Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00001

 

 

 

                                                        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

2020         01             23                                            2020/ДШМ/01

 

Ч.Мт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Цогтбаяр,

Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Мт холбогдох 1938006970426 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Гэтүүр овогт Ч-ын М, 1983 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.

Шүүгдэгч Ч.М нь Хөвсгөл аймгийн Түнэл сумаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 61-46 ХӨВ улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгслээр 6.94 м.куб хэмжээтэй түлээний хуурай модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 416,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гэтүүл овогт Ч-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ын М-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75,000 /далан таван мянга/ төгрөгөөр тооцож торгох ялаас нь хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Ч.Маас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ч.Маас 1,249,200 /нэг сая хоёр зуун дөчин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Түнэл сумын төрийн сангийн дансанд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Мын хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 6.94 м.куб хэмжээтэй хуурай шинэс модыг хураан авч, Хөвсгөл аймгийн Халамж үйлчилгээний газарт хэрэгцээний дагуу шилжүүлэхийг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Пронтер маркийн 61-46 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.Маас гаргуулж хохирол төлбөрт оруулан тооцож, үлдэх 1,550,800 төгрөгийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ч.Мт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр давж заалдах гомдолдоо: ... Шүүгдэгч Гэтүүр овогт Ч-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Түнэл сумаас 2019 оны 10-р сарын 01-ний өдөр 61-46 ХӨВ улсын дугаартай “Пронтер” загварын тээврийн хэрэгслээр 6,94 м/куб хэмжээтэй түлээний хуурай модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэн байгаль орчинд 416,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон ба анхан шатны шүүх нь хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж бусдын өмчлөлийн эд хөрөнгийг улсын орлого болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Үүнд: Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ч.Маас 1,249,200 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Түнэл сумын төрийн сангийн дансанд оруулсугай” гэсэн ба энэ нь хэрэгт авагдсан улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүх дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр тооцсон нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт хохирол төлөх тухай Эвлэрлийн гэрээ нь хэрхэн үнэлэгдэх эсэх ойлгомжгүй. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ойн ангийн дарга Т.Тайван-Амгалан нь байгаль орчинд учруулсан хохирлыг 3 дахин буюу 416,400 төгрөгөөр үнэлсэн болно. Шүүх дахин үнэлгээ гаргаж Байгаль орчныг хамгаалах тухай хууль хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Мын хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн 6,94 м.куб хэмжээтэй хуурай шинэс модыг хураан авч, Хөвсгөл аймгийн халамж үйлчилгээний газарт хэрэгцээний дагуу шилжүүлэхийг, мөн гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан Пронтер маркийн 61-46 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,800,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Маас гаргуулж хохирол төлбөрт оруулан тооцож үлдэх 1,550,800 төгрөгийг улсын орлогод оруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан ба уг машин нь Н.Алзахгүй гэдэг хүний эзэмшлийн машин одоо уг хүний өмчлөлд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ч.М нь ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Бийжийн даваа гэх газраас 6.94 м.куб хэмжээтэй түлээний хуурай шинэс модыг зохих зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, Мөрөн сумын чиглэлд гарал үүслийн бичиггүйгээр Пронтер маркийн 61-46 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 1,249,200 төгрөгийн хохирол учруулан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч цагдаагийн ахмад Б.Мягмардорж, цагдаагийн ахлах ахлагч Б.Нэргүй, цагдаагийн ахлагч Б.Балдан-Очир нарын илтгэх хуудас, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, Пронтер маркийн 61-46 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 6.94 м.куб модыг битүүмжилсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” сум дундын ойн ангийн дарга Т.Тайван-Амгалангийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн модонд хэмжилт хийсэн хүснэгт, Хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Мыг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ч.Мт ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуульд нийцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нь “...байгаль орчинд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 1,249,200 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Пронтер маркийн 61-46 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохиролд тооцон үлдэх хэсгийг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Ч.Мын хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 6.94 м.куб хэмжээтэй хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 416,400 төгрөгөөр тогтоогдсон болох нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” сумын ойн ангийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 28/-ээр тогтоогдсон ба анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 1,249,200 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан ба шүүгдэгч Ч.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь П.Алзахгүй гэх хүнийх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 53/-аар тогтоогдсон тул тээврийн хэрэгслийн үнэ 2,800,000 төгрөгийг Ч.Маас гаргуулж 1,249,200 төгрөгийг хохирол төлбөрт оруулан тооцож, үлдэх 1,550,800 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцсэн байна.

Харин шүүх Ч.Мт холбогдох хэрэгт битүүмжлэгдсэн 6.94 м.куб хэмжээтэй хуурай шинэс модыг хураан авч Хөвсгөл аймгийн Халамж үйлчилгээний газарт хэрэгцээний дагуу шилжүүлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийгээгүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлт оруулж дээрх битүүмжлэгдсэн эд хөрөнгийг Улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Хөвсгөл аймгийн Халамж үйлчилгээний газарт” гэснийг “Улсын орлогод” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                             Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                        Н.БАЯРХҮҮ