Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 172

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 77 дугаар магадлалтай, 201625020659 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ардын армийн Зүүнбаян гарнизоны тусгай шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Б, 200 дугаар зүйлийн В-д зааснаар 2 жил 6 сар хорих ял,

 Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сар хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 544 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 10 жил 6 сар хорих ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1321 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил хорих ял тус тус шийтгүүлж Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 267 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 3 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ны Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ. 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-гээс нийт 8,641,000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Х.А-аад 1,675,000 төгрөг, Ж.Б-аад 1,220,000 төгрөг, У.Г-д 300,000 төгрөг, Д.Д-д 290,000 төгрөг, С.Ч-т 331,000 төгрөг, Б.Ё-д 650,000 төгрөг, О.Д-д 350,000 төгрөг, Б.А-д 300,000 төгрөг, Г.Х-д 300,000 төгрөг, С.Б-д 460,000 төгрөг, Ц.М-т 735,000 төгрөг, Б.А-д 360,000 төгрөг, Д.О-т 370,000 төгрөг, Л.Б-т 460,000 төгрөг, Ж.Б-д 390,000 төгрөг, С.Р-д 450,000 төгрөгийг тус тус олгосугай” гэж,

6 дахь заалтыг “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь хохирогч Д.У, Н.Н нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Б гаргасан гомдолдоо “Хулгайн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Гэтэл шүүх өмнөх Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс дээгүүр хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Мөн энэ хулгайн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хулгайн гэмт хэрэг үйлдэж, уг хэрэг прокурорт шилжсэн талаар шүүхэд хэлсэн боловч хүлээж аваагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авахаас өмнө Чингэлтэй дүүргийн прокуророос 329 дугаар яллах дүгнэлт ирсэн тул энэ хоёр хэргийг нэгтгэн нэг тогтоолоор шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Чингэлтэй дүүргийн шүүхэд хянагдаж буй хэргийн шүүх хуралдаан одоогоор хойшлогдож байна. Мөн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокуророос 126 дугаар яллах дүгнэлтийг гардуулсан. Эдгээр 3 хэргийг нэгтгэж шийдвэрлээгүйн улмаас миний эрх зүйн байдалд дордож, дахин хоёр удаа ял шийтгүүлэх байдалд хүрээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан нэмж нэгтгэх зохицуулалт шинэ Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно. Мөн шинэ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд “шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн эдлэх ялыг тогтоох” талаар хуульчилснаас биш тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг тогтоол гарсны дараа илэрвэл хэрхэх тухай ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Иймээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дээрх хэргүүдийг нэгтгүүлж өгөхийг хүсч байна.

Миний бие өмнө хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байхдаа 2008 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орж, улмаар хуулийн тэгшитгэлд хамрагдсан боловч хуулийг буруу хэрэглэсний улмаас 1 жил 11 хоногийн ялыг илүү эдэлж хохирч байсан. Хэрэв шүүх тухайн үед Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бол 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр миний ялтай байдал маань дуусч 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлэхгүй байсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг хэлсэн саналдаа “Шүүгдэгч Ч.Б-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргүүдийг нэгтгүүлэн шалгуулах саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Б нь 18 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин шүүгдэгчийн гомдолд дурдагдсан Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэрэг үйлдэж, хэрэг прокурор шатанд хянагдаж байгаа гэх асуудлыг шалгаж үзэхэд прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй. Энэ хэргийн хувьд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн Ч.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.Б нь 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 27-ны хүртэлх хугацаанд 18 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байранд нэвтрэн  хулгайлж бусдад нийт 9,051,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бусдын агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас хүндэрсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Ч.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөлгүй  хууль буруу хэрэглэсэн байна.

Иймээс хууль буцаан хэрэглэхгүйгээр шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдэхэд үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь шүүгдэгчид ашигтай гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б-гийн Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн шүүхэд хянагдаж буй хэргүүдийг энэ хэрэгт нэгтгүүлэн шийдвэрлүүлэх тухай гомдлыг хянаж үзэхэд энэ хэргээс өөр хэрэгт шалгагдаж буйг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн энэ санал нь хэргийн шийдвэрлэлтийг удаашруулах, шүүн таслах ажиллагаанд саад болох зорилготой гэж үзэх үндэслэлтэй байна.

2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хууль нь хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулсныг хооронд нь нэмэх байдлаар нэгтгэж, ял багтаах зарчмыг баримтлахгүй байхаар зохицуулсан тул хэд, хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй болно.

Иймд шүүгдэгч Ч.Б-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 77 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Ч.Б-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял оногдуулсугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН