| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2020/00109/И |
| Дугаар | 103/ШШ2020/00193 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2020/00193
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 103/ШШ2020/00193 | Улаанбаатар хот |
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Залуусын задгай тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Л., хариуцагчийн өмгөөлөгч Д., нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би иргэн Л.той 2019 оны 7 дугаар сард танилцаад цэвэр усны үйлдвэр явуулах түрээсийн байр хайхаад хариуцагч засвар хийгдээгүй байр байна, засвар хийгээд түрээсэлж болно гэж надад хэлсэн. Би тэр байранд л ус үйлдвэрлэх зорилготой байсан учраас Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтаас зөвлөгөө авахаар байцаагч нарыг түүний байранд аваачиж харуулсан. Байцаагч нар шал, тааз нь арчихад тохиромжтой, гаднаас цэвэр ус орж ирсэн, цэвэр ус нь гүний усанд холбогдсон, бохир зайлуулах хоолойтой, дулаантай байх шаардлагатай гэсэн. Тухайн үед Л. хамт байлцсан би түүнээс ийм ийм засварыг хийх боломжтой юу гэж асуухад болно, цаашид усны зориулалтаар ашиглах объект гэж хариулсан. Шал, тааз нь арчихад тохиромжтой, гаднаас цэвэр ус орж ирсэн, цэвэр ус нь гүний усанд холбогдсон, бохир зайлуулах хоолойтой, дулааны шугамтай байхад болох юм байна гэхэд Л. ах засварыг нь 2019 оны 7 дугаар сардаа багтаагаад хийгээд өгчихье харин чи түрээсийн мөнгөө урьдчилаад өгчих, надад мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд хоорондоо ярилцаж тохиролцсоны үндсэн дээр сарын түрээсийг тогтоож, 6 сарын түрээс 2.400.000 төгрөгийг түүн рүү шилжүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын дундуур байранд очиж үзэхэд агааржуулалт, дүүжин тааз, плитан шал хийсэн байсан. Л. гуай бороо ихтэй байгаа болохоор бохироо хийж чадахгүй байна гэж хэлсэн. 2019 оны 8 сар гаргаад дахиад очиход бохир, цэвэр усны шугам, дулааны засвараа хийгээгүй байсан. Л. ах нь өгсөн мөнгө хүрэхээ больсон чи мөнгө нэмээд үлдэгдэл засвараа хийчих гэсэн. Тэгэхээр нь би үгүй ээ, та ярьсандаа байх ёстой. Хэрвээ ийм бол би энэ байрыг түрээслэхээс татгалзаж байна гэсэн. Одоо энэ хүн миний хөрөнгөөр өөрийнхөө байранд засвар хийчээд би хохироод байна гэж тайлбарлаад байна. Энэ хүн өөрийнхөө байрыг цаашид ашиглах бүрэн боломжтой. Иймд Л.******* өгсөн 2.400.000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б. нь 2019 оны 06 дугаар сард манайд ирж дээрх барилгыг үзсэн. Ирэхдээ цэвэр усны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах боломжтой хэсгийг харуулахаар Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын 2 байцаагч дагуулж ирсэн. Хяналтын байцаагч нар нь үйл ажиллагаа явуулах байр нь плитан шалтай, дүүжин таазтай, бохир зайлуулах шугамтай, агаажуулалтай байх ёстой гэж байсан. Тэгээд нь танай байрыг чинь түрээслээд цэвэр усны үйлдвэрлэл явуулъя та тааз, шал, агааржуулалт, бохирын асуудлыг хяналтын байцаагч нарын хэлсний дагуу хийчих гарсан зардлыг нь би түрээсийн төлбөрөөр өгье гэсэн санал тавихаар нь би зөвшөөрсөн. Би шилжүүлсэн мөнгөөр нь шал тааз, агааржуулалтын хоолой, бохирын шугам тавьсан. Шилжүүлсэн мөнгө нь хүрээгүй учраас би банкнаас 1. хувийн хүүтэй зээл авч ажлыг гүйцээсэн. Нийтдээ барилгад ******* шаардлагын дагуу ойролцоогоор 7.910.000 төгрөгийн засвар хийгдсэн. 2019 оны 8 дугаар сард засварын ажил дууссан. Б. нь хэлэлцэн тохирсондоо хүрэлгүй, банкны зээлийн хүү зээл төлөх, хөрөнгөө ашиглаж үр шимийг нь хүртэх боломжгүй болох зэрэг байдлаар намайг хохироосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй 2.400.000 төгрөгийг төлөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б., хариуцагч Л.******* холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгжсөн 2.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Л. Б. нь хэлэлцэн тохирсондоо хүрэлгүй, банкны зээл, хүү төлөх, хөрөнгөө ашиглаж үр шимийг нь хүртэх боломжгүй болох зэрэг байдлаар намайг хохироосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй 2.400.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
Б. цэвэр усны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Л.ийн өмчлөлийн эд хөрөнгийг түрээслэхээр тохирч, түүнд засвар хийх зорилгоор 6 сарын түрээсийн төлбөр 2.400.000 төгрөгийг Л.******* шилжүүлжээ. Энэ талаар зохигч маргаагүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 318.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж хуульчилжээ.
Хариуцагч Л. түрээслэх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.т шилжүүлээгүй байж түрээсийн төлбөр 2.400.000 төгрөг авч, өөрийн эд хөрөнгөд завсар хийсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4.-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэх заалтын дагуу зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд буюу Б. уг зүйлийг олж авсан этгээд буюу Л.оос хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Иймд Л.ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, 2.400.000 төгрөгийг түүнээс гаргуулж, Б.т олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.оос 3.*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн
1.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* оос 2.400.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт ******* т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.оос 3.*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО