| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0052/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/794 |
| Огноо | 2023-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ундрах |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/794
2023 8 10 2023/ШЦТ/794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2023/0052/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Халиунаа,
улсын яллагч Г.Ундрах,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2109014141710 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, *** бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Г.Б /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.Б-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодон биед нь хамар ясны хугарал, шанаа, зулайнд зулгаралт, зовхи, хүзүүнд цус хуралт, зовхинд язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 09 сард болсон явдал бөгөөд миний бие бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Б.Б гэдэг хүний мэдүүлэг байгаа. Дотор талын камерын бичлэг байгаа. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Тэр тэмдэглэл дээр баарнаас гарахад хохирогчид шарх сорви үүссэн зүйл байхгүй. Гадна талд нэг хүнтэй муудалцсан, хамт байсан гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байгаа. 2022 оны 9 сараас хойш тэр газраа ажиллаж байгаа бөгөөд таньж олуулах ажиллагаа тухайн үйл явдлаас хойш жилийн дараа болсон. Хохирогч Б.Б хүмүүстэй маргалдаад гарсан..гаргаад хувцсыг нь би авчирч өгсөн. Хувцсыг нь авчрах хооронд Б.Б-н хамар нь цус болчихсон, хөмсөг нь сэтэрсэн байсан. Миний гаргаж өгсөн баримт дээр хэн тэр хүнийг цохисныг би хараагүй. Би цохиогүй. Тэгээд бас нотлох баримтаар гадна талд зодолдож байгаа камерын бичлэгийг гаргаж өгсөн байгаа.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 28-ны оройн 22 цагийн үед өөрийн найзууд болох Ц, А нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** бааранд орж үйлчлүүлсэн. Үйлчлүүлж байх үед бүжгийн талбай дээр би болон манай найзууд үл таних хүмүүстэй маргалдсан. Энэ үед баарны хамгаалагч нар бид нарыг хөөж гаргасан. Хөөгдөж гарч байх үедээ нэг том биетэй хамгаалагчтай яагаад хөөж байгаа юм бэ гэж хэлэхэд урдаас уурлаж маргаан үүссэн. Ингээд маргаан үүсээд байж байхад тус том биетэй хамгаалагч миний нүд рүү цохиж гэмтээсэн. Тэгээд дараа нь намайг хөөж чирч гаргасан. Намайг хөөгдөж байх үед А, Ц хоёр хаалганы гадна намайг хараад зогсож байсан. Тус том биетэй хамгаалагч намайг баарны гадна чирч гаргаж байх үед манай найз Ц намайг хамгаалж баарны хамгаалагч руу далайсан. Харин энэ үед би баарны хамгаалагчийн гараас суларч баарны хамгаалагч руу далайсан, харин баарны хамгаалагч уурлаж дээд талаа тайлж бид хоёр руу дайрсан. ...Баарны хамгаалагч надад гэмтэл учруулсан. Намайг зодсон баарны хамгаалагчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Хэрэг гарсны маргааш нь мөрдөгчтэй хамт баарны камерын бичлэг хуулбарлахаар очих үед баарны дотор талын камерын бичлэгийг устгасан байсан. Тэгээд өөрсдөө нэг бичлэг хийчихээд үзүүлээд байсан... ...Миний биед учирсан гэмтлийг баарны зохион байгуулагч гэх Г.Б гэх залуу учруулсан. Миний бие нэрийг нь хэрхэн яаж мэдсэн бэ гэхээр зодуулсныхаа дараа *** бааранд очоод хамгаалагчдыг нь хайсан ба хамгаалагч нь биш зохион байгуулагч гэх Г.Б гэх залуу нь намайг тухайн өдөр үүдний хувцас солих хэсгийн шалан дээр унагаагаад хамар болон нүүр хэсэг рүү гараараа маш олон удаа цохисон. Мөн хүзүү хэсгээс маань багалзуурдсан. Камерын бичлэг дээр гарч байгаа хар өнгийн нимгэн куртиктэй нь би, харин шар өнгийн пальтотой нь Ц байсан ба Ц-г би цохиж байгаа нь бичлэгт буусан байна…" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал)
Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 26-30 дахь тал)
Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл: (хавтаст хэргийн 34-35 дахь тал)
Гэрч И.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б найз үл таних нэг залуутай муудалцаад тухайн үл таних залуу надтай “Танай найз чинь согтуу байгаа юм биш үү, найзыгаа аваа," гэхэд нь уучлаарай, найзыгаа авлаа гээд холдоод бүжиглэж байхад нэг хамгаалагч хүрч ирээд "Танай найз чинь хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байна, гэхэд за ойлголоо ахаа, бид нар одоо больчихлоо гэхэд том биетэй ойролцоогоор 180 см-ээс дээш өндөртэй хамгаалагч манай найз Б.Бийг араас нь тэврээд бүжгийн талбайгаас гарах үүд рүү өргөөд аваад гарсан. Тэгэхэд баарны үүдэнд том биетэй хамгаалагч нь Б.Б-г түлхээд гадагшаа гаргахад цаанаас нь хоёр хамгаалагч ирээд намайг болон Аыг түлхэж гаргасан. Үүний дараа би "Та нар ингэж болж байгаа юм уу" гэхэд цаанаас нь ойролцоогоор 5 хамгаалагч гарч ирсэн, том биетэй хамгаалагч нь Б.Б-г цохиход, би тухайн цохисон том биетэй хамгаалагчийг цохисон, том биетэй хамгаалагч зөрүүлээд намайг цохиод би унасан үүний дараа өөр нэг хамгаалагч нь зүүн талын шанаа руу болон гэдэс рүү цохин, өөр хамгаалагч нь үсдээд чирэн өшиглөсөн. Тухайн хүмүүсийг хараад танина, *** баарны хамгаалагч нар байсан. ...Том биетэй хамгаалагч эхлээд Б.Б-г цохисон... шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38, 41 дэх тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9300 дугаартай шинжээчийн “...Б.Б-н биед хамар ясны хугарал, шанаа, зулайнд зулгаралт, зовхи, хүзүүнд цус хуралт, зовхинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Г.Б нь 2021.09.28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр толгойн тус газарт нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, шанаа, зулайнд зулгаралт, зовхи, хүзүүнд цус хуралт, зовхинд язарсан шарх бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.
Хэдийгээр шүүгдэгч Г.Б нь “...би хувцсыг нь авчирч өгсөн. Хувцсыг нь авчрах хооронд хамар нь цус болчихсон, хөмсөг нь сэтэрсэн байсан. Би хохирогч Б.Б-г цохиогүй, баарны гадаа зодоон болсон...би тэр зодоонд оролцоогүй” гэж мэдүүлдэг боловч хохирогч Б.Б өөрийг нь шүүгдэгч Г.Б-г зодсон болохыг шууд заан мэдүүлдэг. Түүнчлэн гэрч И.Ц Б.Б-г “том биетэй хамгаалагч /Г.Б/ цохисон гэж нотлон мэдүүлдэг билээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.Б-н хувьд шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хүмүүстэй хүлээцгүй, зүй бус харьцсан, тухайн баарны зохион байгуулагчийн хувиар үйлчлүүлэгчтэй холбоотой аливаа асуудлын эв зүйг олохыг хичээх ёстой атал хүч бяр хэрэглэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодоон цохион болох нөхцлийг өөрөө бүрдүүлж санаатайгаар хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулан зодож цохиж байгаа дээрэнгүй гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Б-н эрүүл мэндэд уг гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал, болон бусад төлбөрт нотлох баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй бөгөөд хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Г.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн тухайд урьд мөн 2019 онд “***” нэртэй энэ бааранд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа баарны хамгаалагчтай бүлэглэн бааранд үйлчлүүлж байсан хоёр хүнийг зодож хоёулангийнх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлснээсээ хойш дахин энэ төрлийн гэмт хэрэг санаатай үйлдэж байгаа нөхцөл байдал, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Г.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР