| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 159/2025/0067/3 |
| Дугаар | 221/МА2025/0729 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0729
С.Оийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б
Нэхэмжлэгч: С.О
Хариуцагч: С аймгийн М сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Л.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “С аймгийн М сумын Засаг дарга Д.Хын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Л.Эыг албан тушаалд томилон тухай” Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, гуравдагч этгээд Л.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 159/2025/0067/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 56.5.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Оийн “С аймгийн М сумын Засаг дарга Д.Хын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Л.Эыг албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "... Бидний зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэн С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 159/2025/0071 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн тухайд
Нэхэмжлэгч С.О нь С аймгийн М сумын Засаг дарга Д.Хт холбогдуулан 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №5/16 "Л.Эыг албан тушаалд томилох тухай" захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д "санал хураалтын үр дүнг нийт хүчинтэй саналын хуудасны тооноос тооцох нь зүйтэй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд саналын хуудсыг хүчингүйд тооцох талаар зохицуулалт тусгагдаагүй... тооллогын комиссын хүчингүйд тооцсон 21 саналын хуудсыг нийт сонгогчид буюу 315 хүнээс хасаад нийт 294 хүчинтэй саналын хуудаснаас тооцоход Л.Э 154 санал буюу 52.3 хувь, С.О 140 санал буюу 47.6 хувийн санал тус тус авсан байна" хэмээн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг илтэд зөрчиж байхаас гадна хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-д "Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна" гээд "энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх" гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл (і) санал хураалт буюу хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан хүнийг, түүнчлэн (ії) нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлэхээр хуульчилсан.
Маргааны зүйл болоод буй багийн Засаг дарга сонгох санал хураалт буюу тухайн хуралд нийт 315 хүн оролцсон. Гэтэл шүүх хүчингүйд тооцсон санал бүхий 21 хүнийг огт хуралд оролцоогүй мэтээр дүгнэж нэр дэвшигчдийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь “хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлэх" хуулийн зохицуулалтыг илтэд зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, хуульд хуралд оролцсон буюу санал өгсөн нийт хүнээс санал хураалтын үр дүнг тооцохоор заасан байтал ийнхүү хуралд огт ирээгүй, оролцоогүй мэт дүгнэсэн тухайн нутаг дэвсгэрт оршин суух иргэдийн санал, сонгууль өгөх үндсэн эрхийг бүдүүлгээр зөрчиж буй хэрэг болж байна.
Мөн хуульд "түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлэх" гэж заасан нь тухайн орон нутгийн нийт иргэд, төлөөлөгчдийн саналыг авах ёстой юм шүү гэх агуулгыг илэрхийлж, мөн дээрх байдлаар зөрчил гарахаас сэргийлсэн үзэл баримтлал бүхий агуулга юм.
Угтаа бол 2-р багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нийт 343 хүн оролцох ёстой байсан. Ийм байтал анхан шатны шүүх зөвхөн санал өгсөн буюу хүчинтэйд тооцогдсон саналын хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой мэт дүгнэлт өгч буй нь үндэслэлгүй байхаас гадна тухайн орон нутгийн нийт төлөөлөгчдийн буюу иргэдийн сонгох эрхийг шууд зөрчиж байна
Хэрэвзээ анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийн хүрээнд багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг явуулна гэж үзвэл 343 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч оролцоод нэг нэр дэвшигч нь 20 хүний, нөгөө нь 10 хүний санал авахад л шууд багийн Засаг дарга болж болохоор байна. Энэ нь буруу жишиг бөгөөд хууль хэрэглээний алдаа болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасны дагуу С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0071 дүгээр шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч С.Оээс “С аймгийн М сумын Засаг дарга Д.Хын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Л.Эыг албан тушаалд томилон тухай” Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг С аймгийн М сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын буюу сонгогчдын 50 хувиас дээш санал аваагүй учир багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тооллогын комисс нь дахин санал хураахаар тогтоол гаргасан байтал дахин санал хураалт явуулахгүйгээр Л.Эыг багийн Засаг даргаар томилсон шийдвэр нь хууль бус” гэж маргасан.
3.Хариуцагчаас “...Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “Энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэдийн түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан бөгөөд одоо манай улсад хэрэгжиж буй энэ сонгуулийн систем нь тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой гэсэн олонхын зарчмыг баримталдаг. Иймд сумын Засаг даргын зүгээс багийн Иргэдийн Нийтийн хурлаас багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй төгөлдөр гэж үзэн шийдвэр гаргасан” гэсэн хариу тайлбарыг өгчээ.
4.Гуравдагч этгээдээс “...хурал даргалагч Ч.Гийн хувьд иргэдийн цаг зав, итгэл үнэмшлийг харгалзан С.Оийн хүсэлтээр явуулсан сонгуулийн үр дүн бүхий тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй ба Л.Э намайг олонхын санал авсан гэж үзэж, М сумын 2-р багийн Засаг даргад томилох тухай тогтоолыг зарлан, хурлыг дуусгасан болно” гэж тайлбарласан.
5.С аймгийн М сумын Ш 2 дугаар багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн хурал 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж, тус багийн Засаг даргад С.О, Л.Э нар дэвшиж, санал хураалтад оролцжээ.
6.Нийтийн хуралдааны тооллогын комиссын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор[1]санал хураалтад нийт 315 хүн санал өгснөөс Л.Э 154 буюу 48.8%, С.О 140 буюу 44.4%, хүний санал авч, 21 саналын хуудас хүчингүй болсон тул нэр дэвшигчдийн хэн аль нь олонхын санал аваагүй гэж үзэн санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалтыг жич товлон зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
7.Харин С аймгийн М сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолоор[2] “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.8.4 дахь заалт, Тооллогын комиссын 04 тоот тогтоолыг тус тус үндэслэн Л.Эыг 2 дугаар багийн Засаг даргаар нэр дэвшүүлж, Ш 2-р багийн Засаг даргаар томилж өгөхийг сумын Засаг даргад уламжилсан байна.
8.Маргаан бүхий С аймгийн М сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар[3] “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 12 дугаар хавсралт, Ш 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Л.Эыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс Ш 2 дугаар багийн Засаг даргаар томилсон” зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
9.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.8-т “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна:”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.6-т “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, ...томилно.” гэж тус тус заасан.
10.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, “багийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан” хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх бөгөөд ийнхүү олонхын санал авсан хүнийг багын Засаг даргаар сумын Засаг дарга томилохоор, хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлж, томилохоор заасан.
11.Тодруулбал, хуулиар “багийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан” байх урьдчилсан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд багийн Засаг даргад нэр дэвшүүлж, түүнийг сумын Засаг дарга багын Засаг даргаар томилохоор тодорхой зохицуулсан.
12.Гэтэл маргааны тохиолдолд багийн Нийтийн Хуралд нийт 315 иргэд буюу төлөөлөгчид оролцсон, үүнээс гуравдагч этгээд Л.Э нь 154 (48,8%)-ийн, нэхэмжлэгч С.О нь 140 (44,4%)-ийн санал авч нэр дэвшигч нарын хэн нь ч нийт хуралд оролцсон иргэдийн олонхын санал авч чадаагүй байтал гуравдагч этгээд Л.Эыг С аймгийн М сумын 2-р багийн Засаг даргаар томилсон маргаан бүхий хариуцагчийн шийдвэр нь дээр дурдсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.6-т заасан “багын Засаг даргад санал хураалтаар Хуралд оролцсон нийт иргэдийн олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлэх, томилох” хуулийн зохицуулалтыг зөрчсөн бөгөөд маргаан бүхий шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн дахин санал хураалтад оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
13.Мөн “олонхын санал авсан” гэх үзэх үндэслэлийг багийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхийн санал буюу “нийт санал өгсөн иргэдийн олонхийн санал” авсан байх урьдчилсан нөхцөл байхаар хуулиар зохицуулсан, харин “хүчингүйд тооцсон саналын хуудсыг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй” байх, “зөвхөн хүчинтэй санал өгсөн сонгогчдын 50-иас илүү хувийн саналыг авсан байх” талаар хуульд зохицуулалт байхгүй байна.
14.Иймээс анхан шатны шүүхийн “Хүчингүйд тооцсон саналын хуудсыг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй, тооллогын комиссын хүчингүйд тооцсон 21 саналын хуудсыг нийт сонгогчид буюу 315 хүнээс хасаад нийт 294 хүчинтэй саналын хуудаснаас тооцоход Л.Эд 154 санал буюу 52.3 хувь, С.Од 140 санал буюу 47.6 хувийн санал тус тус авсан байна. Зүй нь санал хураалтад оролцсон 315 хүнээс хүчинтэй саналын хуудасны тоо 302 байх бөгөөд (хүчингүй саналын хуудас 13-ыг хасаад) уг 302 хүчинтэй саналын хуудаснаас Л.Э 154 буюу 50.9, С.О 140 буюу 46.3 хувийн санал авсан байна. Аль ч тохиолдолд Л.Э хүчинтэй санал өгсөн сонгогчдын 50-иас илүү хувийн саналыг авсан байх тул түүнийг С аймгийн М сумын Ш 2 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр хуульд нийцэж байна.” зэрэг дүгнэлт нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, маргааны үйл баримт, тохиолдолд хэрэглэгдэх Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.6-т заасан “Хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлж, томилох” хуулийн нарийвчилсан зохицуулалтыг анхан шатны шүүхээс буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Оээс С аймгийн М сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “С аймгийн М сумын Засаг дарга Д.Хын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Л.Эыг албан тушаалд томилон тухай” Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, “С аймгийн М сумын Засаг дарга Д.Хын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Л.Эыг албан тушаалд томилон тухай” Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ