Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 274

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 09 өдөр                       136/ТМ2019/00274                        Сайншанд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * тоотод оршин суух, З овогт Ч.А,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * оршин суух, М овогт Н.Ц нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, * оршин байх, *регистерийн дугаартай, Э Г ХХК,

 

            Хариуцагч: Дорноговь аймаг, * тоотод оршин суух, Т овогт Ц.Л,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, * тоотод оршин суух М овогт Б.Э нарт холбогдох

 

            2015 оны 03 дугаар сард батлагдсан Э Г ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож, 1997 оны бид бүгдийн хамтран баталсан Э Г ХХК-ийн дүрмийг хүчинтэйд тооцож, Э Г ХХК-ийн хамтран эзэмшигч байх зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Эы өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Н.Ц, Н.Ч, Ч.А, Б.Э нарын 4 хүн нийлж Э Г ХХК-ийг үүсгэн байгуулж, Э Г ХХК-ийн дүрмийг баталсан. Гэтэл 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Э нь ганцаараа дур мэдэн компаний хувь нийлүүлэгчдийн хурлыг дангаар хийж 1 дугаартай тогтоол гаргасан, энэ тогтоолд компанийн бүх гишүүдийн хурлыг хийсэн, гишүүд оролцсон мэтээр компанийн дүрмийн шинэчилсэн найрууллагыг баталсугай гээд, компаний бүх гишүүдийн 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгосон. Энэ заалт нь 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баталсан компаний дүрмийн 2 дахь заалтыг хасч, үлдэх үүсгэн байгуулагчдийг нэрсээс хассан агуулгатай байна. Энэ маягаар 2001 он хүртэл компани үүсгэн байгуулагчгүй явж байгаад 2001, 2005, 2011, 2014 онд Э Г ХХК-ийг 1 үүсгэн байгуулагчтай, түүнд Б.Э гэх нэрийг бичиж явснаа 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ц.Л гэх өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлсэн байдаг юм. 2001 онд бүх гишүүдийн хурлын тогтоол гэх зүйлийг гаргаад өөрийн эхнэр Ц.Лыг компаний гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Тэрнээс хойш дандаа энэ бүх үйлдлүүдийг Ц.Л гэх хүн Татварын алба болон Улсын бүртгэлийн хэлтэст очин бүх бичиг баримтыг нь бүрдүүлж Э гэх хүний нэр дээр шилжүүлж явснаа 2015 онд өөрийн нэр дээр болгосон. Энэ бүх үйлдэл нь миний төлөөлж байгаа Н.Ц болон Ч.Аын хууль ёсны эрхийг зөрчөөд компаниас энэ хүмүүсийн эзэмших ёстой хувийг хассан. Эдгээр нь хууль зөрчсөн, мөн компанийн 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баталсан дүрмээр компаний эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасныг зөрчсөн. Мөн компанийн дүрэмд бүх гишүүдийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулна гэж тогтсон байсныг зөрчсөн, хуулийг маш ноцтойгоор зөрчсөн. Хуульд зааснаар Компаний бүх гишүүдийн хурлыг хуралдуулах зарыг 21 хоногийн өмнө тараах, хурлыг зарлаж түүнд хэлэлцэх асуудал болон бүх материалыг танилцуулсан байх ёстой. Гэтэл ийм зар тавиагүй байж ганцаараа хуралдсан. Мөн тухайн компани нь 1999 онд үйлчилж байсан Компаний тухай хуулинд компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах бол 50 хувиас дээш ирцтэйгээр хуралдана гэж заасныг мөн зөрчсөнөөр хуульд заасан эрхийг нь зөрчиж байна. Э гэх хүн Ч.А, Н.Ц нараас энэ бүгдийг нуугаад хэлдэггүй, уулзахаараа та нарын хувь компанид байгаа, санаа зоволтгүй, компани ямар нэгэн байдлаар их хэмжээний ашиг олоогүй байна, их ашиг олох юм бол бид та нарт хувь өгнө гэж хэлдэг. Анх бид нар компанийг үүсгэн байгуулахдаа компанийг хөл дээрээ найдвартай тогттол нь ямар нэгэн хувь хишиг авахгүй гэж ярьж үүсгэсэн компани болохоор эдгээр хүмүүс Эгаас ямар нэгэн хувь, ашиг нэхдэггүй. Мөн компаний хэвийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Оролцох боломжийг нь Э хангаж өгдөггүй байсан. Тийм учраас нэхэмжлэлийн гол шаардлага нь 2015 оны 03 дугаар сард батлагдсан Э Г ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож, 1997 оны бид бүгдийн хамтран баталсан Э Г ХХК-ийн дүрмийг хүчинтэйд тооцож, Э Г ХХК-ийн хамтран эзэмшигч байх зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Б.Б миний бие тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэний хэрэгт хариуцагч нарыг төлөөлөн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т заасны дагуу Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг. Хариуцагч нар нь нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй бөгөөд тэдний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас тодорхой харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.А, Н.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд Э Г ХХК, Ц.Л нарт холбогдуулан Э Г ХХК-ийн хувь эзэмших хууль ёсны эрх зөрчигдсөн тул өмчлөх эрхийг сэргээн тогтоож, бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэл гаргаж,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Эыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргаж,

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Э Г ХХК, Ц.Л, Б.Э нарт холбогдуулан Э Г ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн компаний дүрмийг хүчингүйд тооцож, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан Э Г ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөрт тооцон, Н.Ц, Ч.А нарын өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэл,

2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Б.Э, Ц.Л нарт холбогдуулан 2015 оны 03 дугаар сард батлагдсан Э Г ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож, 1997 оны бид бүгдийн хамтран баталсан Э Г ХХК-ийн дүрмийг хүчинтэйд тооцож, Э Г ХХК-ийн хамтран эзэмшигч байх зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэж тус тус дурдаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Э Г ХХК, Ц.Л, Б.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч нар нь нэхэмжлэгч нарын эрх, чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй, тэдний өмнө үүрэг хүлээгээгүй гэж маргана. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй гэх боловч 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн компаний дүрмийг хүчингүйд тооцож, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан Э Г ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөрт тооцон, Н.Ц, Ч.А нарын өмчлөх эрхийг сэргээлгэх тухай гэснээс буюу анхны нэхэмжлэлд энэ талаар дурдаагүйг үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж өөрчилсөн гэж үзэх ба нэмэгдүүлсэн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулсан ба 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбараа гаргаж байна гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э Г ХХК-ийн хамтран эзэмшигч байх зөрчигдсөн эрхийг сэргээлгэх шаардлага гаргасан ба тус компаний сүүлчийн дүрмийг хүчингүйд тооцож, анхны дүрмийг хүчинтэйд тооцуулснаар зөрчигдсөн эрх сэргээгдэнэ гэж үзэж тайлбар гаргасан.

Э Г ХХК нь нэг гишүүнтэй, тэр нь Л байх ба түүнд холбогдуулан тус компаний хувьцаа эзэмших эрхийг хэрхэн шийдвэрлэхийг заагаагүй нөхцөлд бүртгэл хэвээр байх бөгөөд нэг дүрмийг хүчингүйд тооцож, нөгөө дүрмийг хүчинтэйд тооцох шаардлага энэ зөрчлийг арилгахгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2015 оны 03 дугаар сард батлагдсан Э Г ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож, 1997 оны Э Г ХХК-ийн дүрмийг хүчинтэйд тооцож, Э Г ХХК-ийн хамтран эзэмшигч байх зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгч Ч.А, Н.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд оролцоогүй талд мөн хугацаанд шүүх гардуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА