| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2019/00391/И |
| Дугаар | 432 |
| Огноо | 2019-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 432
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын … оршин суух С овогт Ч З ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын … оршин суух Б овогт Г Ж-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.501.500 /найман сая таван зуун нэг мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00391/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.З , шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.З миний бие 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2.800.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай Г.Ж д зээлүүлсэн. Эхний 3 сарын хугацаанд хүүнд 1,020,00 төгрөг өгсөн. Анх өгөхдөө амаар гэрээ байгуулж өгсөн тул 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үндсэн мөнгө болон хүүг тооцож нийт 4.900.000 төгрөг дээр харилцан тохиролцож 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, бичгийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан.
2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ дууссан боловч одоог хүртэл төлөөгүй тул үндсэн мөнгө 4,900,000 төгрөг, хүү 1,470,000 төгрөг, алданги 2,131,500 төгрөг, нийт 8,501,500 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,974 төгрөгийг Г.Ж гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ж 2019 оны 7 сарын 29-ны өдөр шүүх дээр ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүх хуралдаанд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.З нь хариуцагч Г.Ж д холбогдуулан үндсэн мөнгө 4.900.000 төгрөг, хүү 1.470.000 төгрөг, алданги 2.131.500 төгрөг, нийт 8.501.500 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар ...хариуцагч хариу тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж байгаа боловч шүүх хуульд нийцсэн шударга шийдвэр гаргах учиртай юм.
Зохигчийн хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн.
Учир нь: хэргийн 4 дүгээр хуудсанд зохигчийн хооронд байгуулсан 4.900.000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа боловч тус зээлийн гэрээний үнийн дүн 4.900.000 төгрөг нь тухайн өдөр хариуцагч Ж д зээлүүлсэн 4.900.000 төгрөг биш болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний дүн 4.900.000 төгрөг нь нэхэмжлэгч, хариуцагчид 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр амаар гэрээ хийж сарын 15 хувийн хүүтэй зээлүүлсэн 2.800.000 төгрөг, түүний хүүгийн нийлбэр бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ж тай уулзаж, зээлийн гэрээ хийсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг.
2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ хийхээс өмнө зохигчийн хооронд аман хэлбэрээр 2.800.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлүүлсэн зээлийн гэрээ байгуулагдсан болохоо нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа нотолж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана гэжээ. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зохигчийн хооронд хүүтэй зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулсан тул нэхэмжлэгч З нь хариуцагч Ж гаас хүү авах эрхгүй байсан байна.
Харин хариуцагчийн хүү гэж төлсөн гэх 1.020.000 төгрөгийн хувьд зохигч маргаагүй тул хүү төлсөн гэх 1.020.000 төгрөгт шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Иймээс зохигчийн хооронд байгуулсан 4900.000 төгрөгийн зээлийн гэрээ нь хүүнээс хүү тооцсон, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ болох нь дээрх нөхцлүүдээр тогтоогдож байна.
Шүүх зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн учир хариуцагчаас үндсэн мөнгө 2.800.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150974 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 59750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдад шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Ж гаас 2,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.З д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150974 /нэг зуун тавин мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 59750 /тавин есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР