Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 52

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох, улсын яллагч Г.Цогтгэрэл, шүүгдэгч Б.Батгэрэл, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, “Есөн Өрлөг” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 5-11 насны 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 1 дүгээр гудамж 39 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЦЕ85062876/ Боржигин овогт Баасангэрэлийн Батгэрэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021503 дугаартай 185/2016/0129/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүгдэгч Б.Батгэрэл 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч О.Батбаяр, Т.Билгүүн нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь “зам хаалаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь тус тус хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батгэрэлийн: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Би гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр гэмшиж, харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч О.Батбаярын: ...Манай “Голден дрейм” компани нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65 дугаар байрны урд талын хороолол дундах замын ажлыг хийж байгаа юм. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед би ажил дээрээ ажлаа шалгаад явж байтал урьд нь зүс харсан согтуу залуу “Та нар зам хааж хичнээн өдөр болох гэсэн юм бэ” гээд уурлаад индүүний сандлыг татаад унагахаар нь “Номт өргөө” охин компанийн захирал Билгүүн бид 2 чи яаж байгаа юм бэ болиоч гэсэн чинь тэр залуу Билгүүн бид 2-ын нүүрэн тус газар гараараа цохисон ба би тэр залууг бариад заамдсан чинь тэр залуу миний өмсөж байсан цамцаар хоолой боогоод хамар, ам руу нэг, нэг удаа мөргөсөн. Тэгтэл тэр залуугийн найз гэх залуу болон Ганбаяр нар бид 2-ыг салгасан. Уг залуу бид 2 заамдалцаж байхад тэр залуугийн гаранд нь байсан алтан гинж нь газар унасныг Билгүүн аваад надад өгөхөөр нь би өмдний халаасандаа хийсэн. Уг залуу Билгүүнтэй муудалцаад хэрэлдээд байсан ба Билгүүний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон. Тэр залуу өөрийнхөө гар утсыг хүн рүү биш газар руу шидээд байсан. Эвдэрсэн үгүйг нь мэдэхгүй, дараа нь утсаар яриад байсан. Билгүүн цагдаад дуудлага өгсөн чинь маш хурдан ирсэн ба цагдаа нарыг ирэхэд нь би уг залуугийн алтан гинжийг цагдаад өгч байхад “Миний алтан гинжийг авдаг хулгайч” гээд миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд л цагдаа нар уг залууг аваад явсан... Миний хамар, зүүн эрүү хавдсан, үүдэн дээд 1 шүд хөдөлсөн... Гэхдээ адилхан залуу хүмүүс учраас санал гомдол байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-58-59/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Билгүүний: ...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65 дугаар байрны урд замын ажлыг шалгаад явж байхад 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед танихгүй согтуу залуу “Зам хааж хичнээн өдөр ажиллах гэсэн юм, хурдан хийгээч” гээд уурлаад булт индүүний сандлыг татсаар байгаад унагахаар нь би очсон. Мөн инженер Батбаяр ирсэн. Тэгээд бид 2 “яаж байгаа юм бэ” гэсэн чинь уг залуу Батбаярын нүүрэн тус газар гараараа цохиод мөргөсөн. Мөн миний толгой руу гараараа цохисон. Миний хувьд тэр залууг цохисон зүйл байхгүй. Уг залуу Батбаярыг заамдаж аваад цамцаар хоолойг нь боогоод нүүр рүү нь мөргөсөн. Хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд уг согтуу залуугийн найз нь бололтой эрэгтэй хүн согтуу залууг салгаж бариад, би Батбаярыг салгаж холдуулсан. Тэгэхэд согтуу залуугийн гаранд нь байсан алтан гинж газар унасан байсныг би аваад цагдаад дуудлага өгсөн. Мөн тэнд Ганбаяр ах салгалцсан. Цагдаагийн 2 албан хаагч маш хурдан ирсэн ба би 1 цагдаа ахад алтан гинжийг нь гаргаж өгсөн. Цагдааг ирсэн байхад уг согтуу залуу Батбаярын нүүр рүү гараараа нэг удаа цохиход цагдаа нар салгаад машинд суулгасан... Миний доод уруулын дотор талд язарсан, эрүүний зүүн хэсэг, баруун хацрын төвгөр овойж хавдсан. Баруун хацар хөндүүртэй байсан. Одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-61-62/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Уянгын: ...Манай нөхөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65 дугаар байрны урд талын хороолол дундах замын ажил хийж байгаа ба би 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 16-17 цагийн үед нөхөр Батбаярын ажил дээр очсон юм. Гэтэл 65 дугаар байрны урд хүмүүс бужигналдаад байхаар нь би очсон. Тэгтэл манай нөхөр Батбаярыг бүдүүн согтуу залуу заамдаад хоолойг нь боож байсан ба бүдүүн залуутай хамт явж байсан өндөр туранхай залуу болон Батбаяртай хамт ажилладаг Билгүүн, Ганбаяр нар салгасан. Би гайхаад Батбаяраас “юу болоод байгаа юм бэ” гэж асуусан чинь “энэ бүдүүн залуу индүүний машины сандлыг цохиод унагаачихсан” гэж хэлсэн ба удаа ч үгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ирсэн чинь бүдүүн залуу Батбаярын нүүр рүү гараараа нэг удаа цохисныг цагдаа нар салгасан. Бүдүүн залууг цагдаа нар гавлаад машиндаа суулгах гэсэн чинь суухгүй гээд ноцолдоод байсан. Өөр зүйл мэдэхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-79/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганбаярын: ...2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 16-17 цагийн үед байх би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65 дугаар байрны урд замын ажлаа шалгаад явж байтал 65 дугаар байрны урд хүмүүс хэрэлдээд байгаа юм шиг сонсогдохоор нь би очоод харсан чинь Батбаяр, танихгүй бүдүүн залуу 2 барилцаад заамдалцаад байж байхаар нь би салгасан. Тэгээд би Батбаяраас яасан юм гэсэн чинь Батбаяр “наад хүн чинь индүүний машины сандлыг авч шидээд, зам хаалаа гээд хэрүүл хийгээд байсан” гэж хэлэхэд нь индүүний машин руу харсан чинь хажууд нь машины зөөлөвчтэй сандал байж байсан. Би сандлыг аваад индүүний машинд тавьсан. Хэн нь цагдаа дуудсан юм мэдэхгүй, удаа ч үгүй цагдаагийн машин ирээд 2 цагдаа бууж ирсэн ба цагдаа залууд бүдүүн залуу “Би яагаа ч үгүй, энэ хүмүүс миний гинжийг авчихсан, би дуудлага өгсөн гэж хэлж байхад нь би цаашаа ажлаа хийхээр явж байсан. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-80/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Чулуунбаярын: ...Би 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугөөр сарын 14-ний өдөр 09 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг дэслэгч Баттүшигийн хамт 24 цагийн хугацаатай гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд манай жижүүрийн шуурхай албанаас 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65 дугаар байрны өмнө хүмүүс зодолдоод байна, яаралтай оч гэсэн дуудлага ирсэн ба дуудлагын дагуу 1 минутын дараа уг газарт очсон. Очиход 2 залуу зодолдсон гээд хоорондоо салаад 2 талд сууж байсан. Би юу болсон гэхэд 1 бүдүүн залуу нь наадуул чинь миний алтан гинжийг авсан гэсэн чинь нөгөө залуу нь “Наадах чинь зодоон хийгээд зам засдаг индүүний сандлыг хуулж аваад шидэхээр нь гинжийг нь аваад цагдаа дуудсан гээд надад гинж өгөхөөр нь би согтуу бүдүүн залуутай хамт явж байсан эмэгтэйд өгсөн. Уг согтуу бүдүүн залуу “Миний гинжийг эд нар авчихсан, би дуудлага өгөөд байхад намайг авч явах гэлээ, та нар намайг өмгөөлөх ёстой биз дээ” гээд нэг залуугийн нүүр лүү гараараа нэг удаа цохиход цохиулсан залуу яг цохих гэхээр нь салгаад 2 тийшээ болгосон. Ингээд согтуу бүдүүн залуу болох Батгэрэл гэдэг хүнийг аваад машинд суулгах гэсэн чинь “Би хэрэг хийсэн биш, урд нь сууна, би мөнгөө төлөөд явчихна” гээд машины урд суусан. Би тухайн үеийн байдлыг гар утсаараа бичлэг хийж байсан чинь Батгэрэл машинаас бууж ирээд “Чи яагаад бичлэг хийгээд байгаа юм” гээд миний Самсунг маркийн гар утсыг цохисон чинь миний гарнаас мултраад гар утас газар унасан. Тэгтэл уг залуу миний зүүн шанаа руу гараараа 2 удаа цохиод, доод эрүү рүү хальт мөргөөд татсан ба татахад нь зүүн гараараа дараад унасан. Тэгээд Батгэрэлийг гавлаад цагдаагийн хэлтэс дээр авчирч жижүүрт хүлээлгэн өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-81/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Самбуугийн: ...2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би найз Батгэрэлтэй уулзахаар Улсын их дэлгүүрийн урд талд байдаг гэрт нь очихоор явж байсан ба байрны дунд хүмүүс хоорондоо муудалцсан бололтой 2 хүн хоорондоо барилцсан байсан. Би барилцсан хүмүүсийг харсан чинь найз Батгэрэл нэг залуутай заамдалцаад зогсож байхаар нь би очоод салгасан ба салгасан байхад нөгөө залуу нь Батгэрэл рүү дайраад байсан. Мөн бас нэг залуу  Батгэрэл рүү дайраад байсан. Юу гэж хэлээд байсныг санахгүй байна. Тэгж байтал удалгүй цагдаа ирэхээр нь би явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-82/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Баттүшигийн: ...2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ахлах ахлагч Чулуунбаярын хамт Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 24 цагийн хугацаатай гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд манай хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас 17 цаг 15 минутанд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65 дугаар байрны гадна зодоон болоод байна гэх дуудлага ирсэн ба дуудлагын дагуу очиж шалгахад Батгэрэл гэгч нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 60-69, 77, 21-А, 21-Б, байрны дундах замыг янзалж буй зам ангийн индүүний машиных нь сандлыг шидэж, 2 залууг зодсон гэсэн байдалтай байсан юм. Тэгэхээр нь Чулуунбаяр бид 2 Батгэрэл гэгчийг машинд суу гэсэн шаардлага тавихад Батгэрэл “Эд нар миний алтан гинжийг авчихсан, би өөрөө зодуулчихаад дуудлага өгч байхад яагаад намайг машинд суу гэж байгаа юм, би ямар хэрэг хийсэн биш” гэхээр нь “Хэлтэс дээр очиж асуудлыг шийднэ, тайвшраад машинд суучих” гэсэн чинь Батгэрэл “Би машины чинь хойно суухгүй, мөнгийг нь төлөөд урд сууна, та нарт хэдэн төгрөг хэрэгтэй юм пизда нар аа, би зүрхний өвчтэй хүн та нарыг ална шүү” гээд машины урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр суусан. Тэр үед Чулуунбаяр утсаараа бичлэг хийж байсан чинь Батгэрэл “Та нар бичлэг хийгээд байхдаа яадаг юм” гээд машинаас буунгуутаа Чулуунбаярын утсыг цохиод газар унагаад, нүүрэнд нь гараараа 2 удаа цохиод, 1 удаа духаараа эрүү рүү нь хальт мөргөж татахад нь Чулуунбаяр зүүн талаараа унасан. Тэгээд Батгэрэлийг гавлаад хэлтэс дээр авчирч жижүүрт хүлээлгэж өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-83/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №8308 тоот:       

           1. Билгүүний биед доод уруулд язарсан шарх, эрүү, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /1хх-100/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №8309 тоот:       

           1. О.Батбаярын биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хүзүү, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эмч шинжээч Г.Ханхүү гэсэн дүгнэлт /хх-102/-ээр тогтоогдон нотлогдов.

        

Шүүгдэгч Б.Батгэрэлийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч О.Батбаяр, хохирогч Т.Билгүүн нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Батгэрэл ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-127/ нотлогдов.

 

Шүүгдэгч Б.Батгэрэл анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, О.Батбаярт учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч Т.Билгүүн нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон хохирогч нар гомдол саналгүй талаарх хүсэлтээ /1хх-60, 63/ гаргасан байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 3 ширхэг хуурцгийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баасангэрэлийн Батгэрэлийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Баасангэрэлийн Батгэрэлийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Батгэрэлд оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг хуурцгийг /Си Ди/ уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  5. Б.Батгэрэл цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Батгэрэлд оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Батгэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.                                                                                                       
  9.  Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батгэрэлд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                        

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ү.ТҮМЭНЖАРГАЛ