| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 136/2019/00348/и |
| Дугаар | 358 |
| Огноо | 2019-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 358
2019 12 02 136/ШШ2019/00358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * оршин байрлах Х бны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, * тоотод оршин суух Г овогт И.Г /РД:*/,
Хариуцагч: Дорноговь аймаг, * тоотод оршин суух, Х овогт Ш.О /РД:*/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,693,151.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, О.Б, хариуцагч И.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Т, хариуцагч Ш.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: И.Г, Ш.О нар нь 2017 оны 06 сарын 28-ны өдөр Х бтай 1020026352 дугаар зээлийн гэрээ байгуулж, хэрэглээний зориулалтаар 18 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээнд тогтмол цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2019 оны 5 сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, 336 хоног хугацаа хэтэрсэн. Энэ хугацаанд И.Г, Ш.О нарт зээлийн эргэн төлөлт хийхийг удаа дараа шаардсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй. И.Г, Ш.О нарын зээл 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 9 011 407.75 төгрөг, хүү 1 637 454.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 289.00 төгрөг, нийт 10 693 151.31 төгрөг болоод байна. Энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбогдуулан И.Гын зээлийн хүүгийн тооцооллыг дэлгэрэнгүй, хоногоор тооцож хүргүүлсэн гэв.
Хариуцагч И.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И.Г миний бие нь нэхэмжлэлийн шаардлага болох 10 693 151 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Одоогоор би эмчилгээтэй ажлын чөлөөтэй байгаа учир мөнгийг 2020 оны 08 дугаар сараас эхэлж төлөх боломжтой гэжээ.
Хариуцагч И.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Тунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: И.Г ажилд орсон үедээ энэ мөнгийг төлөх боломжтой гэв.
Хариуцагч Ш.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: И.Г Ш.О нар 2017 оны 06 дугаар сарын 28-ны зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Зээл авах үедээ энэ хоёр хүн хоёулаа ажил хийдэг учир зээлийг цалингийн гэрээ байгуулан хийсэн. Одоо энэ хүмүүс хоёулаа ажилгүй, Ш.О байнга өвчтэй байгаа. И.Г түр ажил хийхгүй байгаа. Энэ байдлыг бодолцон И.Гын тайлбар мэдүүлгийг үндэслэн, нэгэнт цалингийн тодорхой эх үүсвэрээр зээлийн гэрээ хийсэн учир зээлийн гэрээг түр хугацаагаар түдгэлзүүлэн 2020 оны 08 дугаар сараас төлөх ёстой гэх тайлбарыг үндэслэн эргүүлэн төлүүлэх боломжтой эсэхийг бодолцож үзнэ үү. Мөн үнийн дүнгийн зөрүүтэй байдал байдаг. “Х б” ХХК 10 693 151.31 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг авагдсан нотлох баримтыг харахад үнийн дүн зөрүүтэй байдаг. Тухайлбал зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 07 дугаар сар хүртэл төлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага дээр 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөгдөөгүй гэсэн байдаг. Үүнээс үүдэн үнийн дүнгийн харилцан үл ойлголцол гарч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х бны Дорноговь салбар нь хариуцагч И.Г, Ш.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,693,151.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч И.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч И.Г одоогоор ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа, ажилд орсон үеэс зээлийг төлөх боломжтой гэж, хариуцагч Ш.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч И.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул түүнээс зээлийн төлбөрийг бүхэлд нь гаргуулах саналтай гэж маргана.
Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч И.Г, Ш.О нар нь уг зээлийн гэрээгээр Х бнаас хэрэглээний зориулалтаар 18,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн, зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгч Х бны Дорноговь салбар дээрх зээлийн гэрээг үндэслэн зээлийн гэрээний үүрэг болох 10,693,151.31 төгрөгийг хариуцагч И.Г, Ш.О нараас гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч банк өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч нарын биелүүлэх үүргийн хэмжээг тухайн өдрийг хүртэл хугацаагаар тодорхойлж, үндсэн төлбөр 9,011,407.75 төгрөг, хүү 1,637,454.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,289 төгрөг, нийт 10,693,151.31 төгрөг гэж тодорхойлжээ.
Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш зээлийг төлөөгүй болох нь зохигчдийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч нарт мэдэгдэх хуудас хүргүүлэхдээ зэээлийн гэрээний дагуу төлбөр хийх хугацааг 59 хоногоор хэтрүүлж, нэмэгдүүлсэн хүү 1,457.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,187.39 төгрөг, үндсэн төлбөр 361,881.97 төгрөг, нийт 631,527.30 төгрөг төлөөгүй болохыг сануулсан байх ба хавтаст хэрэгт үүргийн зөрчлийг тогтоосон дансны хуулга, хүүний тооцоолол зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 5.1.1-д зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг цуцлахаар заасан байна.
Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй боловч зээлийн гэрээг дуусгавар болгохыг хүсч, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байх тул шүүхээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагч нараас үндсэн төлбөр 9,011,407.75 төгрөг, хүү 1,637,454.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,289 төгрөг, нийт 10,693,151.31 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд И.Г, Ш.О нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 10,693,151.31 төгрөгийг гаргуулж, Х бны Дорноговь салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Г, Ш.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 186,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х бны Дорноговь салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар Х б И.Г, Ш.О нарын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1020026352 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч И.Г, Ш.Оюугэрэл нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,693,151.31 төгрөгийг гаргуулж Х бны Дорноговь салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Г, Ш.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 186,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х бны Дорноговь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА