Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2013/0507/з |
Дугаар | 221/МА2016/0744 |
Огноо | 2016-12-12 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2016/0744
Иргэн Б.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Адъяабат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтан-Од, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Алтанчимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 605 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 605 дугаар шийдвэрээр: 2008 оны Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ын “2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 209/2011 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу 903.582 /есөн зуун гурван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч Б.*******аас нөхөн гаргуулж, Барилгын хөгжлийн төвийн Барилга захиалагчийн хэлтсийн хяналтын инженер Д.Золзаяа, тус төвийн Магадлалын хэлтсийн мэргэжилтэн Д.Одбаяр нарт олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.******* давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 605 дугаартай шийдвэрийг эсэргүүцэж дараах гомдлыг гаргаж байна.
Иргэн Б.******* миний бие Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны урд талд иргэн Ц.Цацралын үйлчилгээний барилгыг ашиглалтад хүлээн авсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 209/2011 дугаартай актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Миний гомдлыг хянан үзсэн шүүгч асуудлыг удаан хугацаанд нягтлан үзэж, шалгасан боловч хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хурлын тэмдэглэл, оролцогч нарын мэдүүлэг зэргийг шийдвэр гаргах түвшиндөө эсрэг байр сууринаас хандан шийдсэн гэж үзэж байна.
Шүүгчийн гаргасан шийдвэртэй холбогдуулан доорх асуудлуудыг дахин нягтлан шалгуулах хүсэлтээ гаргаж байна.
Үүнд:
1. Нэхэмжлэгчийн орон сууцны зонхилох өрөө тасалгаанд тусах нарны ээвэрлэлт гэрлийн тусгалын талаар “Хөрөнгийн үнэлгээ төсөв” ХХК-ийн үнэлгээчин Л.Оюунзул, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Эрүүл ахуйн халдвар, хамгааллын хяналтын улсын байцаагч З.Сарангэрэл нарын дүгнэлтүүд зөрүүтэй гарсныг Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 6743 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвөөс томилогдсон шинжээчдийн 2014 оны 3 дугаар сарын 14-ны дүгнэлтээр Ц.Цацралын 3 давхар барилга нь “Орон сууц, нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07-ийн 3.1, 3.3, 3.5-д заасныг тус тус зөрчсөн” гэж дүгнэсэн. Гэтэл гуравдагч этгээд хүсэлт гаргаснаар дахин Барилгын хөгжлийн төвөөс шинжээч томилж, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “цонхон дээр тусах нарны тусгал хангагдсан” гэж дүгнэлт гарсан. Ингэхдээ шинжээчид газар дээр нь ирж хэмжилт хийлгүйгээр ерөнхий төлөвлөгөөний зураг ашиглан компьютерын программ хангамжаар гаргасан байгаа юм. Энэхүү асуудлаар үндсэндээ 4 дүгнэлт гарсан ба 2-нь хангагдсан 2-нь хангагдаагүй гэсэн тул шүүхэд хандан газар дээр нь хэмжилт хийж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх дээрх асуудлыг хүлээн аваагүй болно. Үүнээс шалтгаалан нарны тусгалын хангамжийн талаарх асуудал бүрэн шийдэгдээгүй гэж үзэж байна.
2. Гуравдагч этгээд нь барилга байгууламжийг анхны зураг төслийн дагуу бариагүй, зэргэлдээх орон сууцны барилгатай зөвшөөрөгдсөн хэмжээг зөрчин ойртуулж барьсан, давхар бүрт консоль нэмж барьсан зэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хот байгуулалтын хяналтын улсын байцаагч Ж.Нэргүйн дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн мэргэшсэн инженер Т.Энхтүвшингийн дүгнэлт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчдийн (240 м2 байх ёстойгоос 378.7 м2) дүгнэлтүүдээр/ нотлогдсоор байтал шүүгч үүнийг батлагдаагүй, тамга тэмдэггүй, гарын үсэггүй гүйцэтгэлийн зургаар консоль нэмж барихыг зөвшөөрсөн мэтээр шийдвэрт дурдсан байна.
3. Шүүх тодорхойлохдоо “иргэн Ц.Цацрал нь улсын комиссын гишүүн Төмөрбаатарын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг торгууль төлснөөр шийдвэрлэсэн” гэж үзсэн. Гэтэл Ц.Цацралын төлсөн торгууль нь Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 56.6 дахь заалтаар эзэмшил газрын 10-аас доошгүй хувьд ногоон байгууламж байгуулаагүй гэдэг заалтын дагуу авсан арга хэмжээ гэдэг нь шийтгэврийн хуудсаар тогтоогддог.
4. Үйлчилгээний барилгыг ашиглалтад хүлээж авсан улсын комисс нь барилгын тухай хуулийн доорх зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:
а. 9 дүгээр зүйл “Барилга байгууламжид тавих шаардлага”,
9.1 “Барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна”, 9.1.2 “Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан”,
9.1.4 “Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй”,
б. Комисс нь Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах” дүрмийн 4.1.1-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
в. Мөн тус хавсралтаар баталсан барилга байгууламжийг ашиглалтад оруулахад шаардагдах бичиг баримтын жагсаалтын 4.1.7, 4.2.5, 6.1, 6.3, 6.4, 8.2-т заасан бичиг баримтыг огт бүрдүүлээгүй.
г. Комиссын зарим гишүүд өгсөн үүрэг даалгаврын биелэлтээ нягтлан шалгаж хүлээн авалгүй комиссын актад гарын үсэг зурсан нь хэргийн материалаас харагдаж байгаа. Тухайлбал байцаагч Төмөрбаатарын “газрын хэмжээ томорсон үүнийг шийдвэрлэх” гэснийг , байцаагч Хангайн “зэргэлдээ орон сууцны байрны нар ээвэрлэлтийн тооцоог тухайн үед гаргуулаагүй” гэх мэт.
Шүүгч Д.Оюумаа нь шүүх хурлууд дээрх асуулт хариултын түвшинд хариуцагч, гуравдагч этгээдүүдийн үйлдлийг буруутгаж байгаа мэт хандлагатай байсан боловч шийдвэр гаргах явцдаа эсрэг байр суурь баримталсан нь шүүхийн шийдвэрээс илт мэдрэгдэж байна. /хурлын тэмдэглэлүүд дээр тодорхой байгаа/
Шүүгч Д.Оюумаа энэхүү шийдвэрийг гаргаснаараа зөвшөөрөлгүй, дураараа, төрийн хууль дүрмийг зөрчин өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэн бусдын эрх ашгийг ямар ч аргаар хамаагүй зөрчин барилга барьж болдгийг хүлээн зөвшөөрч байгааг нотлон харууллаа.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны дугаар 8 сарын 31-ний өдрийн 605 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дүгээр зүйлийн 120.3-т заасны дагуу өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.******* нь давж заалдах гомдолдоо “орон сууцны зонхилох өрөө тасалгаанд тусах нарны эвэрлэлтийн гэрлийн тусгалын талаар ... үндсэндээ 4 дүгнэлт гарсан ба 2 нь хангагдсан, 2 нь хангагдаагүй гэсэн тул шүүхэд хандан газар дээр нь хэмжилт хийж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх дээрх асуудлыг хүлээн аваагүй болно. Үүнээс шалтгаалан нарны тусгалын хангамжийн талаарх асуудал бүрэн шийдэгдээгүй гэж үзэж байна” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1833 дугаар захирамжийн дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт, мөн шүүхийн шүүгчийн 2013 оны 2960 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 04/2013 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн шүүхийн шүүгчийн 2013 оны 1044 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан 27-03-244/01 тоот шинжээчийн дүгнэлт, мөн шүүхийн шүүгчийн 2013 оны 6743 дугаар захирамжийн дагуу Барилгын хөгжлийн төвөөс гаргасан 2014 оны 03 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7513 дугаартай захирамжийн дагуу гаргасан Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гэсэн дүгнэлтүүдээс үзэхэд эдгээр үйл баримтын талаар харилцан адилгүй дүгнэсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн гол үндэслэл болгож, нотлох баримтаар үнэлсэн байна. Бусад дүгнэлтүүдийг ямар учраас үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт заагаагүй нь учир дутагдалтай болжээ.
Мөн давж заалдах гомдолд дурдсан “гуравдагч этгээд барилгыг анхны зураг төслийн дагуу бариагүй, зэргэлдээх орон сууцны барилгатай зөвшөөрөгдөх хэмжээг ойртуулж барьсан, давхар бүрт консоль нэмж барьсан” гэсэн үндэслэлүүд нотлох баримтаар /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хот байгуулалтын хяналтын улсын байцаагч Ж.Нэргүйн дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн мэргэшсэн инженер Т.Энхтүвшингийн дүгнэлт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчдийн дүгнэлтээр (240 м2 байх ёстойгоос 378.7 м2) дүгнэлт/ тогтоогджээ.
Түүнчлэн “маргаан бүхий акт” болох “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс” нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна”, 9.1.2-т “Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан”, 9.1.4-д “Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй” байх шаардлагыг хангаагүй барилгыг хүлээн авч акт үйлджээ.
Анхан шатны шүүх Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн дан ганц “нэхэмжлэх”-ийн дагуу 903.582 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******аас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэлийг хүчингүй болгосугай” гэж хуульд байхгүй хэллэг ашигласан байх тул “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж зөвтгөв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 605 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “2008 оны Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ын “2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 209/2011 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 3 дахь заалтыг дугаарыг 2, 4 дахь заалтын дугаарыг 3 болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР