Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2020/00216

 

 

 



 

 

 

 

 

2020 4 8 103/ШШ2020/00216



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* онд ******* хотод төрсөн, 38 настай, *******, ******* ******* эмнэлэгт хөдөлмөр эрүүл мэндийн ажилтай, ******* дүүргийн 25 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1981 онд дүүрэгт төрсөн, 39 настай, эрэгтэй, дулааны станц ТӨХК-д цахилгааны инженер ажилтай, дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д., хариуцагч Б., нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Д. нь 2001 онд Б. танилцаж улмаар 2006 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдөр охин З. төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2008 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Би 2011 оноос Ц. хамтран амьдарч Б., Б. нарыг төрүүлсэн. Б.Золжаргал бид хоёрын дунд эд хөрөнгө, хүүхдийн асрамж, тэтгэмжийн маргаан байхгүй, охин З. аавынхаа асрамжид хүмүүжиж байгаа болно. Би 2008 онд Солонгос улс руу явж ажил хийгээд 2012 онд буцаж Монгол улсад ирсэн. Намайг явсны дараа Золжаргал манай аав, ээж хоёртой хамт амьдардаг байсан. 2009 онд Золжаргал манай аав, ээж хоёртой муудалцаад би аав, ээжийгээ өмөөрснөөс болоод таарамжгүй харилцаатай болсон. Тэгээд 2009 оноос хойш над руу нэг ч залгаагүй. Охин маань багаасаа Золжаргалын аав, ээж дээр өссөн, хааяа амралтаараа манай аав, ээж дээр очдог. Солонгост байх хугацаандаа охинтойгоо байнга холбогддог байсан. Би одоо ч охинтойгоо холбоотой, охин маань зуны амралтаараа над дээр ирдэг. Бид гэр бүл болохдоо ямар нэгэн таарамжгүй харилцаатай байгаагүй. 2008 онд охиноо 5 настай байхад нь гэр бүлийн эдийн засгийн байдал муу болоод Солонгос улс руу явж ажил хийж, байр орон сууц авъя гээд явсан. Тэнд байх хугацаандаа энэ хүн рүү мөнгөө цуглуулаарай гээд мөнгө шилжүүлдэг байсан. Тэгээд нэг ярьсан чинь машин авсан гэж хэлсэн. Түүнээс хойш энэ хүн рүү мөнгө явуулахаа больж харилцаагаа тасалсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Золжаргал шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ хүн ямар шалтгааны улмаас салсанаа сая тайлбарлалаа. Би түүний ярьж байгаа шиг аав, ээжтэй нь муудалцаж, таарамжгүй харилцаатай байгаагүй. Харин 2007 оноос *******т хувиараа цайны газар ажиллуулаад аав, ээжээс нь холдсон. Түүнээс хойш аав, ээжтэй нь холбоотой байсан эсэхээ сайн санахгүй байна. Би 2012 онд авто осолд орж, 4 жил эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн. Тэр үед би өмнөх юмаа санадаггүй, хүний тусламжтай босдог байсан. Тэгээд ухаа ороход Д. өөр хүнтэй гэр бүл болоод, хүүхэдтэй болчихсон байсан. Ийм учраас түүнтэй хамтран амьдрах боломжгүй. 2003 онд охин маань төрөөд 1 нас хүрээгүй байхдаа манай аав, ээж дээр ирсэн. Д. нь охиныг маань 5 настай байхад нь орхиод Солонгос улс руу явсан. Бидний хувьд мөнгө төгрөгтэй холбоотой маргаан байхгүй. Энэ хүн Солонгост байхдаа одоогийн нөхөртэйгээ танилцсан, тэр хүнтэйгээ гэрлэхийн тулд Монголд ирсэн байх гэж боддог. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Золжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д., хариуцагч Б.Золжаргал нар нь 2006 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдөр охин З.ыг төрүүлэн хамтран амьдарч эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэж байгаад 2008 онд нэхэмжлэгч Д. Солонгос улс руу явсны улмаас тус тусдаа амьдарч эхэлсэн, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, нэхэмжлэгч Д. нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, 2 хүүхэд төрүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 0068987 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, З.ын иргэний үнэмлэхийн хуулбар, - Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын Гүн галуутай цогцолбор сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д .., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.

Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол .., шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх.., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасан бөгөөд охин З.ыг эцэг Б.Золжаргалын асрамжинд үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцож хэлцэл байгуулан шүүхэд ирүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б. улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдэд зааснаар овогт Золжаргал, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь охин З.ыг эцэг Б.Золжаргалын асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож хэлцэл байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн болохыг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б. улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ