Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Ц.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: С.и ХХК /РД:**/.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар.

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 8 дугаар сарын 17 өдрийн 577 дугаар шийдвэрийн С.и ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.и ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-013677 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.и ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дийн 2018 оны 08 сарын 17 өдрийн 577 тоот шийдвэр болон дээд шатны байгууллагад 2018 оны 09 сарын 17 өдөр 003/2018 тоот гомдол гаргахад 2018 оны 09 сарын 26 өдрийн 1/6552 тоот Ашигт малтмал, газрын тосны газрын даргын хариу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

С.и ХХК нь 2010 оны 03 сарын 11 өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан болно. С.и ХХК болон Ф ХХК нарын хооронд 2008 оны 05 сарын 13 өдөр авсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг №13677** Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн мэдээлэл худалдах болон тусгай зөвшөөрлийг шилжүүлэх 2017 оны 03 сарын 10 өдөр гэрээний дагуу худалдан шилжүүлсэн байдаг.

Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/2915 албан тоотын дагуу С.и ХХК-д тусгай зөвшөөрлийн шилжүүлэг хийснийг мэдэгдсэн албан тоот ирж баталгаажуулсан болно.

Тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хугацаандаа төлж байсан боловч 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 59,300 төгрөгийг С.и ХХК нь хүндэтгэн үзэх шалтгааны /эмчилгээний/ улмаас төлөх боломжгүй байсан. Гэтэл 2018 оны 08 сарын 17 өдрийн 577 тоот Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д хугацаандаа төлбөрийг төлөөгүй хэмээн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай албан тоотыг явуулсан.

Бидний зүгээс тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш тухайн газарт Элсний ордын зүүн хэсэгт хайгуулын ажил хийсэн ба түүний тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулан баталгаажуулах ажлуудыг тус тус хийсэн. Цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын лиценз болгохоор төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдсээр байх боловч ийнхүү бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд цуцалсан албан тоотыг 2018 оны 08 сарын 21 өдөр шуудангаар явуулсан албан бичгийг хүлээн авснаар цаашдын үйл ажиллагаа зогсоход хүрээд байна.

Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд урьдчилан 10 хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн байх үүргийг биелүүлээгүйгээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 43.1 Захиргааны актыг хаяглагдсан этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 56.2 Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэх өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэсэн заалтыг зөрчсөн мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 4.2.8-д заасан хуулийн заалтыг зөрчсөн үйлдлээс болж бид цаашид үйл ажиллагааг явуулах боломжгүй байдалд хүрээд байна. Ашигт малтмал газрын тосны газраас мэдэгдлийг хүргүүлсэн гэдэг боловч хуулийн этгээдийн бүртгэлтэй утсанд нэг ч удаа залгаж мэдэгдээгүй, оршин суугаа хаягийг өөрчилсөн, 99030088 гэсэн огт мэдэхгүй дугаарт залгаж мэдэгдэх гэсэн боловч орох ярианы эрх хаагдсан зэрэг шалтгаан тайлбарласан нь өөрөө үндэслэлгүй юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр С.и ХХК-ийн Налайх дүүрэг Зуун мод нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байгууллагад мэдэгдэл ирсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 570 дугаар шийдвэрээр танай тусгай зөвшөөрлийг цуцалсан гэсэн мэдэгдэл ирсэн. Үүнээс өмнө 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийг цуцлах болсон тухай урьдчилсан мэдэгдлийг манай хаягийн дагуу явуулсан гэх боловч бүртгэлтэй хаягтаа байхгүй гэсэн шалтгаанаар шуудан Ашигт малтмал, газрын тосны газарт буцсан байдаг. Мөн давхар 99030088 дугаарт залгасан боловч орох ярианы эрх хаагдсан байсан гэсэн үндэслэлээр танай урьдчилан мэдэгдэх ажиллагаагаа хийсэн гэдэг. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Манай хаягт өөрчлөлт ороогүй бөгөөд дээрх мэдэгдлийг хүлээн авахаас зайлсхийх үйлдэл гаргаагүй, 99030088 утасны дугаар манай компанийн бүртгэлд байдаггүй, манайх тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжтой тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгсөн үү гэсэн гомдлыг гаргасан боловч хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Дараа нь манайх Захиргааны хэргийн шүүхэд хандаж Бидэнд төлбөрөө төлөх үүрэг байгаа хэдий ч захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэж эрх, үүргийг тайлбарлаж, эрх ашиг нь зөрчигдөж байгаа үндэслэлийг тайлбарлах, өөрсдийн хийх ёстой оролцоог нь хангах хууль ёсны итгэлийг хамгаалах Захиргааны ерөнхий хуульд заасан үндсэн зарчмуудыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучнаар/ даргын 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг Зуун мод нэртэй 25 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын 13677Х тоот тусгай зөвшөөрлийг Ф ХХК-д олгожээ. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дахь Зуун мод нэртэй 24,55 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ф" ХХК-иас Сайхан дэлгэр инвест ХХК-нд шилжүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар С.и ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХҮ-013677 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 9 дэх жилийн төлбөрөө 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 7/3242 тоотоор хүргүүлсэн бөгөөд 5 дугаар сарын 21-нд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хаягтаа байхгүй шалтгаанаар шуудангийн буцаалт хийгдсэн байна. Дээрх хугацаанд төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. С.и ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ... үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ-013677 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан ба С.и ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн нь явуулсан албан тоот болон тус газрын 2018 оны Баримт бичиг хүлээлцэх дэвтэр-ийн хуулбараар баталгаажиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэсэн заалтын дагуу хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй байгаагаас үзвэл энэ үүргээ биелүүлээгүй байж төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.

С.и ХХК-аас ирүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 003/2018 тоот хүсэлтийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/6552 тоот албан бичгээр өгсөн байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч С.и нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Тусгай зөвшөөрөл шилжүүлэн авснаар тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийн маягтад тусгагдсан тусгай зөвшөөрлийн эрх, үүргийг бүрэн хүлээн хариуцна гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын баталсан К7 маягт байгаа. Энэ нотолгоогоор нэхэмжлэгч талд тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа үүргийг бүрэн хүлээнэ гэж заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хангах нөхцлийг эцсийн байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрэн хариуцна гэж заасан байдаг.

Хяналтын хуудсаар тус тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн 11-тэй хоёр утасны дугаар уруу тусгай зөвшөөрөл дуусгавар цуцлах, дуусгавар болохыг хариуцсан мэргэжилтэн залгахад хариу өгөхгүй байсан. 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэсэн огноог нь харандаагаар тэмдэглэсэн дотоод хяналтын хуудас хавтаст хэрэгт авагдаагүй байсныг авч ирсэн. Утасны дугаартай маргах зүйл байхгүй. Өргөдлийг анх бүртгэхэд, шинээр бүртгэлд орж байхад нэмж бүртгэдэг, хуучин бүртгэл гэж байхгүй. К7 маягтад бүртгэгдсэн утасны дугаараас гадна өөр мэргэжлийн болон шаардлагатай үед холбоо барих хүний утасны дугаар байна уу гэж асуухад нэмж бүртгүүлдэг. Энэ бүртгэлийг зориудаар шинээр нэмж бүртгэгдсэн бүртгэл гэж үзэж байна. Учир нь энэ бүх бүртгэлийг би өөрөө хийсэн.

Тусгай зөвшөөрөл өмнө нь эзэмшиж байсан, манайд бүртгэлтэй компани байвал Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн системээс регистрийн дугаар автоматаар дуудагдаж шууд тус компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл бүртгэгддэг юм. Энэ бүртгэлийг би нэг бүрчлэн шивж оруулсан. Шаардлагатай дугаар гэдэг утгаар асуухад энэ дугаарыг бичүүлсэн гэж үзэж байна. Компанийн албан ёсны бүртгэлд 9911, 11-тэй дугаар байдаг бөгөөд тэдгээр дугаар уруу залгахад ихэвчлэн дуудлага авахгүй, холбогдох боломжгүй байдаг тул шаардлагатай дугаар гэж тус компанийн геологич, мэргэжилтэн, менежер гэх мэт хүний утасны дагаар байна уу гэж асууж бүртгэдэг. Тухайн бүртгэлийг би энэ өнцгөөс харж байна. Энэ бүртгэлийг нэг бүрчлэн шивж оруулсан тул өмнө байсан компанийн бүртгэл албан ёсоор хуулагдаж ордог гэдэг ойлголт байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь.

            Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай 194 дүгээр шийдвэрийн дагуу[1][1] С.и ХХК нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Зуун мод нэртэй 24.55 гектар газарт XV-013677 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигч болсон ба 2017 онд хамаарах тусгай зөвшөөрлийн төлбөрөө[2][2] төлсөн байна.

Хариуцагч захиргааны байгууллагаас С.и ХХК-нд 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдахыг мэдэгдэж, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 7/3242 албан бичгийг С.и ХХК- /БЗД, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 62-60, утас 99030088/-ийн өргөдөлд бүртгүүлсэн шуудангийн хаягаар хүргүүлсэн, харин шуудангийн илгээмжийг хүргэх байгууллагын хаягт очиход хүнгүй, мэдэгдэл үлдээхэд ирж аваагүй, утас-орох ярианы эрх хаагдсан гэх шуудан хүргэгчийн гарын үсэгтэй магадалгаа 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр захиргааны байгууллагад буцаагдсанаар захиргааны байгууллага 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 577 дугаар шийдвэрээрээ[3][3] Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй хэмээн С.и ХХК-ийн XV-013677 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Нэхэмжлэгч нь дээрх актыг[4][4] маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргахдаа мэдэгдэх, сонсгох, оролцоог нь хангах зарчмыг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй хэмээн маргаж байгаа бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлтэй хаягаар, шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцсэн, тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрөө алдангийн хамт төлөх боломжтой хугацаанд төлж, баримтаа ирүүлээгүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болсон хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д: тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т: тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж тус тус зааснаар XV-013677 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох С.и ХХК жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч С.и ХХК-ийн хувьд, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан зохицуулалтын дагуу шуудангийн хаягаар хүргүүлсэн хариуцагч захиргааны байгууллагын мэдэгдлийг хүлээн аваагүй, харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг мөнхүү шуудангийн хаягаар хүлээн авсан байна. С.и ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаанаас[5][5] үзэхэд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 62-60 тоот гэж бүртгэгдсэн ба захиргааны байгууллагаас мэдэгдэл хүргүүлсэн хаягтай таарч байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-ийг хэрэгжүүлээгүй, мэдэгдээгүй, төлбөрөө төлөх боломж олгоогүй гэх тайлбарыг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Яагаад гэвэл, хэдийгээр утасны дугаар нь хуулийн этгээдийн нэр дээр байгаа дугаар биш, энэ нь шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож, үүнд хэргийн оролцогчид маргахгүй боловч компанийн оршин байрлаж байгаа хаяг нь өөрчлөгдөөгүй, зөвхөн утасны дугаар буруу байсан гэх үндэслэлээр захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгч нь ээлжит жилийн төлбөрөө төлөөгүйгээс гадна хуулиар олгосон боломжит хугацаа болох Ашигт малтмалын тухай хуулийн 34.6-д: энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д: энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан зохицуулалтын дагуу төлбөрөө алдангийн хамт төлөх эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д: хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, мөн зүйлийн 11.2-т .... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэсэн хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан тухай шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх удирдлага Д.Э өвчтэй байсан, компанийн бусад ажилтнууд төлбөр төлөх хугацааг тодорхой мэдэхгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлох холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах асуудлыг зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.и ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 17 өдрийн 577 дугаар шийдвэрийн С.и ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.и ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-01367** тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б