| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0287/З |
| Дугаар | 221/МА2025/0662 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0662
"Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0585 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгээс гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: "Б" ХХК
Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий архитектор
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0287/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0585 дугаар шийдвэрээр Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан "Б" ХХК-иас нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан “... нийслэлийн Ерөнхий архитектороос олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №МЗХ2023/23-013 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын эх загвар (эскиз) зургийг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг барилгын загвар зургийг батлахыг нийслэлийн Ерөнхий архитекторт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт заасан хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч компанийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан “Барилгын эх загвар зураг батлуулах тухай” хүсэлтийг хүлээн авч, улмаар Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Мэргэжлийн зөвлөлийн 35 дугаар хурлаар хэлэлцэн дэмжсэн атлаа нэхэмжлэгчид Барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгоогүй нь хууль бус эс үйлдэхүй гэж хуулийг буруу хэрэглэж нөхцөл байдлыг өөр өөр агуулгаар дүгнэж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн нийслэлийн Ерөнхий архитектор нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д "загвар зураг" гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг” буюу Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрмийн 3.6-д Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална гэж заасны дагуу тус захиргааны актыг баталдаг болно.
2.2. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол;”-ыг эрх бүхий байгууллага шийдвэр гаргахдаа харгалзан үзэх тул Б.Жагарын гаргасан өргөдөл гомдлын дагуу МЗХ2023/23-013 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдсан загвар зургийг батлахаас татгалзсан. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасны дагуу хэргийн оролцогчдыг байлцуулан гурван талт уулзалт зохион байгуулахаар тов мэдэгдсэн боловч хэн аль нь хүрэлцэн ирээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн тухайд:
2.1. Нэхэмжлэгч "Б" ХХК-иас нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан “... нийслэлийн Ерөнхий архитектороос олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №МЗХ2023/23-013 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын эх загвар (эскиз) зургийг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг барилгын загвар зургийг батлахыг нийслэлийн Ерөнхий архитекторт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, улмаар шүүх энэхүү шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл хангагдах нөхцөл нь тухайн захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, үйл ажиллагаа зөрчсөн байхын зэрэгцээ түүний улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, шүүхийн шийдвэрийн үр дүнд уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай.
2.3 Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д “загвар зураг" гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг” гэж,
4.1.43-д “эх загвар зураг /эскиз/” гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэмийн 3.6-д “Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална” гэж,
Мөн дүрмийн 6.1-д “Барилгын тухай хуулийн 34.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулна”, 6.8.1-д “захиалагчийн хүсэлтийн дагуу эх загвар зураг /эскиз/-ийг хүлээн авч, иж бүрдлийг хянах. Эх загвар зураг /эскиз/-т барилга байгууламжийн газрын эрхийн гэрчилгээ, аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, зургийн даалгавар, инженер-геологийн дүгнэлт, техникийн нөхцөлүүдийг хавсаргасан байна” гэж тус тус заажээ.
2.4. Дээрх хууль, холбогдох журмын зохицуулалтаас үзвэл “загвар зураг” болон “эх загвар зураг (эскиз)” нь агуулга, зорилго, боловсруулалтын түвшний хувьд ялгаатай хоёр өөр баримт бичиг байх бөгөөд “эх загвар зураг (эскиз)” нь ерөнхий төлөвлөлт, инженерийн үндсэн шийдлийг тодорхойлдог бол “загвар зураг” нь батлагдсаны үндсэн дээр “эх загвар зураг (эскиз)”-ийг магадлахаар зохицуулсан байна.
2.5. Мөн уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баярбаатараас нэхэмжлэлийн шаардлагыг “тухайн компанид Нийслэлийн ерөнхий архитектороос олгосон 2023.06.29-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хурал М3Х2023/23-13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулж хийгдсэн барилгын эх загвар зураг буюу эскиз зургийг батлахаас татгалзсан 2025.02.20-ны өдрийн 0502/1108 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр, загвар зургийг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, загвар зураг батлахыг Нийслэлийн ерөнхий архитекторт даалгуулах” гэж анх шүүхэд гаргасан шаардлагаас өөрөөр тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах эрх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасанчлан гагцхүү нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчид олгогдсон эрх юм.
2.6. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй “эх загвар (эскиз) зураг”, “загвар зураг” зэргийг ялгаж салгаж авч үзэлгүйгээр нэг акт мэтээр дүгнэлт хийж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа зөрүүтэй байдлаар тодорхойлсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
3. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 27.5-д “Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна”, 27.4.4-т “захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах” гэж тухайлан заасан.
3.1. Хэрэгт авагдсан "Б" ХХК-ийн ерөнхий захирлаас 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 25-02-24-1 дугаар итгэмжлэлээр Г.Б-т Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх боловч уг итгэмжлэлийг үндэслэн нийслэлийн Ерөнхий архитекторт холболдох шаардлага бүхий энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй байх төдийгүй тус итгэмжлэлийг зөвтгүүлэхтэй холбоотой ямар нэг ажиллагааг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
4. Түүнчлэн нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, улмаар шүүхэд хандсан байх бөгөөд анхан шатны шүүх Хот байгуулалт, хотын стандартын газрын дэргэдэх Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөх саналыг 8 гишүүн дэмжиж 100 хувийн саналаар зөвшөөрч шийдвэрлэсэн атал нийслэлийн Ерөнхий архитектор нь ямар шалтгааны улмаас одоог хүртэл биелүүлэхгүй байгааг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Иймд, анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0585 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА