Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2025/0700

 

МНҮТББ-ын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, өмгөөлөгч Л.Б, Т.О

Нэхэмжлэгч: МНҮТББ

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: Б.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8002363 регистрийн дугаартай хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, Б.Гг тус хорооны ерөнхийлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар шийдвэр

 Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Б.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2025/0522/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч МНҮТББ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8002363 регистрийн дугаартай хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, Б.Гг тус хорооны ерөнхийлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0606 дугаар шийдвэрээр: “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 22 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч МНҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8002363 регистрийн дугаартай хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, Б.Гг тус хорооны ерөнхийлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүйгээс мэтгэлцэх зарчим алдагдаж, үйл баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

3.2. Манай МНҮТББ-ын бүх гишүүдийн ээлжит бус хурал 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдсан. Тухайн хуралд саналын эрхтэй нийт гишүүдийн 87 хувь нь буюу 41 төлөөлөгч оролцож, хуралдааныг хөтөлбөрийн дагуу эхэлж, дэг дарааллаа баталж, үргэлжилсэн бөгөөд дээрх хурал хүчин төгөлдөр болохыг Монголын Олон Улсын ба үндэсний Спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр тогтоосон байдаг. Энэ талаар талуудын хэн аль нь маргадаггүй.

3.3. Дээрх хүчин төгөлдөр тооцсон хуралдааны дэгийн дагуу МНҮТББ-ын бүх гишүүдийн ээлжит бус чуулганы хурлыг холбоон ерөнхийлөгчийн санал болгосон нэг, хурал зохион байгуулах ажлын хэсгээс нэг, саналын эрхтэй гишүүдээс нэг нийт 3 тэргүүлэгч гишүүний бүрэлдэхүүнтэй удирдаж явуулахаар болсон.

3.4. Ийнхүү хуралдаан үргэлжилж байх явцад хуралд оролцогч нарын зүгээс дүрэмд оруулах өөрчлөлттэй холбоотойгоор маргалдаж тухайн өдөр шийдэлд хүрч чадаагүй учир хуралдаан даргалагч болон гишүүдийн зүгээс хурлыг түр завсарлуулж, танхимыг орхисон байдаг.

3.5. Ээлжит бус чуулганыг завсарлуулсны дараа хэсэг гишүүд тус хурлын зааланд үлдэж холбооны дүрмээр тогтоосон бүх гишүүдийн хуралдаан явуулах журмыг зөрчиж, хуралдааныг цааш үргэлжлүүлсэн гэж үзэж, үндэслэлгүй шийдвэрүүд гаргасны нэг нь Б.Гг холбооны ерөнхийлөгчөөр сонгож, баталгаажуулсан гэх 04 дугаартай тогтоол юм.

3.6. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас урьдчилан шийдвэрлэх болон шүүхээр хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Гг ерөнхийлөгчөөр бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулсан хууль зүйн үндэслэлээ дээрх ээлжит бус хурлын үндсэн гишүүдийн гаргасан шийдвэр бус шүүх, арбитрын шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэсэн гэж тайлбарлаж мэтгэлцсэн болно.

3.7. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх байдлаар шүүх, арбитрын шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэж бүртгэлд оруулсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн боловч талуудын мэтгэлцээгүй үйл баримтад дүгнэлт хийж “...арбитрын шийдвэрээр хүчин төгөлдөр болохыг тогтоосон хуралд оролцсон гишүүдийн 91.3 хувийн саналаар Б.Гг ерөнхийлөгчөөр сонгосон болох нь хурлын тэмдэглэл, 04 дугаартай тогтоолоор тогтоогдсон, гуравдагч этгээдээс энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д заасан баримтуудыг бүрдүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан өргөдөлдөө хавсаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзсэнд гомдолтой байна.

3.8. Бидний зүгээс шүүх дээр дурдсанаар хариуцагчийн тайлбарласнаас өөрөөр дүгнэж байгаа тохиолдолд тухайн хурлаас гаргасан шийдвэр, тогтоол, бусад баримт нь үндэслэлгүй талаар маргаж холбогдох нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн САШ/03/15 дугаар шийдвэрээр “...хэдийгээр дээрх ээлжит бус хурал хүчинтэй байх боловч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаж буй үргэлжилсэн хурлын шийдвэрүүд болох МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02, 03, 04, 05 дугаартай тогтоолуудыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна” гэж маш тодорхой дүгнэсэн, уг дүгнэлт бүхий арбитрын шийдвэр нь нэгэнт хүчин төгөлдөр болсон байхад шүүх уг шийдвэрийг үгүйсгэж хариуцагчийг дээрх хурлаас гарсан шийдвэрүүдийг үндэслэж бүртгэл хийсэн, уг бүртгэл зорилгодоо нийцсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3.9. Шүүх дүгнэхдээ “...арбитрын шийдвэрээр хүчин төгөлдөр болохыг тогтоосон хуралд оролцсон гишүүдийн 91.3 хувийн саналаар Б.Гг ерөнхийлөгчөөр сонгосон болох нь тогтоогдсон” гэж хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийсэн.

3.10. Дээр дурдсанаар арбитрын шийдвэрээр хүчин төгөлдөр болохыг тогтоосон хурлын ирц, дэгийн талаар гуравдагч этгээдийн зүгээс маргадаггүй бөгөөд МНҮТББ-ын ээлжит бус хуралд нийт 41 гишүүний буюу 87 хувийн ирцтэй хийгдсэнээс Б.Гг сонгосон гэх хуралд үлдсэн 23 гишүүний 20 гишүүн нь саналын эрхтэй байсан ба саналын эрхтэй нийт гишүүд болон хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналыг авч чадаагүй байдаг. Мөн ээлжит бус хуралдааны дэгийг зөрчиж хангалтгүй ирцээр хурлыг хийсэн. Дарга болон тэргүүлэгч гишүүдийг үлдсэн саналын эрхтэй гишүүдээс сонгож, зарим байхгүй байсан гишүүдийг байсан мэтээр тэмдэглэлд тусгаж сүүлд нь нөхөж гарын үсэг зуруулж, шийдвэр гаргасан байдаг.

3.11. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 18-д “...тухайн шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан эсэх, хуралд бодит байдалд хуралдсан эсэх, хурлын ирц болон гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр эсэхийг нотлох зорилготой бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар ...бүх гишүүдийн хурлаар Б.Гг ерөнхийлөгчөөр сонгосон болох нь тогтоогдсон, тухайн шийдвэрийн дагуу улсын бүртгэл хийгдсэн байх тул бүртгэл хууль ёсны байх шаардлагыг хангасан” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.12. Учир нь бидний зүгээс тухайн хуралд гаргасан шийдвэр тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй арбитрын хуралдаанд маргаж холбогдох баримтыг гарган өгч мэтгэлцсэний үндсэн дээр арбитрын хуралдаанаас дээрх тогтоол, хурлаас гарсан шийдвэрүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж шийдвэрлэж шийдвэр хүчин төгөлдөр болсон.

3.13. Шүүх хэрвээ хурлаас гарсан шийдвэрт үнэлэлт өгөх шаардлагатай, хариуцагчаас уг тогтоолыг үндэслэж бүртгэл хийсэн гэж маргасан бол бидний зүгээс үүнтэй холбоотой нотлох баримт, нотолгоог шүүхэд гаргаж өгөх боломжтой байхад энэ боломжоор хангаагүй, гуравдагч этгээдийн зүгээс хуулиар тогтоосон хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд энэ талаар тайлбарласан байхад шүүх дээрх байдлаар шийдвэрлэж байгаа нь талуудын мэтгэлцэх боломжоор хангах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

3.14. Шүүх бүх гишүүдийн хурлын шийдвэр тогтоол нь тухайн шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан эсэх, хурлын ирц болон гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр эсэхийг нотлох зорилготой гэж үзсэн боловч хэрэгт авагдсан хүчин төгөлдөр гэж үзээд байгаа хурлын шийдвэр тогтоол нь эрх бүхий этгээд гаргасан эсэх, хурлын ирц болон гаргасан шийдвэр хэрхэн, ямар баримтыг үндэслэн хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэл болж байгаа талаар үндэслэлтэй тайлбар хийгээгүй.

3.15. Түүнчлэн манай байгууллагын зүгээс хэрэгт арбитрын хуралдааны тэмдэглэл, талуудын хэн аль нь маргадаггүй МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит бус хурлын дэг, холбооны дүрэм зэргийг гаргаж өгсөн бөгөөд уг баримтуудаар Б.Гг ерөнхийлөгчөөр сонгосон хурлын ирц, шийдвэр хүчин төгөлдөр бус болох нь харагдах юм.

3.16. Өөрөөр хэлбэл тухайн өдрийн үргэлжилсэн хурлаас гаргасан шийдвэр нь хуралдааны дэгийг хэрхэн зөрчиж, санаатайгаар хурлыг үймүүлж удаашруулан хуралдааныг завсарлуулж, Б.Гг өрсөлдөгчгүйгээр ерөнхийлөгчөөр сонгосон, нийт саналын эрхтэй гишүүдийн олонхыг саналаар шийдвэр гаргаагүй хүчин төгөлдөр бус шийдвэр болох нь тогтоогдох юм. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс дээрх байдлаар хүчин төгөлдөр бус шийдвэр гарсан учир зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэж бүртгэсэн шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсаа өөр баримтыг ирүүлээгүй гэж бидэнд хэлж тайлбарлаж байсан болно.

3.17. Бидний зүгээс хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй буюу өөрсдийн санаачилгаар шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст тусгагдаагүй асуудалд дэлгэрүүлэн тайлбарлаж, ерөнхийлөгчөөр бүртгэх тухай болон хурлаас гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж огт дүгнээгүй байхад бүртгэл хийсэн, уг бүртгэл хийсэн ажиллагаа нь манай байгууллагаас гарах хуралдаан зохион байгуулах, ерөнхийлөгч сонгох, шийдвэр гаргах журамд нийцээгүй байхад бүртгэсэн нь хуулийн этгээдийн дотоод эрх мэдэл, үйл ажиллагаанд оролцсон шийдвэр болсон гэх үндэслэлээр захиргааны байгууллагын захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс дээрх байдлаар бүртгэл хийсэн захиргааны актыг хянан хэлэлцэх бус нэхэмжлэлийн хүрээнээс хальж, шүүхийн шийдвэрт заагдаагүй, тодорхойгүй, нэг мөр шийдвэрлээгүй асуудалд өөрсдийн дураар тайлбарлаж, бүртгэл хийж буй захиргааны байгууллагын үндэслэлгүй шийдвэрийг зөвтгөх боломжийг олгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, Т.О нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10 дахь хэсэгт “...дээр дурдсанаар арбитрын шийдвэрт МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр болохыг тогтоож шийдвэрлэснээс биш, тус тогтоолын талаар ямар нэг дүгнэлт хийж, шийдвэр гаргаагүй тул арбитрын шийдвэрийг үндэслэж бүртгэл хийсэн гэх хариуцагчийн тайлбар буруу, энэ талаар гаргасан нэхэмжлэлийн тайлбар үндэслэлтэй” гэж дүгнэсэн хэрнээ маргаан бүхий бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй, бүртгэлийн үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн гэж үзсэн.

4.2. Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн САШ/03/15 дугаартай шийдвэрээр “...“...хэдийгээр дээрх ээлжит бус хурал хүчинтэй байх боловч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаж буй үргэлжилсэн хурлын шийдвэрүүд болох МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02, 03, 04, 05 дугаартай тогтоолуудыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна” гэж маш тодорхой дүгнэсэн. Уг арбитрын хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч талын ээлжит бус хурлын 02, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг 02, 03, 04, 05 тоот тогтоолууд нь хүчин төгөлдөр болох нь баримтаар тогтоогдохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар, шүүх, улсын бүртгэлийн шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ” гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийн маргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь хуралдаанаас гарсан нэр бүхий тогтоолууд нь хууль бус, уг тогтоолуудыг үндэслэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэл хийсэн нь хууль бус гэдгийг илтгэж байна.

4.4. Хуулийн этгээдийн улсын бүртгэл нь ТББ-ын хуралдааныг бус, харин хуралдаанаас гарсан баримт бичгүүд болох тогтоолуудыг бүртгэж хууль зүйн үр дагавар үүсгэж байна. Эдгээр 02, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг хариуцагч талаас арбитрын хүчин төгөлдөр шийдвэрээр хүчин төгөлдөр гэж үзэн бүртгэл хийсэн болох нь хариуцагчийн тайлбараараа нотолсон. Гэтэл арбитрын шүүхийн шийдвэрт дээрх тогтоолуудыг хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт маш тодорхой дүгнэсэн байна.

Иймээс холбогдох тогтоолуудын дагуу холбооны ерөнхийлөгчийг бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэл нь хууль бус юм.

4.5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т  “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ” гэж хуульчилсан. . МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүх гишүүдийн ээлжит бус хурлын 02, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг үйлдсэн байна. Уг үйлдсэн хугацаанаас хойш 15 хоногийн дотор бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй нь хуулийн зөрчил байна. Уг зөрчилтэй асуудлыг шалгалгүйгээр бүртгэл хийсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцээгүй хууль бус бүртгэл байна.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0606 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмждэгдсэн төлөөлөгчөөс Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 2.1. Нэхэмжлэгч МНҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8002363 регистрийн дугаартай хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, Б.Гг тус хорооны ерөнхийлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 2.2. Анхан шатны шүүхээс “...хуулийн этгээдийн мэдээлэл дэх “эрх бүхий этгээдийн өөрчлөлт”-ийг бүртгүүлэх тохиолдолд түүнийг сонгосон хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр байхыг шаардсан, тус баримтыг гуравдагч этгээд Б.Ггаас улсын бүртгэлд бүрдүүлж өгсөн байх тул дээрх хууль болон журамд нийцсэн байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

2.3. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д хуулийн этгээдийн мэдээлэл гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.12-т “Хуулийн этгээдийн эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл” гэж заасан бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээр зохицуулжээ.

2.4. Хэдийгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д хуулийн этгээдийн эрх барих этгээдийн мэдээлэлд оруулах өөрчлөлтийг бүртгүүлэхэд ямар баримт бичиг бүрдүүлэхийг тусгайлан бүртгүүлэхэд шаардагдах баримтыг шууд заагаагүй ч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар баталсан “хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.3-т “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:”, 8.3.4-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл” гэжээ.

2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд МНҮТББ-ын бүх гишүүдийн ээлжит бус хурал 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, бүх гишүүдийн хуралд оролцсон саналын эрх бүхий гишүүдийн 91.3 хувийн санал авсан Б.Гг МНҮТББ-ын ерөнхийлөгчөөр сонгож баталгаажуулсан байна.

2.6. Улмаар МНҮТББ-ын ээлжит бус хурлын саналын эрхтэй нэр бүхий 23 гишүүн болон Б.Г нараас МНҮТББ-д холбогдуулан МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 02, 03, 04, 05 дугаар тогтоол, шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрт хандан гаргажээ.

2.7. Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн САШ/09/15 дугаартай шийдвэрээр МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 02, 03, 04, 05 дугаар тогтоол, шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг МНҮТББ-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор арбитрын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

2.8. Үүний дараа гуравдагч этгээд Б.Ггаас 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан тус өөрчлөлтийг бүртгүүлэхээр УБ-03 дугаартай маягтаар өргөдөл гаргасан бөгөөд өргөдөлдөө “Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн САШ/09/15 дугаартай шийдвэр, МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, бүх гишүүдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргажээ.

2.9. Дээрхээс үзэхэд МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хуралдаанаар тус холбооны ерөнхийлөгчөөр Б.Гг сонгосон, Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн САШ/09/15 дугаартай шийдвэрээр ээлжит бус хуралдааныг хүчин төгөлдөр гэж тогтоосон байх бөгөөд уг баримтуудыг үндэслэн бүртгэл хийсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.10. Тодруулбал хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын хувьд өргөдөл гаргагчийн өргөдөлдөө хавсарган өгсөн баримтын бүрдлийг шалгахаас бус тус өргөдөлд хавсаргаж өгсөн хурлын тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт хийх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрээр бүх гишүүдийн ээлжит бус хуралдааныг хүчин төгөлдөр гэж тогтоосон байгаа энэ тохиолдолд уг хуралдаанаар МНҮТББ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Гг бүртгэсэн бүртгэл хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

2.11. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...МНҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэр, тогтоол бусад баримт үндэслэлгүй талаар маргаж холбогдох баримтыг гаргаж мэтгэлцэх боломжтой байсан. ... Бидний зүгээс хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй буюу өөрсдийн санаачилгаар шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст тусгагдаагүй асуудалд дэлгэрүүлэн тайлбарлаж, ерөнхийлөгчөөр бүртгэх тухай болон хурлаас гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж огт дүгнээгүй байхад бүртгэл хийсэн, уг бүртгэл хийсэн ажиллагаа нь манай байгууллагаас гарах хуралдаан зохион байгуулах, ерөнхийлөгч сонгох, шийдвэр гаргах журамд нийцээгүй байхад бүртгэсэн нь хуулийн этгээдийн дотоод эрх мэдэл, үйл ажиллагаанд оролцсон шийдвэр болсон гэх үндэслэлээр захиргааны байгууллагын захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс дээрх байдлаар бүртгэл хийсэн захиргааны актыг хянан хэлэлцэх бус нэхэмжлэлийн хүрээнээс хальж, шүүхийн шийдвэрт заагдаагүй, тодорхойгүй, нэг мөр шийдвэрлээгүй асуудалд өөрсдийн дураар тайлбарлаж, бүртгэл хийж буй захиргааны байгууллагын үндэслэлгүй шийдвэрийг зөвтгөх боломжийг олгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...” гэж тайлбарлан маргаж байх боловч Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн 2024 оны 06 сарын 20 өдрийн хуралдааны 25 дугаар тогтоолоор Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарласан.

Тус тогтоолын 5.1.2-т “Улсын бүртгэлийн маргааны хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн маргааны үндсэн шинжээс хамаарч өөр өөрийн харьяаллаар хэргийг хянан шийдвэрлэнэ. Тухайлбал, улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг. ...Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно” гэж тайлбарласан байгаа энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх тус төрийн бус байгууллагын бүх гишүүдийн ээлжит бус хуралдаанаас гарсан тогтоолууд хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм.

2.12. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гагцхүү хариуцагч байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэмж дурдахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ггээс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт ирүүлсэн байх боловч тус хэргийн хувьд нэхэмжлэгч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Ггээс гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.Э, өмгөөлөгчөөр Л.Б, Т.О нар оролцдог бөгөөд эдгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хувьд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн байх тул нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрх хангагдсан гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа тус бүр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                      Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                      Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН