсэн байгаа. А.Д, Ц.И нар нь төрийн албан хаагч учраас Монгол Улсын хууль, дүрмийг дээдлэх, биелүүлэх ёстой. Гэтэл хуулийг зөрчөөд байгаа учраас тус албан хаагчдад арга хэмжээ авна уу гэсэн гомдол гаргасан.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д заасан эрхийнхээ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасан арга хэмжээг авахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.От даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мэргэжилтэн Ц.И нарт өмнө нь арга хэмжээ авхуулсан талаарх тайлбар байдаг. Энэ нь өмнө нь А.Д, Ц.И нар нь миний гаргасан өргөдөлд өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаанд хариуг өгөөгүй 3, 4 сар болж байж хариу өгч байсан. Үүний дагуу гомдол гаргаж Ц.Ид сануулах арга хэмжээ авлаа гэсэн бичгийг надад ирүүлсэн. Үүнээс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэдийн гомдолд үндэслэлтэй хариуг өгдөггүй нь маш тодорхой харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Иргэн Б.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын өргөдөл, гомдлын нэгдсэн систем болох /Smartcity.mn/ цахим программыг нийслэл, дүүргийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргасан Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хүсэлтийг тус дүүргийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн цахим программд бүртгээгүй боловч өргөдөл гомдлын дэвтэрт бүртгэл хийгдсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны урд талбайд жагсаал цуглаах хийх тухай мэдэгдлийг ирүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь жагсаал цуглаан хийх тухай хүсэлтийг хуульд заасан шаардлагын дагуу бүртгэж авдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 07/3476 дугаар албан бичигт үндэслэлтэй хариу өгсөн. Учир нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана гэж заасан.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуул ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн.

Гэвч Нийслэлийн Монгол Ардын намын бага хурал Монголын хүүхдийн ордонд болсон бөгөөд Монгол Ардын намын байранд жагсаал цуглаан хийх нь ямар ч ач холбогдолгүй тул иргэн Б.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн Б.Б нь Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нийт 10 гаруй удаагийн жагсаал цуглаан хийх хүсэлт гаргасан байдаг. Жагсаал цуглаан хийх гол зорилго нь Сант сургуулийн барилгатай холбоотой маргааны асуудал байдаг. Тэрээр 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандан ...иргэн Б.Б миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргад жагсаал цуглаан хийх болсон тул бүртгүүлэх хүсэлтээ гаргасан юм. Уг хүсэлтээ өөрийн биеэр аваачиж өгсөн боловч системд оруулахгүй байна. Энэ систем Ардын намынх юм уу? Ардчилсан намд хамаагүй юм уу? Нээлттэй засаглал гэсэн нь хаана байна вэ? гэсэн утга бүхий хүсэлтийг гаргасан. Хүсэлтдээ Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлтээ хавсарган өгсөн байдаг. Гэвч 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргасан жагсаал цуглаан зохион байгуулах тухай хүсэлтийг цахим системд бүртгэж оруулаагүй бөгөөд тухайн өдөр цахим программд гацалт үүссэн тул өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт өргөдлийг бүртгэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасан. Уг өргөдөлд иргэн Б.Бийн ямар хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь ойлгомжгүй бөгөөд гол зорилго нь жагсаал цуглаан хийх эсхүл өгсөн өргөдлөө хэний сейфэнд түгжигдэж байгааг мэдэх гэсэн асуудлаар гомдол гаргасан байдаг. Нийслэлийн Засар даргын Тамгын газраас Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн 2018 оны 03769 дүгээр албан бичгээр Ц.Ид хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэсэн хариуг өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Иргэн Б.Бийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн нь ойлгомжгүй байна. Мөн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийн хавсралтаар жагсаал цуглаан хийх хүсэлтээ гаргасан байдаг. Жагсаал цуглаан хийх өдөр нь Монгол Ардын намын бага хурал болох өдөр байсан бөгөөд жагсаал цуглаан хийх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

Иргэн Б.Б шүүхэд хандан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мөн хэлтсийн мэргэжилтэн Ц.И нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.От даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь энэ шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа, өөрийн Үндсэн хууль болон бусад хуульд заасан мэдээлэл авах эрхийг хязгаарласан, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудад Захиргааны ерөнхий хуульд заасан арга хэмжээ авахыг хариуцагчид даалгуулахаар мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргах замаар хандсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхой бус байна гэжээ.

Иргэн Б.Б Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан хүсэлтийг цахим системд бүртгэж оруулахгүй байгааг дурдаж, тэрээр ийнхүү оруулахгүй байгаагаас өөрийн гаргасан өргөдөл, гомдлыг хаана, хэнд, хэзээ хуваарилагдаж, яаж шийдвэрлэгдэж байгааг харах боломжгүй болсон, үүнтэй холбоотойгоор нээлттэй засаглал хаана байна вэ гэх агуулгатай гомдол гаргасныг 2018 оны 8 дугаар 30-ны өдрийн 09 цаг 03 минутад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын /цаашид ЗДТГ-ын гэх/ Үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарын үйлчилгээний ажилтан Л.Адъяасүрэн хүлээн авч бүртгэн, мөн төвийн Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Л.Туяад мөн өдрийн 11 цаг 02 минутад Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гэсэн утгатайгаар шилжүүлжээ. Улмаар Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн Албан хэрэг хөтлөлт, цахим мэдээллийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрмаа 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 57 минутад шилжүүлэв гэх удирдлагын заалттайгаар Нийслэлийн ЗДТГазрын дарга М.От хүргүүлжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.О нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 09 минутад хүлээн авч, Хэлтсийн дарга А.Дд хариу өгье гэх удирдлагын заалттайгаар мөн өдрийн 09 цаг 26 минутад шилжүүлсэн байна. Хэлтсийн дарга А.Д нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 16 цаг 37 минутад хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 08 цаг 38 минутад өөрийн хэлтсийн Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах дүүрэг, харьяа байгууллага хариуцсан мэргэжилтэн Ц.Ид хариу бэлтгэх удирдлагын заалттайгаар шилжүүлсэн, уг мэргэжилтэн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цаг 22 минутад хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 07 минутад Нийслэлийн ЗДТГ-ын 2018 оны 07/3476 дугаар албан бичгээр хариу өгсөн гэж хаалт хийжээ.

Энэ үйл баримттай нэхэмжлэгч нь маргахгүй байгаа ба хамгийн гол нь ийнхүү гомдолд хариу өгөхдөө үндэслэл бүхий хариу өгөх хуулийн заалт шаардлагыг хангаагүй, албан бичгийн огноог 2018 оны 9 дүгээр сарын 03 гэснээс үзвэл, мэргэжилтэн нь гомдлыг хүлээн аваагүй байхдаа хариуг өгсөн гэж үзэж, улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдолдоо үндэслэл бүхий хариу авах, Хэлтсийн дарга болон мэргэжилтэн нарт арга хэмжээ авах хэмээн хариуцагчийн нэр дээр дахин гомдол гаргасан байна.

Хариуцагч Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.О-аас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Хариу өгөх тухай 03/3769 албан бичгээр[1][1] нэхэмжлэгчид гомдлын хариуг хүргүүлсэн байна.

Уг албан бичигт өгсөн хариуг нэхэмжлэгч нь хэрэв 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр надад хариу өгөхдөө дээрх хариуг өгсөн бол миний Үндсэн хуулиар олгогдсон иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй, иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй гэсэн эрх хангагдах байсан. Гэтэл Нийслэлийн ЗДТГ-т огт гаргаагүй хүсэлтэд хариу өгч байгаа нь үндэслэлгүй, А.Д, Ц.И нар нь төрийн албан хаагч учраас хууль дүрмийг дээдэлж биелүүлэх ёстой, хууль зөрчсөн учраас эдгээр албан хаагчдад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан арга хэмжээ авах үндэслэлтэй хэмээн тайлбарлаж, ийнхүү арга хэмжээ авахыг хариуцагчид даалгахыг шүүхээс хүсэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-д төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан бол, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүргийг нийтлэг байдлаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч нь хэдийгээр өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа боловч дээр дурдсанаар дахин гомдол гаргаж, үндэслэл бүхий хариу авсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн хувьд эрх нь зөрчигдсөн гэж үзэж, шүүхээс сэргээн тогтоох, хамгаалах эрх алга байна.

Захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа /иргэний өргөдөл, гомдол хүлээн авч, хариу өгөх/ хуулийн дагуу явагдаагүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, ийнхүү зөрчилтэйд тооцогдож, эрх зүйн үр дагаваргүй болсон талаар тухайн захиргааны байгууллагын өөрийнх нь эсхүл, дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны түүнчлэн шүүхийн шийдвэр байхгүй байна. Тийм учраас шүүх Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан арга хэмжээг нэр бүхий албан хаагчдад авхуулах тухай нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар 107.1-д зааснаар нэхэмжлэл гаргах шаардах эрх үүсч болох авч, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхийн тулд мөн хууль, зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан урьдач нөхцөлүүд болох маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа нь захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон байх, тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчил байх гэхчлэн нөхцөл байдлууд тогтоогдсон байхыг хуульчилжээ. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлууд тогтоогдохгүй, энэ нь хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нөгөө талаас нэхэмжлэгч нь би: Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, Ц.И нарыг хууль зөрчсөн гэдгийг одоо шүүхээр тогтоолгохыг хүсэж байна гэдэг нь үндэслэлгүй, маргааны зүйлд хамааралгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О-т холбогдуулан гаргасан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, мөн хэлтсийн мэргэжилтэн Ц.И нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.От даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б