| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 114/2025/0021/З |
| Дугаар | 221/МА2025/0653 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0653
Ц.Цийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 114/ШШ2025/0036 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Ц
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 114/2025/0021/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 114/ШШ2025/0036 дугаар шийдвэрээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.10, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Цоос Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны А/56 дугаар захирамжийн биелэлтийг хангаж гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 22,438,377 төгрөгийн нөхөх олговор олгох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 77.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргаас нэхэмжлэгч Ц.Цид холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар баг, Энхтал туслах аж ахуйн суурьшлын бүсэд гарсан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ 12,000,000 төгрөг, цахилгааны зардал 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардал 2,380,687 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг Ц.Цоос гаргуулж, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 100190155001 тоот Төрийн сангийн дансанд олгуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг мөн адил хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Маргаан бүхий захирамжаар нүүлгэн шилжүүлэх зардлыг 100.000 төгрөг байхаар шийдвэрлэсэн нь олон тооны мал, туслах аж ахуй эрхэлдэг нэхэмжлэгч Ц.Цийг бодитоор шилжин суурьших боломжоор хангаагүй, бодит нөхцөлд тохироогүй шийдвэр болсон. Энэ нь бидний зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 22,438,337 төгрөгийн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой тогтоосон зардлаар тогтоогдоно.
2.2. Нэхэмжлэгч нь А/56 дугаар захирамжтай маргаагүй боловч гагцхүү Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн нэмэлт нөхцөлийг захирамждаа тусгах замаар тээврийн зардал 100.000 төгрөгийг өөрчлөн боломжит дүнгээр нэмэгдүүлэхийг хүсэж байна.
2.3. Шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан “үр нөлөөтэй байх” зарчмыг зөрчиж байна.
2.4. Засаг даргын шийдвэр үр нөлөөтэй байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд эргээд өр төлбөрт орох эрсдэлийг бий болгосон. Төрийн үйл ажиллагаа иргэнээ хохироох ёсгүй байх хууль ёсны итгэлийг хамгаалж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Цоос Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны А/56 дугаар захирамжийн биелэлтийг хангаж гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхөх олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 22,438,377 төгрөгийн нөхөх олговор олгох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргаас нэхэмжлэгч Ц.Цид холбогдуулан “Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар баг, Энхтал туслах аж ахуйн суурьшлын бүсэд гарсан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ 12,000,000 төгрөг, цахилгааны зардал 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардал 2,380,687 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг Ц.Цоос гаргуулж, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 100190155001 тоот Төрийн сангийн дансанд олгуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан.
4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:
4.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 35.1.13-д “энэ хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох журам батлах;”, 35 дугаар зүйлийн 35.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах журмыг батална:”, 35.2.2-т “мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам”, Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Хот, тосгоны нутаг дэвсгэрт дараахь бүсчлэлийг хот байгуулалтын норм ба дүрэм, журмын дагуу төлөвлөж тогтооно:”, 13.1.5-д “хөдөө аж ахуйн бүс;”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Хөдөө аж ахуйн бүсэд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх газар, хөдөө аж ахуйн чиглэлийн барилга байгууламж байрлах, хадлангийн зориулалтаар ашиглах нутаг дэвсгэрийг төлөвлөнө.” гэж тус тус заасан.
4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хөдөө аж ахуйн бүсэд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх газар хөдөө аж ахуйн чиглэлийн барилга байгууламж байрлах, хадлангийн зориулалтаар ашиглах нутаг дэвсгэрийн бүсчлэлийг хот байгуулалтын норм ба дүрэм, журмын дагуу төлөвлөж холбогдох журмыг батлах нь тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарахаар зохицуулсан байна.
4.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Мал, туслах аж ахуй эрхлэлтийг хориглох бүсийг тогтоох тухай” 14 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Дархан сумын мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн эргэлтийн цэгийн солбицлын жагсаалт болон зураглалыг хавсралтаар баталж, 2 дахь заалтаар мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил хязгаарын өөрчлөлтөд хамрагдах мал, туслах аж ахуйтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх, холбогдох бусад арга хэмжээг авч ажиллахыг Дархан сумын Засаг даргад даалгасан.
4.4. Энэхүү тогтоолын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай” А/56 дугаар захирамжаар “… багийн нутаг дэвсгэрт байгаа туслах аж ахуйг /гахай/, 4, 5, 7, 8, 15 дугаар багийн мал бүхий өрхүүдийг холбогдох хууль, журмын дагуу “Эрчимжсэн мал аж ахуй”, “Туслах аж ахуй”-н суурьшлын бүсэд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нүүлгэн шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Дээрх иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон сумын Засаг даргын захирамж нь хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгчээс дээрх үйл баримттай холбогдуулан маргаагүй.
4.5. Мөн нэхэмжлэгч Ц.Ц нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга болон Орхон сумын Засаг дарга нартай 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаар “Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах” гурван талт гэрээг байгуулсан байна.
Тус гэрээний 3.1-д “Гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болно”, 3.2-т “Гэрээний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар талууд харилцан тохиролцож нэг удаа сунгаж болно”, 4.2-т “Эрчимжсэн мал, аж ахуйн шинэ суурьшлын бүсэд байрлах газрын мэдээлэл, Байршил: Орхон сум, Энхтал 2 дугаар баг, Ноёнхонгор, талбайн хэмжээ 10.000 м.кв, зориулалт Туслах аж ахуй эрхлэх, Нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг талууд дор дурдсанаар харилцан тохиролцов, А тал: Туслах аж ахуйгаа нүүлгэн байршуулах зардлыг өөрөө хариуцна, Б тал: нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шатахууны зардалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх”, 4.3-т “шилжин суурьших хугацаа 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр” гэж тусгаж, Дархан сумын болон Орхон сумын Засаг дарга нар нь Орхон сум, Энхтал 2 дугаар баг, Ноёнхонгор гэх газарт 10.000 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр Батламж олгосон үйл баримт тогтоогдсон байна.
4.6. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн туслах аж ахуйг хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйн бүсэд шилжүүлэхээр харилцан тохиролцсон, эдгээр гэрээтэй холбогдуулан маргаагүй, гэрээний хугацаа дуусгавар болсон байна.
4.7. Энэ талаарх анхан шатны шүүхийн “… Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны А/56 дугаар захирамж нь Ц.Цийг амьдарч буй өмчлөлийн газраасаа нүүх, уг газрыг чөлөөлөхийг бус, харин Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа туслах аж ахуй /гахай/-г гэр хорооллын суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбоотой асуудлыг зохицуулсан байна … ” гэх агуулга бүхий дүгнэлт үндэслэлтэй.
4.8. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.10-д “"хот, суурин газрыг дахин хөгжүүлэх" гэж архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцүүлэн хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах цогцолбор үйл ажиллагааг;” гэж заасан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрын дахин хөгжүүлэх, үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын 1.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл (цаашид “төсөл” гэх) хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд олгох нөхөх олговрын хэлбэр, хэмжээг тогтоох, олгохтой холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна”, 1.2-т “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь эрх ашиг нь хөндөгдөж буй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд энэхүү журмын 3.1-д заасан нөхөх олговрын үнэлгээний зүйлийг урьдчилан тохиролцож, үнэлсний үндсэн дээр олгох төлбөрийг нөхөх олговор (цаашид “нөхөх олговор” гэх) гэж ойлгоно” гэж тус тус заасан байна.
4.9. Дээрх хууль болон нарийвчилсан журмаар хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцаа буюу дахин төлөвлөлтөд орж буй газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг зохицуулсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэлтэй дүгнэсэн байна.
4.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.
Тодорхой шийдвэр гаргуулахыг “даалгах” нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын хууль бус “эс үйлдэхүй”, эсвэл “татгалзсан шийдвэр” байхын зэрэгцээ түүний улмаас нэхэмжлэгчийн (шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан байх) эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь бодит нөхцөл байдалд тогтоогдсон; мөн нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг гаргах үндэслэл байгаа (захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах) асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байх учиртай.
4.11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчаас эс үйлдэхүй гаргасан эсхүл нэхэмжлэгчээс гаргасан өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Засаг даргын зүгээс 2023.04.17-ны өдөр 01/430 дугаар хариу мэдэгдлээр ... нүүлгэлтийн шатахууны зардалд 100,000 төгрөг зарцуулахаар төсөв батлагдсан тул таны нэхэмжилсэн зардлыг олгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэх утга бүхий гомдлын хариу нь Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчсөн эс үйлдэхүй юм” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4.12. Ийнхүү шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх хэдий ч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хуулийн зорилт, нэр томьёоны тодорхойлолтыг тусгасан “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3” гэсэн хэсгийг хассан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
5. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2025/00011 дүгээр тогтоолоор Ц.Цийн нэхэмжлэлтэй, Дархан Уул аймгийн Засаг даргад холбогдох 22,438,337 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Ц.Цоос 29,018,071 төгрөг гаргуулах тухай хариуцагч Дархан Уул аймгийн Засаг даргын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Маргааны үйл баримтад хамаарах Засаг даргын захирамж болон түүн дээр үндэслэн хийгдсэн гурван талт гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа байх бөгөөд зохигчдын хооронд үүссэн маргааныг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д нийцэхгүй бөгөөд үүнийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан ...” гэж дүгнэж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг дүгнээгүй.
5.1. Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “... энэхүү маргаан нь Дархан сумын Засаг дарга, Орхон сумын Засаг дарга болон иргэн Ц.Ц нарын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай “Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээ”-ний үүрэгтэй холбоотойгоор үүссэн маргаан тул уг гэрээний 1 тал болох Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй ...” гэж дүгнэж, уг нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5.2. Тодруулбал, Дархан сумын Засаг дарга, Орхон сумын Засаг дарга болон иргэн Ц.Ц нарын хооронд байгуулсан гурван талт гэрээгээр нэхэмжлэгч Ц.Цид олгохоор шийдвэрлэсэн 10.000 м.кв газар нь Орхон сумын нутаг дэвсгэрт хамаарах газар байх тул тус газрын суурь үнэлгээний анхны үнэ болох 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрх бүхий этгээд нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга биш, уг асуудлаар шууд нэхэмжлэх эрхгүй байхад анхан шатны шүүхээс үүнийг анхааралгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу юм.
5.3. Мөн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай” 14 дүгээр тогтоолоор Орхон сум, Энхтал багт байрших эрчимжсэн туслах аж ахуйн суурьшлын бүсийн дэд бүтэц, худаг зэрэг нь Орхон сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байх тул Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга нь “газрын суурь үнэлгээний анхны үнэ болох 12,000,000 төгрөг, цахилгааны зардал 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардал 2,380,687 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг” нэхэмжлэгч Ц.Цоос гаргуулах эрхгүй этгээд байна.
5.4. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж тус тус зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргаас нэхэмжлэгч Ц.Цид холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар баг, Энхтал туслах аж ахуйн суурьшлын бүсэд гарсан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ 12,000,000 төгрөг, цахилгааны зардал 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардал 2,380,687 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг Ц.Цоос гаргуулж, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 100190155001 тоот Төрийн сангийн дансанд олгуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
6. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 114/ШШ2025/0026 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3” гэснийг хасаж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар баг, Энхтал туслах аж ахуйн суурьшлын бүсэд гарсан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ 12,000,000 төгрөг, цахилгааны зардал 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардал 2,380,687 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг Ц.Цоос гаргуулж, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 100190155001 тоот Төрийн сангийн дансанд олгуулах” шаардлага бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Цийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.ОДМАА