Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2020/00186

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүргийн ..дүгээр хороо, .., ..-р байр .. тоотод оршин суух, Б- овогт Н.О-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Тогос Уул 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, Б- овогт Б.Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2015 онд Б.Бтай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016.07.29-нд хүү Б.Э төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ  батлуулаагүй, зан харилцааны тааламжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.Эын эцэг Б.Б болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр 2015 оны 7 дугаар сард танилцаад, 11 дүгээр сард хүүхэдтэй болсон. 2016 оны 5 дугаар сараас эхлэн Багануур дүүрэгт хамт амьдарч эхэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл хамт амьдарсан. Хүүхдийнхээ эцгийг тогтоолгохоор шинжилгээ өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр хүүхдийнхээ эцэг нь мөн болохыг тогтоосон. Хүүхдийнхээ тэтгэлгийг төлөхөөр шийдчихсэн гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад 

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О нь Б.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.О хариуцагч Б.Б нар нь 2015 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд  2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Эыг төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад хамт амьдрах боломжгүй болж улмаар тус тусдаа амьдарч байгаа нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Хүү Б.Э 0000239270 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ нь эцэг Б- овогт Б.Б-дар овоглон авсан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хүү Б.Эын эцэг Б.Б болохыг захиргааны журмаар тогтоожээ.

Нэгэнт захиргааны журмаар хүүхдийн эцгийг тогтоосон, хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу 2020.03.03-ны өдрийн 1146 дугаар шинжээчийн дүгнэлтээр Б.Б нь Б.Эын биологийн эцэг байх магадлалыг тооцож үзэхэд 99.97 хувийн магадлалтай байна гэжээ.

Иймд Б.Эын эцэг Б.Б болохыг захиргааны журмаар тогтоосон тул шүүх дахин эцэг тогтоох шаардлагагүй тул Н.Огийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” 21.5 дахь хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ”эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү Б.Э төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүссэн байна.

Хариуцагч Б.Б нь хүү Б.Эыг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрч тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаагүй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Б.Бас хүүхдийн тэтгэлгийг гаргуулж хүү Б.Эыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Бас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална”, 4.5 дахь хэсэгт “хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ”, 26.2 дахь хэсэгт  “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох,  хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.

Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд  эцэг эх тодорхой шалтгаанаар тусдаа амьдарснаар хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 5.3 дахь хэсэгт “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж зааснаар эцэг Б.Б нь хүү Б.Этай байнгын харилцаа, холбоотой байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэй нь уулзахыг хориглох эрхгүй,  хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106.068 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37.030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Од олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Эыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Б- овогт Б.Б-дар тэжээн тэтгүүлсүгэй.   

2. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар Б.Эын эцэг Б.Б болохыг тогтоолгох тухай Н.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.068 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бас 37.030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Од олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО