Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 12

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ж.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Э.Сайханаа,

гэрч Б.Болормаа, У.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэлд холбогдох эрүүгийн 201608000043 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 1966 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-54 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ66060903 дугаарын регистртэй, Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэл

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Ж.Оюунгэрэл нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа У.Энхжаргалын /хээл хахууль өгөгч/ байнгын ажлын байртай болох гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар У.Энхжаргалыг ажилд авах, мөн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар туслах багшаар ажиллуулахдаа У.Энхжаргалаас 2013 оны 04 дүгээр сарын сүүлээр 500.000 төгрөгийн хээл хахуулийг /өөрөө/ авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нараас

            1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Ж.Оюунгэрэл:

У.Энхжаргал нь 2009 онд манай цэцэрлэгт ажиллаж байгаад 2010 онд ажлаас чөлөөлөгдсөн. Тэгээд өөр цэцэрлэгт ажиллаж байгаад 2013 оны 02 сард гал тогооны туслахаар жирэмсний амралттай хүний оронд ажилд орсон. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн дагуу цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд гэрээр нь очиж явуулын сургалт хийдэг орон тоо байдаг. Энэ орон тоон дээр туслах багш Уранцацралыг түр томилон У.Энхжаргалыг туслах багш болгосон. Уранцацрал нь тухайн сургалтыг хийж дууссаны дараа албан тушаал дээрээ томилогдоход У.Энхжаргал нь цагаан хэрэглэл угаагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа У.Энхжаргал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар хугацаатай гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд жирэмсний амралттай хүн ажилдаа ороход У.Энхжаргал ажлаас чөлөөлөгдсөн гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч У.Энхжаргал:

Би 2013 оны 02 дугаар сард туслах тогоочоор ажилд орсон. 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр туслах багш болсон. Тууштай ажлын байртай байхын тулд мөнгө өгсөн. 2013 оны 04 дүгээр сарын 20-д гарч байсан. Дөнгөж цалин буусан байсан. Миний цалин, манай нөхрийн цалин 2 буугаад мөнгө өгсөн. Ажлынх нь өрөөнд өгсөн. 04 дүгээр сарын сүүлээр өгсөн санагдаж байна. Мэргэжилтэн Б.Болормаа эгчид эрхлэгч Оюунгэрэлд 500.000 төгрөг өгсөн талаараа эмнэлэгт хэвтэж байхад нь хэлж байсан гэв.

 

            1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Б.Болормаа:

Ж.Оюунгэрэл багшид 500000 төгрөг өгсөн гэж ярьж байсан. У.Энхжаргал бид хоёр хамт эмнэлэгт хэвтэж байсан. Тэр үед хэлсэн. Оныг санахгүй байна. 2-3 жилийн өмнө байсан шиг санагдаж байна. 11 дүгээр сард эмнэлэгт хэвтэж байсан. 2013 он байсан шиг санагдаж байна. Өглөө шинжилгээ өгч байхад У.Энхжаргал надтай тааралдсан. Яриан дундаа л мөнгө өгсөн гэж хэлж байсан.

У.Энжаргал ажил үүргийн хувьд олон цэцэрлэгээр явсан. Орсон гарсан цэцэрлэгийн эрхлэгчийн талаар янз бүрийн зүйл хэлж байсан. Би тэрийг нь ойшоож авч үзээгүй. Яриан дундаа хэлсэн үгийг нь л хэлсэн. Бусад ярьж байгаа зүйлүүд худлаа үнэн л зөндөө л юм байсан. Ганцхан энэ цэцэрлэг биш 3-4 цэцэрлэг сэлгэж ажилласан хүн. Хувь хүн талаас нь ч бай, ажил албаны хувьд ч бай янз бүрээр ярьж байгаа нь зөв төлөвшилтэй зөв хүн гэж үнэлдэггүй. Гомдол санал байвал албан ёсоор хандахгүй дандаа хүнээр дамжуулж хов болгож, албан өрөөнд бус энэ, тэнд юм ярьж явдаг. Би аль, алийг нь тооддогүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч У.Золзаяагийн:

“...У.Энхжаргал нь манай төрсөн дүү бөгөөд Говьсүмбэр аймагт нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг, У.Энхжаргалын нөхөр Б.Буяндалай нь нефт хангамжийн газарт ажилладаг, түүний нэг охин гэртээ хүүхдээ хардаг, нэг охин нь Улаанбаатар хотод СУИС-н хоёрдугаар курсийн оюутан, бага хүү нь Говьсүмбэр аймгийн дунд сургуульд 8 дугаар ангид сурдаг шиг санагдаж байна. У.Энхжаргал нь 1981-1991 он хүртэл Говьсүмбэр аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд гутлын курст 3 сар сурсан. Би он сарыг нь санахгүй байна. Ямар ч байсан туслах багшийн курс болон тогоочийн курс төгссөн.

Одоогоор манай дүү ажилгүй байгаа. Харин З.Болормаатай болохоор 2008-2013 он хүртэл Нийслэлийн боловсролын газарт хамт ажилладаг байсан. З.Болормаа сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн бөгөөд тухайн үед би дүү У.Энхжаргалыг З.Болормаад манай дүү туслах багшийн мэргэжилтэй хүн юм ажил мэдэж байгаарай гэж хэлж байсан. Дараад нь У.Энхжаргал Говьсүмбэр аймгийн 2 дугаар цэцэрлэгт ажилд орсон байсан. Би энэ хүмүүст мөнгө төгрөг өгөөгүй. Энэ хүмүүс надад туслах гэж л Говьсүмбэр аймгийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунгэрэлд миний дүүгийн талаар хэлсэн байх. Манай дүү У.Энхжаргал хаанаас ямар мөнгө төгрөг авч Ж.Оюунгэрэлд өгсөн талаар мэдэхгүй байна. Уг нь бол У.Энхжаргалд бэлэн 500,000 төгрөг байх ёсгүй гэж бодож байна. Би доороо 4 эмэгтэй дүүтэй юм. Манай дүү нар уг надаас зарим асуудлаа ярьж хэлдэг...” /хх-ийн 86 дугаар хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч З.Болормаагийн:

“...1986-1990 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 1 дүгээр 10 жилд бага ангийн багш, 1993-2001 он хүртэл Баянзүрх дүүргийн 22-р цэцэрлэгт арга зүйч, Баянзүрх дүүргийн 50 цэцэрлэгийн эрхлэгч, 2001 оноос өнөөдрийг хүртэл Нийслэлийн боловсролын газарт ажиллаж байна. Би У.Энхжаргалыг түүний эгч У.Золзаяагаар дамжуулан таньдаг болсон. У.Энхжаргалын эгч Нийслэлийн боловсролын газрын нярав хийдэг байсан. ХУД-н нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаа гэсэн. Анх У.Золзаяа над дээр хүрч ирээд миний ядарсан дүү байдаг юм. Та манай дүү У.Энхжаргалыг ажилд оруулаад өгөөч гэж гуйж байсан. У.Энхжаргал Говьсүмбэр аймагт амьдардаг ядарсан хүүхэн байдаг юм гэж байсан. Тэгэхээр нь би Говьсүмбэр аймгийн боловсролыг хариуцсан Болормаад У.Золзаяагийн дүүг ажилд оруулах гэсэн юм. Говьсүмбэр аймгийн цэцэрлэгт туслах багшийн орон тоо байна уу гэж асуусан. У.Золзаяа ч гэсэн өөрөө Болормаатай ярьсан гэдэг байсан. Би У.Золзаяад өөрөө Болормаатай яриач гэж хэлэхээр би ярьсан байгаа. Та бас дахиад хэлээд өгөөч гэдэг байсан. Мөн дээрээс нь У.Золзаяа, Болормаа хоёр нэг ангийн хүүхдүүд гэж сонсож байсан. У.Золзаяа хэд хэдэн удаа надаас дүүгээ ажилд оруулж өгөх талаар гуйдаг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа У.Золзаяа надтай уулзахаа байсан чинь дүү У.Энхжаргал ажилд орсон байсан. Би энэ хүнийг ажлын шугамаар таньдаг болсон. МННХ-н Соросын сан Алхам алхмаар хөтөлбөрт хамрагдсан цэцэрлэгийн эрхлэгч байсан. Би өөрөө сургагч багш байсан. Тэгээд бид хоёр анх танилцаж байсан. Ер нь бол хөдөө шалгалтаар явж байгаад таньдаг болсон...” /хх-ийн 87 дугаар хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Долгорсүрэнгийн:

“...Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуульд 2011 оноос 2013 он хүртэл тогоочийн бэлтгэгч хийдэг байсан. 2014 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгт туслах тогоочоор ажилд ороод одоог хүртэл ажлаа хийж байна. Манай гурван хүүхэд энэ цэцэрлэгт явдаг байсан. Тэгээд энэ цэцэрлэгт ажил байна гэдгийг мэдээд Ж.Оюунгэрэл даргад өргөдөл бичиж өгөөд ажилд орж байсан. Би анх хүүхдээ өгснөөс хойш Ж.Оюунгэрэлийг таньдаг болсон...” /хх-ийн 90 дүгээр хуудас/

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Э.Солонгын:

“...Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгт 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлчлэгчээр ажилд анх ороод одоог хүртэл үйлчлэгчийн ажлаа хийж байна. Би энэ ажлаас өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй. Намайг анх Ж.Оюунгэрэл дарга авч байсан. Би хэн нэгэн хүнд буюу Ж.Оюунгэрэлд мөнгө төгрөг өгч байсан удаа байхгүй. Би тухайн үед аймгийнхаа хөдөлмөр зуучлалын албанд бүртгүүлсэн байсан. Би туслах багш болох гээд туслах багшийн үнэмлэхийг Ж.Оюунгэрэлээр гаргуулан авсан. Тэр үед туслах багшийн сургалтанд хамрагдаж чадаагүй. Би Ж.Оюунгэрэлээс туслах багшийн үнэмлэх авъя гэж гуйгаагүй. Энэ хүн өөрөө авах уу гэж надад санал тавьж байсан. Би туслах багшийн үнэмлэхийг 200000 төгрөгөөр авсан. Ж.Оюунгэрэлд 200000 төгрөг бэлнээр өгч байсан. Намайг 200000 төгрөг өгч байхад хэн нэгэн хүн байгаагүй. Би ажлын өрөөнд нь өгч байсан. Намайг гэрчлэх хүн байхгүй. Надаас өөр Чулуунаа гэдэг хүн туслах багшийн үнэмлэх авсан. Манай цэцэрлэгийн нягтлан бодогч Бямбасүрэн намайг өрөөндөө дуудаад данс руу чинь хэдэн төгрөг хийх гэсэн юм. Чи өргөдөл бичээд өг гэхээр нь өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед миний хүүхэд дутуу төрсөн болохоор тэр тухайгаа бичээд өг гэхээр нь бичээд өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа чиний дансанд мөнгө орсон байгаа. Тэр мөнгийг Ж.Оюунгэрэл даргад өгөөрэй гэж хэлсэн. Дараад нь дансаа шалгаад үзсэн чинь 250000 төгрөг байхаар аваад нь Ж.Оюунгэрэлд өгсөн. Энэ мөнгийг өгөх үед хэн нэгэн хүн байгаагүй. Энэ мөнгөөр манай дарга ажилтан нартаа тоорт авч өгсөн. Ер нь бол жил болгон тоорт өгдөг юм. Би 200000 төгрөгөө нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ө.Ширмэнгинжийн:

“...1978-1988 он хүртэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр 10 жилийг төгссөн. 2007-2011 оны хооронд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг төгссөн. Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгт 1994 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Анх ажилд орж байхдаа туслах багш, тогооч зэрэг ажил хийж байгаад одоо багшийн ажлыг хийж байна. Намайг анх Гантөмөр дарга авч байсан. Энэ хүн манайд ажилладаг байсан. Манайд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. У.Энхжаргал хүний оронд ажиллаж байгаад гэрээний хугацаан дуусаад гарсан. Одоогоос 3-4 жилийн өмнө миний амьдарч байсан миний төрсөн эгч Ө.Ширмэнгинжийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг баянхошууны 3-04 тоотод байсан байшин хамаг юутайгаа шатсан. Тэр дотор миний диплом байсан. / Манай эгч надтай адилхан нэртэй юм/ Би өөрөө энэ сургуульд сураад дээд боловсролтой болсон. Хэн нэгэн хүн надад диплом гаргаж өгөөгүй. Надад Ж.Оюунгэрэл диплом гаргаж өгөөгүй. Хамаг эд зүйл шатсан болохоор надад ямар нэгэн баримт байхгүй...” /хх-ийн 93 дугаар хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Төмөрчөдөрийн:

“...Би эхнэр Ж.Оюунгэрэлийг хэдээс хэдэн онд сургууль төгссөн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан бид хоёр 1988 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд танилцаж байсан. Намайг танилцаж байхад манай эхнэр цэцэрлэгийн багш хийдэг байсан. Бид хоёр 1988 онд гэр бүл болсон. Эхнэр Ж.Оюунгэрэл эцэг эхээс наймуулаа бөгөөд доороосоо 2 дахь хүүхэд юм. Ж.Оюунгэрэл 3 ах, 3 эгчтэй, 1 дүүтэй юм. Одоогийн байдлаар бол эцэг, эх, ах, эгч нар нь нас нарсан. Бид хоёр гэр бүл болоод 3 хүүхэдтэй болсон. Манай том хүүхэд ажилгүй гэртээ байдаг. Дунд охин маань тээвэр зуучлалын ХХК-нд ажилладаг. Бага хүүхэд маань сургуульд сурч байгаа. Ж.Оюунгэрэл ажил төрөлдөө сайн, дөлгөөн зантай, ар гэртээ халамжтай, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, гэр бүлийн маань түшиг тулгуур болсон хүн юм. Хамт ажиллаж байсан цэцэрлэгийн багш мөнгө авсан гээд гүтгээд байна гэсэн. Манай эхнэр хэн нэгэн хүнээс мөнгө авах хүн биш. Эхнэр бид хоёр 2014 онд байр авах гээд эхнэр 3 орчим сая төгрөг, би тэтгэврийн зээл 10 орчим сая төгрөг авсан. Банк миний тэтгэврийн дэвтрийг хураагаад авсан. Эхнэрийн зээлийг цалингаас авдаг. Би хэдэн төгрөг авдаг талаар мэдэхгүй байна. У.Энхжаргалыг өмнө нь харж байсан. Гэхдээ сайн танихгүй...” /хх-ийн 96 дугаар хуудас/,

 

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Сүрэнжавын:

“...Энэ мэдээллийг аймгийн 2 дугаар цэцэрлэгт ажилладаг Ж.Оюунгэрэлд холбогдуулан аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Ер нь бол энэ хүний ажил дээр нь очиж шалгахад их дутагдалтай байдаг байсан. Бас энэ хүний талаар хүмүүс янз бүрийн мэдээлэл өгдөг байсан болохоор энэ бүгд үндэслэлтэй гэж бодоод цагдаад доорх мэдээллийг өгсөн. Ж.Оюунгэрэл нь тус цэцэрлэгийн ажилтан Солонго, Чулуунаа нарт туслах багшийн үнэмлэх гаргаж өгсөн байсан. Үүнийг бол Солонго өөрөө надад хэлсэн. Багш нарт тусламж олгох нэрээр багшийн нэр дээр мөнгө гаргаж авсан байсан. Энэ мэдээллийг тус цэцэрлэгийн ажилтан Солонго надад хэлсэн. Ширмэнгинжид хуурамч диплом 2 сая төгрөгөөр Ж.Оюунгэрэл гаргаж өгсөн гэсэн. Энэ талаар хүмүүс надад хэлдэг байсан. Тус цэцэрлэгийн ажилтан байсан У.Энхжаргал нь Ж.Оюунгэрэлд 500,000 төгрөг өгсөн гэсэн. Энэ талаар У.Энхжаргал өөрөө гомдол гаргасан байсан. Долгорсүрэн гэдэг багш Ж.Оюунгэрэлд өвлийн идэш өгсөн гэх асуудлуудыг шалгуулахаар өгсөн. Дээрх мэдээллүүдийн зарим нь нотлогдсон гэж бодож байна. Харин зарим мэдээллүүдийг нь хүнээс сонсож байсан. Энэ талаар У.Энхжаргал өөрөө гомдол гаргасан байсан. Тийм болохоор энэ асуудлыг бодитой гэж үзсэн юм. Ширмэнгинжтэй холбоотой асуудлыг хүнээс сонсож байсан. Яг Ж.Оюунгэрэлтэй холбоотой гэдгийг мэдэхгүй байна. Бид хоёрт ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Би энэ хүнийг 1998 оноос таньдаг болсон. Би дээрх мэдээллүүдийг хүнээс сонсож байсан. Яг хэнээс сонсож байсан талаар санахгүй байна...” /хх-ийн 97 дугаар хуудас/,

 

2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Буяндалайгийн:

“...У.Энхжаргал бид хоёр 1994 онд гэр бүл болсон. Би эхнэр У.Энхжаргалыг ямар ямар сургууль төгссөн талаар мэдэхгүй байна. Урьд нь би өөрөөс нь асууж байгаагүй юм байна. Бид хоёр гэр бүл болоод гурван хүүхэдтэй болсон. Манай том хүүхэд гэрт ажилгүй байгаа. Дунд хүүхэд маань Улаанбаатар хотод оюутан, бага хүүхэд маань энэ аймагт сурдаг. У.Энхжаргал эцэг, эхээс долуулаа бөгөөд дээрээ хоёр ах, нэг эгчтэй, доороо гурван дүүтэй. У.Энхжаргалын зан байдлын хувьд хэлээд байх зүйл байхгүй. Миний хувьд маш сайн эмэгтэй л гэж хэлнэ. У.Энхжаргал тогооч, туслах багшийн сургалтад хамрагдаж байсан. Би хэзээ хэдэн онд хамрагдаж байсан талаар санахгүй байна. Би 1993 оноос хойш Говьсүмбэр аймгийн НИК ХХК-нд 20 орчим жил ажиллаж байна. Энэ газраас өөрөө газар ажиллаж байгаагүй. У.Энхжаргал Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Яг хэзээ ажлаасаа гарсан талаар мэдэхгүй байна. Манай эхнэр энэ талаар ярьж байсан. Гэхдээ би яг хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эрхлэгч Ж.Оюунгэрэлд мөнгө өгнө гээд байдаг байсан. Би ямар учраас өгсөн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан өгнө гэдэг байсан. Би гэртээ ер нь байдаггүй болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна. У.Энхжаргал мөнгө өгнө гэдэг байсан. Би цалингаа буухаар эхнэр У.Энхжаргалд бүтнээр нь өгдөг байсан. Тэр мөнгөнөөс авч өгсөн байх. Тухайн үед цалинтай хүн нь би байсан. Бас хэдэн жил ажилласан бага зэрэг мөнгө байгаа...” /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн гэрч Б.Буяндалайгийн:

“...2013 онд манай байгууллага цалингаа дандаа бэлнээр өгдөг байсан. харин сүүлд картаа өгдөг болсон. Би энэ талаар мэдэхгүй байна. Би өөрөө энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай эхнэр У.Энхжаргал, Ж.Оюунгэрэлд мөнгө өгдөг юм билүү гэж ярьдаг байсан. Би эхнэр У.Энхжаргалыг мөнгө өгч байхыг хараагүй. Надад мөнгө өгнө гэж ярьж байснаа хэлсэн юм бол уу? Түүнээс биш би мөнгө өгч байхыг хараагүй. Тэр хоёрын хажууд байгаагүй. Ямар ч байсан мөнгө өгнө гэдэг байсан. Бид хоёрт ямар нэгэн банканд хадгаламжийн дэвтэр байхгүй. Хэрэг болох үед гар дээр 600000-700000 төгрөг байсан шиг санагдаж байна. Энэ мөнгийг эхнэр бид хоёр л мэднэ...” /хх-ийн 100 дугаар хуудас/,

 

2.9. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ж.Эрдэнэчулууны:

“...2009 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Чойр хотод очсон чинь туслах багшийн сургалт болж байхаар нь 50000 төгрөг төлөөд сургалтад 5 хоног хамрагдаж байсан чинь ээжийн бие өвдөөд байхаар нь сургалтаа хаяад явчихсан. Дараад нь тус аймгийн боловсролын соёлын газрын мэргэжилтэн Б.Болормаагаас гуйж байгаад туслах багшийн үнэмлэхээ гаргуулан авсан. Би Б.Болормаад мөнгө төгрөг өгч туслах багшийн мэргэжлийн үнэмлэх авсан асуудал байхгүй. Би сургалтанд 10 хоног суух ёстой байснаас шалтгаан гараад дундаас нь явсан. Б.Болормааг Боловсрол соёлын газрын сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн гэдгээр танина. Надад ажил хэрэгтэй байсан юм. Тэр жил манай хүүхэд оюутан болох гээд мөнгө хэрэг байсан. Тэгээд ажилтай болчих юм бол хүүхдийнхээ сургалтын мөнгийг төлөх боломжтой байсан. Тийм учраас өмнө суралтад сууж байсан юм чинь үнэмлэхээ авах боломжтой байх гээд Б.Болормаагаас гуйсан юм. Би энэ цэцэрлэгт туслах багш болоод 5 жил ажиллаж байна. Ер нь бол би ажил хийгээд 5 жил болж байна...” /хх-ийн 107 дугаар хуудас/,

 

2.10. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ч.Урангоогийн:

“...Би ажил хийхгүй байж байгаад 2011 оны 01 дүгээр сарын эхээр Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд ороод өнөөдрийг хүртэл ажил хийж байна. 2009 онд Сүмбэр суманд туслах багшийн 10 хоногийн хичээл орох гэж байхаар нь би суух гээд өөрийнхөө нэрийг бүртгүүлсэн боловч ажилтай байсан учраас хичээлдээ сууж чадаагүй. Тэр үед Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Б.Болормаа эгчтэй танилцаж байсан. Дараад нь сургалтад сууж чадаагүй болохоор Б.Болормаа эгчтэй уулзаад туслах багшийн мэргэжлийн үнэмлэх гаргаад өг гэж гуйгаад 50000 төгрөгийн хамт өгсөн. Миний өгсөн мөнгө нь сургалтын буюу хичээлийн мөнгө юм. Тэгээд хэдэн хоногийн дараа Б.Болормаа эгч туслах багшийн үнэмлэх чинь гарсан гэхээр нь очиж авсан. Дараад нь ажилгүй байж байгаад 2011 оны 01 дүгээр сарын эхээр 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. Би тухайн үед эрхлэгч Ж.Оюунгэрэлтэй уулзаад ажилд орж байсан. Хэн нэгэн хүн намайг ажилд оруулж байгаагүй. Манай том хүүхэд хоёрдугаар цэцэрлэгт явдаг байсан бөгөөд Ж.Оюунгэрэлийг тэр үеэс таньдаг болсон. Б.Болормаагаар дамжуулан туслах багшийн үнэмлэх авсан. Энэ хэрэгт Ж.Оюунгэрэл ямар ч холбоогүй. Б.Болормаад 50000 төгрөг л өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Энэ мөнгийг Б.Болормаа сургалтын зардал гэж байсан. Манай байгууллагад У.Энхжаргал, Ж.Оюунгэрэлд мөнгө төгрөг өгсөн талаар яриа гарч байгаагүй. Ер нь бол манай байгууллагад Ж.Оюунгэрэлд мөнгө төгрөг өгч байсан талаар яриа гарч байгаагүй. Би анх удаагаа энэ талаар сонсож байна...” /хх-ийн 108 дугаар хуудас/,

 

2.11. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Чулуунаагийн:

“...Би энэ хүнийг танихгүй байж байгаад 2011 оны 01 дүгээр сарын эхээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгт ажилд орж байсан. Тэр үеэс таньдаг болсон. Энэ хүн манай цэцэрлэгийн эрхлэгч юм. Би анх энэ ажилд угаагч жирэмсэн охин оронд угаагчаар ажилд орж байсан. Тэр жирэмсэн гээд байгаа охин нь манай хажуу айлын хүн байсан. Тэгээд л мэдээд ажилд орсон. 2011 оны 09 дүгээр сард туслах багш болсон. Тэр үед туслах багшийн орон тоо гарч байсан. Би даргад 150000 төгрөг өгөөд туслах багшийн үнэмлэх авч байсан. Тухайн үед би туслах багшийн үнэмлэх байхгүй болохоор дарга Ж.Оюунгэрэлээс гуйгаад авч байсан. Надад одоо энэ мөнгө хэрэггүй. Би хохирсон асуудал байхгүй. Сургалтад хамрагдах боломж гараагүй юм. Надаас өөр хүнд гаргаж өгөөгүй байх. Би туслах багшийн үнэмлэх аваагүй байхдаа туслах багш болсон байсан. Би хэн нэгэн хүнд мөнгө төгрөг өгсөн удаа байхгүй...” /хх-ийн 109 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн гэрч М.Чулуунаагийн:

“...Би 2011 оны 09 дүгээр сар 01-ны өдөр туслах багшаар ажилд орсон. Өмнө нь бол 2011 оны 01 дүгээр сарын эхээр угаагчаар ажилд орж байсан. Би Ж.Оюунгэрэлээс гуйж байгаад туслах багшийн үнэмлэх авч байсан. Би энэ хүнтэй ямар нэгэн холбоо байхгүй. Би туслах багшийн үнэмлэхийг 2011 онд Ж.Оюунгэрэлээс авч байсан. Би 2009 онд авч байгаагүй. Би 2011 онд ажилд орох үед авч байсан. Энэ чинь хуурамч үнэмлэх болохоор он сар өдөр нь худлаа байгаа юм. Би 2009 онд сургалтад сууж байгаагүй...” /хх-ийн 110 дугаар хуудас/,

 

   2.12. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн У.Энхжаргалын:

“...Би 1981-1991 онд Говьсүмбэр аймгийн 1 дүгээр 10 жилийг төгссөн. 1992- 1993 онд нийтийн ахуйн үйлчилгээнд захиалгат гуталчны чиглэлээр курс төгссөн. 2009 онд 45 хоногийн туслах багшийн курс төгссөн. Би 2013 оны 04 дүгээр сард Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн багш Ж.Оюунгэрэлд 500,000 төгрөгийн хээл хахууль өгсөн. Би 2 дугаар цэцэрлэгт 2010 онд туслах багшаар ажилд ороод жил ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Яагаад гэвэл би хүний оронд ажиллаж байсан. 2012 онд дахин тус цэцэрлэгт туслах тогоочоор ажилд орсон. Энэ ажлыг сар орчим хийж байгаад туслах багш болсон. Туслах багшийг 2012 оны 06 дугаар сар хүртэл хийж байгаад амарсан бөгөөд ажилдаа буцаж орохдоо угаагч хийж байсан. 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа халагдсан. Яагаад ажлаасаа халагдсан бэ гэхээр хүүхдийн идэж байсан хоолны мах муу байхаар нь би энэ мах чинь муу мах байна гэж хэлсэн чинь ажлаас халсан. Тэгээд би тууштай ажилтай болох гээд Ж.Оюунгэрэлийн өрөөнд ороод 500,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг ажиллаж байхдаа өгч байсан. Тухай үед манай нөхрийн цалин буухаар нь нөхрөөсөө авч өгсөн. Дараад нь би ажлаасаа халагдахаар нь ямар учраас халагдаж байгаа талаар асуухад хүний оронд чамайг ажилд авсан байсан. Гэрээний чинь хугацаа дууссан гэсэн. Тэгэхээр нь гэрээгээ үзсэн чинь хугацаан дууссан байсан. Би тууштай ажлын байртай болох гээд өгсөн. Мөнгө өгч байх үедээ тууштай ажлын байртай болох гэсэн юм гэсэн чинь Ж.Оюунгэрэл ямар нэгэн юм хэлээгүй инээж байгаад гарсан. Намайг Ж.Оюунгэрэлд мөнгө өгч байхад хэн нэгэн хүн хажууд байгаагүй. Ер нь бол гэрчлэх хүн байхгүй. Гэхдээ манай нөхөр бол мэдэж байгаа. Намайг тогоочоор хоёр удаа ажилд авсан. Гэхдээ би тогоочоор хоёр сар ажил хийсэн. Надад тогоочийн үнэмлэх байгаа. Би Улаанбаатар хотод 45 хоногийн курст сууж байсан. Манай нөхөр тухайн үед НИК ХХК-д жолоочоор ажилладаг байсан. Манай нөхөр ажил хийснээрээ цалин авдаг байсан. Тухайн үед карт энэ тэр байгаагүй ба шууд бэлэн мөнгөөр цалин бодож өгдөг байсан. Би Ж.Оюунгэрэлд 500,000 төгрөг өгсөн. Надад буцааж өгөөгүй. Би ч мөнгөө авмаар байна гэж Ж.Оюунгэрэл дээр очоогүй...” /хх-ийн 127-128 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч У.Энхжаргалын:

“...Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан зүйл ангийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Оюунгэрэлд 2013 оны 04 дүгээр сарын сүүлээр 500000 төгрөг өгсөн. Би он сарыг нь санахгүй байна. Ямар ч байсан 1994-1995 онд ахуйн үйлчилгээнд ажиллаж байгаад гурван хүүхэд харж байгаад 2009 оны 08 дугаар сараас 2010 оны 05 дугаар сар хүртэл хоёрдугаар цэцэрлэгт ажиллаж байгаад 2009 оны 08 дугаар сарын 19-өөс 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 5 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаад 2012 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 18-ныг хүртэл Хонгорхон цэцэрлэгт ажиллаж байгаад 2013 оны 02 дугаар сарын 18-наас 2014 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр ажлаасаа гарсан. Одоо бол гэртээ зээ хүүгээ харж байгаа. Би урьд нь сэжигтнээр байцаалт өгөх үедээ болсон бүх хэргийн талаар ярьсан. Өмнө өгсөн мэдүүлгээрээ явна. Би 2013 оны 04 дүгээр сарын сүүлээр 500,000 төгрөг өгсөн. Би өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан өөрийн гэсэн цалин орлоготой байсан. Мөн манай нөхрийн цалин сарын сүүлээр буудаг байсан. 2014 оны 04 дүгээр сард ажлаасаа гарсан байж байгаад 2016 оны 01 дүгээр сард хуучин ажлынхаа хүмүүстэй уулзсан чинь чиний дараа 6 сар ажилласан хүн ажлаасаа халагдаад шүүхээр явж байгаад буцаад ажилд орсон. Чи хүнээс асууж байгаад буцаад ажилдаа орооч гэж хэлэхээр нь би хүний эрхийн комисст өргөдөл өгсөн чинь аймгийн цагдаагаас дуудсан. Бид хоёрт ямар нэгэн хадгаламжийн данс байхгүй. Нөхөр бид хоёр 2013 оны 08 дугаар сард цалингийн зээл авсан. Нөхөр бид хоёр өөр ямар нэгэн мөнгөний эх үүсвэр байхгүй. Манай нөхөр ганцаараа ажил хийдэг байсан. Би өмнө нөхөртөө дандаа түр ажлын байр олдоод байна яадаг юм билээ гэж ярьж байсан. Гэхдээ би мөнгө өгсөн талаар нөхөр Б.Буяндалайд хэлж байгаагүй...” /хх-ийн 129-132 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч У.Энхжаргалын:

“...Би өршөөл үзүүлэх тухай хуульд орж хэрэгсэхгүй болсноо хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед түр ажиллаж байсан болохоор байнгын ажлын байртай болох гэж Ж.Оюунгэрэлд 500 000 төгрөг өгсөн. Өмнө нь би дандаа хүний оронд ажиллаж байсан. 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500 000 төгрөгийг Оюунгэрэлд өгсөн. Тухайн үед манай нөхрийн цалин 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буусан. Би нөхрийнхөө цалин болон өөрийнхөө цалинтай нийлүүлж байгаад Ж.Оюунгэрэлд өгсөн. 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2 дугаар цэцэрлэгт туслах тогоочийн оронд түр орсон байсан. 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр туслах багш болсон...” /2 дугаар хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн гэрч У.Энхжаргалын:

“...Эрхлэгч Ж.Оюунгэрэлд 500000 төгрөгийг ажлын өдөр өгсөн. Мөн дээрээс нь шүүх хурал дээр прокурор, шүүгч нар нэг асуултыг хэдэн талаас нь олон удаа асуугаад байсан болохоор би сандраад 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Ер нь бол би мөрдөн байцаалтын шатанд он сараа санахгүй байна гэж анх мэдүүлэг өгсөн. Ж.Оюунгэрэлийг ажлын өрөөнд нь байхад би 500000 төгрөг өгсөн. Тухайн өдөр амралтын өдөр байсан уу? Ажлын өдөр байсан уу? гэдгийг би санахгүй байна. Ямар ч байсан Ж.Оюунгэрэлийг ажлын өрөөнд нь байхад мөнгө өгсөн. Миний цалин сар бүрийн 20-ны өдрөөс хойш цалингийн дансанд орж ирдэг. Манай нөхрийн цалин сарын сүүлээр мөн адил буудаг байсан. Энэ асуудлыг хурдан шийдэж өгнө үү...” /2 дугаар хх-ийн 89 дүгээр хуудас/,

 

2.13. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Болормаагийн:

“...1994 онд цэцэрлэгийн багшийн коллежийг цэцэрлэгийн багш мэргэжлээр төгсөөд 1994-1998 онуудад Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгт багшаар, 1998-2001 онд тус цэцэрлэгтээ эрхлэгчээр, 2001-2008 онуудад Сүмбэр сумын 1 цэцэрлэгт багш, 2008 оноос одоог хүртэл Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёлын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Цэцэрлэгийн эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу багш, ажилчдаа өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд сонгон авч ажилд томилдог байгаа. 2012 онд Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёлын газрын даргын гаргасан тушаалын дагуу цэцэрлэгийн багшаар ажилд авч байгаа тохиолдолд боловсролын газарт сонгон шалгаруулалт явуулаад тэнцсэн багш нараас цэцэрлэгийн эрхлэгч нь сул орон тоон дээрээ сонгож авах журмаар явдаг байсан. Ерөнхийдөө 8 дугаар сард цэцэрлэгийн эрхлэгчээс дутагдалтай байгаа орон тооны судалгааг нь аваад үүнийхээ үндсэн дээр шаардлагатай орон тоон дээрээ сонгон шалгаруулалт зарлаж шалгаруулдаг байгаа. Туслах багшийн тухайд боловсрол, соёлын газраас ямар нэгэн оролцоо байхгүй, цэцэрлэгийн эрхлэгч нь өөрөө сонгож авдаг байгаа. Энэ талаар яг туслах багшийг сонгон шалгаруулалт явуулж шалгаруулж ажилд авна гэсэн журам бол байхгүй. Гэхдээ манай аймгийн цэцэрлэгүүдийн тухайд эрхлэгч нь туслах багшийг сонгож авахдаа комисс байгуулж шалгаруулж авдаг практиктай. Дээд шатны байгууллагаас болоод манай газрын зүгээс үүрэг чиглэл өгч, журамласан зүйл байхгүй. Цэцэрлэгийн туслах багшийн тухайд бүрэн дунд боловсролтой мэргэжлийн сургалтад хамрагдсан, цэцэрлэгт ажиллах сонирхолтой, хүүхдэд хайртай, ажлын туршлагатай хүнийг авч ажиллуулсан байхыг шаарддаг. Туслах тогоочийн тухайд тодорхой тавигдах шаардлага байхгүй, мэргэжлийн тогоочийн үнэмлэхтэй байхыг л шаардана. Д.Энхжаргалын эгч нь Нийслэлийн боловсролын газарт ажилладаг гэсэн. Тэрээр миний таньдаг тус газарт мэргэжилтнээр ажилладаг Болормаагаар над руу Д.Энхжаргалыг туслах багшаар ажилд оруулж өгөөч гэж яриулсан. Миний хувьд манай аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн 5 цэцэрлэгийнхээ эрхлэгч нарт захиж байсан. Удалгүй 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар орсон байсан. 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Оюунгэрэл надад хэлэхдээ Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Болормаа над руу яриад гуйгаад байхаар нь Энхжаргалыг туслах ажилтнаар ажилд авчихлаа гэж байсан. Дараа нь Энхжаргал нь Оюунгэрэл эрхлэгчтэйгээ таарахгүй байгаа талаараа хэлж байсан удаа ч үгүй ажлаасаа гарчихсан байсан. Надтай уулзахдаа Оюунгэрэл эрхлэгчид 500000 төгрөг өгч ажилд орсон гэж хэлж байсан. Албан ёсоор өргөдөл өгөөгүй учраас би сонсоод л өнгөрсөн...” /хх-ийн 88-89 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Б.Болормаагийн:

“...Би ямар хэрэгт шалгагдаж байгаагаа ойлгож байна. Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Эрдэнэтогтохын Солонго, Жамбалын Эрдэнэчулуун, Монголын Чулуунаа, Чулуунбатын Урангоо нарт туслах багшийн мэргэжлийн үнэмлэх гаргаж өгсөн. Харин тус аймгийн хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунгэрэл надаас Э.Солонго, М.Чулуунаа нарын туслах багшийн үнэмлэх гаргаад өг гэж гуйсан. Ч.Урангоо, Ж.Эрдэнэчулуун хоёрын туслах багшийн мэргэжлийн үнэмлэхийг би өөрөө гаргаж өгсөн. Гэхдээ Ж.Эрдэнэчулуун болохоор төлбөрөө төлөөд сургалтанд сууж байгаад хичээлийн сүүлийн хэдэн хоног алга болж байгаад гэнэт гарч ирээд үнэмлэх гаргаад өг гэж гуйгаад байхаар нь гаргаад өгсөн. Ч.Урангоог бол надаас мөн адил туслах багшийн үнэмлэх гаргаад өг гэж гуйж байсныг санаж байна. Харин хэнээр дамжуулан туслах багшийн үнэмлэх авсан талаар мэдэхгүй байна. Ж.Эрдэнэчулуун болохоор өөрөө төлбөрөө төлсөн байсан. Харин нөгөө гурван хүнээс тус бүр 50,000 төгрөг буюу нийт 150000 төгрөг авсан. Би энэ хүнтэй ямар нэгэн холбоо байхгүй. Ж.Оюунгэрэл надаас Солонго, Чулуунаа нарын мэргэжлийн багшийн үнэмлэх гаргаад өг гэж гуйсан. Би хэн нэгэн хүнд туслах багшийн мэргэжлийн үнэмлэх гаргаж өгөөгүй. Сургалтад суусан хүмүүст сургалтын хаалт гээд хоол авч өгсөн...” /хх-ийн 133 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн гэрч Б.Болормаагийн:

“...Би У.Энхжаргалтай ямар нэгэн холбоо байхгүй. У.Энхжаргал нь манай нутгийн хүүхэд гэдгээр нь таньдаг юм. 2013 оны 11 дүгээр сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан чинь У.Энхжаргал манай өрөөнд орж ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байсан чинь У.Энхжаргал яриан дундаа 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунгэрэлд 500000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэж надад хэлсэн. Надад ажилд орохдоо ч гэлүү ажилд орчихоод ч гэлүү ямарч байсан Ж.Оюунгэрэлд 500000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Надад он, сарыг нь хэлээгүй. Би ч хэзээ өгсөн талаар асуугаагүй. Намайг шинжилгээ өгч байхыг хараад орой нь уйдаад байна гээд манай өрөөнд хүрээд ирсэн. Тухайн үед би ганцаараа байсан. У.Энхжаргал бид хоёроос өөр хүн манай өрөөнд байгаагүй. Тухайн үед бид хоёр маш олон зүйлийн талаар ярьж байсан бөгөөд цэцэрлэгийн талаар ярьж байгаад л Оюунгэрэлд 500000 төгрөг өгсөн гээд л ярьсан. Би өөр хүнд У.Энхжаргалын ярьсан зүйлийн талаар хэлж байгаагүй. Надад яг тэгсэн, ингэсэн гэж У.Энхжаргал хэлээгүй. Зүгээр мөнгө өгсөн гэж ярьсан...” /2 дугаар хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

2.14. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Ж.Оюунгэрэлийн:

“...У.Энхжаргал гэдэг хүнээс 500,000 төгрөгийн хээл хахууль авсан гэдэг хэргээр шалгагдаж байгааг мэдэж байна. Анх Улаанбаатар хотын Нийслэлийн боловсролын газрын сургуулийн өмнөх насны мэргэжилтэн З.Болормаа танай цэцэрлэгт ажлын орон тоо байна уу гаргах юм бол У.Энхжаргал гэдэг хүнийг ажилд авчих гэж хэлсэн. У.Энхжаргалын эгч нь З.Болормаатай хамт ажилладаг У.Золзаяа гэдэг хүн байдаг. У.Золзаяаг урьд нь таньдаг байсан. З.Болормаа багш надад хэлэхдээ У.Золзаяа надаас гуйгаад байгаа юм гэж хэлж байсан. Би сар өдрийг нь сайн санахгүй байна. У.Энхжаргалыг Болормаа багшийн гуйснаар цэцэрлэгийн үйлчлэгчээр ажилд авсан. У.Энхжаргал жирэмсэн хүний ажлын орон тоонд ажилд орсон. У.Энхжаргал манай цэцэрлэгт нэг жил орчим ажиллаж байгаад өөр ажилд орсон. Ер нь бол У.Энхжаргал манайд ажиллаж байхдаа архи, дарс болон янз бүрийн хэл аманд их ордог байсан. У.Энхжаргал цэцэрлэгт 2012 онд нэг жил ажиллаж байгаад ажлаасаа гараад дахиад 2013 оны 01 сард дахин ажилд орж ажиллаж байгаад 2014 онд ажлаасаа халагдаж байсан. Ер нь бол У.Энхжаргал дандаа жирэмсэн хүний оронд ажилладаг байсан. Тэгээд байж байтал тус аймгийн цагдаагийн газраас нэг мөрдөн байцаагч дуудаад та У.Энхжаргалаас 500,000 төгрөгийн хээл хахууль авсан байна гээд шалгаж байсан. Би энэ хүнээс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Цагдаа дээр байхдаа У.Энхжаргал надаас мөнгө авсан гээд дайраад байсан. Би төрийн албанд 30 орчим жил ажиллаж байхдаа хүнээс мөнгө  төгрөг авсан удаа байхгүй. Нэгдүгээрт би энэ хүнээс мөнгө аваагүй. Хоёрдугаарт би У.Энхжаргалыг жирэмсэн хүний оронд түр хугацаагаар ажилд авсан. Гуравдугаарт У.Энхжаргал бид хоёр хугацаатай ажил хийнэ гэж гэрээ байгуулсан. Тийм байхад У.Энхжаргалаас яахаар 500,000 төгрөгийн хээл хахууль авдаг юм. У.Энхжаргал манай цэцэрлэгт ажиллаж байхдаа хүмүүстэй архи дарс уугаад байхаар нь хэд хэдэн удаа уухаа боль гэж даргын хувиар шаардлага тавьж байсан. У.Энхжаргал бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон байхгүй. Намайг Говьсүмбэр аймгийн Засаг дарга цэцэрлэгийн ажилтан нартаа мөнгөн урамшуулал хууль бусаар өгсөн гээд ажлаас халсан. Бас намайг МАН-ын хүн гэж ажлаас халсан гэж бодож байна. Би ямар нэгэн намын гишүүн биш. Бас У.Энхжаргалд хэн нэгэн хүн Ж.Оюунгэрэлийг ажлаасаа халагдах юм бол ажил олж өгнө гэж хэлсэн байх гэж бодож байна. Би ажлаасаа хууль бусаар халагдсан талаар шүүхэд гомдол гаргахад хоёр шатны шүүхээс намайг ажилд нь эргүүлж ав гэсэн шүүгчийн захирамж гаргасан. Намайг цагдаад, шүүхээр шалгуулж байж ажилгүй болгох санаатай байгаа байх гэж бодож байна. У.Энхжаргал анх манай цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд ороод ажлаас халагдсан. Дараад нь дахин ажилд орох үедээ гал тогооны туслах хийж байгаад туслах багшийн ажил хийгээд гэрээний хугацаа дууссан. У.Энхжаргал манай цэцэрлэгт тогооч хийж байгаагүй. Харин тогоочийн туслах байсан. Мөн дээрээс нь У.Энхжаргал туслах багшийн үнэмлэхтэй байсан. Энэ хүн тогооч хийж байгаагүй. Харин тогоочийн туслах хийж байсан. Манай цэцэрлэгийн тогооч өөр хүн байдаг. Тэр тогооч маань олон жил ажиллаж байна...” /хх-ийн 122-123 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Ж.Оюунгэрэлийн:

“...Надад сонсгож буй Эрүүгийн Хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би энэ хүнээс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. У.Энхжаргал хүний оронд түр хугацаагаар ажилд орсон байсан. Мөн энэ хүн хөдөлмөрийн гэрээгээ түр хугацаагаар хийсэн. Надтай түр хугацаагаар гэрээ хийснээ өөрөө сайн мэдэж байгаа. Тийм байж яаж надад мөнгө өгсөн байдаг юм бэ? У.Энхжаргалыг Чулуунаа гэдэг хүний оронд ажилд авч байсан. Энэ хүн тухайн үед жирэмсний амралттай байсан. Анх У.Энхжаргал 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гал тогооны туслахын үүрэгт ажилд аваад 2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр туслах багшаар ажлын байрыг өөрчилсөн. 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр У.Энхжаргалтай хийсэн гэрээний хугацаа дууссан байсан учраас ажлаас чөлөөлсөн. Тэгээд 2014 оноос хойш ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал яриагүй байж байснаа гэнэт намайг цагдаагаас дуудаад У.Энхжаргалаас мөнгө авсан гээд байсан. Би энэ хүнээс мөнгө төгрөг аваагүй. Манайд ажлын байр байхгүй юм чинь У.Энхжаргалыг ажилд авах боломж байхгүй. Би 2014 онд цалингийн зээл авсан. Одоо 3 сая төгрөгийн үлдэгдэлтэй. Би энэ зээлийг Хас банкнаас авч байсан. Солонго, Чулуунаа нарын туслах багшийн мэргэжлийн үнэмлэхийг хүнээс гуйж байгаад гаргаж өгсөн. Би энэ хоёрын үнэмлэхийг гаргаж өгөх гэж хэн нэгэн хүнд мөнгө төгрөг өгөөгүй. Тухайн үед 50000 төгрөгөөр туслах багшийн сургалт орж байсан. Би тэр хоёрыг сургалтад хамрагдахгүйгээр үнэмлэхийг нь гаргаж өгч байсан. Тэр хоёр надад 150000-150000 төгрөг өгч байсан. Би 50000- 50000 төгрөгийг нь сургалтад өгөөд үлдсэн 100000-100000 төгрөгийг нь өөрөө авч байсан. Говьсүмбэр аймгийн Боловсрол соёлын  газрын сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Б.Болормаагаас гуйж байж гаргуулан авсан. Ширмэнгинжид дээд сургуулийн дипломыг хуурамчаар гаргаж өгөөгүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Ширмэнгинжид цэцэрлэгт ажиллаж байхдаа өөрөө Улаанбаатарт очиж сурч байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Яагаад намайг юм бүхэнд холбоод байгааг ойлгохгүй байна. Ширмэнгинж 4 жил сурсан байхаа. Би У.Энхжаргалаас мөнгө аваагүй...” /хх-ийн 124-126 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн яллагдагч Ж.Оюунгэрэлийн:

“...Урьд нь ямар нэгэн хуулийн байгууллагад сэжигтэн яллагдагчаар татагдан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагүй. Нөхөр бид хоёрын нэр дээр үл хөдлөх хөрөнгө байдаг. Өөр ямар нэгэн авто машин байхгүй. У.Энхжаргалыг Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн З.Болормаа танай цэцэрлэгт туслах багшийн орон тоо байгаа юу байвал У.Энхжаргалыг ажилд аваач гэхээр нь жирэмсний амралттай хүний орон тоон дээр У.Энхжаргалтай хөдөлмөрийн гэрээ хийж ажилд авсан. Манай цэцэрлэгт туслах багшийн орон тоо байсан. Мөн дээрээс нь З.Болормаа багш гуйгаад байхаар нь ажилд авсан. Манай цэцэрлэг 6 бүлэгтэй. Туслах багш 6, бүлгийн багш 6, дуу хөгжмийн багш 1, тогооч 1, гал тогооны туслах 1, нярав 1, нягтлан бодогч 1, цагаан хэрэглэл угаагч 1, үйлчлэгч 1, харуул 1, надтай нийлээд 22 хүн байдаг. Би ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй. Би энэ хүнийг хөдөлмөрийн хуулийн дагуу жирэмсний амралттай хүний оронд ажилд авсан. Би У.Энхжаргалаас 500,000 төгрөг аваагүй. Шүүх хурал дээр У.Энхжаргалын нөхөр У.Энхжаргал мөнгө өгөөгүй гэсэн. У. Энхжаргал хүнээс мөнгө зээлж авсан. Мөн банкны зээлтэй байсан. Би хэнээс мөнгө зээлж авч байсныг мэдэхгүй байна. Би энэ талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан надад 500 000 төгрөг өгөх боломжтой хүн биш. Өөр нэмж ярих зүйл байхгүй. У.Энхжаргал намайг улс төрийн зорилгоор ямар нэгэн аргаар ажилгүй байлгах санаа зорилго агуулж байгаа. Аймгийн орлогч Сүрэнжавтай хуйвалдаж намайг цагдаад өгсөн...” /2 дугаар хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

   Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Энхжаргалыг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаалуудын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 дүгээр хх-ийн 35-40 дүгээр хуудас/,

3.2. Б.Буяндалайгийн цалингийн тодорхойлолт, цалин олгосон баримтууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1 дүгээр хх-ийн 101-106 дугаар хуудас/,

3.3. У.Энхжаргал, Ж.Оюунгэрэл нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 140-144 дүгээр хуудас/,

3.4. Буяндалайгийн Мөнхзулын сурдаг тухай тодорхойлолт, У.Энхжаргалын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тогоочийн мэргэжлийн үнэлэхийн хуулбар, 1936 дугаартай батламжийн хуулбар, Б.Буяндалайгийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 145-160 дугаар хуудас/,

3.5. Ж.Оюунгэрэлийн харилцагч банкууд дахь дансны мэдээлэл, гүйлгээний хуулга, У.Энхжаргалын Хаан банкны дансны хуулга, Ж.Оюунгэрэл, У.Энхжаргал нарын үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагаа, 2009 онд СӨББ-ын туслах багшаар ажиллах иргэдэд сургалт явуулсан шалгалтын дүнгийн баримтын хуулбар, У.Энхжаргал, Ж.Оюунгэрэлийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 162-183, 199, 204-212, 216-219, 2 дугаар хх-ийн 28 дугаар хуудас/,

3.6. У.Энхжаргалд холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /1 дүгээр хх-ийн 220-227 дугаар хуудас/,

3.7. Ж.Оюунгэрэлийг ажлаас халах тухай 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар захирамжийн хуулбар, Ж.Оюунгэрэлийг ажилд эгүүлэн томилох тухай 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжийн хуулбар, Ж.Оюунгэрэлийг ажилд томилох тухай 1995 оны 63 дугаар захирамжийн хуулбар, Ж.Оюунгэрэлийн сэжигтэн яллагдагчаар татагдаж байсан эсэх тухай лавлагаа, Боловсрол, соёл, урлагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 222 дугаар тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай тушаалын хуулбар хавсралтын хамт, Ж.Оюунгэрэлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тайлбар /2 дугаар хх-ийн 32-36, 96-101 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.Оюунгэрэл нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа У.Энхжаргалын байнгын ажлын байртай болох гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө, У.Энхжаргалаас 500.000 төгрөгийн хээл хахуулийг авсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

   гэрч Б.Буяндалайгийн ...ямар ч байсан эрхлэгч Ж.Оюунгэрэлд мөнгө өгнө гээд байдаг байсан..., ...би цалингаа буухаар эхнэр У.Энхжаргалд бүтнээр нь өгдөг байсан..., ...манай эхнэр У.Энхжаргал, Ж.Оюунгэрэлд мөнгө өгдөг юм билүү гэж ярьдаг байсан...,

гэрч Б.Болормаагийн ...2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Оюунгэрэл надад хэлэхдээ Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Болормаа над руу яриад гуйгаад байхаар нь Энхжаргалыг туслах ажилтнаар ажилд авчихлаа гэж байсан..., ...У.Энхжаргал надтай уулзахдаа Оюунгэрэл эрхлэгчид 500000 төгрөг өгч ажилд орсон гэж хэлж байсан..., ...2013 оны 11 дүгээр сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан чинь У.Энхжаргал манай өрөөнд орж ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байсан чинь У.Энхжаргал яриан дундаа 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунгэрэлд 500000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэж надад хэлсэн. Надад ажилд орохдоо ч гэлүү ажилд орчихоод ч гэлүү ямарч байсан Ж.Оюунгэрэлд 500000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Надад он, сарыг нь хэлээгүй...,

   сэжигтэн У.Энхжаргалын ...Би 2013 оны 04 дүгээр сард Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн багш Ж.Оюунгэрэлд 500,000 төгрөгийн хээл хахууль өгсөн..., ...би тууштай ажилтай болох гээд Ж.Оюунгэрэлийн өрөөнд ороод 500,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг ажиллаж байхдаа өгч байсан. Тухай үед манай нөхрийн цалин буухаар нь нөхрөөсөө авч өгсөн...,

   яллагдагч У.Энхжаргалын ...Би Оюунгэрэлд 2013 оны 04 дүгээр сарын сүүлээр 500000 төгрөг өгсөн. Би он сарыг нь санахгүй байна..., ...ямар ч байсан өөрийн гэсэн цалин орлоготой байсан. Мөн манай нөхрийн цалин сарын сүүлээр буудаг байсан..., ...нөхөр бид хоёр 2013 оны 08 дугаар сард цалингийн зээл авсан...,  

гэрч У.Энхжаргалын ...тухайн үед түр ажиллаж байсан болохоор байнгын ажлын байртай болох гэж Ж.Оюунгэрэлд 500 000 төгрөг өгсөн..., ...2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500 000 төгрөгийг Оюунгэрэлд өгсөн. Тухайн үед манай нөхрийн цалин 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буусан. Би нөхрийнхөө цалин болон өөрийнхөө цалинтай нийлүүлж байгаад Ж.Оюунгэрэлд өгсөн...,         

...эрхлэгч Ж.Оюунгэрэлд 500000 төгрөгийг ажлын өдөр өгсөн..., ...ер нь бол би мөрдөн байцаалтын шатанд он сараа санахгүй байна гэж анх мэдүүлэг өгсөн. Ж.Оюунгэрэлийг ажлын өрөөнд нь байхад би 500000 төгрөг өгсөн..., ...миний цалин сар бүрийн 20-ны өдрөөс хойш цалингийн дансанд орж ирдэг. Манай нөхрийн цалин сарын сүүлээр мөн адил буудаг байсан... гэсэн мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдсан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Оюунгэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Ж.Оюунгэрэлийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан гэж үзэхээр байна.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч Ж.Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Оюунгэрэлд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах, мөн түүнд нэмэгдэл ял хэрэглэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Оюунгэрэл ...би ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй..., ...би У.Энхжаргалаас 500.000 төгрөг аваагүй... гэсэн мэдүүлэг,

Түүний өмгөөлөгч Э.Сайханаа ...Эрүүгийн байцаан шийгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү... гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэж байгаа хэдий ч энэ нь дээр авагдсан сэжигтэн, яллагдагч, гэрч У.Энхжаргалын ... тухайн үед түр ажиллаж байсан болохоор байнгын ажлын байртай болох гэж Ж.Оюунгэрэлд 500 000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг, мөн гэрч Б.Болормаагийн ...2013 оны 11 дүгээр сарын сүүлээр... ...эмнэлэгт хэвтэж байсан... ...У.Энхжаргал манай өрөөнд орж ирсэн... ...У.Энхжаргал яриан дундаа... ...эрхлэгч Ж.Оюунгэрэлд 500000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэсэн... ...Надад ажилд орохдоо ч гэлүү ажилд орчихоод ч гэлүү ямарч байсан Ж.Оюунгэрэлд 500000 төгрөг өгсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг зэргээр, мөн У.Энхжаргал, Б.Болормаа нарын дээрх мэдүүлэг нь бусад шууд бус нотлох баримт болох гэрч Б.Буяндалай, З.Болормаа нарын мэдүүлгээр тус тус давхар нотлогдож байх тул гэрч У.Энхжаргал, Б.Болормаа нарыг мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан, тэдний мэдүүлгүүдийг шүүх үнэлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Харин хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Оюунгэрэл нь  гэрч Э.Солонгын ...би туслах багш болох гээд туслах багшийн үнэмлэхийг Ж.Оюунгэрэлээр гаргуулан авсан..., ...би Ж.Оюунгэрэлээс туслах багшийн үнэмлэх авъя гэж гуйгаагүй. Энэ хүн өөрөө авах уу гэж надад санал тавьж байсан. Би туслах багшийн үнэмлэхийг 200000 төгрөгөөр авсан. Ж.Оюунгэрэлд 200000 төгрөг бэлнээр өгч байсан. Намайг 200000 төгрөг өгч байхад хэн нэгэн хүн байгаагүй. Би ажлын өрөөнд нь өгч байсан... гэх,

гэрч М.Чулуунаагийн ...би даргад 150000 төгрөг өгөөд туслах багшийн үнэмлэх авч байсан. Тухайн үед би туслах багшийн үнэмлэх байхгүй болохоор дарга Ж.Оюунгэрэлээс гуйгаад авч байсан. Надад одоо энэ мөнгө хэрэггүй. Би хохирсон асуудал байхгүй..., ...энэ чинь хуурамч үнэмлэх болохоор он сар өдөр нь худлаа байгаа юм. Би 2009 онд сургалтад сууж байгаагүй... гэх,

            гэрч Б.Болормаагийн сэжигтнээр өгсөн ...тус аймгийн хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунгэрэл надаас Э.Солонго, М.Чулуунаа нарын туслах багшийн үнэмлэх гаргаад өг гэж гуйсан... гэх,

            мөн шүүгдэгч Ж.Оюунгэрэлийн өөрийнх нь яллагдагчаар өгсөн ...тухайн үед 50000 төгрөгөөр туслах багшийн сургалт орж байсан. Би тэр хоёрыг сургалтад хамрагдахгүйгээр үнэмлэхийг нь гаргаж өгч байсан. Тэр хоёр надад 150000, 150000 төгрөг өгч байсан. Би 50000, 50000 төгрөгийг нь сургалтад өгөөд үлдсэн 100000, 100000 төгрөгийг нь өөрөө авч байсан. Говьсүмбэр аймгийн Боловсрол соёлын  газрын сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Б.Болормаагаас гуйж байж гаргуулан авсан... гэх мэдүүлгүүд болон прокурорын 2016 оны 06 дугар сарын 21-ний өдрийн 5/10 дугаар тогтоолоор Эрүүгийн хэргээс зарим яллагдагчид буюу Ж.Оюунгэрэлд холбогдох үйлдэл холбогдлыг буюу бусадтай бүлэглэн Э.Солонго, Ж.Эрдэнэчулуун, М.Чулуунаа, Ч.Урангоо нарт туслах багшийн мэргэжлийн үнэмлэхийг бусдад ашиглуулах зорилгоор борлуулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байдаг.

 

            Иймд энэ байдлаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Оюунгэрэл нь  ...би ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй..., ...би У.Энхжаргалаас 500.000 төгрөг аваагүй..., гэсэн мэдүүлэг, түүний өмгөөлөгч Э.Сайханаагийн ...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү... гэсэн тайлбар зэрэг нь няцаагдаж, гэм буруугүй гэхэд эргэлзээ төрүүлж буйг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Ж.Оюунгэрэл нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдахыг,

Шүүгдэгч Ж.Оюунгэрэлд оногдуулсан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг,

Мөн шүүгдэгч Ж.Оюунгэрэлээс гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 500.000 төгрөгийг хурааж улсын орлого болгохыг,

             Мөн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ж.Оюунгэрэлд авсан “Хилээр гарахгүй байх тухай” утга бүхий гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэлийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө, хээл хахуулийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэл нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

            Мөн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэлд авсан “Хилээр гарахгүй байх тухай” утга бүхий гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэлийн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэлээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хурааж, улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэлд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН