Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 970

 

 

 

 

 

 

 

 

 

 

Малайз Улсын иргэн Ч.Т.Л-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00670 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Малайз Улсын иргэн Ч.Т.Л,

Хариуцагч Б.М-т холбогдох,

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хүүхдийн тэтгэлэг 484 160 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саруул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Цолмон,

Хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Тайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Т.Л /Chia Teek Loon/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Т.Л нь 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б.Мтэй гэр бүл болсон бөгөөд 2008 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүү Чиа Зэн Чуэн төрсөн. Б.М нь хүүгээ төрүүлээд удалгүй Монгол улс руу урт хугацаагаар байнга явдаг болсон. Хүү Энхтэмүүлэн нь 1 настайгаасаа хойш эхийн хайр халамжийг мэдрэхгүйгээр өссөн бөгөөд хүүхдийн ээж Б.М нь гэр бүлтэйгээ буюу нөхөр хүүхэдтэйгээ амьдраагүй 7-8 жил болсон. Энэ хугацаанд жилд 1-2 удаа л ирж хүүтэйгээ уулздаг байсан. Б.М нь энэ хугацаанд ээж, эхнэрийн үүргийг биелүүлж, гэр бүлдээ анхаарал халамж тавьж байгаагүй.

Ч.Т.Л нь хүү Энхтэмүүлэнг Малайз Улсдаа хамгийн нэр хүндтэй сургууль болох Биконхаус Шри Летиа Кланг сургуулийн Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн Аристотель ангид сургадаг бөгөөд хүүг 2040 оныг хүртэл өндөр хураамжтай даатгалд даатгуулсан. Дээр дурдсанчлан саяхныг хүртэл хүү аавынхаа халамжид эрүүл, саруул, сэргэлэн, цовоо өсөж байсан боловч хүүгийн эх Б.М нь 2017 оны 1 дүгээр сард Малайз Улсад ирээд хүүгээ өөрийн өндөр настай ээжтэй уулзуулмаар байна, хэдэн өдрийн дараа хүүгээ авчирч өгнө гээд хүүгийн хамт Монгол Улс руу явсан. Гэсэн боловч одоог хүртэл хүүг Малайз Улсад авчирч өгөөгүй бөгөөд авчирч өгөхөөс татгалзсан. Энэ асуудлаар хүүгийн эмээ болон авга эгч 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүүтэй уулзаж, Малайз Улс руу авч явахаар Монгол Улсад ирсэн боловч хүүгийн ээж хүүг өгч явуулахаас татгалзсан. Чиа Тек Лүүн нь цаашид Б.Мтэй хамтран амьдрах хүсэлгүй, ямар ч хайр сэтгэлийн холбоогүй болсон тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эцэг Чиа Тек Лүүний асрамжид тогтоож өгнө үү, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй. Шүүхээс хүүг эхийн асрамжид үлдээсэн тохиолдолд 726 240 төгрөгийн тэтгэлэг төлнө, энэ талаар хариуцагчтай тохиролцож гэрээ байгуулсан гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Малайз Улсад суралцахаар очоод Ч.Т.Лтэй хайр сэтгэлтэй болж улмаар 2008 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2008 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүү Энхтэмүүлэн Чиа Зэн Чуэн төрж, одоо эрүүл энх өсөн бойжиж байна. Бидний хамтын амьдрал эхэн үедээ эвтэй найртай байж, би гадаадын иргэн учир гэр бүл хадмуудтайгаа илүү дотно ойлголцох, тухайн газар нутагтаа дасахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хичээнгүйлэн хийж байсан юм. Намайг сургуульдаа хятад хэл сурахаар явсан хойгуур нөхөр маань өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаа тогтоож асуудал үүсгэсэн бөгөөд би нөхөртөө уужуу хандаж ээж аавыг нь хүндэлж хайрладгаа хэлж, бас төрүүлсэн хүүгээ бодоод нөхрөөсөө энэ явдлаа зогсоохыг хүсч, цаг хугацаа өгсөн. Энэ үеэс бидний гэр бүлд таагүй харьцаа үүсч манай нөхөр ууртай болж, гэртээ ирэхгүй ажилтай гэж 7 хоног, сараар ч гэртээ ирж хонохоо больсон. Би нөхөртөө өөр амьдрал хүсч байгаа бол би хүүгээ аваад явна гэж хэлдэг байсан. Нөхөр маань хүүгээсээ салахгүй гэдэг болохоор гэр бүлд байдаг л хэрүүл гэж бодоод хүүгээ байхад өөр амьдрал зохиогоод явахгүй байх гэж итгээд хүлээж, тэвчиж явсан. Гэтэл өөр гэр бүл үүсгэн үр хүүхэдтэй болсон тул би Монгол Улсад хүүгээ дагуулан ирэхээс өөр аргагүй болсон юм.

Би хүүгээ төрсөн цагаас нь эхлэн эхийн хайр халамжаар огт дутаагаагүй, хүүгээ нялх балчир байхад нь үргэлж хамт амьдарч, Монгол Улсад өөрийн гэртээ хүүтэйгээ хамт ирж очиж байсан. Миний хүү надтай байхдаа тайван чөлөөтэй өөрийн хүсэл сонирхлоо айх эмээхгүй хэлдэг. Миний аав ээж ах дүү нартай дотносож тэдний хайр энэрлийг татаж Монгол Улсад ирээд буцахгүй гэж хүртэл уйлж байсан. Хадам ээж бараг өдөр бүр хүүтэй минь интернетээр харьцаж юу хийж, юу идэж хэнтэй байгаа талаар асууж шалгааж, Малайз Улсад ирэхийг санал болгож байгаа боловч хүү минь Монгол Улсаас явахгүй, ээжтэйгээ байна гэж тэдэнд хэлсэн байсан. Би өөрийн гэсэн орон байртай, мэргэжил боловсролтой, цаашид Монголдоо байнга оршин сууж ажил хөдөлмөр эрхэлж хүүтэйгээ сайхан амьдрах бүрэн боломж нөхцөлтэй учир хүүхдээ өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна. Одоо миний хүү Монгол Улсын Монгени цогцолбор сургуулийн Дорнын хэлний ангид англи хятад хэлтэй багш нартай чөлөөтэй харьцаж олон сурагчтай найз нөхөд болж монгол хэлээр ярих болж байгаа бөгөөд Монгол Улсад надтай амьдрахад ямар нэг саад бэрхшээл байхгүй.

Хүүхдийн тэтгэлгийн асуудлаар нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь шүүхээс хүүг эхийн асрамжид үлдээсэн тохиолдолд 726 240 төгрөгийг тэтгэлэг төлөхөөр тохиролцсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.М миний нөхөр Малайз Улсад өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоож үр хүүхэдтэй болсон учир би салахаар шийдэж, хүүгээ өөрийн асрамждаа авч Монгол Улсдаа амьдрахаар бүрмөсөн ирсэн. Нөхөр асан Ч.Т.Лий итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нийгмийн ажилтнаар манай гэр орон, хүүхдийн амьдрах орчин, идэж уух хоол хүнсийг судлуулан шүүхэд гэрчээр асуулгасан бөгөөд Б.М миний хүү Энхтэмүүлэнгийн хамт амьдарч байгаа аж байдал, орон гэр нь хүүхэд амьдрах ямар нэг эрсдэлтэй орчин байгаагүй гэдгийг баталсан. Монгол Улсын соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын 18 дугаар зүйлд заасан эцэг эхийн хүүхдийнхээ төлөө хүлээх хариуцлага болон Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-д эцэг эх нь тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан ч “хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах” үүрэгтэй гэх, Хүүхэд хамгааллын хуулийн 5 дугаар зүйлд эцэг эх нь хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй гэсэн заалтуудын дагуу эцэг Ч.Т.Л нь хүү Энхтэмүүлэнг тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хүүгийн эцэг Ч.Т.Лээс 2008 оны 06 сарын 21 -ний өдөр төрсөн хүү Энхтэмүүлэн Чиа Зэн Чуэн 18 нас хүртэл сар бүр 200 ам.долларын хэмжээтэй буюу 484 160 төгрөгийн хүүхдийг тэжээн тэтгэх тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Малайз Улсын иргэн Чиа Тек Лүүн, Монгол улсын иргэн Банзрагчийн Мөнгөнцэцэг нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Чиа Зэн Чуэн Энхтэмүүлэнг эх Б.Мийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Чиа Зэн Чуэн Энхтэмүүлэнд эцэг Чиа Тек Лүүн нь хүүхдийн тэтгэлэгт 726 240 төгрөгийг сар бүр төлж байхаар хариуцагч Б.Мтэй тохиролцсоныг баталгаажуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Чиа Тек Лүүнээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Мээс төлсөн 108 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 77 150 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу хүү Чиа Зэн Чуэн Энхтэмүүлэнгийн саналыг асуухад тэрээр эхийн хамт байх санал өгсөн болно, ... хүүхдийн саналыг харгалзан хүүхдийг эхийн асрамжид байлгахаар тогтоов...” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалт нь хүүхдийн асрамжийг шүүхээс шийдвэрлэхэд хүүхдийн саналыг шууд үндэслэн түүний эцэг, эх хэний асрамжид үлдээхийг зохицуулсан заалт биш юм. Улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмжөөр Хүүхдийн саналыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох талаар хуульд заагаагүй. Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт тус тус заасан шаардлага л үндэслэл болох учиртай” гэжээ. Иймээс анхан шатны шүүхээс Улсын дээд шүүхийн дээрх зөвлөмж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлах ёстой.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хүүхдийг эхийн асрамжид үлдээх үндэслэл, шалтгааныг тодорхой дурдаагүй байдаг нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Б.М нь хүүхдийг 2017 оны 01 дүгээр сард Малайз Улсаас Монгол Улсад авч ирснээс хойш эцэг буюу нэхэмжлэгч Ч.Т.Лтэй уулзуулах нь ховор буюу эцэг хүүхэд хоёрыг хязгаартай уулзуулдаг байсан. Энэ нь цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, гомдлоор нотлогдоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүүхэдтэйгээ саадгүй уулзах эрхийг хариуцагч нь байнга хязгаарладаг байсан ба нэхэмжлэгч шүүхэд өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол, хүсэлт гаргаж байсны үр дүнд хүүхэдтэйгээ уулздаг байсан. Үүнээс хариуцагчийн ёс суртахууны байдал, хүүхдийг цаашид хариуцагчийн асрамжид үлдээвэл эцэг, хүүхдийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж болохыг шүүх анхаарсангүй.

Нэхэмжлэгч Ч.Т.Л хүүхдээ тэжээн тэтгэх бололцоотой, хүүхдэд ямар нэгэн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, ёс суртахуун болон зан байдлын ямар нэгэн доголдолгүй, хүүхдээ тэжээн тэтгэх бололцоотой бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Мөн Ч.Т.Л нь өөрийн санаачилгаараа хүүхдэдээ сар бүр 300 ам.доллар буюу 726 240 төгрөгийн тэтгэлгийг өгч байхаар эх Б.Мтэй гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь хүүхдийг эцгийн эсхүл эхийн асрамжид үлдээсэн эсэхээс үл хамааран хэрэгжих гэрээ юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу хүүхдийг хариуцагчийн асрамжид үлдээснийг хүчингүй болгож, хүүхдийг эцэг Ч.Т.Лий асрамжид үлдээхээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ч.Т.Л нь хариуцагч Б.Мт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч, хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Шүүх Малайз улсын иргэн Ч.Т.Лий нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1.1, 192.1.3-т зааснаар хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч Ч.Т.Л, хариуцагч Б.М нар нь 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Малайз улсын Путражай хотод гэрлэлтээ бүртгүүлсэн, хууль ёсны гэр бүл бөгөөд гэрлэгчид 2017 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон, цаашид хамтран амьдрах хүсэлгүй, гэрлэлт цуцлуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тул шүүх гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан нь гэрлэгчдийн эрхийг зөрчихгүй.

            Харин гэрлэгчид 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Чиа Зэн Чуэн Энхтэмүүлэний асрамжийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар эцэг эхийн хэнтэй хамт амьдрах талаар хүүхдийн саналыг асуухад тэрээр ээжтэйгээ хамт амьдарна гэжээ.

            Нэхэмжлэгч Ч.Т.Лий хариуцагч Б.Мийг хүүхдээ 1 настайгаас хойш хамт байгаагүй, байнга орхиж явдаг байсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан Б.Мийн болон Энхтэмүүлэний гадаад паспортын хилээр гарсан тэмдэглэгээ, гэрч Чиа Юунь Сины мэдүүлэг, гэрэл зургуудаар няцаагдаж байна.

            Мөн Чиа Зэн Чуэн Энхтэмүүлэн нь Монгени цогцолбор сургуулийн Дорнын хэлний ангид суралцдаг, хичээлдээ дур сонирхолтой, хүүхдийн суралцахад ээж нь анхаарал тавьдаг, зураг зурах авьяасыг нь дэмжиж дүрслэх урлагийн ангид суралцуулсан, хөтөлбөрийн дагуу 10 хичээл үздэг, Монгол Улсад суралцахад бэрхшээлгүй талаар анги дааж авсан багш Д.Алтанцоожийн гэрчийн мэдүүлэг, хүүхдийн амьдрах орчин, өдөр тутмын хэрэглээ хоол хүнсний хангамж хэвийн талаарх мөн хорооны ажилтан Б.Золзаяагийн мэдүүлэг зэргээс үзвэл хүүхдийг эхийн асрамжид үлдээхэд харшлах шалтгаантай байдал тогтоогдоогүй байна. 

            Иймд хүүхдийн амьдрах орчин, ахуйн нөхцөл, бололцооны тухайд эцэг, эхийн хэн алиных нь амьдралын нөхцөл хүүхдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа, ёс суртахуун, зан байдлын хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд харшлах шалтгаан байхгүй боловч шүүх Энхтэмүүлэнгийн саналыг харгалзан эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Түүнчлэн зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцсон тул шүүх уг тохиролцоог баталгаажуулсан нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ