Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00563

 

                                                                                                                

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний

      хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00527 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1037 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн төлөөлөгч А.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байрны 1002 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00527 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,359,432 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1037 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,359,432 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.10-ны өдрийн 182/ШШ2020/00527 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 1037 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт  “Зохигчид 2010.03.15-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан боловч гэрээний агуулгаас үзэхэд талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ”, “...иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргахгүй байгаа болно” гэж дүгнэн талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн атлаа тогтоох хэсэгтээ “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарлаагүй. Давж заалдах шатны шүүхээс “талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл болохгүй юм гэж дүгнэсэн. Тус дүгнэлтийг гаргахдаа “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн надтай байгуулсан гэрээний 4.7-д “Уг гэрээний хавсралт 2-т заагдсан нийт үнийн дүнг гүйцэтгэгч талын дансанд шилжүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч тал захиалагчид үл хөдлөх хөрөнгөтэй холбогдолтой бүх эрхийг шилжүүлэн өгнө” гэсэн заалт болон Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийг хэрэглээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.26-ны өдрийн 703 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөлд шилжин, ... өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон” байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч миний бие дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг татан оролцуулаагүй юм. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.26-ны өдрийн 703 дугаар шүүхийн шийдвэр нь өмчлөлийн маргааныг шийдвэрлээгүй, улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн.

4.2. “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамжинд байрлах Голден вилл хотхоны 104 дүгээр байрны ,,,,,,,,,, тоотын өмчлөгч гэж тогтоосон шүүхийн шийдвэр байдаггүй. Гэтэл нэхэмжлэгч намайг мэдээгүй байхад миний эрх ашиг сонирхлыг хөндөж гарсан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч миний хувьд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр 2010 оноос хойш амьдарч, уг байрыг эзэмшиж байсан ч өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлж чадаагүй, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь шилжүүлж өгөхгүй шалтаг, шалтгаан хэлсээр өдийг хүрсэн бөгөөд уг байр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК өр төлбөртөө тооцуулж “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлсэн болохыг шүүхийн шатанд олж мэдсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцогддог байна. Уг зохицуулалтын дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэнийг үнэн зөв гэж үзэх ба нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна” гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж, улсын бүртгэл буруу ташаа хийгдсэн болохыг мэдээгүй байхад эсэргүүцэж гомдол гаргаагүй гэж тайлбарлан тус бүртгэлийг үнэн зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч би Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамжинд байрлах Голден вилл хотхоны 104 дүгээр байрны 1002 тоотын өмчлөгчөөр тогтоогдож байж Улсын бүртгэлийн байгууллагад хандах, гомдол гаргах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байрны ,,,,,,,,,, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... 2010.03.15-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ... 104 дүгээр байрны 1002 тоотод байрлах 149.35 м.кв талбай бүхий орон сууцыг 90,000 ам.доллараар авахаар харилцан тохиролцож, 2010.03.16-ны өдөр төлбөрийг бэлнээр өгч, баримт үйлдсэн. Уг гэрээний 3.1, 4.7-д зааснаар гүйцэтгэгч тал захиалагчид үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх эрхийг шилжүүлж өгөх үүрэгтэй боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй... гэрчилгээг авах гэхээр компанийн зүгээс тухайн орон сууцны барилгыг өөр хуулийн этгээдийн өрөнд шилжүүлэх болсон, дахин гэрээ байгуулна, бусдад худалдсан, компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэх зэрэг шалтгаанаар өмчлөх эрхийг баталгаажуулаагүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь гэрээний үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 112 дугаар зүйлийн 112.1, гэрээний 3.1, 4.7-д зааснаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь 104 дүгээр байрны 1002 тоот нь “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмч бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь уг байрыг чөлөөлж өгөхгүй байгаа нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх ашгийг хөндөж байгаа. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь уг байрны төлбөрийг төлөөгүй, өмчлөх эрхгүй болно...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр боловч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.26-ны өдрийн 703 дугаар шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, маргаан бүхий орон сууц нь “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөлд шилжин, улмаар 2016.01.25-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ нь олгогдсон, энэхүү улсын бүртгэл хүчинтэй байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-ийн дагуу бүртгэл үнэн зөв гэж үзнэ.

10. Иймд,  “ ... иймд шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, ... Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байгаад гомдолтой... уг байр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК өр төлбөртөө тооцуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлсэн болохыг шүүхийн шатанд олж мэдсэн болно... Нэхэмжлэгч би уг байрны өмчлөгчөөр тогтоогдож байж Улсын бүртгэлийн байгууллагад хандах, гомдол гаргах боломжтой болно…” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

11. Учир нь, хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг худалдан авсан боловч, түүнд өмчлөх эрх шилжээгүй (улсын бүртгэлд бүртгүүлээгүй) байх тул зөвхөн “худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тухайн орон сууцыг эзэмшиж байсан” гэх үйл баримт нь дангаараа “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчид худалдах “үүргийн хэлцэл” хийсэн боловч түүнд өмчлөх эрхийг шилжүүлэлгүйгээр “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай “өмчийн хэлцэл” хийсэн (шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын захирал нь маргаан бүхий орон сууцыг өөрийн өр төлбөртөө тооцон зөвшөөрсөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн) тул нэхэмжлэгчийн “баталгаажаагүй эрх” нь тус компанийн “баталгаажсан эрх”-ийг үгүйсгэж чадахгүй юм.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00527 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1037 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 1,359,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН