Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 47

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, иргэдийн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, улсын яллагч П.Даваасүрэн, шүүгдэгч Л.Чулуунбаатар, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор /ҮД:0433/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамж 134 тоотод оршин суудаг, урьд Төв аймгийн хэсгийн ардын шүүхийн 1986 оны 8 сарын 19-ний өдрийн 25 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1991 оны 1 сарын 16-ны өдрийн 08 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 7 сарын 1-ний өдрийн 168 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 29 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 сарын 2-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 6 сарын 4-ний өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, суллагдсан, /РД: НЧ69110511/ Хотон овогт Лоёмбуугийн Чулуунбаатарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625022404 дугаартай 185/2017/0066/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ НЬ:                    

 

Шүүгдэгч Л.Чулуунбаатар согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2016 оны 09 сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Отгонтэнгэр” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Ц.Бэхбатыг “надтай мэндэлсэнгүй” гэх ялимгүй зүйлээр шалтаглан толгойн тус газар нь чулуугаар цохиж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Чулуунбаатарын: 2016 оны 9 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрладаг “Отгонтэнгэр” хүнсний дэлгүүрээс 2 шил архи аваад гараад ирэхэд Мөнхбаяр Оргилыг аваад явъя гээд байсан. Тэгэхээр нь Оргил дээр очоод Оргилоо явах уу гэхэд явахгүй байсан. Би Оргил дээр очоод мэнд мэдэхэд зөрүүлж миний мэндийг асуусан. Би Бэхбатад чи ахтайгаа мэнд мэдэхээ байчихсан юм уу гэж хэлэхэд чамтай яахаараа мэндэлдэг юм бэ, чамтай мэндлэхгүй хүнийг чи яадаг юм гэж элдвээр намайг доромжилсон. Би Бэхбатад чи надад битгий гай болоод байгаарай гэж хэлэхэд чам шиг шоронгийн хулгайчтай би мэнд мэдэхгүй гээд аархаад байхаар нь би чулуу аваад шидчихсэн. Би дэлгүүр рүү буцаж ороод ус авч толгойг нь угаагаад өгье гэхэд чам шиг хулгайчаар угаалгахгүй гээд босоод яваад өгсөн. Би Бэхбатыг авгайтайгаа их харддаг байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Бэхбатын: ...Би ...2016 оны 9 сарын 14-ний орой бие өвдөөд эмийн сан руу деклоденк эм авахаар явж байсан. Тэгтэл Чулуунбаатар ах хоёр эмэгтэйтэй хамт согтуу зогсож байсан. Намайг хажуугаар нь явсан чинь “тамхи байна уу” гэсэн. Тэгэхээр нь би “байхгүй, эмийн сан руу явж байна, эм авах ганц 500 төгрөг байна” гэсэн. Тэгээд намайг буруу хараад зогсож байсан чинь гэнэт араас хатуу юмаар толгой руу цохисон. Чулуу байсан байх. Тэгээд би ухаан алдаад уначихсан. Нэг сэрсэн цагдаагийн машин ирчихсэн Чулуунбаатарыг барьчихсан байсан. Манай ах Хишигдаваа, дүү Пүрэв нар мэдээд гарч ирээд Чулуубаатарыг бариад цагдаа дуудаж өгсөн байсан. ...Тухайн үед эмчилгээ хийлгэсэн. Толгойны зургийг 25.000 төгрөгөөр авахуулсан, компьютер томограффын зургийг 70.000 төгрөгөөр авахуулсан баримт нь байгаа. Түргэн тусламжийн эмч ирээд толгойд оёдол тавиад 15.000 төгрөг авсан. Эмнэлэг, шүүх эмнэлэг рүү явахад таксигаар явсан. Чулуунбаатар ах буруугаа хүлээгээд, гэмшээд надаас удаа дараа уучлал гуйгаад, эмчилгээний зардал болох 208.000 төгрөгийг бүрэн төлсөн учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Оргилын: ...Чулуунбаатар ах Бэхээ ахыг дуудаад “тамхи байна уу” гэсэн чинь Бэхээ ах “бие өвдөөд байна, аптек явж байна, тамхины ч мөнгөгүй эм авах гээд явж байна” гээд уурлаад янз бүрийн юм хэлээд байсан. Тэр хоёр хэрэлдээд байхаар нь бид нар болиулсан. Тэгтэл Чулуунбаатар ах цаашаа явж байснаа эргэж хараад газраас чулуу аваад Бэхээ ах руу шидсэн. Бэхээ ах толгойгоо бариад доошоо суусан. Бэхээгийн толгойноос цус гарсан чинь Чулуунбаатар ах “нэг мөсөн гүйцээчихье” гээд дайрахаар нь бид нар салгасан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхбаярын: ...Би 2016 оны 9 сарын 14-ний орой 20 цагийн үед байх /цагийг нь сайн санахгүй байна/ ...жоохон халамцуу явсан. ...Чулуунбаатар ах Бэхээ гэдэг залууг “мэндэлдэггүй юм уу” гэх утгатай юм хэлсэн. Бэхээ гэдэг залуу “би олон жил шоронд явсан шоронгийн хулгайчтай мэндэлж яах юм бэ, шорондоо л атаман байдаг юм байгаа биз” гэсэн. Би бие засах гээд явчихаад ирсэн чинь Бэхээгийн толгой нь хагарчихсан цус гоожсон байсан. ...Чулуунбаатар нилээн согтуу байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Пүрэвийн: ...2016 оны 9 сарын 14-ний орой 20 цагийн үед намайг гэртээ байж байхад хажуу айлын Бадамцэцэг эгч орж ирээд “Бэхбат ах чинь дэлгүүрийн үүдэнд цус нь гоожчихсон байж байна” гэсэн. Тэгэхээр нь Хишгээ ах бид хоёр гараад очиход Бэхбат ахын толгой нь орой хэсэгтээ хагарсан нэлэнхүйдээ цус болчихсон байдалтай байсан. ...Бэхээ ахыг хэн цохьсон бэ, би дүү нь байна” гэж асуухад “би цохьсон” гэж Чулуунбаатар гэдэг хүн хэлж байсан. Тэгэхээр нь дагуулж яваад цагдаа ирэхээр нь өгсөн. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхцэцэгийн: ...Бэхбат бид хоёрын хооронд ямар нэгэн дотно харьцаа байдаггүй. ...Би тухайн хэрэг гарсан үед хамт байгаагүй, сүүлд нь дуулсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27-28/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн №12898 тоот:     

  1. Бэхбатын биед хуйханд шарх, тархи доргилт, хамар ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо.     
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн №03/357 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Хотон овогт Лоёнбуугийн Чулуунбаатар /РД:НЧ69110511/ гарын дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
  2. Хотон овогт Лоёнбуугийн Чулуунбаатарын /РД:НЧ69110511/ гарын дардсыг санд MN000620000141 гэж дугаарлан Папилон системд кодлон оруулж үзэхэд нэгдсэн санд хүснэгт№1 дээр дурьдсан гарын дардаснуудтай тохирч байна. Харин эзэнгүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-35/,

 

Хохирлын баримтууд /хх-57/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-12/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 сарын 2-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-66/, Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 6 сарын 4-ний өдрийн ялаас хугацааны өмнө тэнссэн суллах тухай шүүгчийн захирамж /хх-67-68/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч Л.Чулуунбаатар 2016 оны 09 сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Отгонтэнгэр” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Ц.Бэхбатыг “надтай мэндэлсэнгүй” гэж маргалдан чулуу шидэж толгойн тус газарт нь онож хөнгөн зэргийн гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжлэн судалсан хохирогч Ц.Бэхбатын: Би ...2016 оны 9 сарын 14-ний орой бие өвдөөд эмийн сан руу деклоденк эм авахаар явж байсан. Тэгтэл Чулуунбаатар ах хоёр эмэгтэйтэй хамт согтуу зогсож байсан. Намайг хажуугаар нь явсан чинь “тамхи байна уу” гэсэн. Тэгэхээр нь би “байхгүй, эмийн сан руу явж байна, эм авах ганц 500 төгрөг байна” гэсэн. Тэгээд намайг буруу хараад зогсож байсан чинь гэнэт араас хатуу юмаар толгой руу цохисон. Чулуу байсан байх. Тэгээд би ухаан алдаад уначихсан. …гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Л.Оргилын: Чулуунбаатар ах Бэхээ ахыг дуудаад “тамхи байна уу” гэсэн чинь Бэхээ ах “бие өвдөөд байна, аптек явж байна, тамхины ч мөнгөгүй эм авах гээд явж байна” гээд уурлаад янз бүрийн юм хэлээд байсан. Тэр хоёр хэрэлдээд байхаар нь бид нар болиулсан. Тэгтэл Чулуунбаатар ах цаашаа явж байснаа эргэж хараад газраас чулуу аваад Бэхээ ах руу шидсэн. Бэхээ ах толгойгоо бариад доошоо суусан. Бэхээгийн толгойноос цус гарсан чинь Чулуунбаатар ах “нэг мөсөн гүйцээчихье” гээд дайрахаар нь бид нар салгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Мөнхбаярын: ...Би 2016 оны 9 сарын 14-ний орой 20 цагийн үед байх /цагийг нь сайн санахгүй байна/ ...  ...Чулуунбаатар ах Бэхээ гэдэг залууг “мэндэлдэггүй юм уу” гэх утгатай юм хэлсэн. Бэхээ гэдэг залуу “би олон жил шоронд явсан шоронгийн хулгайчтай мэндэлж яах юм бэ, шорондоо л атаман байдаг юм байгаа биз” гэсэн. Би бие засах гээд явчихаад ирсэн чинь Бэхээгийн толгой нь хагарчихсан цус гоожсон байсан. ...Чулуунбаатар нилээн согтуу байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12898 тоот актын дүгнэлтээр тогтоогдон нотлогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Чулуунбаатар …би Бэхбатыг авгайтайгаа харддаг байсан… гэж мэдүүлж байгаа боловч гэрч Б.Мөнхцэцэгийн …Бэхбат бид хоёрын хооронд ямар нэгэн дотно харьцаа байдаггүй. …Би тухайн хэрэг гарсан үед хамт байгаагүй сүүлд нь дуулсан… гэх мэдүүлгээр эр эмийн хардлагаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Л.Чулуунбаатарын үйлдлийг эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон зүйлчлэхийг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Л.Чулуунбаатарыг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Отгонтэнгэр” гэх хүнсний дэлгүүрийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Чулуунбаатарын гэм буруутай үйлдлээс хохирогч Ц.Бэхбатын бие махбодид учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан 208.000 төгрөгний зардлыг нөхөн төлсөн нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон мөрдөн байцаалтад хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдов.

 

Шүүгдэгч Л.Чулуунбаатар Төв аймгийн хэсгийн ардын шүүхийн 1986 оны 8 сарын 19-ний өдрийн 25 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэж таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1991 оны 1 сарын 16-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 1991 оны 7 сарын 1-ний өдрийн 168 дугаартай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 29 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 сарын 2-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 6 сарын 4-ний өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, суллагдсан нь шийтгэх тогтоолуудын хуулбар болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдов.  

 

            Шүүгдэгч Л.Чулуунбаатарт Сүхбаатар дүүргийн Шүүхийн 2012 оны 3 сарын 2-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 6 сарын 4-ний өдрийн 23 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасан заалтад хамаарч байна.

Шүүгдэгч Л.Чулуунбаатар үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч Ц.Бэхбатад гэм хорын хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх боловч Л.Чулуунбаатар ялтайд тооцох хугацаанд хүнд гэмт хэрэг үйлдсэн, урьд хорих ял эдэлж байсан зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

  1. Лоёмбуугийн Чулуунбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т  зааснаар Лоёмбуугийн Чулуунбаатарыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Л.Чулуунбаатарт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.Чулуунбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Л.Чулуунбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.                                               

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Чулуунбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                     

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                        ШҮҮГЧИД                                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                     З.БОЛДБААТАР