Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 22

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 180/2017/0023/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн А танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                  Н.Энхзул,
Улсын яллагч                Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч       Г.Баярсайхан,
Шүүгдэгч                   Д.Баяржаргал нарыг  оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тамаа овогт Дамбын Баяржаргалд холбогдох эрүүгийн 201623000319 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Тамаа овогт Дамбын Баяржаргал  /РД: СШ82042914/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Яллагдагч Д.Баяржаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын    Бархинаг гэх газраас иргэн Э.Дашдоржийн хул азаргатай 26 тооны адууг хулгайлж 12 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт  болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: 
    Хохирогч Э.Дашдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн    ... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын Өгөөмөр багт нутаглах найз Насанбатын адуунд 2016 оны 08 дугаар сард өөрийн 25 тооны адууг нийлүүлсэн. Өмнө нь 2008-2011 онд Мөрөн сумын харъяат Д.Баяржаргал гэх хүнээр малаа харуулдаг байсан. 2016 оны 11 дүгээр сард найз Насанбат утсаар яриад чиний адуу байхгүй байна гэсэн. Дараа нь дахин яриад чиний адууг Мөрөн сумын Баяржаргал гэдэг хүн хулгайлж манай байгаа газраас 30 гаран км газар хөөж аваачаад Галшар сумын иргэн Ганхүү гэдэг хүний гадаа сартай хүрэн зүсмийн шүдлэн байдас, хүрэн зүсмийн шүдлэн байдас 2-ыг махалсан байна гэсэн. Баяржаргал гэдэг хүн урьд миний адуу малыг харж байсан боловч миний адуунаас захиран зарцуулах эрхгүй. Би түүнд өгөх ямар нэгэн өр авлага байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, 
     Гэрч Д.Ганхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн    ... 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой Баяржаргал, Ууганхишиг, Доржжагдаг гэх хүмүүс ирсэн. Банкны зээл төлнө, адуу янзална гэж байсан. Маргааш нь Баяржаргал адуундаа явна гээд хонгор зүсмийн морио унаад явсан. Ирэхдээ зүсийг нь мэдэхгүй адуунууд тууж ирээд хашаанд хашаад тэр адуун дундаас 5 адуу барьж үлдээгээд бусад адууг нь хашаанаас гаргаад баруун урагш хөөж явуулсан байсан. Би Дашдоржийн адуу ямар зүсмийн адуу байдаг гэдгийг мэдэхгүй. Өөрийнх адуунууд байна гэж бодсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, 
Гэрч М.Доржжагдагийн мөрдөн байцаалтанд өгсөн:    ... 2016 оны 11 дүгээр сарын 7-ны орой Баяржаргалын эхнэр Ууганхишигт над руу залгаад хэдэн адуу ажиллаад өгөөч гэхээр нь бид нар банкны өр шир дарах гэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө Баяржаргал адуундаа яваад үдээс хойш ирэхдээ хажуудаа хул морь, саарал халзсан морь хөтөлж ирсэн. Мөн тэрнээс гадна 30 гаран тооны адуу тууж ирээд Ганхүү эгчийн малын хашаанд хөшиж байгаад буцаагаад гаргаад явуулж байсан. Би Баяржаргалыг хулгайн адуу ажилласныг мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, 
Гэрч Р.Насанбатын мөрдөн байцаалтанд өгсөн:    ... 2016 оны 11 дүгээр сарын 09-ний  өдөр Баянхутаг сумын    Хонгор цайдам гэх газарт гэртээ ирээд Дашдоржийн адууг хураах гээд өөрийн машинтайгаа хайхад манайхаас зүүн урд зүгт 20 гаран км зайтай олж бүртгэхэд 2 тооны шүдлэн байдас байхгүй байсан... Баяржаргал надад хэлэхдээби Дашдорж гэх хүний адуунаас 1 тооны адуу авах ёстой байсан. Тэрийгээ авсан гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,
Гэрч Р.Цэндсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн:    ... Ганхүү гэх хүн ирээд хэдэн адуу ажиллаад өгөөч гэхээр нь би мөнгөө тохироод 4 тооны адуу, 8 тооны хонь ажилласан. Би тухайн адууг хэний адуу гэдгийг мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,
Сэжигтэн, яллагдагчаар Д.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:    ... Манайх Төрийн банкинд 10 сая төгрөгийн зээлтэй. Улиралдаа 2.750.000 төгрөг төлдөг. ... Би өөрийн хонгор зүсмийн морио унаад Ганхүү эгчийнхээс баруун урд зүгт 10 гаран км зайтай Баянхутаг сумын Бархинаг гэх газар явж байтал хар азаргатай 20 гаран тооны адуу мөн хажуухан талд нь Дашдорж гэх хүний хул азаргатай 20 гаран тооны адуу бэлчээрт байж байхаар нь нийлүүлээд Ганхүү эгчийнх рүү туугаад явж байхдаа манай өөрийн бор азаргатай 30 гаран тооны адуу таарахаар нь өөрийн бундан тамгатай хул морь, хөвчтэй саран тамгатай бор саарал морио барьж аваад бор азаргатай адуугаа бэлчээрт нь үлдээгээд тууж явсан хул азаргатай адуу, хар азаргатай адуутай барьсан хул морь, саарал морио нийлүүлээд баруун хойд зүгт байх Ганхүү эгчийнх рүү очиж хашаанд хашиж байгаад Дашдорж гэх хүний сартай хүрэн хязаалан байдас, саргүй хүрэн  шүдлэн байдас, өөрийн хар азарга, бундан тамгатай хул морь, бор саарал морио барьж үлдээгээд Дашдоржийн хул азаргатай адууг баруун урагш мөн өөрийн адуугаа баруун урагш хөөж явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбар зураг /хх-ийн 8-9 тал/,
Хураан авах тогтоол, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-12 тал/,
Мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 13-14 тал/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 15-17,19-21/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18, 22 тал/, 
Малын үнэлгээ /хх-ийн 27-32 тал/,  
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд, шүүгдэгч Д.Баяржаргалыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын    Бархинаг гэх газраас иргэн Э.Дашдоржийн хул азаргатай 26 тооны адууг тасалж хөөн хашаанд хашиж түүнээс 2 тооныг адууг ажиллаж, бусдад  12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч Д.Баяржаргал нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэгдэл, мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 
Шүүгдэгч Д.Баяржаргал нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн хонгор зүсмийн адууг хэрэглэсэн байх тул шүүх Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар уг адууг хураан авч улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 
Хохирогч Э.Дашдорж нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзлаа.  

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298  дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тамаа овогт Дамбын Баяржаргалыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржаргалын хувьд оногдох эд хөрөнгөөс 100.000 /зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 03 сар 20 хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржаргалын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хонгор зүсмийн нэг тооны адууг хураан улсын орлогод оруулсугай. 

    4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх /15 тооны морь битүүмжилсэн/ тогтоолыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял биелэтэл хэвээр үлдээсүгэй.  

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Баяржаргалд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс цагдан хорьсугай.


                                        


         
                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.УЯНГА