Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 552

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, ... оршин суух, З овогт Б.О -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ... оршин суух, Б овогт Д.Ч  -т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00375/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О , хариуцагч Д.Ч , нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.О  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд Д.Ч тай танилцаж, гэр бүл болсон. Бидний дундаас 2006 онд том хүү Ч.Э, 2010 онд бага хүү Ч.Б  нар төрсөн. Д.Ч  нь байнга архи ууж үр хүүхдээ болон намайг дарамталдаг байсан. Би байнга дарамтад амьдардаг байсан. 2018 онд зодож гэмтэл учруулж шүүхээр орж торгуулийн арга хэмжээ авагдсан. 2 сар тусдаа амьдраад нийлэхэд дахин архиа ууж дарамтлах болсон. 2019 оны 3 сараас хойш тусдаа амьдарч байна. 2018 оны 6 сарын 3-ны орой согтуу ирж агсам тавьж миний биед гэмтэл учруулж эрүүгийн шүүхээр орж байсан. Миний бие хүүхдүүдээ бодон Б.Ч тай эргээд нийлж хамт амьдарсан боловч архи ууж агсам тавьдаг хэвээрээ байсан.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ч.Э, Ч.Б  нарыг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ч  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлгээ өгнө. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Би хашаа байшингаа булаацалдаагүй. Утсаар ярьж дарамталсан зүйл байхгүй. Би энэ хүнийг нэг хүнтэй утсаар ярьж, мэссэж бичиж байгаа гэж сонсоод тэрийг нь хэлсэн. Өөр хэлэх зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.Ч т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б.О , Д.Ч  нар нь 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2006 оны 2 сарын 2-ны өдөр хүү Ч.Э, 2010 оны 10 сарын 1-ний өдөр хүү Ч.Б  нар төрсөн болох нь зохигчдын  тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

2019 оны 10 сарын 4-ний Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс 2019 оны 3 сараас хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Ч.Э, Ч.Б  нарыг эхийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Д.Ч аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно. 

Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан З овогт Б.О , Б овогт Д.Ч  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 2 сарын 2-ны өдөр хүү Ч.Э, 2010 оны 10 сарын 1-ний өдөр хүү Ч.Б  нарыг эх Б.О ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 2 сарын 2-ны өдөр хүү Ч.Э, 2010 оны 10 сарын 1-ний өдөр хүү Ч.Б  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Д.Ч аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.О т даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч аас 122455 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөг гаргуулж, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Б.О т, 52255 /тавин хоёр мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг Төрийн санд тус тус олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Азжаргалд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          О.ОДОНЧИМЭГ