Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 313

 

 

 

 

 

                                                                                                       

       2019 оны 10 сарын 30 өдөр                    136/ШШ2019/0000                         Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шүүгч Болормаа, шүүгч Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 4 дүгээр баг, 92 дугаар байр, 02 тоотод оршин суух, Ван хошуу овогт Доржговын С РД:/ЕС66041906/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Нарлаг шанд хороолол, Шизүка гудамж, 53-8 тоотод оршин суух, Ван хошуу овогт Доржготовын Б  /РД-ЕС70021706/-д холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 380 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С миний бие 2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой өөрийн гэр орондоо Д.Б гэгчид зодуулж сэтгэл санаа эрүүл мэндийн тодорхой хэмжээний хохирлыг амссан билээ. Б нь энэхүү асуудлаараа цагдаагийн байгууллагад шалгагдаж түүний хууль бус үйлдэл нь нотлогдон тогтоогдож зөрчлийн хэрэг бүртгэгч д/ч Болортунгалаг дээр шийтгэвэрийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авагдсан болно. Энэ хугацаанд би түүнийг надаас өөрийн зохих ёсны буруутай үйлдлээ гэмшиж уучлалт гуйж улмаар надад учирсан хохирлыг санаачилга сайн дураараа төлчих болов уу? гэж өдийг хүртэл харсан боловч харин ч энэ асуудлаа өөрийн зөв мэтээр ойлгож улам өширхөж гадуур элдэв дээдээр худал ярьж цуурхал дэгдээх болсон юм. Миний хувьд уг хүний буруутай үйлдлийн улмаас хүзүү дагзаар минь хөшиж толгой тархи минь байнгын өвдөж 2019 оны 02 дугаар сараас хойш байнга эмнэлэгээр явсан төдийгүй 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэдрэлийн эмч Болороод үзүүлэн УТКЭ-ийн мэдрэлийн амбулториар тархины MRI хийлгэх шаардлагатай болж 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13а маягтыг авч 2019 оны 03 дугаар сарын 24-ний орой Улаанбаатар хот руу явсан болно. Гэтэл эмнэлэгийн очер дугаар ихтэй байсны улмаас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дугаар авч эргэж ирээд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн орой дахин хот руу явсан. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хотод уг эмнэлэгтээ үзүүлээд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр MRI шинжилгээ хийлгэсэн. Ийнхүү Улаанбаатар хот руу 2 удаа ирж вагоноор явсан зардал 40,200 төгрөг, ирэхдээ 2 удаа таксигаар ирсэн зардал 50,000 төгрөг, шинжилгээ хийлгэсэн төлбөр 290,000 төгрөг, нийт 380,200 төгрөгийн зардал гарсан. Иймд Д.Бгаас энэхүү зардлуудыг авахыг хүсч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 330 200 төгрөгийн баримт авагдсан. Д.С нь нийт 380 000 төгрөг нэхэмжилсэн. Баримтынхаа хүрээнд нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж байна. С нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэртээ байхдаа Д.Бд зодуулан энэ үйлдэл нь нотлогдож шүүхээр шийдүүлэн торгуулсан. Д.Бгийн үйлдлээр Д.С биедээ хохирол авсан учир 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэгдсэн эмнэлэгийн мэдрэлийн эмч Болороод үзүүлээд толгойн зураг хийлгэх шаардлагаар 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу явсан. Гэтэл эмнэлэг нь дараалал ихтэй байсан учир үзүүлж чадаагүй ба дахин үзүүлэх дугаар аваад ирсэн. Тэгээд дахин үзүүлэхээр 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот руу явсан. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн. Ингээд хоёр удаа Улаанбаатар хот руу явсан. Энэ зардал нь вагоны зардлын 40 200 төгрөг, шинжилгээний 290 000 төгрөг, нийт 330 200 төгрөг нэхэмжилж байна. Уг гэм хор Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан учир уг мөнгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 380 200 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Уг асуудлаар Дорноговь аймгийн Цагдаагийн газар Д.С нь өргөдөл, гомдол гаргаж шалгуулсан боловч Д.Сгийн биед гэмтэл учраагүй гэж 2 удаа бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарч эрүүгийн хэрэг хаагдаж байсан. Харин Д.Бгийн биед гэмтэл учраагүй учраас Д.Б бусдын эрх чөлөөнд халдсан гэсэн үндэслэлээр Зөрчлийн хуульд заасны дагуу 100 000 төгрөгөөр торгуулсан. Холбогдох баримтуудыг гаргаж өгөх болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь Д.Бд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 380 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Бд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэгийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг нар нь хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан нэхэмжлэлийн шаардлагыг 50 000 төгрөгөөр багасгаж, 330 200 төгрөг нэхэмжилсэн болно

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.С ослын улмаас урд нь тархиндаа гэмтэл авч байсан, мөн шинжээчийн дүгнэлтээр Д.Сгийн биед гэмтэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Ганзамын 92 дугаар байрны 01 тоотод Д.Сгийн биед халдаж, зодсон болох нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0001592 дугаар шийтгэлийн хуудас, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/0122 дугаар шинжээчийн дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 393 дугаар шинжээчийн дүгнэлт, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 633 дугаар шинжээчийн дүгнэлт, зохигчдийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Дээрх хууль бус үйлдэлд нь Д.Бд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100 000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/0122 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Д.Сгийн биед тархи доргилт, зүүн бугалганы зулгарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж,

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 393 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Д.Сгийн биед 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эмчийн үзлэгээр зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдож, Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, эрүү мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэж,

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 633 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...хэрэгт хохирогч Д.Сгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 393 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна...” гэж тус тус заасан.

Иргэний хуулийн Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 

Мөн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас 13А баримтад онош тодруулах зорилгоор MRI хийлгэх, Амбулаториор эмчлүүлэгчийн картад 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Тархины MRI хийлгэх шаардлагатай талаар тус тус тэмдэглэгдсэн байх ба нэхэмжлэгч Д.С нь эмчлэгч эмчийн заавраар, онош тодруулах зорилгоор тархины MRI зураг авахуулсан нь тогтоогдож байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчид унааны зардал 39 200 төгрөг,  тархины MRI зураг авахуулсан төлбөр 290 000 төгрөг нийт 329 200 төгрөгийн шууд хохирол учирсан нь УБТЗ-ын зорчих эрхийн тасалбар, “Люкс Мэд” эмнэлэгийн төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байна.  

Иймд Д.Бгаас гэм хорын хохиролд 329 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Д.Бгаас гэм хорын хохиролд 329 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 056 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 10 526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, түүний өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА

                  ШҮҮГЧИД                             Э.БОЛОРМАА

                                                                     Д.НАРАНЦЭЦЭГ